Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

Aдмин / Хууль

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.06.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 09 цаг 59 минутад 44 гишүүний ирцтэйгээр цахимаар эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав.

Байнгын хороо 2021 оны зургадугаар дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 78 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсан байна. Хуулийн төслийн зорилтод тусгагдсан бодлогын асуудлыг зүйл болгон нэмж, бүх шатанд соёлын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж аймаг, дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад соёлын хяналтын улсын байцаагч ажиллах зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн Монголын соёлын давтагдашгүй хэв шинжийг тодорхойлох, хамгаалах хүрээнд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлж соёлын үйл ажиллагааны чиглэлийг зааж, соёл судлал, соёлын боловсролын үйл ажиллагааг өргөжүүлж, соёлын үнэт зүйлийн бүртгэл, үнэлгээний асуудлыг зохицуулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёлын салбар дахь түншлэл нь соёлын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүх хэлбэрийг хангасан байх ба оюуны бүтээлч үйл ажиллагаа, санхүүгийн, шинжлэх ухаан, технологийн болон хүний нөөцийг багтаасан, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний үр ашигтай, хамтын ажиллагааг дэмжих нь зүйтэй хэмээн холбогдох зохицуулалтуудыг төсөлд тусгасан байна. Мөн хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах талаар саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Учрал, Ж.Батсуурь, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсан. Түүх, соёлын хосгүй үнэт өвийг тодорхойлох, бүртгэх, хадгалах, хамгаалахтай ямар зохицуулалт тусгасныг, энэ асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулсан эсэхийг тодруулсан гишүүний асуултад Г.Мөнхцэцэг гишүүн хариулахдаа “Соёлын өвийн бүртгэлийн асуудлыг тусгаснаараа онцлог. Мөн соёлын бүртгэлийн сантай болох, үүнийг цахимжуулах асуудлыг төсөлд тусгасан байгаа” гэлээ. Нэн тэргүүнд соёлын биет болон биет бус өвийг бүртгэлжлүүлэх шаардлагатай бөгөөд бүртгэлийн цахим системийн ажлыг эхлүүлээд байгаа гэв. Энэ хүрээндээ гадаад улс орнуудад Монгол Улсын түүх, соёлыг илэрхийлж байгаа өвүүдийг бүртгэх, эдгээрээр дамжуулан улс орноо сурталчлах, Монгол Улсад эргүүлэн авах талаар төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан болохыг Соёлын сайд Ч.Номин хэллээ. Хэлэлцэж буй төсөлд дэх зохицуулалтууд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулиудтай уялдахгүй байгааг Н.Учрал гишүүн хэлж байсан. Соёлын салбарынхан энэ хууль батлагдсанаар биет бус хөрөнгийг нь хэрхэн үнэлж, эдийн засгийн эргэлтэд оруулахыг нь ихэд сонирхож байгаа гэж байв. Соёлын өвийн бүртгэлийн сан байгуулахаар тусгасан нь Оюуны өмчийн мэдээллийн нэгдсэн сантай давхцаж байгааг, хамтын удирдлагын талаар огт дурдаагүй, соёлын салбарыг эдийн засагжуулах ямар ч зохицуулалт байхгүй байгааг шүүмжилж байв. Төслийн 33 дахь зүйл дээр соёлын салбарыг эдийн засгийн эргэлттэй холбоотой зохицуулалтууд бий гэдгийг Ч.Номин сайд тайлбарласан. Салбарын яамны зүгээс соёлын салбарын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, нэн тэргүүнд эдийн засгийн эргэлтэд оруулахаар бодлого тодорхойлон ажиллаж байгаагаа мөн дуулгасан. Соёлын яамны бүтцийн талаарх тодруулсан гишүүний асуултад хариулахдаа орон нутагт Засаг даргын дэргэдэх соёлын асуудал хариуцсан нэгжүүдийг байгуулсан, ингэснээр соёлын бодлого босоо тогтолцоогоор бүх аймаг, сумдад хүрэх бололцоо бүрдэж байгаа гэв.

Гишүүд олон чухал асуудлыг хөндсөн гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. “Өвгөдөөсөө авч үлдсэн өв соёлоо хадгалдаг, дээдэлдэг, уламжлуулдаг байх ёстой. Хэлэлцэж буй төсөл нь нэг талаасаа өв соёлын тухай эрх зүйн зохицуулалт болно. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхдээ нухацтай хандан, ач холбогдлыг нь тооцож төсвийн хязгаарлалтгүйгээр ажиллах нь зүйтэй. Дэлхийн даяаршилд кино урлагийн үзүүлж буй нөлөөг харж байгаа байх. Даяаршиж буй энэ цаг үед дангаарших, үндэсний ялгарлаа тодруулах, хил хязгааргүй дэлхийд Монголоороо үлдэх гол дархлааг бичиг, соёлын өв, соёлоороо тогтооно. Монгол Улсын үндэсний дангааршлын талаарх судалгаа хийсэн “Edelman Korea” байгууллагаас бидэнд эрчим хүчний эх орон буюу “Эрчист Монгол”, “Эрчсийн эх орон” гэдэг брэнд нэрийг санал болгоод байгаа. Үүнээс эхлээд өв соёлын асуудал маш өргөн агуулгатай яригдана” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явууллаа.

Төслийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтыг “соёлын үнэт зүйл” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах, эсхүл хүний оюун санаа, үйлдэхүйн үр дүнд бий болсон соёлын агуулга бүхий биет болон биет бус илэрхийллийг;” хэмээн өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон 66 гишүүний 45 нь 68.2 хувийн саналаар дэмжив. Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтыг хасахыг, “соёлын үйлчилгээ” гэж арилжааны үнэ цэнээс үл хамааран, хүний соёлын хэрэгцээг хангах зорилгоор үзүүлж байгаа соёлын илэрхийллийг агуулсан үйлчилгээг;” гэсэн агуулгатай 3.1.5 дахь заалтыг төсөлд нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн. Төслийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтыг хасах, “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого” хэмээн 4 дүгээр зүйл нэмэхийг, 5 дугаар зүйлд 5.1.2 дахь заалт нэмэх, “Соёлын үйл ажиллагаа” гэсэн 6 дугаар зүйл нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн. Мөн “Төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх соёлын үйл ажиллагааны чиглэл” гэсэн 8 дугаар зүйл, “Соёлын үнэт зүйлийн бүртгэл” гэсэн 12 дугаар зүйл, “Соёлын үнэт зүйлийн үнэлгээ” гэсэн 13 дугаар зүйлийг нэмэхийг гишүүд тус бүрд нь дэмжсэн. Мөн төсөлд “Иргэн, соёлын ажилтны эрх, үүрэг, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн оролцоо” гэсэн 3 дугаар бүлэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэсний дараа төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэв

Дараа нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэн юм. Итгэлийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар танилцууллаа.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт”, “Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал”, “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд боловсруулсан байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 болон 17 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 23 санал хүргүүлсэн аж.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийг зургаан дэд бүлэг, 29 асуудлын хүрээнд боловсруулсан бөгөөд 40 санал, зөвлөмжийг гаргасан гэв. Цар тахлаас үүдэн тайлант оны гуравдугаар сараас онцгой нөхцөл байдал үүссэн гэдгийг тэрбээр тайлбарлаж байв. Тодруулбал, “Амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрх”, “Зорилтот бүлгийн эрх”, “Иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөө”, “Эдийн засаг, нийгэм, соёлын эрх”, “Төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх,” “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр боловсруулсан байна.

Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийг Ковид-19 цар тахал ба хүний эрх сэдвийн хүрээнд Комиссоос хийсэн хяналт шалгалт, ажиглалт, мониторинг, иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж, цар тахлын үед Засгийн газар, Улсын онцгой комисс, яам, агентлаг, холбогдох төрийн байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилт, иргэний нийгэм, олон улсын байгууллага, судлаачдын хийсэн судалгаа, мэдээллийг харьцуулан судалж, дүн шинжилгээ хийн боловсрууллаа.

Илтгэлийн агуулгыг бүлэг тус бүрээр тоймлон танилцуулбал, “Амьд явах, халдашгүй, чөлөөтэй байх эрх” хэмээх нэгдүгээр бүлэгт хөл хорио, тусгаарлалт, нийгмийн хэв журам сахиулах үйл ажиллагааны үед 66 хүний амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх хэрэгжсэн эсэхэд дүн шинжилгээ хийсэн талаар дурдагдсан байна. “Зорилтот бүлгийн эрх” гэсэн удаах бүлэгт ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, эрсдэлтэй бүлгийн иргэдийн нийгмийн халамж, хамгаалал болон хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтийг үнэлж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлжээ. Иргэний эх орондоо эргэж ирэх, хувийн нууцаа хамгаалуулах, мэдээлэл авах эрхийг зөрчиж, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх, шударга шүүхээр шүүлгэх, төрийн үйл хэрэгт оролцох эрхийн талаар авсан зарим арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах хуульд заасан шаардлагад нийцээгүй талаар гуравдугаар бүлэгт тусгасан байна. Цар тахлын үед иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэх, сурч боловсрох зэрэг эрхэд үзүүлж буй нөлөөлөл, төрөөс авч буй хариу арга хэмжээ, үр дагаврыг тодорхойлж, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангах чиглэлээр санал дэвшүүлэн дөрөвдүгээр бүлгийг боловсруулсан байна. Тавдугаар бүлэгт гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед тусгай үүрэг гүйцэтгэсэн эмч, эрүүл мэндийн ажилтан, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал, халдвар хамгааллын хувцас, хэрэгслийн хангалт, эрүүл мэнд болон нийгмийн баталгаа зэрэг хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд судалгаа, дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг боловсруулжээ. Комисс “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт” судалгааг зургаан аймгийн 18 сумын малчид, орон нутгийн удирдлага, албан хаагчдын төлөөлөл нийт 1244 хүнийг хамруулан зохион байгуулж, судалгааны үр дүнд тулгуурлан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийн зургадугаар бүлгийг боловсруулсан байна.

Ковид-19 цар тахалтай тэмцэж буй нэг жил гаруй хугацаанд хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, цаашид хохирол багатай даван туулахад анхаарвал зохих хүний эрхийн асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9, 17 дугаар зүйлд тус тус заасныг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 40 санал хүргүүлсэн байна.

Байнгын хороо Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийн сэдэв болох малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал, хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал, хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр гэсэн 4 бүлэг, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийн сэдэв болох амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрх, зорилтот бүлгийн эрх, иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөө, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт гэсэн 6 бүлэг сэдвийн хүрээнд илтгэлийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний эдлэх 18 үндсэн эрхээс Арван зургадугаар зүйлийн 2, 9, 14, 16, 17 дахь хэсэгт заасан үндсэн эрх, эрх чөлөөний хэрэгжилтийн талаар тусгайлан судлах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хүчирхийллийн гэмт хэргийг мөрдөх тусгай нэгж байгуулах, Улсын Их Хурлын гишүүд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг нэг бүрчлэн судлах шаардлагатай талаар, түүнчлэн коронавируст халдвар авсан иргэн, төр хоёрын харилцаа зарим талаар тасарсан, халдварын эсрэг үйлчилгээтэй эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ өсөж байгаа талаар саналаа илэрхийлжээ.

Илтгэлийн талаарх танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Ж.Сүхбаатар гишүүн “Энэ илтгэл дэх кейс бүр бодит юм. Бид энэ чиглэлээр олон ажлыг хийх ёстой ч Хүний эрхийн Үндэсний Комисс дангаараа хүрэлцэхгүй нь. Илтгэл … дүгээр хорооны 18 хэсгийн ахлагч нар хүнсний талоны тусламжийг хувьдаа авч буй эсэх талаар шалгалт хийхэд 8 хэсгийн ахлагч өөрийн хаяг дээр хүнсний талон авч байсан талаарх баримтыг харж болно. Туслах малчдын нөхцөл нэн хүнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлого тасарсан гэх зэрэг баримтууд байна. Цаашид энэ илтгэлийн мөрөөр Засгийн газар ажиллах, парламент анхаарал хандуулах шаардлагатай юм байна” гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен эмч, эрүүл мэндийн ажилтнууд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын ажлын ачаалал, цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал, халдвар хамгааллын хувцас, хэрэгслийн хангалт, эрүүл мэнд болон нийгмийн баталгаа зэрэг хөдөлмөрлөх эрхийг хөндөж байр сууриа илэрхийлж, Комисс эл асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг тодруулж хариулт авсан. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Д.Сарангэрэл, Ш.Адьшаа, Ж.Батжаргал, Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан нар илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийн, байр сууриа илэрхийлсэн.

Цар тахлын нөхцөлд хүний эрх, эрх чөлөөг хангах асуудал нь нэн тулгамдсан асуудал гэдгийг Т.Аюурсайхан дарга тэмдэглээд Улсын Их Хурлаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн баталж, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинээр баталсныг дурдлаа. Иргэний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрхийг цар тахлын нөхцөлд ч баталгаатай эдлэх ёстой гэдгийг онцолж байв. Короновирусийн халдвар авсны улмаас элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч чадахгүйд хүрч байгаа хүүхдүүдийн асуудлыг төрийн зүгээс яаралтай шийдвэрлэх чиглэлээр ажиллах чиглэл өгсөн юм. Комисс энэ оны III улиралд эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн мониторнг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа гэлээ. Түүнчлэн цар тахлын үед суралцах эрхээ хязгаарлуулсан хүүхдүүдийн асуудлыг хөндөж, салбарын сайдтай уулзаж асуудлыг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулахыг хүссэн гэлээ. Комисс мөн боловсролын салбар дахь хүний эрхийн мониторнгийг хийхээр төлөвлөөд байгаа аж.

Ийнхүү Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Комиссын илтгэлийг жил бүрийн Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, илтгэлээр өгсөн санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурал тогтоол гаргана” гэж заасныг дурдаад Хууль зүйн байнгын хороонд холбогдох тогтоолын төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх чиглэл өгсөн.

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, холбогдох тогтоолын төслийг Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгийг Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн У.Хүрэлсүх, Л.Энх-Амгалан нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус батлахаар төсөлд тусгасан байна. Ингээд дээрх тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 46 гишүүний 58.6 хувь дэмжснээр “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.