Б.Жавхлан: 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр 3 их наяд 267.3 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгасан
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн.
Энэ үеэр хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм.
Тэрбээр 2026 оны төсвийн төслийг “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-тэй уялдуулан боловсруулсныг онцлоод төсвийн төсөлд туссан онцлох арга хэмжээг танилцуулав.
Тухайлбал, төсвийн урсгал зардал нь өмнөх оноос 585.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд хууль, тогтоомжид заасны дагуу тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулж нэмэхэд 378.0 тэрбум төгрөг, хүүхэд, ахмад настны тооны өсөлтөөс шалтгаалсан халамжийн зардалд 45.3 тэрбум төгрөг, сурагчийн тооны өсөлттэй холбоотой боловсролын салбарын зардалд 81.2 тэрбум төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор улсын төсвөөс хариуцах эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон тусламж, үйлчилгээний зардалд 79.0 тэрбум төгрөг зэрэг зайлшгүй нэмэгдэх зардлууд нөлөөлсөн гэж байлаа.
Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хуульд заасны дагуу 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдээс санал авч, сум, дүүрэг, аймаг, нийслэл, салбар яамны түвшинд үе шаттайгаар төлөвлөсөн.
“Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем”-ээр нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1712 төслийн санал хүлээн авснаас холбогдох шалгуур үзүүлэлт, зарчим, бодлогыг харгалзан эрэмбэлж, 579 төсөл, арга хэмжээнд 3 их наяд 267.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан гэв.
Засгийн газрын өрийн хувьд Улсын Их Хурлаас 2025 оны тавдугаар сарын 30-ны өдөр баталсан Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийн зорилт, арга хэмжээг мөрдөн ажиллах бөгөөд 2026 онд Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх, нэг тэрбум ам.доллар хүртэлх Засгийн газрын өрийн баталгаа гаргах,
аймаг, нийслэлийн үнэт цаасыг зохистой хэмжээнд арилжаалах, дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжиж, суурь хүүг тогтоох зорилгоор 562 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргах, дахин санхүүжүүлэх зорилгоор нэг тэрбум ам.доллар хүртэл гадаад үнэт цаас арилжаалахаар төсвийн төсөлд тусгасан байна.
Үндэсний баялгийн сангийн хувьд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын 4.6-д заасан зорилтыг хангах хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд байна.
Газрын хэвлий дэх байгалийн баялгийг ирээдүй хойч үеийн иргэдэд тэгш, шударга хүртээх зорилгоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Ирээдүйн өв санд хуримтлал бүрдүүлж ирсэн бөгөөд түүхэндээ анх удаа хөрөнгө оруулалтын өгөөжөөр тус сангийн хөрөнгийг арвижуулаад байна.
Ингэснээр Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын хуримтлал 5,509.5 тэрбум төгрөгт хүрээд байгаа бол ирэх онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос 2 их наяд 186.9 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд, уул уурхайн салбарын төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн 34 хүртэлх хувьд ногдох ногдол ашгийн орлогоос 372.9 тэрбум төгрөгийн орлогыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн төсөлд тусгаад байгааг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулгадаа онцолсон.
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь зарлага 29.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2.0 их наяд төгрөгийн ашигтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 2.0 хувь байж, төсвийн тусгай шаардлагуудыг бүрэн хангахаар байна гэж байлаа.






.jpeg)













.jpg)













.jpg)


























.jpg)

Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.89.75] 2025-11-07 09:27:31
579 ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГЭЭ НАРИЙВЛАН ЗАДАЛ БАГЦААР НЬ ХЭЛЭЛЦҮҮЛЖ ОРУУЛЖ ИРЖ БАЙГАА НЬ ЦААНА НЬ ХУЛГАЙ БАЙГАА ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА