АНУ Украиныг дэмжин илгээж байсан зэвсгийн нийлүүлэлтээ хэсэгчлэн зогсоожээ

Пентагон Украиныг зенитийн пуужин болон бусад өндөр нарийвчлалтай сум, зэвсгээр хангахаа зогсоосон байна. Учир нь АНУ-д эдгээр зэвсгийн нөөц хэт багассан байж болзошгүй гэсэн болгоомжлол гарчээ.
АНУ-ын Батлан хамгаалах яамны орлогч туслах сайд Элбридж Колби 6-р сарын эхээр ийм шийдвэр гаргах санаачилга гаргасан бөгөөд 2025 оны долдугаар сарын 1-ний мягмар гарагт “Politico” сэтгүүл мэдээллийн гурван эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн энэ талаар мэдээлсэн байна.
“Politico” сэтгүүлд мэдээлснээр, дээрх шийдвэрийн дагуу “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах систем, “Hellfire” пуужин, мөн өндөр нарийвчлалтай бусад артиллерийн зэвсгүүдийн нийлүүлэлт зогсчээ. Жо Байдены засаг захиргаа эдгээр зэвсгийг нийлүүлэх талаар анх Киевтэй тохиролцож байсан аж.
Цагаан ордон: Шийдвэрийг "Америкийн ашиг сонирхлын үүднээс" гаргасан
Цагаан ордны хэвлэлийн орлогч төлөөлөгч Анна Келли “Politico-д өгсөн тайлбартаа “Зэвсгийн нийлүүлэлтийг царцаах шийдвэр нь АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцсэн гэж үзсэн” хэмээн дурджээ.
Пентагоны энэхүү алхам Конгрессийн санааг зовоож байгаа аж. Огайо мужаас сонгогдсон Ардчилсан намын конгрессвумен Марси Каптур хэлэхдээ "АНУ-ын ПВО (агаарын довтолгооноос хамгаалах) систем, тэр дундаа “Patriot” систем Украины хамгаалалтын гол тулгуур. Түүний ачаар өдөр бүр олон хүний амь насыг аварч байна" гэжээ. Мөн тэрбээр "Хэрэв ноён Колби ийм шийдвэр гаргаж буй нь үнэн бол украин цэргүүд болон энгийн иргэд амь насаа алдахад хүрнэ" гэж нэмж хэлсэн байна.
“Politico”-д мэдээлснээр, дээрх сум, зэвсгүүдийг Украинд хоёр үндсэн шугамаар нийлүүлж байжээ. Пентагоны одоогийн нөөцөөс, дараа нь уг зардлыг нөхөн олгодог аж. Украины аюулгүй байдлыг хангах санаачилга (USAI)-ын хүрээнд АНУ өөрийн цэргийн компаниудаас зэвсэг худалдан авч, Украинд нийлүүлдэг байжээ.
Байдены бүрэн эрхийн хугацаа дуусах үед USAI-ийн бүх төсөв бүрэн зарцуулагдсан байсан бөгөөд нийлүүлэлтүүд зөвхөн бэлэн болсон системүүдийн хүрээнд үргэлжилж байсан аж.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл