ЧУУЛГАН: 2024 оны төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Aдмин / Улстөр

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Засгийн газраас энэ оны зургадугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авах тухай бичиг ирүүлснийг уншиж танилцуулан, уг хуулийн төслийг хууль санаачлагч татан авсанд тооцлоо.

Мөн тэрбээр хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороодод хуваарилсан талаар танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нарын санаачлан боловсруулж, энэ оны зургадугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд,

Засгийн газраас энэ оны зургадугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн өмчийн хууль (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)-ийн төсөл, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд,

мөн Засгийн газраас энэ оны зургадугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Барбадос Улс, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай тус тус дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлынтогтоолын төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд,

Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал нарын 89 гишүүнээс энэ оны зургадугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа нарын 40 гишүүний энэ сарын 02-нд өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд тус тус хуваарилсан байна.

Нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын гурван гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 26 гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны гуравдугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-эрдэнэ нарын 10 гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 9 гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны зургадугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар,

Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нарын 20 гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2025 оны зургадугаар сарын 27-ны өдрийн чуулган нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын мөн өдрийн 288 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатараар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, П.Сайнзориг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Ажлын хэсгээс,

-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор Өргөдлийн байнгын хороо тухайн асуудлыг эрхлэх Байнгын хорооны саналыг үндэслэн холбогдох байгууллага албан тушаалтнаас мэдээлэл авах сонсох талаар,

Эдийн засгийн байнгын хороо эрхлэх асуудалд Аялал жуулчлал дэд хороо байгуулах, Нэгдсэн хуралдаанд албан тушаалтан худал мэдээлэл өгсөн бол мэдээллийн үнэн зөв, эсэх асуудлаар дүгнэлт гаргуулах байгууллагад Үндэсний Статистикийн хороог нэмэхээр,

Шинжлэх ухааны дэд хороо байгуулах хуулийн төслийг зохицуулалтыг Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо болгон өөрчлөх, Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо байгуулах хуулийн төслийн зохицуулалтад тагнуулын болон цэргийн тагнуулын байгууллагад харьяалуулснаас бусад хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаа болон энэ зорилгоор явуулж байгаа гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомж гэж ялган тодорхой зохицуулахаар

-Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор тухайн жилийн төсөвтэй холбогдуулан Ерөнхийлөгч хэсэгчилсэн байдлаар хориг тавьсан бол хоригийн шинж байдлыг харгалзан Улсын Их Хурал тогтоосон хугацаанд төслийг оруулж ирэх хуулийн төслийн зохицуулалтыг хоригийн шинж байдлыг нь харгалзах биш Төсвийн байнгын хорооны саналаар хугацаа тогтоож болохоор өөрчлөх,

Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх дэгтэй холбоотой хэсэгт хоёр дахь хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулах зэрэг зарим процессыг тодруулах, Хууль зүйн дүгнэлтийг зөвлөмж болгон өөрчилж байгаатай холбоотойгоор өөрчлөлт оруулахаар

-Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор түр хорооны даргыг түр хороо байгуулах саналыг анх санаачилсан гишүүн даргалах, тухайн гишүүн татгалзсан бол түр хороо байгуулах санал тавьсан бусад гишүүд дотроосоотомилох, эсхүл ийм шаардлагагүй гэж үзсэн бол түр хорооны гишүүд дотроосоо сонгох зэрэг нийт 17 зарчмын зөрүүтэй санал бэлтгэснийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 07-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, Л.Энхнасан, М.Бадамсүрэн, Ц.Мөнхтуяа, Ч.Нномин, Д.Рэгдэл, Б.Энхбаяр нараас ирүүлсэн болон Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулсан байна.

Санал хураалтаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан, аваагүй саналуудыг бүлэглэн бэлтгэсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтэд дурдсаныг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар илтгэв.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, О.Номинчимэг, О.Цогтгэрэл, Б.Жаргалан, Ж.Алдаржавхлан нар асуулт асуулаа.

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж парламент дахь сөрөг хүчний хяналт хэрэгжүүлэх гол хэрэгсэл бол түр хороо байгуулах явдал болохыг онцолж, эрх баригч намын гишүүдээр удирдуулсан түр хороодын ихэнх нь ор нэр төдий ажилласан гэж үзэж байгаагаа илэрхийлээд, санаачилсан гишүүд өөрсдөө түр хороог ахалж ажиллах нь дэлхийн жишиг гэдийг дурдав.

Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг эсэргүүцэж ахмад настнууд жагсаал хийж байгааг тэрбээр сануулж, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ойрын үед хуралдаж, өр, орлогын харьцааг 70х30 болгон, хугацааг 24 сараас дээш тогтооно гэж найдаж байгаагаа илэрхийлээд, Төв банканд ажилладаг өөрийн зөвлөхийн Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг эсэргүүцсэн байр суурьтай байгааг мэдээлэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд хуулийн төсөлд тусгагдсан Агаар орчны бохирдлын дэд хорооны нэрийн “агаар, орчин” гэх үгнүүд дундаа таслалтай эсэхийг тодруулан асууж, хуулийн төсөлд тус дэд хорооны чиг үүргийг “бодлого зохицуулалтын болон хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг”гэж өргөн хүрээтэй заасан бол хууль санаачлагчдын тайлбарт зөвхөн “хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих” гэж хязгаарлагдмал шинжтэйгээр дурдсан нь тодорхойгүй болгож болзошгүй байна гэлээ.

Мөн хуулийн төсөлд хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын зарим чиг үүрэгтэй давхцалтай байгааг анхаарахыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулан хянан шалгах Түр хорооны асуудлыг хуульчилж байсан 76 гишүүнтэй парламент одоогийнхоо тогтолцооны хувьд өөр болохыг хэлж, олон улсын жишиг болж буй хянан шалгах Түр хорооны загваруудаас манай улс зөвшилцлийн буюу Англи-Германы загварыг авсан гэдгийг тайлбарлаж, санаачлагч нь даргалах санал оновчтой биш гэж үзэж байгаагаа хэлсэн юм.

Энэ талаар хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хариулахдаа хуулийн төсөлд хянан шалгах түр хороог санаачлагч гишүүн даргалах тухай бус даргалж болох тухай тусгасныг тайлбарлан, 32-оос дээш тооны гишүүдийн дэмжсэнээр тус түр хороог байгуулах бөгөөд эдгээр дэмжсэн санаачлагчид дотроосоо нэгийгээ томилох зохицуулалт гэдгийг танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан хуулийн төслийг дэмжиж байгаагаа мэдэгдэв.

Мөн Хууль зүйн Байнгын хорооны эрхлэх асуудлыг хүрээнд байгуулагдах Тусгай хяналтын дэд хорооны талаар лавлаж, 126 гишүүнтэй энэ парламент хэлмэгдүүлэлтийн хонгилыг нурааж чадах, эсэх, энэ хууийн төсөл үүнд хувь нэмэр оруулах, эсэхийг хууль санаачлагчдын нэг, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингээс асууж хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хүний эрх, эрх чөлөө, түүний баталгааг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэх, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгахтай холбоотой асуудлууд Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлууд тус байнгын хороо хяналтаа тавьж чадахгүй байна. Тусгай хяналтын дэд хороогүй Байнгын хороо бол шүдгүй арслан гэж зүйрлээд, энэ асуудлыг шийдэж байж бид хууль зөрчих явдлыг шийдвэрлэнэ гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан одоо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны харьяанд байгаа Тусгай хяналтын дэд хороог Хууль зүйн байнгын хороонд харьяалуулах нь ямар давуу талтайг, дэд хороодын тоог олон болгосоноор байнгын хороодын чиг үүрэгтэй давхардал үүсэх эсэх талаар асууж хариулт авсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг дараа нь хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга танилцуулсан юм. Тус хуулиар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг аргын болон билгийн тооллын хуанлийн өдрөөр нарийвчлан тогтоож, эдгээрийн дотроос голлох есөн баяраар нийтээр амрах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан бөгөөд хэрэв нийтээр амрах баярын өдрүүд долоо хоног бүрийн амралтын өдөр тохиовол Засгийн газрын шийдвэрээр шилжүүлж болох тухай заалт 2022 онд шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн хуулиас хасагдсан байна.

Иймд энэ зохицуулалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмж оруулах тухай хуулийн төслийг Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамтад нь боловсруулсан байна. Хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа.

Хууль санаачлагчийн илтгэл болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, Г.Хосбаяр, Д.Энхтүвшин нар асуулт асууж, үг хэлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүд нийтээр баярлаж, амрах өдрүүдийн тоо олон болж, ажлын өдрүүдээс хугаслаж байгаа нь аж ахуйн нэгж, байгууллагад хүндрэл үүсгэж буй болон амрах, баярлах өдрүүдийг аль болох цөөлөх талаар судалж тооцсон эсэх, Гадаад харилцааны яамнаас санал авч, хөрш орнуудтай харилцах хилийн боомтын ажил, амралтын хуваарийг тохиролцох талаар асууж, нийтээр тэмдэглэх баярын болон нийтээр амрах өдөр гэсэн нэр томьёоны ойлголтыг жигдэлж нэг мөр болгохыг зөвлөв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга “нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ” гэсэн заалтыг хуульд тусгаснаар иргэд, аж ахуйн нэгжүүд Засгийн газрын шийдвэрийг хүлээхгүйгээр өөрсдөө зохицуулах боломжтой болно гэсэн хариултыг өгч, хуулийн төслийг Гадаад хэргийн сайд дэмжсэн санал ирүүлэхдээ зөвхөн Монгол үндэстний уламжлалт цагаан сар үндэсний их баяр наадам 7 хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн 7 хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амрах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах саналтай байгаагаа илэрхийлсэн байна.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын есөн гишүүний өргөн мэдүүлсэн Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулав. Хуулийн төсөлд Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн холбогдох хэсэгт заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно гэж заасан зохицуулалтад олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг нэмж оруулахаар боловсруулсан байна.

Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомж, хөгжлийн бодлогын бичиг баримтууд,Засгийн газраас хэрэгжүүлж буй биеийн тамир, спортын талаарх арга хэмжээнүүд нь Монгол Улсад нийтийн биеийн тамир, үндэсний спортыг хөгжүүлэхөөс гадна спорт дахь хүний нөөцийг шинэ түвшинд гаргах, олимпизмын хөдөлгөөнийг дэмжих, ялангуяа олимпын хөтөлбөрт багтах спортын төрлийг дэмжих нэгдмэл зорилготой байгааг тэрбээр онцолж, хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсад олимпын төрлийн спортыг хөгжүүлэх, багийн спортыг хөгжүүлэх зорилгоор гадаад улсын дасгалжуулагч мэргэжилтэн урьж ажиллуулж байгаа ажил олгогчийн ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалтыг дагалдах хуулиар тусгасныг танилцуулсан юм.

Хуулийн төслүүдийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцуулав. Хууль санаачлагч хуулийн төсөл батлагдсанаар иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагад цаг хугацааны хүний нөөцийн болон мөнгөн зардал үүсэхгүй гэж үзсэнийг санал дүгнэлтэд онцолсон байна.

Тус байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн гишүүн Ц.Сандаг-Очир гадаадын зарим тамирчид Монгол Улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож амжилт гаргах болсонтой холбогдуулан гадаадын хэчнээн тамирчин, тэр дундаа олимпын төрөлд амжилт гаргах боломжтой хүмүүс иргэншил хүссэн талаар асуулт асууж, хариулт авсанбайна. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлынтогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцуулж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ, хязгаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцнэ гэж үзэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзсэнийг дурдлаа.

Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал нарын 89 гишүүнээс өргөн мэдүүлсэн уг тогтоолын төсөлд Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэдийг мэдээллээр хангах, тайланг Улсын Их Хурлын 2025 оны намрын чуулганы ээлжит хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулахаар тусгасан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлт Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар Оюутолгой төсөлд байгуулсан гэрээ контрактаа Монгол Улс эргэж харж шинэчилж сайжруулах ёстой гэж үзээд тогтоолын төслийг дэмжиж гарын үсэг зурсан гэдгээ хэлж, энэ асуудлаар Улсын Их Хурлаас байгуулагдах ажлын хэсэгт орж ажиллах саналаа илэрхийлсэн.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрлэнэбат мөнхүү дэмжиж байгаагаа илэрхийлж, зөвхөн Оюутолгой ХК болон Онтрэ ХК-тай холбоотой асуудлаар төдийгүй бүхий л стратегийн ордуудтай холбоотой асуудлаар сонсгол зохион байгуулж, олон нийтэд мэдээлэл өгөх нь зөв гэсэн юм.

Тэрбээр Оюутолгойн гэрээг байгуулах үеэс анзааралгүй орхисон хуулийн цоорхой, одоо эргэж авч үзэхэд тээг саад болох эрх зүйн асуудлуудыг хэр зэрэг тооцож байгааг асуусан юм. Хянан шалгах түр хороо байгуулагдсаны дараа тус хорооноос энэ асуултыг асуух нь зүйтэй гэсэн тайлбарыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өгч, дараагийн хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан танилцуулсан юм.

Тэрбээр Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, хөтөлбөрүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан гэр хорооллыг дахин төлөвлөж хэсэгчилсэн, бие даасан инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууцын хороолол болгон хөгжүүлэх,

хотын авто замын бүсчлэлийг тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах, иргэдийн хүсэл санаачилгад үндэслэн дэд бүтэц бүхий газрыг төр, эсвэл хувийн хэвшлийн орон сууцаар шууд сольж, барилгажих талбайг бий болгох,

Улаанбаатар хотын Сэлбэ Баянхошуу дэд төв орчмын газрыг үргэлжлүүлэн чөлөөлж, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг барих, 20 мянган айлыг орон сууцжуулах үйл ажиллагаагаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж Толгойт, Шархад, Дэнжийн мянга, Дамбадаржаа, Яармаг дэд төвүүдийн инженерийн дэд бүтцийг барьж байгуулах зэрэг зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд бий болж буй газрыг эргэлтэд оруулах шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулсан талаар дурдав.

Хуулийн төсөлд нийслэл хотын газрыг дахин төлөвлөх, гэр хорооллийг орон сууцжуулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих орон сууцын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай газрыг дахин төлөвлөх,

Гэр хорооллын хөгжлийн сангийн зохицуулалт, мэдээллийн систем, хиймэл оюун ашиглаж, замын хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулах, түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, зөрчил илрүүлэх, ослын хяналтыг сайжруулах зохицуулалт, мөн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцыг газар чөлөөлөлтийн болон газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор борлуулах зохицуулалтыг тусгасан байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг танилцуулсан юм.

Хуулийн төсөл батлагдсанаар тээврийн хэрэгслийн цахим системтэй холбогдсон радио давтамжаар тодорхойлох төхөөрөмж байршуулахад нэг удаа гарах нийт зардал 4 тэрбум 596 сая төгрөг, түүнчлэн төлбөр төлөгч хуулийн этгээд замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэвтрэх төлбөрийн нэхэмжлэх үүссэнээс хойш ажлын 10 өдөрт багтаан холбогдох Төрийн санд төлөх үүргийг хэрэгжүүлэхэд нэг жилд нийт 1 тэрбум 491 сая 890 мянган төгрөгийн зардал гарах тооцоо гарсныг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг танилцуулгадаа онцоллоо.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг газрыг дахин төлөвлөх, Гэр хорооллын хөгжлийн сангийн тайлан, хөрөнгийн зарцуулалт, түүний ил тод, нээлттэй байдлыг хэрхэн хангах талаар асуулт асууж, хариулт авсан байна. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэх талаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн, О.Номинчимэг, Дав.Цогтбаатар, С.Зулпхар, Ж.Алдаржавхлан, Ц.Баатархүү, С.Эрдэнэбат, Д.Пүрэвдаваа нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд нийслэлийн газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн санг байгуулахтай холбоотой асуудлыг лавшруулан асууж, газраа чөлөөлсөн иргэдийг хаана суурьшуулах,

түрээсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, сангийн хөрөнгийг аль болохоор жигд тэгш одоо ингээд хүртээхийн тулд энэ дээр ямар зарчим баримтлах, хэрхэн хянах, ногоон байгууламжийн хөгжилд сангаас хөрөнгө зарцуулах, такси үйлчилгээг хэрхэн дэмжих,

Улаанбаатар хотын төлөвлөлт буруу явснаас зайгүй шигүү болсны дээр орон сууцыг олон давхар барьсаар байгаа тохиолдолд түгжрэлийг хэрхэн бууруулах, дахин төлөвлөлтөд орж буй барилгуудын оронд олон давхар барилга барихгүй байх, хотоо аль болох тэлж, дэд төвүүдийг өргөжүүлэн, дулааны болон цахилгааны эрчим хүч, усан хангамжийн сүлжээгээ өргөтгөх,

чадвар муутай жолооч бэлдээд байгаа жолооны курсүүдэд ямар арга хэмжээ авах, дүрэм зөрчиж буй жолооч нарт тооцох хариуцлагыг чангаруулах, нийслэлийн албан хэрэгцээний автомашиныг цөөлж манлайлал үзүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг дахиан төлөвлөхдөө ашиггүй байршилд байгаа барилгуудыг хамруулах, орон сууцны хорооллуудад сургууль, цэцэрлэг барих асуудалд анхаарах зэрэг зарчмын асуудлуудыг хөндсөн юм.

Түүнчлэн Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа хуулийн төслүүдэд хүний эрх, хувийн өмчийн асуудлыг анхааралтай тусгах, хэлэлцүүлэгт иргэд, олон нийтээс санал авдаг байх Хууль тогтоомжийн тухай хуулийг зарчмын баримтлах, яаралтай горимоор оруулж ирсэн энэ хуулийн цаана өмчийн эрхийн асуудал хөндөгдөх нь их байдаг тул ийм горимоор хууль өргөн мэдүүлэхгүй байх, гэр хорооллын хөгжлийн сангийн орлого хэрхэн бүрдэх,

хотын захиргаа орон сууц барьж, борлуулж хувийн хэвшилтэй өрсөлдөх гэж байгаа нь зөв эсэх, такси үйлчилгээг дэмжихдээ дэлхийн хотууд татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр менежмент хийхээс бус татвар төлөгчдийн мөнгийг шууд такси компаниудад хуваарилах нь оновчтой байж чадах эсэх талаар асууж, хуульчлан албадах арга барилаа өөрчлөхийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт зөвлөж байлаа.

Мөн өмнө гарч байсан 100 айл, Баянзүрх дүүрэг зэрэг газарт дахин төлөвлөлтөөр явуулсан орон сууцжуулалт шиг эмх замбараагүй, шигүү ширэнгэ босгохгүй байхад анхаарах, замын түгжрэл боловсролын үйлчилгээг дагасан шинжтэй байгааг анхаарах, автомашины зогсоолыг өдөр, шөнийн онцлогтой байршлаар зохицуулах боломж байгааг сануулж, зуслангийн бүсэд газар өмчлөлийг үргэлжлүүлэх,

хот даяар хэрсэн цахилгааны кабелиуд, дулааны, цэвэр усны, бохирын шугам сүлжээний асуудлыг цэгцлэх, нэгдсэн хогийн цэгүүд, хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд сангийн хөрөнгөөс зарцуулах, газрын нөхөн олговрыг бодитой хэрэгжүүлэх, гэр хорооллын оршин суугчдын эрхийг хөндөхгүй байх, ажил зохион байгуулахад цаг алдах тохиолдол нийслэлд их байдаг тул түргэн шуурхай ажиллах, нийслэлийн үнэт цаасны менежментийг сайжруулах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

Үүний дараа Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх талаар үзэл баримтлалын шинжтэй зөрүүтэй байр сууриуд гарч байгаа тул тус бүлгийн гишүүдээс гаргаж буй саналд үндэслэн гурван хоногийн завсарлага авах горимын санал гаргав. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед гуван хоногийн завсарлага өгөх боломжгүй гэсэн хариуг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өглөө.

Харин Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хоёр цагийн завсарлага хүссэн юм. Хэлэлцэж байгаа асуудлаар байр сууриа нэгтгэх, ойлголцох шаардлага аль аль намын бүлэгт байгааг харгалзан хоёр цагийн завсарлага өгөв.

Завсарлагын дараа Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлага авах хүсэлтээ цуцалснаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээрх хэлэлцсэн асуудлуудаарх санал хураалт үргэлжиллээ.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулав. Санал хураалтаар хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэж ирүүлсэн зарчмын зөрүүтэй 25 саналын томьёолол тус бүрээр санал хураав.

Зарчмын зөрүүтэй саналуудын ихэнхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр өөрийн гаргасан Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын 3-5 дахь буюу Тусгай хяналтын дэд хороотой холбоотой заалтуудыг хуулийн төслөөс хасах тухай саналууд,

Цагдаагийн албаны тухай болон Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх гүйцэтгэх ажилтай холбоотой саналуудыг гүйцээн боловсруулахаар чиглэл хүссэнийг хуралдаан даргалагч өглөө. Мөн хянан шалгах түр хороог санаачилсан гишүүн даргалахтай холбоотой Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг үг хэлэв.

Зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Түүнчлэн Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг мөнхүү гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын, Эдийн засгийн, Хууль зүйн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодод шилжүүллээ.

Мөн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.9 хувь нь дэмжсэн тул тогтоол батлагдсанд тооцлоо.

Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үүний дараа явууллаа. Төсвийн гүйцэтгэл болон санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцсэн талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Дэд хорооны дарга Д.Батбаяр танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтэд нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн өмнөх оноос 29.0 хувиар, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 35.9 хувиар тус тус өсөж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 920.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан тухай дурдсаныг эшлээд,

нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангаж байгаа боловч Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотойгоор Төсвийн хүрээний мэдэгдэлд дахин өөрчлөлт оруулсан нь төсвийн тогтвортой байдлын зарчим алдагдаж байгааг илтгэж буйг онцоллоо.

Мөн төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж батлах зөрчил давтагдаж байгаа тул төсвийн төсөлд шаардлага хангаагүй арга хэмжээний санал хүргүүлсэн, өргөн барьсан, баталсан тохиолдолд хариуцлага тооцох эрх зүйн орчныг сайжруулах,

улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитаар өмнөх жилүүдэд Улсын Их Хуралд толилуулсан, Засгийн газарт зөвлөсөн асуудалд шинжилгээ хийж, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг дунд хугацаанд төлөвлөхгүй орхигдож буй тогтолцооны алдааг залруулах тодорхой шийдвэр гаргах зэрэг зөвлөмжийг Улсын Их Хуралд хүргүүлсэн талаар мэдээлэв.

Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хууль заасны дагуу гаргасан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэлийн дүгнэлтэнд гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжаар гүйцэтгэх төсөл, арга хэмжээний төлөвлөлт, гүйцэтгэл, үр нөлөө, эргэн төлөлтийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж, нөхцөл байдлыг үнэлэх, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийн тоо, хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой зээлийн зардал өсөж байгааг анхаарах,

Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан хариуцлагын зохицуулалтыг бодитоор хэрэгжүүлдэг байх, төсвийг үр ашиггүй зарцуулсан, Үндэсний аудитын газрын аудитаар өгсөн зөвлөмж, шаардлагыг биелүүлээгүй, зөрчлөө арилгаагүй төсвийн захирагчдыг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болох эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцолсон тухай танилцуулав.

Улсын Их Хурлын Байнгын хороод Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцээд ирүүлсэн санал дүгнэлтүүдийг тэрбээр нэгтгэн танилцуулав.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Батболд аудитын зөрчилтэй гэсэн дүгнэлт гаргасан төсвийн ерөнхийлөн захирагч нарт хариуцлага тооцох талаар, гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг ашиглах талаар гаргалгаа гаргаж, гэрээний нөхцлийг сайжруулах талаар,

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төсвийн хууль, тогтоомжийг болловсронгуй болгоход анхаарах, төсвийн гүйцэтгэлийг хагас жил тутам хянадаг тогтолцоог бүрдүүлэх, давашдашгүй хүчин зүйлээс шалтгаалаад төсвийн хүрээгээ хөндөж, тодотгол хийдэг асуудал үүсэж байгаа тул эрх зүйн орчныг сайжруулах, төсвийн захигач нарын боловсрол, тогтвортой байхад анхаарч програм хангамжийг сайжруулах, хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлыг хангах бүтцийг бий болгох талаар,

Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар улсын төсвийн бол иргэд, аж ахуйн нэгжийн татварын орлого тул төсөв батлахдаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах, төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн зарцуулалтын зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох, орон нутгийн төсөв, онцгойлон нийслэлийн төсвийг хянах талаар,

Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа аудитын байгууллагын дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн 161.6 тэрбум төгрөг, харьяа байгууллагын төсвийн санхүүжүүлсэн 150 тэрбум төгрөг, Тавантолгойн ногдол ашгийн хуваарилаагүй 108 тэрбум төгрөг, Шилэн дансны тухай хуулийг хангалтгүй хэрэгжүүлсэн зөрчлийн талаар,

Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен эрүүл мэндийн салбарт он дамжсан өр төлбөрийг хэрхэн шийдэж байгаа талаар, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийг хүлээн авч, үйл ажиллагааг эхлүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа 14 мега төслийн 2024 оны гүйцэтгэлийн талаар, төсөвтэй холбоотой бүх мэдээллийг нэг ситемд хадгалах, түүнийг аудитын байгууллага хянах, төсвийн гүйцэтгэлийн тоон мэдээллийг нэг стандартад оруулах, Баруунбүрэн сумын гүүрний бүтээн байгуулалтын санхүүжилт, хяналтын талаар асуулт асууж, хариулт авчээ.

Улсын төсвийн зардлуудын эдийн засгийн ангилал болон улсын стандартын дагуу Олон улсын валютын сангийн GFS-ээр хийгдэж байгаа боловч төсвийн урсгал зардлын ангилал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамжид хамаарах задаргааг илүү оновчтой, тодорхой болгох шаардлагатай байгааг тэрбээр дурдаж, нийгэм, эдийн засгийн үр нөлөөг харгалзаж, төсвийн гүйцэтгэлийг үнэлэх буюу хуваарилсан төсвөө зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж чадаж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой гэсэн юм.

Үүний тулд гүйцэтгэлийн үр дүнг үнэлэх үзүүлэлтийг зөв тодорхойлж, улс орны хөгжлийг бодит хэмжүүрээр нь дүгнээ цаашдын зорилго зорилтоо эрэмбэлэхэд ач тустайг онцолж, одоогийн мөрдөж байгаа гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтийн суурь түвшин, хэмжих нэгжийг өөр өөрөөр тогтоосон байгаад цаашид анхаарах шаардлагатай гэв.

Нөгөөтэйгүүр төсвөө зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж байгаа эсэхэд тавих хяналтын тогтолцоог сайжруулах хязгаарлагдмал нөөц бололцоог үр ашигтай зарцуулахын тулд төсвийн гүйцэтгэлийн хяналтыг эрсдэлд суурилсан байх зарчмыг тууштай баримтлан нэвтрүүлэх, төрийн хяналт, шалгалт хэрэгжүүлдэг байгууллагуудын мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээлэл солилцоо, эрсдлийн үнэлгээ хийх нийтлэг стандарттай болох зэрэг асуудлууд шийдлээ хүлээж байгааг сануулаад,

Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хянан батлах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах бөгөөд энэхүү эрхээ хангалттай, бүрэн хэрэгжүүлэхийн тулд юуны түрүүнд улсын нэгдсэн төсөв, төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх цагалбарын хугацааг нэмэгдүүлж, Улсын Их Хурлын гишүүдийг нэмэлт мэдээлэл, тайлбар авах, сонгогчдын саналыг сонсох боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгааг онцлон тэмдэглэв.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, Г.Лувсанжамц, Ж.Баярмаа, Н.Наранбаатар нар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд илэрсэн зөрчил, дутагдал, тэдгээрийг хэрхэн барагдуулах, ямар хариуцлага тооцох болон төсөвлөлт, төлөвлөлтийг сайжруулж, үр дүнд чиглэж ажиллах, татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулах үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй тайлагнадаг байх талаар байр сууриа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдэллийн газраас мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000