Уул уурхайн салбарын аж ахуй нэгжүүдтэй хамтарч шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлнэ

Aдмин / Эдийн засаг

Дэлхий нийтэд үүсээд байгаа нефтийн бүтээгдэхүүний хямрал хурцадвал Монгол улсын уул уурхай, аж үйлдвэрийн салбарт томоохон эрсдэл дагуулж болзошгүй юм. Иймээс Монгол Улсын Засгийн газар нефтийн бүтээгдэхүүнийхээ импортын сувгуудыг тэлэх хүрээнд БНХАУ-аас авах шатахууны хэмжээг дотоодын хэрэглээний 30 хувьд хүргэх зорилтыг тавиад байна. Энэ хүрээнд өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 30 орчим ААН-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар шатахууны найдвартай хангамжийг бүрдүүлэх нь Уул уурхайн салбарын тогтвортой үйл ажиллагаа явуулах гол нөхцөл гэдгийг онцолж, БНХАУ-ын Хөгжил Шинэтгэлийн Хороо болон Петрочайна Компанийн удирдлагуудад Монгол улсын шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг уламжилж, хамтран ажиллахыг хүслээ.

Монгол улсын шатахууны нийт хэрэглээний 65 орчим хувийг дизель түлш эзэлдэг. Тэгвэл зөвхөн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд жилд 1,2 сая тонн дизель түлшийг ашиглаж байна.

Монгол улсын хувьд БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийг импортлон авах шилжүүлэн ачих байгууламж, агуулахын хүчин чадал сард 150000 мерт куб-д хүрээд байна. Одоогоор БНХАУ наймдугаар сард АИ92-6000 тонн, Дизель түлш – 2000 тонн, Онгоцны түлш – 3000 тонныг тус тус нийлүүлсэн. Харин Есдүгээр сард АИ92 – 10000 тонн, Онгоцны түлш – 3000 тонныг нийлүүлэхээ илэрхийлжээ. Харин Дизель түлшин дээр санал өгөөгүй байна. Иймээс ч Дизель түлшний гол хэрэглэгч болсон уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулагчидтай хамтран шатахууны импортыг нэмэгдүүлэхээр ярилцлаа.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулагч аж ахуй нэгжүүдийн зүгээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын саналыг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ. Уулзалтад оролцсон аж ахуй нэгжүүд наймдугаар сарын 29 гэхэд хийгдэж буй ажлуудынхаа талаар тодорхой хариу өгөхөөр тохиролцлоо.

Мөн АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай тэргүүтэй ажлын хэсэг өнөөдөр БНХАУ -ыг зорих юм. Уг ажлын хэсэг Петрочайна компанийн удирдлагуудтай уулзаж, нефтийн бүтээгдэхүүний импортын хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Мөн ирэх сард БНХАУ-ын уул уурхайн салбарын гол чуулган болсон “Чайна Майнинг” арга хэмжээний бэлтгэл ажлуудыг хангуулах юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.