Монгол судлал Монголын саятнууд, тэрбумтнуудын нэрээ мөнхлөх боломж, сонирхол

Доорх зурагт байгаа постууд болон мэдээг хараад чимээгүй өнгөрч боломгүй байна. Та бүхэн болгооно биз ээ.
1960-аад оны үеэс АНУ-д Харвард, Индиана, Калифорни (Бэркелэй), Вашингтоны зэрэг их сургуулиудад Монгол судлал хөгжиж байлаа. Харвардад Фрэнсис Клийвс (Francis W. Cleaves), Индианад Дэнис Сайнор (Denis Sinor) (хоёулаа Пол Пеллиогийн (Paul Pelliot) шавь нар), Бэркелэйд Фердинанд Лэссинг (Ferdinand Lessing), Вашингтонд Николас Поппе (Nicholas Poppe) нар Монгол судлалыг үндэслэсэн гэж ойлгосон. Бүс нутаг судлал (Area Studies) дэлгэрч байсны дээр АНУ-ын Засгийн газраас ч анхаарал тавьж байсан.
Харамсалтай нь Монгол судлал эдгээр сургуулиудад, түүний дотор хамгийн гол төв байсан Индианагийн Их Сургуульд эдүгээ бараг үгүй болсонтой адил. Харвардын хувьд Клийвсийн шавь, залгамжлагч Жозеф Флетчер (Joseph Fletcher) тун залуудаа нас барснаас хойш түүний оронд голлон Манж судлалын хүмүүс профессор хийж ирсэн.
Одоо Марк Эллиот (Mark Elliott) байгаа. Тэрээр Манж хэлний хажуугаар сонгодог Монгол бичиг заадаг болов уу. Миний мэдэж буйгаар 2014 онд тэнхимдээ Монгол хэлний багш авах санхүүжилт (жилийн 70 гаран мянган доллар) босгох гэж оролдож байсан. Миний бие тухайн үеийн Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Боловсролын сайд Л. Гантөмөр нарт уламжлаад тэд дэмжинэ гэж амласан боловч юу ч хийгээгүй.
Бэркелэйд Жеймс Боссоноос (James Bosson, Поппегийн шавь) хойш Монгол хэл заагдаагүй болов уу. Патришиа Бергер (Patricia Berger), Ч. Уранчимэг нар Монголын ЗГ-аас жаахан дэмжлэг авсан ч тэр нь дуусаад түүнээс хойш уг хөтөлбөр дээр ажиллаж байсан хүмүүсийн зарим нь 2017 онд байгуулагдсан Торгоны Зам Судлалын Танг Төвд (Tang Center for Silk Road Studies (Хятад гаралтай бизнесмэн Оскар Танг болон түүний гэр бүл 5 сая доллар өгсөн.
https://news.berkeley.edu/.../tang-center-for-silk-road.../)) үлдсэн мэт. Вашингтоны ИС-д Монгол судлалд хамгийн ойр профессор нь Маттеү Моска (Matthew Mosca, Марк Эллиотын шавь). Харин Баруун Вашингтоны Их Сургуульд 1973 оноос Хенри Шварц (Henry G. Schwarz) Монгол судлал хөгжүүлсэн ч мөн л түүнийг тэтгэвэрт гарснаас хойш зогсонги байгаад ойрхон Хенри Шварцын зүтгэлээр сэргээсэн байсан. Одоо зааж буй эсэхийг мэдэхгүй.
Монгол судлалын хамгийн гол төв нь Индианагийн Их Сургуулийн Төв Евроази судлалын тэнхим байв. Кристофер Этвүүд (Christopher Atwood) 2016 онд Пеннсилванийн Их Сургуульд шилжиж, Георги Кара (Gyorgy Kara) 2022 онд нас барснаас хойш тус сургууль тэдний оронд профессор аваагүй.
Харин Торгон Зам Судлалын профессор (Roger E. Covey Professor of Silk Road Studies, Иллинойд (Illinois) байрлах Тангийн Судалгааны Сангийн (Tang Research Foundation) санхүүжилт. Санг Хятадын урлагын түүхч, орчуулагч Рожер Ковий байгуулсан бөгөөд зорилго нь шинэ үеийн өмнөх үеийн Хятад түүх судлалыг дэмжих https://artsci.washington.edu/.../bright-future-study...)) авахаар зар тавьсан харагдсан. Эдүгээ улстөр, хууль тогтоомжийн улмаас Монгол төдийгүй Төв Евроази судлалын хөтөлбөр танагдаж, цуцлагдах эрсдэлд ороод буй аж.
Улаан хувьсгалаас өмнөх Монгол өглөгийн соёлтой ард түмэн байлаа. Монголын их хаад дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтэн мэргэдийг урин залж ажиллуулахын дээр, шашин, сүм хийдийг ч ивээн тэтгэдэг байв.
Ялангуяа 17-р зуунаас хойш өглөгийн эзэн, номын багшийн ёс төлөвшин тогтсон бөгөөд Монголын бүх сүм, хийд, хутагт, хувилгаад өглөгийн эздийн бүтээл байв. Улаан дэглэмийн үед өгье гэсэн ч өмч хөрөнгөгүй байв. Өнгөрсөн 30 гаран жилийн хугацаанд Монголд олон саятан, тэрбумтнууд бий болсон. Гэтэл Индианагийн Их Сургуулийн Монгол судлалыг дэмжиж элчин сайд Памела Слуц (Pamela Slutz) л мөнгө хандивласан гэж уншиж байсан.
Америкийн их сургуулиудын санхүүжилтийн нэг үндсэн арга зам нь бэлэг (gift) болон эндоумент (endowment) бөгөөд улс орнууд өөрсдийн орон судлалыг дэмжихийн тулд бэлэг, эндоумент өгч профессор, судалгааны төв, хүрээлэн байгуулах нь түгээмэл.
Ихэвчлэн хувь хүмүүс, хувийн болон нийтийн сангууд өглөгийн үйл ажилаагаа явуулдаг. Мөн улс орнууд өөрсдийн эрдэм шинжилгээ дэмжих сангуудаар дамжуулан бэлэг, эндоумент өгөх нь ч бий. Хятад, Япон, Солонгос, Туркээс эхлээд олон орон ийм замаар өөрийн орон, бүс нутаг судлалыг дэмждэг. Тухайлбал 1991 онд байгуулагдсан Өмнөд Солонгосын Солонгос Сан (Korea Foundation) эдүгээ 18 орны 99 их сургуульд Солонгос судлалын 156 профессорын орон тоо бий болгосон байна.
Мөн 48 оронд Солонгос судлалын 764 арга хэмжээг зохион байгуулаад байгаа (https://www.kf.or.kr/kfEng/cm/cntnts/cntntsView.do...) аж. Тэр бүү хэл Далай лам хийгээд Төвөдийн цагаач иргэд (Tibetan community in exile) Төвөд болон Бурханы шашны судлалд санхүүжилт босгохдоо ихээхэн зүтгэлтэй бөгөөд эдүгээ АНУ-ын их сургуулиудад гэхэд л Төвөд ба Бурханы шашны судлалын 200 гаруй (нягтлах хэрэгтэй) орон тоо бий болсон мэт.
Харамсалтай нь Монгол судлалынх нэг ч үгүй. Өрнөдийн Монгол судлал Монголын дэмжлэггүйгээр явж ирсэн гэж болно. Энэ утгаараа Өрнөдийн Монгол судлал эзэнгүй буюу Манж судлал мэт шиг мөхсөн улс орны судлалтай адил. Ц. Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад Монгол судлалыг дэмжих сан байгуулсан боловч 2019 онд татан буулгасан. Сангийн мөнгө үр ашиггүй зарцуулагдсан төдийгүй авлигын асуудал ч яригдаж байсан.
Монгол судлалыг дэмжих сан байгуулаад Ерөнхий сайдын дэргэд Монгол судлалын зөвлөл ч бил үү байгуулагдаад нэг удаа хуралдахад нь миний бие Ерөнхий сайд Н. Алтанхуяг болон гишүүдэд хандаж Харвард, Бэркелэй, Стэнфорд, Коламбиа зэрэг Америкийн шилдэг их сургуулиудад Монгол судлалын профессорын орон тоо бий болгох, Индиана, Кэмбриж зэрэг оршин байгаа Монгол судлалын төвүүдийг бэхжүүлэх, түүний тулд мэдэгдэхүйц хөрөнгө гаргаж бэлэг, эндоумент өгөх хэрэгтэй гэсэн боловч огт тусгаж авахгүй байсан.
Удалгүй Монгол судлалын аливаа үйл ажиллагаа нь Ерөнхийлөгчийн ивээл дор гэх болсон. Энэ нь мэдээж ардчилсан төдийгүй бүгд найрамдах байгууллын үзэл санаанд харш. Учир нь бүгд найрамдах байгуулалд төрийн албан хаагчид ард түмний албат (servant) учир тэдний ивээл гэж байх ёсгүй. Мөн гаргаж буй аливаа зардал нь нийтийн, ард түмний мөнгө.
Хэн нэгний ивээл гэж байх ёстой бол Монголын ард түмний, татвар төлөгчдийн л гэж байх ёстой юм. Улмаар шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ улс төрөөс, ялангуяа, улс төрийн тодорхой албан тушаал, албан тушаалтнаас ангид, тусгаарлагдсан төдийгүй хараат мэт, сүжирч буй мэт харагдах ч учиргүй юм.
Цээртэй юм. Цээр нь эрдмийнх, үнэнийх. Тиймээс Ерөнхийлөгчийн, Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн ивээл дор нь өрнөдийн эрдэмтдийг эвгүйцэх, жихүүцэхэд хүргэдэг нь ойлгомжтой. Үнэндээ Олон Улсын Монгол Судлалын Холбооны хуралд өрнөдийн эрдэмтэд оролцох нь багассан.
Мэдээж татвар төлөгчдийн мөнгөөр Монгол судлалыг санхүүжүүлж болно, санхүүжүүлэх ч хэрэгтэй. Харин санхүүжүүлэхдээ Korea Foundation шиг тусгай сангаар дамжуулан санхүүжүүлэх хэрэгтэй. Нийтийн сангаас гадна хувь хүмүүс, хувийн сангууд санаачилгатай байх хэрэгтэй. Харамсалтай нь Монгол улс хувьтайгаа ч, хувьсгалтайгаа ч Далай лам, Төвөдийн цагаач иргэдээс даруй 200 дахин ядуу, 200 дахин татгар байгаад байдаг.
Харвард, Стэнфорд зэрэг сургуулиудад профессорын эндоумент ойролцоогоор 4 сая доллар мэт (жилд ойролцоогоор 220 мянган долларын өгөөжтэй (return) мэт). Монголын талаас 3 саяыг гаргахад нөгөө тал нь дор хаяж 1 саяыг (matching fund) гаргах болов уу. Судалгааны төв арай илүү эндоумент шаардагдана. Эндоумент мөнхийн, хараат бус профессор, хүрээлэн бий болгох.
Уг нь Монгол судлал Монголын үнэний хэрэг, Монгол судлалын эрдэмтэд Монголын үнэний төлөөх хамгийн үнэнч тууштай дайчид. Учир нь шинжлэх ухаан үнэний төлөө хэрэг, эрдэмтэд үнэнийг бүтээгчид шүү дээ. Тиймээс л Монгол судлаачид Монгол судлалынхаа төлөө эдгээр эрдэмтэд шиг байх. Дээрээс нь олон улсын Монгол судлаачид Монголын хамгийн үнэн+ч анд нөхөд шүү дээ!
Монгол судлалд жинтэй хувь нэмэр оруулж байгаа, ялангуяа, Монгол судлалд ноёрхож ирсэн колонийн парадигмыг даван туулж цоо шинэ төвшинд гарган ирж буй олон улсын шилдэг эрдэмтдийг дэмжиж тэдэнд өөрсдийн судалгааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх, мөн олон улсын болон Монголын залуу судлаачдыг бэлдэх боломжийг олгохуйц дэмжлэг өгвөл Монгол судлалын ч, Монгол улсын ч ирээдүйд хэрэгтэй байгаа юм. Хэн гэдэг саятан, тэрбумтан салхи хагалж, өглөгийн эзэн болж, номын өглөгийн соёлын анхдагч болж, жишиг тогтоох вэ?
МУИС-ийн Антропологи-Археологийн тэнхимийн
профессор Л.МӨНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл
зочин [103.212.118.156] 2025-07-03 14:34:47
энэ үнэн шүү, бид гаадаадын монголч эрдэмтэдийг шагнаж, урамшуулж бас тодорхой хэмжээний төсөв санхүүжилт хийж байж л монголыг дэлхий мэддэг болно шүү!
Зочин [66.181.178.181] 2025-07-03 10:52:24
Монгол судлалыг гадаадад хүчээр хөгжүүлнэ гэж байхгүй. Хэдэн хүнд тэтгэлэг өгсөн ч нэмэргүй. Тэд идээд л өнгөрнө. Гагцхүү бид өөрсдөө л хүний сонирхол татахуйц судалгаа хийж, дэлхийд таниулах хэрэгтэй. Тэр цагт гадны судлаачид өөрсдөө л төрөөд, гараад ирцгээнэ. Тэгэхдээ монгол судлалыг өнөөгийн Монгол Улсаар буюу зөвхөн Ар Монголоор хязгаарлаж болохгүй. Хамаг монгол үндэстнийг хамруулсан цагт л сайн судалгаа гарна. Түүхийн сургалтыг ч чанаржуулж, олон хэлтэй, монгол сэтгэхүйтэй, дэлхийн түүхийг сайн мэддэг мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэхэд харин төр, засаг туслах ёстой.
Зочин [14.1.81.167] 2025-07-03 08:51:56
Монгол судлалын сангаас тэрбумаар нь нэгэн их сургууль тев байгуулах гээд шилжуулж байсан. Энэ салбар Монголд хэдхэн хуний емч болчихсон учир хегжихгуйдээ!!!
Зочин [202.126.90.156] 2025-07-03 08:05:20
Төвдийн Далөй лам руу олсоноо зөөж мангартаж байхаар монгол судлалдаа зарцуулж нэр мөнхжүүл