Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн “хурдасгуур” гэсэн үг
Эдийн засгийн онол, хэлэлцүүлгийн клубийн зөвлөх, эдийн засагч Л.Доржсүрэнтэй ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг та дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу. Олон нийтэд ойлгомжтой байдлаар хэлбэл яг ямар түвшинд байна вэ?
-Өнөөдрийн байдлаар манай эдийн засаг сэргэж байгаа ч эмзэг хэвээр гэж тодорхойлж болно. Сүүлийн жилүүдэд экспорт, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт сайжирсан нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна гэж эерэг талаас нь хармаар. Гэхдээ энэ өсөлт маш ихээр гадаад хүчин зүйлсээс хамааралтай хэвээр байгаа нь сул тал, эрсдэл өндөр хэвээрээ байна гэсэн үг. Дотоод нөхцөлд авч үзвэл инфляци буюу үнийн өсөлт бүрэн тогтворжоогүй. Хүнсний бүтээгдэхүүн, шатахуун, импортын барааны үнэ өндөр хэвээр байгаа нь айл өрхийн бодит орлогыг шимэгч шиг идэж байна. Тиймээс хүмүүс эдийн засаг өсөөд байна гэдгийг өдөр тутмын амьдрал дээрээ төдийлөн мэдрэхгүй байгаа.
Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй эерэг ч микро түвшинд буюу өрхийн амьдрал дээр дарамт байсаар байна.
-Тэгвэл эдийн засгаа өсгөх бодит боломж нь юу байна. Таны хувьд эдийн засгийн тооцоо судалгааг байнга харж байгаа байх...?
-Манай улс боломжийн хувьд муу биш. Хэрвээ бодлого зөв хэрэгжвэл жилд 5–7 хувийн тогтвортой өсөлтийг хадгалах бүрэн боломж бий. Гэхдээ энд нэг чухал нөхцөл бий. Тэр нь эдийн засгийн бүтэц. Одоогийн байдлаар манай эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай. Энэ нь өсөлтийг тогтворгүй болгодог. Нэг жилд өсөлт өндөр гарч, дараа жил нь буурах буюу савлагаатай байдал үүсдэг. Хэрвээ бид үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбаруудаа зэрэг хөгжүүлж чадвал өсөлт илүү тогтвортой болно.
-Өөрөөр хэлбэл, эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай л гэсэн үг үү?
-Тийм. Би дөрвөн гол чиглэл онцолмоор байна. Нэгдүгээрт, уул уурхайгаа илүү үр ашигтай болгох. Зөвхөн олборлох биш, нэмүү өртөг шингээх шаардлагатай. Хоёрдугаарт, хөдөө аж ахуй. Манай улсын өрсөлдөх чадвартай цөөн салбарын нэг. Гэхдээ бид түүхий хэлбэрээр биш, боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох хэрэгтэй. Гуравдугаарт, аялал жуулчлал. Байгаль, соёлын онцлог давуу талаа зөв ашиглавал валютын том эх үүсвэр болж чадна. Дөрөвдүгээрт, жижиг дунд бизнес. Энэ салбар л ажлын байрыг хамгийн ихээр бий болгодог.
-Төр, засгийн хувьд жил бүрийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдэлтэй гарлаа гэж зарладаг. Гэтэл яагаад эдийн засгийн өсөлт иргэдэд мэдрэгдэхгүй байна вэ?
-Маш чухал асуудал. Өсөлт өөрөө иргэдэд автоматаар хүрдэггүй. Өсөлт иргэдэд мэдрэгдэхийн тулд цалин инфляциас хурдан өсөх, ажлын байр нэмэгдэх, жижиг бизнесүүд орлого олох боломжтой байх ёстой. Хэрвээ эдийн засгийн өсөлтийн үр ашиг цөөн салбарт, цөөн компанид төвлөрвөл иргэдийн амьдралд нөлөө бага байдаг. Нөгөөтэйгүүр олон улсын нөхцөл байдал манай эдийн засагт маш өндөр нөлөөтэй байна. Манай улс жижиг, нээлттэй эдийн засагтай. Тиймээс гадаад орчны өөрчлөлт шууд нөлөөлдөг. Жишээлбэл, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ, томоохон эдийн засгуудын өсөлт, геополитикийн нөхцөл байдал энэ бүхэн манайд шууд дам нөлөө үзүүлдэг.
-Тэр дундаа Хятад, Орос гэсэн хоёр хөршийн нөлөөлөл их байх, тийм үү?
-Тийм ээ, манай эдийн засагт хамгийн шууд, хүчтэй нөлөө үзүүлдэг хоёр улс бол яах аргагүй Хятад, Орос юм. Үүнийг энгийнээр тайлбарлавал бид экспорт нэг талдаа, импорт нөгөө талдаа гэсэн бүтэцтэй. Хятад бол манай экспортын гол зах зээл. Нүүрс, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний дийлэнх нь Хятад руу гардаг. Тиймээс Хятадын эдийн засгийн өсөлт удаашрах, барилгын салбар саарах, үйлдвэрлэл нь буурах үед манай экспортын хэмжээ, үнэ шууд буурдаг. Энэ нь улсын төсвийн орлого, валютын орлогод хүртэл нөлөөлнө. Харин Оросын хувьд бид эсрэг хамааралтай. Шатахуун, эрчим хүчний хувьд ихээхэн хараат. Шатахууны үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эсвэл геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөхөд манай дотоодын үнэ өсч, инфляци нэмэгдэх эрсдэл үүсдэг. Тиймээс бид хоёр том эдийн засгийн дунд оршдог, гадны нөлөөнд эмзэг эдийн засагтай гэсэн үг. Эдийн засаг талаасаа энэ бол маш ойлгомжтой, яагаад ч өөрчлөгдөх боломжгүй агуулга учраас энэ чиглэлийн эдийн засгийн өсөлтийн бодлого, системүүдийг оновчтой гаргаад явах нь л угтаа чухал байгаа юм. Харамсалтай нь бид тэгж чадахгүй явсаар л байна.
-Урин дулааны цаг эхэлж эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байна. Энэ үед аялал жуулчлал болон ЖДҮ эрхлэгчид орлогоо нэмэхийн тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Зуны улирал бол эдийн засгийн боломжийн үе гэж хэлж болно. Ялангуяа аялал жуулчлал, жижиг дунд бизнесүүдийн хувьд орлогоо нэмэх хамгийн тохиромжтой цаг.
Миний харж байгаагаар аялал жуулчлалын салбарт гурван зүйл хамгийн чухал. Нэгдүгээрт, үйлчилгээний чанар. Гадаад жуулчид зөвхөн байгаль үзэх гэж ирдэггүй, тухайн орны үйлчилгээний түвшинг мэдэрдэг. Хөтөч, буудал, хоол, харилцаа гээд бүх зүйл чухал. Хоёрдугаарт, олон улсын маркетинг. Монголд сайхан газар байгааг бид өөрсдөө мэддэг ч гадаад ертөнцөд хангалттай сурталчилж чаддаггүй. Онлайн платформ, сошиал медиа, аяллын агентлагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Гуравдугаарт, дэд бүтэц. Зам, ариун цэвэр, интернэт, төлбөрийн систем зэрэг нь жуулчны туршлагад шууд нөлөөлдөг.
Харин ЖДҮ эрхлэгчдийн хувьд санхүүжилт буюу зээл авах боломж хязгаарлагдмал, хүү өндөр байдаг. Мөн татварын асуудал байна. Жижиг бизнесүүдэд харьцангуй ачаалал их татварын бодлого манайд үйлчилж байгаа. Мөн зах зээлийн хувьд бүтээгдэхүүнээ борлуулах суваг хомс гэдэг асуудлууд байна. Гэхдээ нөгөө талдаа боломж ч бий.
-Том төслүүд хөдөлж байж эдийн засаг илүү өснө. Харамсалтай нь Монгол Улсад том төсөл хөдлөх боломж нь улс төрийн түвшиндээ хязгаарлагдмал байна. Ер нь том төслүүд хөдлөхгүй бол эдийн засгийн өсөлт агших уу?
-Шууд эдийн засаг агшина гэж хэлэх нь арай хэтрүүлсэн дүгнэлт. Харин бодит байдал дээр томоохон төслүүд хөдлөхгүй удах тусам эдийн засгийн өсөлт удааширч, бид боломжоо алддаг нь үнэн. Энгийнээр тайлбарлавал, нэг том уурхай эсвэл дэд бүтцийн төсөл төмөр зам, цахилгаан станц гэх мэт хэрэгжиж эхлэхэд зөвхөн тэр төсөл өөрөө биш, дагаад олон зүйл хөдөлдөг. Олон мянган хүн ажилтай болж, ханган нийлүүлэгч жижиг, дунд бизнесүүд захиалга авч орлого олж эхэлдэг. Төсөвт орж ирэх татвар нэмэгдэнэ, гадаадаас орж ирэх валют өснө. Өөрөөр хэлбэл нэг том төсөл олон жижиг “хөдөлгүүр”-ийг зэрэг асаадаг гэсэн үг. Харин ийм төслүүд зогсонги байдалд орвол эсрэгээрээ шинэ ажлын байр үүсэхгүй, бизнесүүдийн захиалга багасна, валютын урсгал нэмэгдэхгүй. Ингээд эдийн засаг унахгүй ч гэлээ удаан, жижиг алхмаар л урагшилдаг. Үүнийг айлын жишээгээр ойлговол илүү амархан. Нэг айл зөвхөн өдөр тутмын жижиг орлогоор амьдраад байвал өл залгуулна, гэхдээ хурдан өсөхгүй. Харин илүү их орлого оруулж ирэх боломж байсаар байтал түүнийгээ ашиглахгүй бол тэр айл зүгээр л боломжоо алдчихаж байгаа хэрэг. Тиймээс том төслүүд эдийн засагт маш чухал үүрэгтэй. Товчхондоо хэлбэл, том төслүүд бол эдийн засгийн “хурдасгуур” гэсэн үг. Байхгүй бол эдийн засаг явна, гэхдээ удаан. Харин байвал илүү хурдтай, илүү боломжтой өсдөг.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Э.МӨНХТҮВШИН




































































Сэтгэгдэл
Хөдөөний сайд [66.181.165.234] 2026-05-06 11:48:50
Том төслүүдээс чинь өмнө махны үнээ дийлэхгүй ардууд турж үхэх юм бишүү. Гадаадуудаа цөөлөхгүй бол зах зээлээ дийлэхгүй байгаан бишүү