Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд болон Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран өнөөдөр (2020.09.24) Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн нээж Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл үг хэллээ. Нийгмийн сөрөг олон үзэгдлийн учир шалтгаан болж буй архи, согтууруулах ундааны хэрэглээний асуудлыг зохист хэлбэрээр зохицуулах, үүнтэй холбоотойгоор нийгэм, эдийн засгийн чиглэлд цогц өөрчлөлт хийхээр дээрх хуулийн төслийг боловсруулж эхэлсэн гэв. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд болон Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран хүүхдийн байцаагчийн орон тоог нэмэгдүүлэх, төсвийг нэмүүлэх асуудлыг ирэх оны төсөвт тусгуулах чиглэлээр ажиллахаар төлөвлөөд байгааг энэ үеэр дурдсан.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж буй Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, төслийн үзэл баримтлалаа олон нийтэд танилцуулж, тэдний саналыг авч, төсөлд тусгах зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж буйгаа хэлсэн. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Нийгэмд гарч буй сөрөг асуудалд хариуцлага алдсан төрийн албан хаагчдад хариуцлага тооцох ёстой. Үүний зэрэгцээ тухайн хүмүүсийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, бүтэц, орон тоог оновчтой зохион байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг асуудал нь нэн чухал юм. Хууль эрх зүйн орчны хувьд Зөрчлийн тухай, Эрүүгийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай гэх зэрэг хуулийн уялдаа холбоог хангах асуудлыг нэн чухалчилж Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран ажиллаж байгаа” гэлээ. Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн санаачлан боловсруулсан төсөлд архи, согтууруулах ундааг худалдан борлуулах цэгийг тодорхойлох, спиртийн агууламжаар нь ялгаварлан худалдаалах гэх зэрэг зохицуулалтуудыг хуульчлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн тэрбээр танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн үгэндээ, манай яамнаас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэж, яамдаас санал авч байгаа. Ирэх сард Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм. Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд нэмэлт, өөрчлөлтийн дээрх төслөө өргөн мэдүүлсний дараа Засгийн газар болон уг төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэх эсэхийг тусад нь шийдвэрлэх болно. Хууль санаачлагч талууд хоёр төслийг нэгтгэх боломжтой гэж зөвшилцсөн тохиолдолд төслүүдийг нэгтгэн хэлэлцэх зохицуулалттай. Хууль санаачлагчдын төслийн үзэл баримтлал ижил, олон талаараа давхцаж байгаа. Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн 2.2-т дэвшүүлсэн “Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ” зорилтын хүрээнд боловсруулж байгаа гэв.

Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд санаачлан, боловсруулж буй Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Б.Жаргалмаа гишүүн танилцууллаа. Тогтвортой хөгжлийн зорилгын “Эрүүл амьдралыг баталгаажуулах, бүх насныхны сайн сайхан байдлыг дэмжих” гэсэн 3 дугаар зорилтын хүрээнд мансууруулах бодисын хэрэглээ болон архины хортой хэрэглээг бууруулах; 2020 он гэхэд зам тээврийн ослын шалтгаант гэмтэл, нас баралтын тоог тал хувиар бууруулах дэд зорилтуудыг дэвшүүлсэн. Дэлхий даяар 2016 онд нийт хүн амын талаас илүү хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд архи уугаагүй бол 2.3 тэрбум хүн архийг тогтмол хэрэглэдэг байна. Нэг хүнд ногдох архины хэрэглээ 6.4 литр байна. Архины хортой хэрэглээ 3 сая хүний (нас баралтын 5.3%) нас баралтын шалтгаан болдог тоо баримт байна.

Манай улсад спиртын 6, архины 26, шар айрагны 12, нийтдээ архи, согтууруулах ундааны 44 үйлдвэр байгаа бөгөөд энэ нь 2012 онд 75 байсантай харьцуулахад үйлдвэрийн тооны хувьд буурсан үзүүлэлт. Гэхдээ Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр нэг хүнд ногдох архи, дарсны хэмжээ 2011 онд 10.6 литр, 2015 онд 7.2 литр байсан бол 2019 онд 8.5 литр, шар айрагны хэмжээ 2011 онд 28.1 литр, 2015 онд 25.3 литр байсан бол 2019 онд 28.8 литр болж манай улс нэг хүнд ногдох архины хэрэглээ Ази тивд дөрөвдүгээрт бичигджээ. Дээрх тооноос харахад үйлдвэрийн тоо буурсан ч архи, согтууруулах ундааны хэрэглээ төдийлөн буураагүй байна.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгож, зохицуулалтын утга, агуулга, нэр томъёог тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатай гэж дүгнэсэн бөгөөд тус хууль өнөөг хүртэл 20 жил гаруй хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөхдөө 8 удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан хэдий ч, нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо, согтууруулах ундааны нийгэмд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөлд мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй байгаагаас харахад тус хуулийн зохицуулалт нь бодит байдалтай нийцээгүй, нийгмийн харилцааны өөрчлөлт, хөгжлөөс хоцорсон, зайлшгүй зохицуулах ёстой харилцааг хамарч зохицуулаагүй гэх үндэслэлтэй талаар дурдсан байна.

Судалгаагаар сурагч-өсвөр үеийнхний 29.1 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн, 12.9 хувь нь согттол хэрэглэж үзсэн төдийгүй тэдний эцэг эхчүүдийн 39.8 хувь нь архи, согтууруулах ундааг хэрэглэдэг, оюутан залуучуудын 38.8 хувь нь хэтрүүлэн хэрэглэдэг, 70.6 хувь нь баар, диско клубт хэрэглэдэг, оюутнуудын сургууль, амьдарч байгаа орчноос 100 метр хүрэхгүй газар яваад архи, согтууруулах ундаа авч болдог байна. Үүнээс гадна архины хэрэглээний талаарх хандлагыг тодорхойлох судалгаанаас харахад 15-24 насны хүүхэд залуучуудын 56.5 хувь нь сүүлийн нэг сарын хугацаанд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж хариулж, 40.0 хувь нь монголчууд архи, согтууруулах ундааг нэг дор их хэмжээгээр уудаг гэдэгтэй санал бүрэн нийлж, 52.0 хувь санал нийлж байна гэжээ. Энэхүү хандлага эрэгтэй, эмэгтэй, аль ч насны хүмүүст ижил байгаа нь ерөнхийдөө ихэнх хүмүүс Монголчууд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг дадалтайг хүлээн зөвшөөрч байгаа нь илэрхий, уг асуудалд бүх нийтээрээ анхаарлаа хандуулах шаардлага зүй ёсоор харагдаж байгаа бөгөөд архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас үүсэх эрсдэлийг бууруулах ажлыг үр дүнтэй, оновчтой зохион байгуулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага үүссэн гэж төсөл санаачлагчид үзжээ.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр олон нийтийг архидан согтуурахад хүргэж байгаа орчин, нөхцөл, боломжийг багасгах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архи, согтууруулах ундаатай холбоотой хууль, тогтоомжид дурдагддаг ч тайлбарлагдаагүй нэр томъёог тодорхойлох, согтууруулах ундааны хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаанд тавигдах шаардлага, хяналтыг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг, шаардлагыг нэмэгдүүлэх, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээний нэгжийн нормативыг тогтоох зэрэг зохицуулалтыг оруулахаар төсөл санаачлан боловсруулж байгаа гэв.

Дараа нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэл “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт болон хуулийн төслийн тухай” сэдэвт илтгэл танилцууллаа. Сэдвийн хүрээнд сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдлын талаар танилцуулж байв. 4 хүний 1 нь амьдралынхаа хугацаанд ямар нэг сэтгэцийн эмгэгт нэрвэгддэг бол хөдөлмөрийн чадвар алдагдалтад хүргэдэг 10 өвчний 5 нь сэтгэцийн эмгэг байдаг байна. Манай улсын хувьд 1984-1992 оны судалгаатай харьцуулбал стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа”-нд сэтгэл түгшилт, нойргүйдэл, архаг ядаргаа, биеийн хэлбэрийн эмгэг, архинд донтох эмгэг, сэтгэл гутрал хэмээн эрэмбэлэгдсэн байна. Архинд донтох эмгэгээр эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 13 дахин их, гэр бүл салсан байх нь гэр бүлтэй хүнээсээ 3 дахин их өртдөг гэжээ. Судлаач Л.Насанжаргалын (2019) Улаанбаатар хотын хүн амын дунд архинд донтох эмгэгт хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг судалсан судалгаагаар 19-64 насны оролцогчдын дундаж нас 42.39±10.70, эрэгтэй 91.1 хувь, эмэгтэй 8.9 хувь байв. Ажил эрхлэлтийн байдлыг судлан үзэхэд 33.2 хувь нь ажилчин-албан хаагчид, 29.28 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 23.9 хувь нь ажилгүй, 7.5 хувь нь группт, 6.1 хувь нь өндөр насны тэтгэвэрт тогтоолгосон байжээ.

Доктор, профессор Л.Насанцэнгэл үргэлжлүүлэн архинаас шалтгаалсан өвчин эмгэг, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүтэц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулаад, төгсгөлд нь цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа танилцуулсан. Тухайлбал, архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, нийлүүлэлт, хүртээмжийг хязгаарлах, бууруулах үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжиж “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-т дэвшүүлсэн зорилгодоо хүрэх; Согтууруулах ундаатай тэмцэх бодлого болон хэрэгжилт дэлхий дахинд сайжирч байгаа боловч архины хамааралтай хүмүүсийг хамгаалах арга хэмжээ хангалтгүй байна. Иймд эрүүл мэндийн болон сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах төсвийг нэмэгдүүлэх замаар архинд донтох эмгэгийн эрт илрүүлэг, эмчилгээний үр дүн, хүртээмжийг сайжруулах; Онцгой албан татвар, үнийн бодлогоор дамжуулан архи, согтууруулах ундааны үнийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэг саналыг гаргасан байна. Мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин хүрч буй согтууруулах ундаа, дарс, шар айрагны зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, дэмжлэгийг хориглох эсвэл хязгаарлах үйл ажиллагааг эрчимжүүлэх; Салбар дундын хамтын ажиллагаа болон төрийн, төрийн бус байгууллагын түншлэлийг бодлогоор дэмжих; Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх соёл, амралтын төвүүдийг байгуулах, залуучууд руу чиглэсэн олон нийтийн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжих зэрэг саналуудыг танилцуулж, Улсын Их Хурлын гишүүдийн боловсруулж буй төсөлд тусгуулах саналуудаа дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, хуулийн төсөлд тусгуулах санал” илтгэл танилцуулав. Тэрбээр согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар эхлээд мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд 2020 оны эхний 8 сард нийт 18000 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5120 хэрэг буюу 22.1 хувиар буурчээ. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2910 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 369 хэргээр буюу 14.5 хувиар өссөн. Нийт гэмт хэргийн 16.2 хувийг согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 5.2 нэгжээр өсчээ. Архины хурц болон архаг хордлогын улмаас 299 хүн нас барсан нь өмнөх оны мөн үетэй адил түвшинд байгаа аж. Энэ оны эхний 8 сарын байдлаар Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 53.3 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөлд цагдаагийн байгууллагаас дараах саналуудыг тусгуулахаар ажиллаж байгаа гэв. Тухайлбал, архины үйлдвэрлэл, импортоор оруулж ирж буй архи, согтууруулах ундааны тоо хэмжээ, савлагааны хэмжээг бууруулах; согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, нягтаршил, эрүүл мэнд, соёл, боловсролын байгууллага, хүүхэд, залуучуудын хөгжлийн болон орон сууц, нийтийн байрны байршилтай уялдуулан бууруулах саналыг гаргасан гэв. Мөн үйлдвэрлсэн, импортоор оруулсан согтууруулах ундааны литр тутамд худалдан борлуулж буй зах зээлийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний орлогыг Архидан согтуурахтай тэмцэх санд төвлөрүүлж, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах нь зүйтэй гэдэг саналыг цагдаагийн байгууллагаас гаргасан байна. Мөн архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах; согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд хямдрал урамшуулал зарлах, хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдан борлуулах, үйлчлэхийг хориглох; уламжлалт зан заншил, архины зохисгүй хэрэглээ, түүний хор уршгийн талаар иргэд, олон нийтэд ухуулан таниулах, нийгэмд архинаас татгалзах эерэг хандлагыг төлөвшүүлэх нөлөөллийн ажил, арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх; 21 насанд хүрээгүй гэх үндэслэл байгаа тохиолдолд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн ажилтан нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийн өмнө хуулиар зөвшөөрөгдсөн насанд хүрсэн эсэхийг шалгадаг байх зохицуулалтыг төсөлд тусгуулах саналтай байгаа аж.

Дараа нь доктор С.Өнөрсайхан “Архи, согтууруулах ундааны хэрэглээний өнөөгийн байдал” сэдэвт илтгэл танилцуулаад, Зар сурталчилгааны тухай хуулийн 5.1, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.3 заалтуудыг баримтлан хэрэглэгчдийн төлөөх газар, олон нийтэд мэдээлж байх, орон нутгийн цагаар 22:00-06:00 цаг хүртэл согтууруулах ундааны сурталчилгааг хязгаарлах, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх онцгой албан татварыг нэмэгдүүлэх гэх зэрэг саналыг төсөлд тусгуулах саналтай байгаагаа танилцуулсан юм. Доктор С.Өнөрсайханыг илтгэлээ танилцуулсны дараа “Нийгмийн аюулгүй байдалд архидан согтууралтын нөлөө, бууруулах арга зам” сэдэвт илтгэлийг Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Цогтсугар танилцууллаа. Тэрбээр судалгаа, туршлага, нотолгоонд суурилсан эмийн бус үйлчилгээг дэлгэрүүлэх “Монгол зүрх” төслийнхөө талаар танилцуулсан.

Ийнхүү хуулийн төслийн танилцуулга, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг” төрийн бус байгууллагын илтгэлүүдийн дараа хэлэлцүүлэгт оролцогчид үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [122.201.21.18] 2020-09-28 22:58:23

Эрүүлжүүлэх байранд очигдсодыг 300.000төг.өөр торгох.төлөхгүй хүнийг ба давтан очигсодыг албадан хөдөлмөр хийлгэх тусгай газарт явуулж төлбөртөө төлтөл ажил /чулуу кублэх,суваг ухах,усан байгуулах нүх ухах,гуу жалга тэглэх, төлбөрөө төлөхөөс гадна тэндэх байр хоол харуул эмчилгээ гм бүх зардлыг төлүүлэх.Манай улс төлбөрөө төлдөггүй хүмүүсийн төлбөр төлүүлдэг тусгай албадан хөдөлмөрийн колони маягийн газар байгуулж .луйварчид авилагачид,хулгайчууд ,ххүхдийн тэтгэвэрээс зайлагч гм очуулах хэрэгтэй .ягдаа төр мөнгөгүй гэсэн хүнээс авах ямарч механизм бхгүйгээс чих ав инээгээд доромжлох болсон

ЗОЧИН [64.119.18.254] 2020-09-25 19:15:31

АРХИ ЗАРДАГ ДЭЛГҮҮР, ЦЭГИЙГ БАГАСГАНА ГЭДЭГ ЯМАРЧ ЭЕРЭГ ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ, ХАРИН НУУЦ ХУДАЛДАА, ШАГ, ЧАНАРГҮЙ ХУУРАМЧ АРХИ ДЭЛГЭРЧ, СӨРӨГ ҮР ДАГАВАР ГАЗАР АВЧ, МОНГОЛЧУУД ЧАНАРГҮЙ, ХОРТОЙ АРХИНД ХОРДОЖ ҮХЭЦГЭЭНЭ, АРХИ ЗАРДАГ ЦАГИЙГ Ч БАГАСГАХ ХЭРЭГГҮЙ, 90-ЭЭД ОНД СССР-Т ГОРБАЧЁВ "АРХИНЫ ХУУРАЙ ХУУЛЬ" ГЭЭЧИЙГ САНААЧЛАН ГАРГАЖ ОРОСУУД САМОГОНДОО, ХУУРАМЧ ШАГ, ДАМЫН АРХИНД ХОРДОЖ ХЭДЭН ЗУУН МЯНГААРАА ҮХЭЦГЭЭСЭН, ИНГЭЭД ЭНЭ ХУУЛИЙГ ЦУЦАЛЖ БАЙСАН, АРХИЙГ ХАРИН ЭНД ТЭНДГҮЙ, БҮР ГУДАМНЫ БУЛАН БҮРТ ЧӨЛӨӨТЭЙ ЗАРДАГ БОЛГО, ТЭГВЭЛ ХҮМҮҮС АРХИ ХАА САЙГҮЙ,ЭНД ТЭНДГҮЙ ХЭЗЭЭ Ч БАЙЖ Л БАЙДАГ ЮМ ГЭЭД ТООХОО БОЛИНО, ХЯТАДАД ТҮҮЦЭНД ХҮРТЭЛ АРХИ ЗАРЖ Л БАЙДАГ, ХАРИН ТӨР ХЯНАЛТАА САЙН ТАВЬДАГ, ИНГЭЖ ТЭМЦЭНЭ ҮҮ ГЭХЭЭС ТООГ ЦӨӨЛЖ, ЗАРАХ хУГАЦААГ БОГИНОСГОСНООР АРХИДАЛТ БАГАСАХГҮЙ.ЭНЭ БОЛ БАТЛАГДСАН ЗҮЙЛ.

Зочин [122.201.21.18] 2020-09-28 22:46:43

Хятадад архи хорьдоггүй.хятадад болсон үйдлийг харж бсанаа бичье ,,харин согтуугаар зөрчил гаргагсадыг маш өндөр /6- 12 сая төг/торгодог.мөн найранд наадам хурим дээр зодоон хүн амь гм хэрэг гарахад тэр найр зохион байгуулсан хүнийг /19саятөг/ том торгооод хамт архи уусан хүмүүсийг тус бүр 8сая төргөөр торгодог./ юанийг төгрөгөнд бодлоо/.согтуу жолоочийг эрхийг 5жилээр хассан.21 баривчлаад зардлыг нь өөрөөр нь гаргуулсан.согтуу хүн хэвтэж бхад цагдаа дээгүүр алхаад өнгөрсөн.асуухад энэ хэрэг хийгээгүй ээ гэсэн.согтуугаар жолооч хэд удаа зөрчил гаргахад насаар нь эрхийг хасна.энэ сэтгэлхүйдээ чадахгүй хүн алах хүн гэж үзнэ.үүнээс харахад,,монголд архины татварыг нэмэх,архи тамхи хэрэглэгчдээс цалингаас татвар авах.хэрэвээ цалингаас суутгал хийгээгүй байгуулагыг хэдэн саяар торгох.согтуурал гаргасан найр зохион байгуулсан хүнийг 3,,5саяаар торгох.ж :рестаронд согтуурвал хүнийг нь торгохоос гадна захиралыг бас торгох.гм..согтуу жолооч эрхгүй жолоодогч нарын эрхийг 5 жилээр шууд хасаад 2саяаар торгох.торгуульдаа хүү тооцох. Албадан эмчилгээний зардл,/ эм хоол байр гм /тэнд нь ажил хийлгэж өөрсдөөр нь гаргуулах.тэгэж бж гаргаж чөлөөлөж явуулах..одоогийн бдлаар албадан эмчилгээ гэдэг үнэгүй амралтын газар болсон.татварын мөнгийг зүгээр л үрж бна.

Архи бол огт хэрэггүй зүйл биш. [202.131.225.53] 2020-09-25 17:37:14

Архинаас олсон мөнгөөр улс нь төсвийнхөө өчнөөн дутагдал, цоорхой хааж байдаг. Тэрнээс биш архи бол огт хэрэггүй зүйл биш юм. Архи, пиво, дарсыг их л ууж байвал мөнгө орж ирнэ. Харин хууль бус үйлдвэрлэл, импортыг л бүрэн хаах хэрэгтэй. Үүнийг л бүгдээрээ бод л доо.

Зочин [202.55.188.41] 2020-09-25 11:26:08

huuchin tsagiin albadan hodolmorluuleh geed arga hemjeeg bainga arhi uudag humuust avch heregjuuleechee ardchilaliin aldaatai zuil ni ene arhichidiig hunii erh geed oogshuuldegt baidag ene ni deer uhseniih ni erh choloo baih estoi gej harin ch gatuu hand shuud barivchil albadan hodolmor hiilge tegj bj l bagasana

Зочин [43.242.243.249] 2020-09-25 10:20:53

Амгалан гэдэг хурандаа дутуу ойлгосон юмаа нийтэд яриад байна уу. бүхнийг хориглож хааж хязгаарласнаар шийдэх гэдэг энэ аргаа болиоч

Дарь [43.242.243.64] 2020-09-25 09:44:27

Нилээн хатуу үзмээр байна. Монгол улсын хөгжлөөс их хойш татаж байна.

zochin [202.55.188.35] 2020-09-25 07:37:56

Ta nariin biznes .negende egdeg zuvsheereliin achaar MGL chuudiig arhind jivuulsen.Turuuch UIHd arhini mungeeree orson.Horioni ued mun ch ih Arhia hori gj ard tumen shaardsan.Denduu oroi uyangalj bn.Arhichin Erdenechimegiin tamhini huuli shig uom buu hiigeerei.Shuud Arhini uildveree haa.Delguuree tseeruul

Зочин [66.181.161.15] 2020-09-24 18:49:05

Архи бүр хааж картанд оруусан дээр ..1 айлд 1 ээс 2 шил архи 2 сард зарсан нүүрс картан оруулж болсон юмчин архи картанд оруулж болдгүй юм уу....

Зочин [103.229.121.130] 2020-09-24 18:37:32

Эрүүлжүүлэхэд жилдээ 2оос илүү орсон бол шууд баривчилж албадан хөдөлмөр хийлгэх санал бн. Ийм хүмүүс л хүүххэд, эхнэрэ дарамталдаг тэгээд аминд нь хүрдэг. Энэ бол бодит үнэн.

Zochin [202.9.46.122] 2020-09-24 18:10:16

neg l ih arhitai temtseh huuli yarisan ulsuud baih yum. Nigemd handsan arhi hereglegch, hetruulen hereglegch nartaigaa hiih zohion baiguulah ajil yariach ee. Arhitai temtsej bgaa nereer dalduur arhi uildverlegchdee demjeed bgaan bish uu. yum l bol arhinii une osgoe, ondor unetei arhi avch uuj chadahgui l gesen surtalchilgaa ih baih yum. ene bol ter arhi uildverlegchdiin chini sanaa lobbi sh dee. Zugeer l engiineer helbel arhindaa dundaj une togtoogood arhi uuh buyu hunteigee ajil zohioh ni zov sanagdah yum. yamaanii nooluurt mongo ogdog shigee, arhinaas tatgalzsan humuust uramshuulal ogdog ch yum uu arai oor bodlogo, sanaa, huuli yari l daa. naad arhi gedeg ideeg chini hun torolhton bii bolgood udaj bna. neg ih gegeersen dur esgedeg onol yarisan amidral medehgui ulstorchdoos unen zalhaj bna shuu. Zovhon alban tushaal erhelj bgaa bolomjoo ashiglan hudlaa tsetserheh, dalduur oorsdoo oogshuuldeg baidlaa l zogsooh tsag bolson. gol ni hariutslaga, handlaga sh dee

Зочин [202.55.188.89] 2020-09-24 18:07:44

бар цэнгээнийхаа ажиллах цагийн хуваарийг ядаж шөнийн 24 цагт хааж байхаар болгоочээ. Үүр цайтал шахам 04 цаг хүртэл ажиллах чинь гэмт хэрэг өсөн нэмэгдэх цаашлаад гэр бүлүүдэд ойлгомгүй маргаан үүсэх гол шалтгаан болж байгаагч үгүйсгэхгүй


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.