"Хуулиас гадуур, хуулиас давсан, хүний эрхийг зөрчсөн дүрэм журам гаргахгүй байх суурь хууль эрх зүйн орчныг бий болголоо"

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын гишүүн, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

-Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн онцлох зохицуулалт нь юу вэ?

-Хууль тогтоомжийн тухай хуульд үндсэн гурван өөрчлөлтийг оруулсан юм. Нэгдүгээрт, бид хүн төвтэй хууль бүтээхийг зорьж байна. Манай улсын эрх зүйн системийг бүхэлд нь харвал хууль биш захиргааны хэм хэмжээний акт, дүрэм журмаар нийгмийн харилцааг зохицуулдаг болсон байна. Дүрэм, журам бол хуулиас эхтэй байх ёстой ч тэнцвэр алдагдаж, гажуудал үүссэн.

Хэм хэмжээний акт үйлдэх хүрээ хязгаарыг тодорхойлж өгөхгүй бол хуулиас гадуур, хуулиас давсан, хүний эрхийг зөрчих үзэгдэл практикт түгээмэл гарч байна. Тиймээс шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой оруулсан. Хоёрдугаарт, Үндсэн хуулиар бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлооно гэж тунхагладаг.

Хэрэв хүний эрхтэй холбоотой хязгаарлалт хийх бол Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенц, Үндсэн хуульд заасан шалгууруудыг хангах ёстой. Хууль санаачлагч хүний эрхтэй холбоотой асуудалд заавал дүн шинжилгээ хийх ёстой гэсэн үзэл санааг оруулсан. Гуравдугаарт, хууль бичихдээ хараат бус, бие даасан, судалгаа шинжилгээнд үндэслэж, олон нийтийн саналыг тусгасан байх ёстой.

Урьд нь хууль санаачлагч нь хэрэгжилтийн үр нөлөө, тандан судалгаа, зардлын тооцооллоо гаргадаг байсан. Ингэхээр хэт нэг талыг барьсан тайлан судалгаануудыг бэлддэг байв. Одоо хөндлөнгийн бие даасан судлаачдыг оролцуулан, олон нийтээр хэлэлцүүлж, иргэдийн саналыг тусгасэн эсэх талаарх тайлбараа бичин хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлж байхаар болж байна.

-Яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх төслүүдийн тухайд ямар зохицуулалтыг тусгасан бэ?

-Нэн яаралтай горимоор өргөн барьж байгаа хуулийн төсөлд зардлын тооцоо, тандан судалгаа, үр нөлөөний үнэлгээ, хэрэгжилтийн үр дүн гээд дөрвөн судалгаа хийгддэггүй байсан. Үүнийг ажлын хэсэг дээр ярилцаад заавал зардлын тооцооллыг хийж байх ёстой гэсэн хууль зүйн шалгуурыг оруулж өгсөн.


Сэтгэгдэл

зочин [59.153.114.209] 2025-07-03 10:14:52

УИХын гишүүн болохоор халдашгүй дархан эрхтэй хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн улсын өмч хөрөнгө байгалийн баялагт шунасан луйварчин түүний гар хөлүүд биш бүх ард түмэн иргэдийн орлцоотой 1-- 2 жил хэлэлцэж амьдралд нийцсэн хууль нь батлагддаг цомхон чадварлаг гишүүнтэй УИХ хэрэгтэй бна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000