Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто” группт хандана
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зорилгоор УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулсан.
Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-нд зохион байгуулж, сонсголын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгсөн УИХ-ын тогтоолыг баталсан юм.
УИХ-ын Түр хороо Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцээгүй, ногдол ашиг авах хугацаа хойшилсон, зардал хэтэрснээс өгөөж эрс буурсан, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоо бодитой хангагдаагүй, ил тод бус гэсэн дүгнэлт гаргаад буй.
УИХ-аас баталсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх алхмуудыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд,
“Оюутолгой” ХХК, хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийн удирдлагуудад хандахаар болжээ. УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газраас томилсон Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээрийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн байна.
Оюутолгойн гэрээний нөхцөлийг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх, 34 хувийн ногдол ашиг авах хугацааг тодорхой болгож, хувьцаа эзэмшигчид эрх тэгш байх зарчмаар үр ашиг хүртэх нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн тайлан, зардлыг ил тод, нээлттэй болгох,
хөндлөнгийн аудит оруулах, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоог бодитоор хангах, төслийн зардал, санхүүжилтэд УИХ-ын хяналтыг хангах зэрэг тодорхой асуудлуудыг хөндөж, тус төслийн хөрөнгө оруулагчтай хийж буй хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх талаар “Оюутолгой” ХХК, “Рио Тинто” группийн удирдлагуудад хандахаар болсон гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.


































































Сэтгэгдэл
уншигч [118.99.2.13] 2026-01-08 19:46:29
2 сонголт л байгаа гэж ойлгох нь буруу, Венесуэлийн загвараар явах ямар ч шаардлагагүй. Асуудлыг хэрхэн боловсон аргаар шийдэж болохыг аль дээр үед тунгаан бодоод,гарц шийдлийг олчихсон хүмүүсээ эхлээд сонсох хэрэгтэй. Ингэхээс манай эрх баригчид одоог хүртэл айж ирсэн юм. Хамаг бузар булай нь ил тод болж, тэд үүнийхээ төлөө зайлшгүй хариуцлага хүлээх тул үнэн үг хэлсэн нэгнийгээ үл ойшоож ирсэн байдаг.
Уйлагнаад байх уу? Эсхүл ... [202.126.88.68] 2026-01-08 10:49:32
Гэнэн хонгорууд юмдаа. Их горьдомтхой. Гэрээнүүд байгуулагдчихаад ОЛОН ЖИЛ болчихсоны ДАРАА "Монголын талд АШИГГҮЙ болчихлоо, манайд ашигтай болгож ӨГ" гээд уйлагнаад байх юм уу? Тэгээд тэр ОЛОН гадаадын хөрөнгө оруулагчид чинь олон жил ӨНГӨРСНИЙ дараа ТУС БҮР "Тэгье, тэгье. Хөөрхөн монголчуудад ашигтай болгоё, бидний ашгаас ХАСЧИХ" гэх үү? Үүнийг ГОРЬДООД байгаа юм уу? Одоо Монголд 2 сонголт л байгаа. Нэг нь одооныхоор бүх юмыг ХЭВЭЭР үлдээх. 2-т, 2000 оны үеийн Венесуэл шиг НАЦИОНАЛИЗАЦИ хийх буюу Оюу толгойг ҮНДЭСНИЙХ болгох. Бидэнд 2 дахь замаар явах хоншоор БАЙНА УУ?