Б.Жавхлан: Өмнөх Засгийн үед эхлүүлсэн Оюу толгойтой холбоотой нааштай өөрчлөлтүүдийг энэ засгийн үед шийдсэнд баяртай байна
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлантай Оюу толгойн хувь нийлүүлэгч-дийн зээлийн хүү, татварын багц өөрчлөлт, НӨАТ-ын босго, АМНАТ, нийгмийн даатгал болон парламентын хяналт, томилгооны асуудлаар ярилцлаа.
Хаврын чуулган өндөрлөх дөхөж байна. Таны хувьд Төрийн байгуулалтын байнгын хороог ахлан ажиллахаар болсон. Чуулган дуусахаас өмнө Байнгын хороо ямар асуудалд голлон анхаарч байна вэ?
-Төрийн байгуулалтын байнгын хороо энэ хугацаанд гурван чиглэлд төвлөрч ажиллаж байна. Нэгдүгээрт, УИХ-ын тухай хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн бэлтгэл ажил байна. Энэ нь зөвхөн техникийн өөрчлөлт биш, парламентын хариуцлага, ил тод байдал, хяналтын чадавхыг сайжруулах ач холбогдолтой. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Цэц, Сонгуулийн ерөнхий хороо, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл зэрэг байгууллагын хуульд заасан сонсгол, томилгооны асуудлыг хэлэлцэж байна. Гуравдугаарт, харьяа байгууллагуудын тайлан, хуулийн хэрэгжилт, УИХ-аас хийх хяналт шалгалтын чиглэлийг тодорхойлох ажил үргэлжилж байгаа.
Мөн намрын чуулганаар хэлэлцэх болон хяналт шалгалт хийх асуудлын жагсаалтыг энэ долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
-Бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүд УИХ-д өргөн мэдүүлэгдсэн. Сангийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд эдгээр төсөлд ямар бодит зохицуулалт зайлшгүй тусах ёстой гэж үзэж байна вэ?
-Бизнес эрхлэгчдийг дэмжих зорилго нь зөв. Гэхдээ ийм хууль тунхаглалын шинжтэй байвал бодит үр дүн гарахгүй. Миний хувьд гурван асуудлыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, хуулийн хэрэгжилтийн механизм тодорхой байх ёстой. Төрийн байгууллага бизнесийн эрхийг зөрчвөл хэн, ямар хугацаанд, ямар журмаар шийдвэрлэх вэ гэдэг нь тодорхой байхгүй бол хууль бодит хамгаалалт болж чадахгүй. Хоёрдугаарт, өмчийн эрх, гэрээний үүрэг, төрийн байгууллага, албан тушаалтны хариуцлагыг илүү нарийвчлан тусгах хэрэгтэй. Гуравдугаарт, салбарын бусад хуультай зөрчилдөх тохиолдолд аль зохицуулалтыг хэрхэн хэрэглэхийг тодорхой болгох ёстой. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь уриа биш. Энэ нь өмчийн эрх хамгаалагддаг, гэрээ биелдэг, төрийн шийдвэр урьдчилан таамаглах боломжтой, маргаан шударгаар шийдэгддэг орчныг хэлнэ. Хууль энэ суурь орчныг бодитоор бүрдүүлэх ёстой юм.
-НӨАТ, ХХОАТ, НДШ зэрэг татвар, шимтгэлийн өөрчлөлтүүд батлагдсан. Эдгээр өөрчлөлтийг та татварын бодлогын хувьд хэрхэн үнэлж байна вэ?
-Энэ удаагийн татварын багц өөрчлөлтийг Монгол Улсын татварын тогтолцооны гурав дахь томоохон шинэчлэл гэж харж болно. 1992 онд татварын тогтолцооны суурь тавигдсан. 2007 онд татварын ачааллыг бууруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлтэй томоохон өөрчлөлтүүд хийгдсэн. 2020 онд шударга татвар төлөгчийг дэмжих, олон улсын татварын зарчмуудыг нэвтрүүлэх шинэчлэл хэрэгжсэн. Энэ удаагийн шинэчлэл сүүлийн гурван жилийн хугацаанд нэлээд өргөн хэлэлцүүлэгтэй явсан. Энэ утгаараа Сангийн сайдаар ажиллаж байхдаа иргэн, аж ахуйн нэгжүүдээс олон санал авч, тэдгээрийг хуулийн төсөлд тусгах чиглэлээр ажилласан. Миний хувьд НӨАТ-ын босготой холбоотой шийдвэрээс бусад гол өөрчлөлтүүдийг ерөнхийдөө бодлогын хувьд зөв чиглэлтэй гэж үзэж байгаа юм. Монгол Улс уул уурхайгаас өндөр хамааралтай, жижиг, нээлттэй эдийн засагтай орон. Ийм нөхцөлд татварын бодлого нь нэг талаас уул уурхайн бус салбарын өсөлтийг дэмжих, нөгөө талаас дундаж давхаргын бодит орлого, хөдөлмөр эрхлэлтийг хамгаалах ёстой. Энэ зарчимтай нийцсэн өөрчлөлтүүд багцад орсон гэж харж байгаа.
-Та НӨАТ-ын босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх саналыг дэмжээгүй. Яагаад энэ шийдвэрийг буруу гэж үзэж байна. Ер нь НӨАТ-ын бодлого ямар байх ёстой юм бэ?
-Татварын ачааллыг бууруулах зорилго нь зөв. Харин сонгосон арга нь оновчгүй гэж үзсэн. Жижиг бизнесээ дэмжихийн тулд НӨАТ-ын сүлжээнээс гаргах бус, харин НӨАТ-ын бүртгэлд хэвээр байлгаад тайлагнал, төлөлтийг нь хялбарчлах ёстой байсан юм. Миний санал бол бизнес эрхэлж байгаа хүн, аж ахуйн нэгж бүр НӨАТ-ын бүртгэлд хамрагддаг байх. Харин жилийн 400 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой татвар төлөгчдийг хялбаршуулсан горимд хамруулж, улиралд нэг удаа тайлагнадаг, жилийн нэг хувийн татвар төлдөг, тайлагнал нь хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан энгийн системээр хийгддэг байх хувилбар байсан. НӨАТ бол зөвхөн орлого бүрдүүлэх татвар биш. Энэ нь бараа, үйлчилгээний нийлүүлэлтийн бүх шатны гүйлгээг бүртгэх, далд эдийн засгийг багасгах, татварын өөрөө өөрийгөө хянах механизмыг ажиллуулах үндсэн тогтолцоо. Энэ утгаараа босгыг огцом өсгөвөл НӨАТ-ын сүлжээ тасрах, том компаниуд НӨАТ-ын баримт гаргахгүй жижиг нийлүүлэгчтэй ажиллахаас зайлсхийх, бүртгэлгүй гүйлгээ нэмэгдэх эрсдэлтэй. Богино хугацаанд зарим жижиг бизнесийн ачаалал буурч байгаа мэт харагдавч дунд, урт хугацаанд татварын суурь, бизнесийн шударга өрсөлдөөн, эдийн засгийн ил тод байдалд сөргөөр нөлөөлнө. Иймээс миний байр суурь бол босгыг өсгөх биш, хамруулах хүрээг тэлж, харин жижиг татвар төлөгчийн тайлагнал, төлөлтийг бодитоор хялбарчлах ёстой гэдэг саналыг хэлсэн.
-АМНАТ-ын асуудлаар олон байр суурь яригдаж байна. Таны хувьд аль хувилбар нь эдийн засагт илүү үр дүнтэй гэж үзэж байна вэ?
-АМНАТ-ын бодлого дээр бид хоёр зүйлийг тэнцвэржүүлэх ёстой. Нэгдүгээрт, байгалийн баялгийн үр өгөөж ард түмэнд шударгаар ногдох ёстой. Хоёрдугаарт, татварын орчин нь хөрөнгө оруулалт, шинэ төсөл, ажлын байр, ирээдүйн төсвийн орлогыг хааж боохгүй байх шаардлагатай. Миний хувьд ялангуяа зэсийн төслүүдийн хувьд АМНАТ-ын зохицуулалтыг илүү өрсөлдөх чадвартай болгох шаардлагатай гэж үздэг. Дэлхийн зах зээл дээр зэсийн эрэлт өсөх хүлээлттэй энэ үед Монгол Улс шинэ төслүүдээ хөдөлгөж чадвал хөрөнгө оруулалт, ажлын байр, орон нутгийн хөгжил, төсвийн орлогод бодит эерэг нөлөө үзүүлнэ. Тооцоогоор 20 орчим шинэ төслийг эхлүүлэх боломж бүрдвэл 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах, долоон мянга орчим ажлын байр бий болгох, нэгдсэн төсөвт 1.1 тэрбум ам.долларын АМНАТ төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ стратегийн ач холбогдол бүхий ордын асуудлыг ердийн төсөлтэй адил авч үзэж болохгүй. Үндсэн хуулийн 6.2-т байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмыг тусгасан. Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтаар стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай төлбөрөөр орлуулах, түүний хувь хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоох боломжтой. Тиймээс УИХ-ын бүрэн эрх хадгалагдаж байгаа. Гол нь асуудлыг улс төрийн айдас, хардлагаар биш, төсөл тус бүрийн эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтын нөхцөл, улсын хүртэх өгөөжийн тооцоонд үндэслэн шийдэх ёстой юм.
-Оюу толгойтой холбоотой асуудлаар өчигдөр Засгийн газар нааштай өөрчлөлт хийсэн талаар мэдээллээ. Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээртэй холбоотой асуудлаар өмнө нь хатуу байр суурь илэрхийлсэн. Таны хувьд Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа энэ чиглэлд ямар ажил хийсэн бэ?
-Юуны өмнө Г.Занданшатарын Засгийн газрын эхлүүлсэн Оюу толгойтой холбоотой ажил, гэрээ, хэлэлцээрүүдийн үр дүн өнөөдөр Н.Учралын Засгийн газрын үед гэрээний зарим өөрчлөлтүүд манай талд нааштайгаар шийдвэрлэгдэж байгаад баяртай байна. Өмнөх Засгийн газрын үед Оюу толгойтой холбоотой гурван чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Миний хувьд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлыг хариуцсан ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ хүрээнд зээлийн хүүг хянан үзэх хэлэлцээний хугацааг сунгах, хүүгийн нөхцөлийг олон улсын зах зээлийн жишиг, Монгол Улсын эрсдэлийн үнэлгээ, төслийн санхүүжилтийн бүтэцтэй уялдуулах, мөн менежментийн үйлчилгээний төлбөрийн асуудлыг дахин авч үзэх чиглэлээр талуудтай хэлэлцээ хийсэн. Өнгөрсөн оны аравдугаар сарын 30-ны өдөр байгуулсан протокол нь тухайн хэлэлцээний суурь баримт бичиг болсон. Протоколын хүрээнд манай улсын зээлжих зэрэглэл, дэлхийн хүүгийн орчин, төслийн мөнгөн урсгал, түүхий эдийн зах зээлийн төлөв, далд уурхайн бүтээн байгуулалтын үе шат зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэж, техникийн болон удирдлагын түвшний уулзалтуудыг үргэлжлүүлж байсан. Миний байр суурь бол энгийн. Монгол Улсын хүртэх өгөөжийг бодитоор нэмэгдүүлэхийн тулд хэлэлцээг хугацаа алдалгүй, тооцоо судалгаатай, хатуу боловч мэргэжлийн түвшинд үргэлжлүүлэх байсан. Оюутолгойн гэрээг түр зогсоогоод ч болов сайжруулахгүй бол оройтно гэж хэлж байсан. Харин өчигдөр уг асуудлаар нааштай хэлэлцээр хийж, ажилласан байна. Ер нь менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулбал 2.2 тэрбум, зээлийн хүүг нэг нэгжээр бууруулбал 2.7 тэрбум ам.доллар хэмнэх боломжтой гэдгийг дахин дахин л хэлж байсан.
-Аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг. Зарим хүн ХХОАТ-ыг нэг хувь болгохоос илүү ажил олгогчийн НДШ-ийг бууруулах нь эдийн засагт илүү ач холбогдолтой гэж үздэг. Та энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?
-Нийгмийн даатгалын шинэчлэл бол богино хугацаанд шийдчих асуудал биш. Энэ нь нэг талаас ажил олгогч, ажилтны өнөөдрийн шимтгэлийн дарамт, нөгөө талаас ирээдүйн тэтгэврийн баталгаа, сангийн урт хугацааны тогтвортой байдалтай шууд холбоотой. Тиймээс зөвхөн шимтгэлийг бууруулна гэж яриад зогсож болохгүй, санхүүжилтийн эх үүсвэр, хамрах хүрээ, тэтгэврийн олон давхаргат тогтолцоог хамтад нь шийдэх шаардлагатай. Ажил олгогчийн зардал өндөр байгаа нь цалин нэмэх, албан ёсны ажлын байр бий болгох, жижиг бизнес өргөжихөд нөлөөлдөг нь үнэн. Тиймээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн дарамтыг бууруулах, эсвэл шимтгэл ногдуулах цалин хөлсний санд тодорхой дээд хязгаар тогтоох зохицуулалтыг бодитой хэлэлцэх ёстой. Гэхдээ энэ өөрчлөлт нь нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нэмэгдүүлээд, түүнийг улсын төсвөөр нөхдөг хэлбэрт шилжвэл асуудлыг нэг халааснаас нөгөө халаас руу л шилжүүлсэн болно. Иймээс шинэчлэлийн үр нөлөөг ажил олгогч, ажилтан, өрх гэр, улсын төсөв, ирээдүйн тэтгэвэр авагч гэсэн бүх түвшинд тооцож байж шийдэх ёстой. Засгийн газраас оруулж ирсэн төслийн үзэл баримтлал зөв чиглэлтэй. Харин тооцоо, шилжилтийн төлөвлөгөө, сангийн тогтвортой байдлын баталгааг илүү сайжруулах шаардлагатай гэж харж байна.
-Төрийн байгуулалтын байнгын хороогоор Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцсэн. Нэр дэвшигчид мэргэжлийн туршлагатай ч нийгэмд зарим хүний талаар шүүмжлэл гарч байна. Томилгоо ямар зарчмаар явах ёстой вэ?
-УИХ-ын томилгооны үйл явц нэр дэвшүүлэх, сонсгол зохион байгуулах, Байнгын хороогоор хэлэлцэх, чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх гэсэн хуульд заасан дарааллын дагуу явагддаг. Энэ процедурын хууль ёсны байдлыг хангах нь Байнгын хорооны үндсэн үүрэг. Гэхдээ зөвхөн процедур хангасан эсэхээр асуудал дуусахгүй. Үндсэн хуулийн Цэц зэрэг байгууллагад томилогдох хүн мэргэжлийн чадвар, хараат бус байдал, ёс зүйн нэр хүнд, олон нийтийн итгэлийг даах түвшинд байх ёстой. Хэрэв нэр дэвшигчтэй холбоотой асуудал хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогдоогүй бол шууд хасах эрх зүйн үндэслэлгүй байж болно. Гэхдээ УИХ-ын гишүүд томилох эсэхээ шийдэхдээ зөвхөн хууль зүйн шаардлага төдийгүй олон нийтийн итгэл, тухайн байгууллагын нэр хүндэд үзүүлэх нөлөөг харгалзан үзэх ёстой. Төрийн өндөр албан тушаалын томилгоонд хуулийн босгоос гадна итгэлийн босго гэж бий.
-УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэд хэдэн төсөл хэлэлцэгдэж байна. Эдгээр өөрчлөлт дунд парламентын чадамжийг сулруулах, эсвэл хэт улстөржсөн заалт байна гэж та харж байна уу?
-Одоогоор хэлэлцэж байгаа төслүүдийг нэг талаас нь дүгнээд “парламентын чадамжийг сулруулна” гэж шууд хэлэх үндэслэл харагдахгүй байна. Ажлын хэсэгт намын бүлгүүдийн төлөөлөл, олонхын болон цөөнхийн төлөөлөл, мөн мэргэжлийн түвшний оролцогчид багтсан. Иймээс төслүүдийг олон талаас нь хэлэлцэж, бодитой хувилбар гаргах боломж байна. Миний хувьд дэгийн өөрчлөлт гурван зорилгыг хангах ёстой гэж үздэг. Нэгдүгээрт, хууль тогтоох ажиллагаа чанартай, хангалттай хэлэлцүүлэгтэй байх. Хоёрдугаарт, УИХ-ын хянан шалгах чиг үүрэг сулрахгүй байх. Гуравдугаарт, цөөнхийн үг хэлэх, байр сууриа илэрхийлэх боломжийг хадгалах. Дэг гэдэг бол олонхын ажлыг хурдан явуулах хэрэгсэл төдий биш, парламентын тэнцвэр, хариуцлага, ил тод байдлыг хамгаалах дүрэм юм.
-Эцэст нь, та улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөлд юуг хамгийн чухал гэж харж байна вэ?
-Өнөөдөр бидэнд богино хугацааны шийдлээс илүү тогтолцооны шинэчлэл хэрэгтэй байна. Татварын бодлого, нийгмийн даатгал, баялгийн өгөөж, парламентын хяналт, төрийн томилгоо гээд ярьж байгаа бүх асуудал нэг л зүйл дээр очиж нийлдэг. Энэ нь төрийн шийдвэр тооцоо судалгаатай, хэрэгжих механизмтай, олон нийтэд ойлгомжтой, хариуцлагатай байх ёстой гэсэн зарчим юм. Эдийн засгийн өсөлт зөвхөн уул уурхайгаас хамаарах бус, хувийн хэвшил, дундаж давхарга, ажлын байр, хөрөнгө оруулалт дээр тулгуурлах ёстой. Үүний тулд бизнесийн орчныг урьдчилан таамаглах боломжтой болгох, татварын тогтолцоог эвдэхгүйгээр хөнгөлөх, нийгмийн даатгалын шинэчлэлийг санхүүгийн сахилга баттай хийх, байгалийн баялгийн өгөөжийг шударгаар хуваарилах шаардлагатай. Ойр зуурын улс төрийн оноо авахаас илүү урт хугацаанд ажиллах тогтолцоо бий болгох нь одоо хамгийн чухал байна.
Э.МӨНХТҮВШИН
Эх сурвалж: Өдрийн сонин
































































Сэтгэгдэл