Шинэ Ерөнхийлөгчийн “шинэ” имиж

Д.Тулга / Улстөр

battulga

-ШИНЭ БӨГӨӨД ЭРЧ ХҮЧТЭЙ-

Сонгуулийн сурталчилгааны үеэр нэр бүхий парламентын сэтгүүлч “Х.Баттулга хуралдаа огт суудаггүй. Ийм хүнийг дэмжихгүй” хэмээн нүүр хуудсандаа бичсэн юм. Энэ нь ч үнэн. Тэрээр УИХ-ын гишүүн байхдаа чуулганы танхимд ховорхон харагддаг гишүүдийн нэгээр нэрлэгддэг байв. Одоо бүх зүйл эсрэгээрээ. Тэр УИХ-ын гишүүд амарч, засгийн газар хүртэл ээлжит хуралдаанаа өнжөөж байхад өдөрт тогтмол арваад уулзалт төлөвлөж байна.

Уулзалтуудын зочид нь ч тэр, харьцангуй сайн сонголт. Өнгөрөгч долоо хоногт л гэхэд хаа нэгтээ хэвлэлийн хуудсанд магтагдаад өнгөрдөг Дэлхийн түвшинд ажиллаж буй залуусын төлөөлөлтэй уулзлаа. Тэдний санал бодлыг хуваалцахын зэрэгцээ Үндэсний үйлдвэрлэгчдээ давхар сонсов. Тэрээр эдийн засгийн онц ач холбогдол бүхий элчин сайдын яамд, Монголбанкны ерөнхийлөгч, ОУВС-гийн шинжээчдийн баг, хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзлаа.

Гол нь уулзалтуудын мэдээлэл шууд видео хэлбэрээр албан ёсны хуудсанд нь байршиж, Ерөнхий тойм төдий байдаг албаны “усан” мэдээллээс арай өөр бичигдсэн мэдээлэл түгээж байгаа явдал. Энэ нь эргээд Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ имиж чухал нөлөө үзүүлж, ард түмэнд “Ажил хийх нь, шударга зөв байх нь” гэсэн итгэл төрүүлж байна.

Тэрээр өөрийн биеэр ойн түймэрт ажиллаж, урдаас хүнсний ногоо оруулж ирэхээ болихыг салбарын сайддаа даалгалаа. Энэ нь ард түмэнд гойд ихээр таалагдав. Давхар биеийн хүчний бэлтгэлээ хийж байгаа гэх мессэжийг ч өгч чадаж байна. Ерөнхийлөгчийн ийм шинэ бөгөөд эрч хүчтэй байдал төрийн байгууллагууд эзэнгүй шахам байдаг зуны өдрүүдэд үргэлжилж байгааг басхүү онцлууштай.

-ОУВС-Д ЗӨВЛӨЖ, ТӨВ БАНКНЫ УДИРДЛАГААС ҮНЭН МЭДЭЭЛЭЛ СОНСОЖ, 60 ТЭРБУМЫН АСУУДАЛД ОНЦ ИХЭЭР АНХААРАВ-

Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд өрсөлдөхдөө 60 тэрбумын асуудлыг учрыг олохоо ард түмэндээ амалсан. Тиймээс ажлаа авснаасаа хойш АТГ, ЦЕГ, ТЕГ тэргүүтэй хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай хоёр удаагийн уулзалт хийлээ. “Та бүхэн энэ асуудлаар сайн ажиллах хэрэгтэй байна. Ерөнхийлөгчийн зүгээс бүхий л боломжоор тусална” гэж яриандаа онцолсон.

Хоёр дахь уулзалтаар ямар ч байсан оффшорын асуудлыг шалгаж нягтлахаар АТГ, ТЕГ, ЦЕГ тэргүүтэй байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан гэх мэдээллийг өгөв. ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр төрийн тэргүүнтэй уулзах товлосон цагаараа “Гадуур ажилтай” гэх шалтгаан хэлж ирсэнгүй. Айхгүй ч аягүй гэгчээр Цагдаагийн байгууллага 60 тэрбумын асуудалд өнөөг хүртэл урагшгүй хандаж байгаа нь эмээлт үүсгэсэн байж болохоор харагдав.

Мөнхүү ерөнхийлөгчийн зүгээс улстөрчдөд хандаж, оффшорт байгаа хөрөнгөө эх орондоо авчрах 49 хоног өгөөд буй. Тооны хувьд ч тэр зэвүүн сонголт. Эс тэгвээс байдал эвгүйтнэ гэх утгыг Монголчуудын нас барагсдын буян ном хурдаг өдрөөр зааж, сэрүүлэг өгсөн гэж болохоор.

Дараачийн онцлох уулзалт ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матайтай хийсэн цөөн хормын уулзалт. Тэрээр засгийн газрын өмгөөлж чадаагүй хүхүдийн мөнгний асуудлыг Төрийн тэргүүн нь хүн амаа өсгөх бодлоготой холбон тайлбарлалаа. Түүнчлэн Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн өсөлтөөс үүдсэн эерэг нөлөөллийг эдийн засгийн өсөлт хэмээн тайлбарлаж буйтай нь санал нийлэхгүй байгаагаа илэрхийллээ. Тус сангаас арилжааны банкуудын активын чанарын үнэлгээ хийх замаар мал, лиценз барьцаалж зээл авахыг хориголж буй эсрэг байгаагаа ч хэллээ. Үнэндээ ч Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “Мал бол Монголчуудын гол өмч” билээ. Угаас монголчууд бид малтай нь малаа, лицензтэй нь лицензээ барьцаалж зээл авдаг. Үүнийг байхгүй болгочихоор бэлэн мөнгөний урсгал өөрөө түгжигдэх эрсдэлтэй.

Энэ бүхнийг ОУВС-гийн шинжээчийн өмнөөс хэлэхээс өмнө цор ганц үнэнийг олон нийтийн өмнө хэлж ярьсан хүн бол Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан. Тэрээр Ерөнхийлөгчид дахин мэдээлэл сонсгох үүрэг авч, арилжааны банкууд дахь бас бус асуудлыг шийдэх асуудлаар сануулга аваад гарсан. Эндээс онцлох санаа нь, Засгийн газрын бөөрөнхий, дүлэгнэсэн байр сууриас ерөнхийлөгчийн санаа бодол цэх шулуун байсан явдал.

-АЛДАА БАЙГАА Ч ЭРЧТЭЙ УРАГШЛАХ ХҮЛЭЭЛТ-

Энэ өдрүүдэд Ерөнхийлөгчийн томилгоонууд, уулзалтууд дээр хэлж буй зарим онцлох ишлэлүүд олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татав. Ерөнхийдөө МАНАН-гийн эсрэг байр суурьтай нэгэн хэдий ч АН-ын нөлөө бүхий лидерүүдэд том суудал өгснийг буруутгах өнцөг бий. Нөгөө талаас эв түнжин муутай байсан намынхаа лидерүүдийг эвлэрүүлж, ажил албандаа хамтран зүтгэх боломж олголоо.

Мөнхүү олон нийтийн хардаж байгаачлан,МАН-ын дотоод асуудалд анхаарч, Үндсэн хуулийн өөрчлөлтөд нөлөөлөх том зорилго. Эрх баригч нам Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ерөнхийлөгчийн эрхийг тодорхой байдлаар хязгаарлах бодлого барьж буй. Нэр дэвшигч нь унасан ийм үед уг санаагаа жинхэнэ утгаар нь ажил хэрэг болгох гэж улайрна. Гэтэл нөгөө талд ерөнхийлөгчийн байр сууринаас тодорхой өөрчлөлт хийх зорилго бүхий том амбиц байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал өөрөө анхаарахаас аргагүй сэдэв болж хувирч байгаа юм.

Түүнчлэн энэ өдрүүдэд “Центроу Голд” компанийн улсын төсөвт төлсөн татварын тоон хэмжээг буруу хэлсэн, түүнтэй өмнө ойр байсан интерполиор эрэн сурвалжлагдаж буй нэр бүхий иргэдийн мэдээлэл устсан, халаа сэлгээг хэт их хийж байна зэрэг шүүмжлэлүүд ч хөврөв. Угаас дан магтаад, хий хөөргөөд байх аюултай. Алдсан, буруу тооцоолсон байхыг нь үгүйсгэх аргагүй. Гол нь зөв чиг шугмаа алдалгүй барьж, ард түмний өгсөн итгэлээр тасралтгүй суралцаж, бас тасралтгүй урагшлах учиртай билээ. Яг ийм хүлээлт ч ард түмэнд бий.

Ж.МЯДАГБАДАМ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000