Ливаны төв засгийн газартай шууд хэлэлцээ хийхийг үүрэг болгожээ
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ливаны төв засгийн газартай шууд хэлэлцээ хийхээр шийдвэрлэснээ мэдэгджээ. “Израилтай шууд хэлэлцээ хийх саналыг Ливаны эрх баригчид удаа дараа тавьсантай холбогдуулан би тус улстай аль болох ойрын үед шууд хэлэлцээ хийж эхлэхийг засгийн газарт үүрэг болгосон” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Б.Нетаньяхугийн хэлснээр, хэлэлцээний гол асуудал нь “Хезболла” бүлэглэлийн зэвсгийг хураах, Израил, Ливаны хооронд найрамдалт харилцаа тогтоох явдал байх аж.
“Бейрутыг цэрэггүйжүүлэх тухай Ливаны Ерөнхий сайдын өнөөдрийн уриалгыг Израил улс сайшаан хүлээн авч байна” гэж Б.Нетаньяху нэмж хэлсэн байна. Ливаны Ерөнхийлөгч Жозеф Ауны тамгын газраас CNN телевизэд өгсөн мэдээлэлдээ Б.Нетаньяхугийн мэдэгдэлд тайлбар өгөхгүй гэжээ. Ливан дахь “Хезболла”-гийн эсрэг явуулж буй Израилын ажиллагаа нь гал зогсоохтой холбоотой гол асуудлуудын нэг бөгөөд эл асуудлаарх талуудын байр суурь зөрүүтэй байгаа юм. Ираны Гадаад хэргийн дэд сайд Саид Хатибзаде өмнө нь мэдэгдэхдээ, дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Ливанд өгсөн Израилын цохилтууд АНУ, Ираны хооронд байгуулсан гал зогсоох тохиролцоог ноцтой зөрчсөн гэжээ. Тэрбээр Израилыг “үй олноор хөнөөх ажиллагаа” явуулсан гэж буруутгасан байна. Ливаны Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, цохилтын улмаас 203 хүн амиа алджээ.
Хатибзаде мөн мэдэгдэхдээ, хэрвээ АНУ “түрэмгийллээ” зогсоовол Ормузын хоолойг дахин нээнэ гэсэн байна.
Өмнө нь Израилын тал Ираны эсрэг цохилтоо түр зогсоосон гэж мэдэгдсэн боловч Ливан дахь ажиллагаагаа үргэлжлүүлжээ. Израилын цэргүүд Ливаны нийслэл Бейрут болон бусад хотуудыг бөмбөгдсөний улмаас 250 гаруй иргэн амиа алдсантай холбогдуулан дөрөвдүгээр сарын 9-нийг үндэсний гашуудлын өдөр болгон зарласан байна.
Д.Жаргал

































































Сэтгэгдэл