Дотоодын аялал жуулчлалын урсгалыг нэмэх замын ажилтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улс, орон нутгийн чанартай замын бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн явцтай газар дээр нь танилцаж байгаа. Өнгөрсөн сарын 25-нд Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто зам, өчигдөр буюу 2025.08.07-нд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын ажлын явцтай танилцсан.
Ерөнхий сайд өнөөдөр манай улсын аялал жуулчлалын гол маршрутын нэг болох Баянхонгор-Шаргалжуут чиглэлд тавьж буй хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Тус авто замын бүтээн байгуулалт өнгөрсөн оны зургаадугаар сард эхэлсэн. Гүйцэтгэл 27 хувьтай үргэлжилж байна. Нийт 54.18 км урттай зам тавих бөгөөд ус зайлуулах 94 хоолой, хоёр гүүр барих юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дотоодын гурван компани гүйцэтгэж байгаа юм. Авто замын ажлыг хоёр багцад хуваасан. Багц нэгийг "Бридж бюлдинг" ХХК, "Их богд зам" ХХК /эхний 25 км/, багц хоёрыг "Их харгуйн зам" ХХК /29.2 км/ хариуцжээ. Ирэх оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна. Замын ажлыг энэ онд багтаан 40 хувьд хүргэнэ гэж гүйцэтгэгч компанийнхан танилцуулав.
Баянхонгор аймаг, мөн тус аймгийн Өлзийт, Эрдэнэцогт сумыг дайран өнгөрөх тус замаар жилдээ зөвхөн Шаргалжуут рашааныг зорьж 10 мянган хүн зорчдог. Харин амарч, аялангаа энэ чиглэлд дунджаар 5000 хүн зорчиж, дамжин өнгөрдөг байна. Замтай болсноор аялагч, амрагч, сувилуулагчдын тоо хоёр дахин нэмэгдэнэ. Ингэснээр нутгийн иргэдийн бодит орлого нэмэгдэж, энэ бүсэд аялал жуулчлал түлхүү хөгжих, шинэ гарц нээгдэх боломж нээгдэнэ. Дээрх замын бүтээн байгуулалтыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу барьж байгаа юм.
Сэтгэгдэл
Зочин [67.171.160.15] 2025-08-08 17:28:53
зам дагаад км бүрт боловсон 00 бүхий үйлчилгээний цэг байгуул малнуудаа