Сергей Безруков: Түүх, соёл, үнэт зүйлсийг минь үгүйсгэх оролдлогууд гарч буй ч бидний эх оронч сэтгэл хэзээ ч хувирашгүй

Aдмин / Гадаад мэдээ

Оросын нэрт жүжигчин Сергей Безруков 1995 оноос хойш нэрт яруу найрагч Сергей Есениний дүрийг театрын тайзнаа бүтээсээр иржээ. Тэрбээр Есениний мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан түүнийг хүндэтгэх томоохон арга хэмжээнүүд зохион байгуулах санаачилга гаргасан байна. ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа Безруков Есениний уран бүтээл, түүний өв залуу хойч үеийн хүмүүжилд хэрхэн үнэ цэнтэй нөлөөтэй болох талаар онцолж, мөн ойд зориулсан концерт, жүжгийн талаар дэлгэрэнгүй ярьжээ.

-Ирэх аравдугаар сарын 3-нд Сергей Есениний мэндэлсний 130 жилийн ой тохионо. Та энэ үйл явдалд зориулсан ёслолын арга хэмжээг санаачилсан гэсэн. Энэ санаа хэрхэн төрсөн бэ?

-Орос хэл болон бусад үндэстний хэлний дэмжлэгийн зөвлөлийн хуралдааны үеэр би Есениний 130 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэх санал дэвшүүлсэн. Яруу найрагч Есенин бол эх орон, ард түмнийхээ төлөө тууштай зүтгэж ирсэн хүн. Түүний уран бүтээлийг үнэлж, олон нийтийн хүрээнд түгээн дэлгэрүүлэх нь зүй ёсны хэрэг гэж үзсэн.

Энэ хүрээнд аравдугаар сарын 3-нд улсын музейд “Хулиган. Исповедь” нэртэй жүжиг тоглогдох бөгөөд энэ нь Есенинийг хүндэтгэсэн буяны тоглолт байх юм. Тоглолтын гол утга санаа нь яруу найрагчийг шүтэн биширдэг хүмүүстэй хамт тэмдэглэхэд оршино.

-Та жүжгээ Есениний төрсөн нутгийн музейд тоглохоор төлөвлөсөн гэсэн. Константиновог яагаад сонгосон бэ? Бас өөр хаана тоглох вэ?-

-Константиновод тоглоно гэдэг бол маш онцгой мэдрэмж. Тэнд Есениний төрсөн газрын уур амьсгалыг мэдэрч, түүний амьдралыг илүү ойроос ойлгох боломжтой. Үүнээс гадна хөтөлбөрт Ташкент хотод жүжиг тоглох орсон. Есенин Узбекистан, түүний дотор Самарканд, Бухара зэрэг хотуудаар аялж, дорнын уран зохиол, яруу найргаас урам авсан байдаг. Тэр дундаа Фирдоусийн шүлэг, дорнын соёлыг шимтэн сонирхож байсныг бид мэднэ.

-Ташкентэд зөвхөн жүжиг тоглохоос гадна өөр арга хэмжээ зохиогдох уу?

-Тийм ээ, Ташкент хотод Сергей Есениний музей байдаг. Тэнд бид түүний хөшөөг босгохоор төлөвлөж байна. Газар сонголт хүндрэлтэй байсан ч бид ивээн тэтгэгчид, хамтран ажиллагсдаа олсон. Ойрын хугацаанд уг төслийг хэрэгжүүлж, олон нийтэд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байна. Яруу найрагчийн дурсамж, өвийг үлдээх нь бидний үүрэг гэж боддог.

Сергей Безруков: изучать в школах поэзию Есенина стратегически важно -  Интервью ТАСС

-Кремлийн ордонд болох гала-концертын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Энэ концерт бол баярын арга хэмжээний оргил нь. Эстрадын болон драмын урлагийн олон уран бүтээлч оролцож, Есениний шүлэг болон романсуудыг тайзнаа амилуулна. Хөтлөгчөөр би болон жүжигчин Екатерина Гусева ажиллана.

Бид өмнө нь “Есенин” цувралд хамтран тоглож байсан. Тиймээс энэ хамтрал маань бэлгэшээлтэй үйл явдал болно. Есениний уянгалаг шүлгүүд, сонгодог зохиолууд хөгжмийн хэлээр, сэтгэлийн гүнээс мэдрэгдэх тийм орой болно.

-Та өөрөө концерт дээр дуулах уу?

-Тийм ээ. Би "Хулиган. Исповедь" жүжиг дээр өөрийн дууг дуулна. Энэ дууг Есениний шүлгүүд дээр үндэслэн зохиосон. Мөн “Не жалею...”, “Письмо к женщине”, “Над окошком месяц” зэрэг олон нийтийн сайн мэдэх романсуудыг ч дуулах бодолтой байна.

Анх 1995 онд М.Н.Ермоловын нэрэмжит театрт Есениний дүрийг бүтээж байсан тэр мөчөөс л ийм уран бүтээлүүд төрж эхэлсэн юм. Үүний дараа “Есенин” цуврал дээр ажиллаж байхдаа олон шинэ романс бичсэн.

-Та Есениний ямар шүлгийн мөр өнөөдрийн нөхцөл байдалтай илүү нийцэж байна гэж үзэж байна вэ?

-“Куда несет нас рок событий...” гэх мөр (“Письмо к женщине” шүлэгт бий) өнөөгийн байдалтай яг тохирч байна. Бид технологийн эринд амьдарч байгаа ч хүн чанар, хүний мөн чанар хэвээрээ л үлдэж байна. Гэвч дэлхий дахинд зөрчил мөргөлдөөн, дайсагналт хандлага үргэлжилсээр. Өнгөрсөн алдаагаа дахин давтаж байгаа мэт. Эдгээрийг харж, "энэ бүгд хэзээ дуусах вэ?" гэж өөрөөсөө асуух л үлдэж байна.

-Есениний бүтээлүүд сургуулийн хөтөлбөрт багтсан нь ямар ач холбогдолтой вэ?

-Энэ бол маш чухал алхам. Пушкиний бүтээлүүдийг шат дараатайгаар сурдаг шиг Есенинийг ч тийм байдлаар судлах ёстой. Түүний хайрын шүлгүүд залуу үеийнхний сэтгэлд гүн нөлөөлдөг.

Яруу найрагчийн сэтгэл хөдлөл, хайр, уур амьсгал, байгальтай харьцах хандлага нь хүүхэд залуусыг мэдрэмжтэй, ухаалаг хүн болоход чухал. Мөн эх оронч үзлийг төлөвшүүлэхэд Есениний шүлгүүд онцгой нөлөөтэй.

-Таны хувьд эх оронч үзэл гэж юу вэ?

-Миний бодлоор эх оронч үзэл гэдэг бол шалтгаангүй, өөрчлөгддөггүй, чин зүрхний хайр. Лермонтовын хэлснээр: “За что люблю - не знаю сам...” гэж. Эх орноо хайрлана гэдэг бол аливаа шалтгаан, уриа лоозонгоос давсан зүйл. Түүх, соёл, үнэт зүйлсийг минь үгүйсгэх оролдлогууд гарч байвч бидний эх оронч сэтгэл хэзээ ч хувирашгүй.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000