А.Ганбаатар: Монгол Улс дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 85 дугаар жагсаж байгаа нь Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг яаруулж байна
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн өмнө тулгамдсан хуулийн асуудал болох Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ажил ямар ахицтай байгаа талаар тус хуулийн ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн А.Ганбаатараас тодрууллаа.
-Та Эрүүгийн хуулийн төслийн хэвлэл мэдээлэлтэй холбоотой заалт дээр нэлээд идэвхтэй байр суурь илэрхийлж байгаа харагддаг. Ингэхэд та сэтгүүлч мэргэжилтэй бил үү?
-Би хуучин ТВ25, FM107, Ардын сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудад ажиллаж байсан. Би сэтгүүлч мэргэжлийг Монгол Улсын Их сургуульдаа, олон нийтийн харилцааг Америкт эзэмшсэн. Үг хэлэх эрх чөлөө гэж юу байдгийг мэднэ.
-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудал сүүлийн үед ямар ахицтай байна. Та ажлын хэсгийн гишүүний хувьд тайлбар өгөхгүй юу?
-2019 онд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Худал мэдээлэл тараах /13.14/ гэмт хэргийг хуульчилж, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Эрүүгийн хуулийн 13-ын 14 бол “Ам барих заалт шүү”. Дээрх гэмт хэрэгт 2020-2025 онд нийт 2402 хэрэг бүртгэлийн хэрэг үүссэний 175 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс 110 хэрэг буюу 116 хүнд ял оногдуулсан. Үүний гурван хувь нь сэтгүүлчид байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оын арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэж үзсэнийг Улсын Их Хурлын 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 123 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан бөгөөд миний бие ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна. Энэ хуулийг л би өөрчилмөөр байна. Сэтгүүлч найз, дүү нар хараарай. Эрүүгийн хуулийн 13.14 гэсэн энэ заалтыг тогтож уншаарай. Ажлын хэсгийн зүгээс нэг талаас хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалах, нөгөө талаас үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний тэнцвэрийг хангасан эрх зүйн зохицуулалтыг боловсруулан Эрүүгийн хуульд тусгахаар ажиллаж байна. Гэвч үнэнийг хэлэхэд, уг асуудал бага багаар урагшилж л байна.
-Хэзээ үр дүнд хүрэхээр байна?
-Талууд ойлголцолд хүрч Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг яаравчлуулахгүй бол зөвхөн Хэвлэл мэдээллийнхэн ч бус жирийн иргэд үг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хязгаарлуулсан хэвээр байх болно. Өмнө хэлсэн энэ заалт бол хэн бүхний “Ам барих” заалт шүү. Тиймээс Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг яарах хэрэгтэй гэдгийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ өдөр сануулан, анхааруулан хэлмээр байна. Энэ жил Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр дэлхийн 179 орноос 85-д жагслаа. Дахин хэлэхэд, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл ангиар хэрэг бүртгэлт үүссэн, шүүхээр орж, ял шийтгүүлсэн гэх дата өөрөө энэ хуулийн өөрчлөлтийг яаруулж байгаа юм.
Э.ТҮВШИН
Эх сурвалж: Өдрийн сонин



















































.jpeg)












Сэтгэгдэл
Үнэтэй учир бөхөлзөнө. Үнэгүй юм гэж байхгүй. [202.126.90.177] 2026-05-05 11:11:42
Монголыг сэтгүүл зүй яг энэ зураг шигээ байсан, байгаа, байх болно, мөнхийн ийм байна. Учир нь бүх бичгийн хэрэгсэл, цаас, компютер ҮНЭТЭЙ, Бүх мэдээлэл, мэдээллийн эх сурвалж ҮНЭТЭЙ. Мэдээлэл нийтэлдэг бүх сонин, вебхуудас, телевиз Интернетын орчин ҮНЭТЭЙ. Бүх сэтгүүлчийнхөдөлмөр бас ҮНЭТЭЙ. Ийм нөхцөлд БҮГД л МӨНГӨТЭЙ хүний өмнө БӨХӨЛЗӨНӨ. Индекс 85-аасаа дээшилж сайжрах нөхцөл манайд БАЙНА УУ???