Европын холбооны хосолмол түншлэлийн төслийн нээлтийн ёслолын арга хэмжээ боллоо

Aдмин / Эдийн засаг

2025 оны долдугаар сарын 1-ний өдрийн 09:30 цагт Европын Холбооны Хосолмол түншлэлийн “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” төслийн албан ёсны нээлтийн арга хэмжээ "Холидей Инн" зочид буудалд зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд төслийг хэрэгжүүлэгч Европын Холбооны гишүүн улс болох ХБНГУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд болон Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагууд, Засгийн газар, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, дипломат төлөөлөгчийн газрууд, бусад олон улсын болон дотоодын байгууллагын төлөөлөл оролцов.

Европын Холбооны санхүүжилтээр Герман Улсын хэрэгжүүлж буй уг Хосолмол түншлэлийн төсөл нь 2025 оны 4 дүгээр сарын 1-нээс 2026 оны 12 дугаар сарын 31 хүртэл хэрэгжих юм. Төслийн үндсэн түнш байгууллагаар Монгол Улсын Дээд шүүх хамтран ажиллаж байгаа бөгөөд тус байгууллагаас гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн академи болон Шүүхийн сахилгын хороо төслийн үр шим хүртэгч байгууллагууд болно. Уг төсөл нь Монгол Улсад хараат бус, хариуцлагатай, иргэн-төвтэй шүүхийн тогтолцоог төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах үндсэн зорилготой.

Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэчлэлийг дэмжиж, шүүхийн чанарыг сайжруулж, чадавхыг бэхжүүлэх, үр нөлөө, хариуцлагыг дээшлүүлэх, шүүхийн хүртээмж болон шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. Түүнчлэн Монгол Улсын түнш байгууллагууд болон Герман Улсын экспертүүд хооронд мэдлэг, туршлага солилцох тогтвортой хамтын ажиллагааг дэмжиж ажиллана.

Хосолмол түншлэл нь ЕХ-ны гишүүн орнууд болон төслийн үр шим хүртэгч буюу түнш орнуудын ижил түвшний төрийн байгууллага хоорондын институцийн хамтын ажиллагааны арга хэрэгсэл юм. Хосолмол түншлэлийн төслөөр төрийн захиргааны шинэчлэлийг сайшаан дэмждэг. Мөн ЕХ-ны үнэт зүйлсийг дэмжиж, Европын жишигт нийцсэн стандарт, хэм хэмжээг төлөвшүүлдэг.

Хуулийн засаглалд дэмжлэг үзүүлж буй энэхүү Хосолмол түншлэлийн төсөл нь Европын Холбооны хэрэгжүүлж буй Дэлхийд гарах гарц стратегийн нэг хэсэг бөгөөд төслийн хүрээнд бодитой, тогтвортой үр дүнд хүрэхийг зорьж байна. Төслийн үйл ажиллагааг хүлээгдэж буй үр дүнтэй уялдуулж, бүрэлдэхүүн хэсгүүдэд хуваасан ба сургалт, семинар, экспертүүдийн албан томилолт, туршлага судлах аялал, зөвлөх үйлчилгээ зэрэг арга хэмжээг төлөвлөөд байна. Хосолмол түншлэл нь практикаар суралцах зарчим болон шилдэг туршлагаа хуваалцах үйл ажиллагаанд тулгуурладаг.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хүмүүстэй холбоо барина уу:

Кристоф Копецки, Гишүүн орны Төслийн Суурин Зөвлөх twinning.kopecky@supremecourt.mn

Цэндийн Цогт, Төслийн суурин зөвлөхийн Монгол талын хамтрагч tstsend@supremecourt.mn

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000