Б.Батзаяа: Батлан хамгаалах салбар компьютерын антивирус шиг "update" хийж байх ёстой

Aдмин / Хууль

Монгол үндэстний өв соёл, уламжлалыг орчин үеийн өвөрмөц дизайн, өнгө шийдэлтэй сүлэлдүүлэн онцгой нэгэн урлагийн бүтээлийг бий болгодог “Таван нүдэн” брэндийн үүсгэн байгуулагч Б.Батзаяатай ярилцахаар түүний дэлгүүрт ирлээ.
Намайг дэлгүүрийн босгоор алхахад тэрээр үйлчлүүлэгч болгонтой нэг бүрчлэн харилцаж, дэлгүүрийнхээ бараа бүтээгдэхүүний түүх, агуулга бүхнийг нарийн тайлбарлаж байлаа.
Завгүй байхад тань саад болчхов уу, Таныг зорьж ирлээ...
-Зүгээрээ, хүмүүст өөрсдийнхөө хийсэн уран бүтээлүүдийг тайлбарлан таниулах нь миний гол ажлуудын нэг.
Танайд ирэхэд дэлгүүрт биш музейд ороод ирэв үү гэлтэй мэдрэмж төрүүллээ. Үнэхээр гайхалтай бүтээлүүд байна...
-Тэгэлгүй яах вэ, тухайлбал би танд энэхүү “Мөнхийн мөнгөн мод” хэмээх бүтээлийг тайлбарлая. “Парисын уугуул Гийом дархан Мөнх хаанд зориулан том мөнгөн мод бүтээжээ. Түүний ёроолд тус бүрээс нь гүүний сүү олгойдон гарах цоргон амтай дөрвөн мөнгөн арслан урласан. Мөнгөн модны дотуур дөрвөн хоолой оруулж, оройд нь хүргээд тэндээс амыг нь гадагш гаргаж, уруу харуулахдаа тус бүрийн амыг могойн амаар төсөөлүүлэн, сүүлийг нь модны их биеийг ороосон маягаар үйлджээ. Нэг цоргоор нь дарс, нөгөөдхөөр нь айраг, гуравдахиар нь зөгийн балын ундаа, дөрөвдэхээр нь тутаргын исгүүн ундаа урсан ирж гоождог байжээ. Модны хөлд буюу амтат идээ бүрийн доор мөнгөн гадар тосгуулан тавьжээ. Мөнгөн модны оройд мөнөөх дархан гартаа бишгүүр барьсан сахиусан тэнгэрийг урласан бөгөөд навч, жимс бүхий мөнгөн салаа мөчиртэй. Энэ тухай Де Рубрукийн “Монголын эзэнт гүрэнд зочилсон нь” тэмдэглэлд “Сахиусан тэнгэрийн бишгүүрийн дууг сонсмогц зоорьт байгаа зарц нар тус тусын ундаагаа гардан дээш нь гүйлгэхэд тэр нь цоргын амаар доош тусгайлан бэлдсэн мөнгөн гадарт гоожмуй. Сөнч нар түүнийг юүлэн авч, ордны доторх эр, эм бүх хүнд зөөж хүргэмүй...” гэсэн байдаг. Ийм л нэгэн урлагийн гайхалтай үнэт өвийг бид түүхийн эх бичиг, Монголын язгуур, уламжлалт бэлгэдэл зүй, эд өлгийн сурвалжийг иш үндэс болгон хоёр жилийн судалгаа хийж байж цутгамал урлалын орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан бүтээсэн юм.
Нэгэнт бэлэн болсон судалгаагаараа баримтат кино ч хийгээд амжсан. Мөн энэ жил Өндөр гэгээний тухай кино хийхээр төлөвлөөд байна. Ер нь Монголын өв соёл олборлож барахгүй их уурхай юм. Газрын баялгийг бол ухаад л дуусна шүү дээ.
Бизнесийн санааг хэрхэн бодож олсон бэ?
-Олон жил сэтгэл дотроо тээж явсны минь биелэл юм даа. Төрийн өндөр албан тушаал болон бизнес хийгээд явж байхад гаднын улсын түнш, найз нөхдөдөө яг үнэндээ дурсгачихаар бэлэг олддоггүй байсан. “Говь” брэндийн ноолууран цамц, ороолт нэг удаа өгөөд сална. Дараа ахиад ирэхэд нь өнөөх л ноолууран цамцаа өгөх үү. Ямар хувцасгүй хүн хувцаслах гэж байгаа биш. Үүнийг л би олж харсан хэрэг.
“Mongol army” гэсэн бичигтэй энэ цагийг сүүлийн үед хүмүүс нэлээд сонирхож байгаа нь сошиал хуудсуудаар анзаарагдаж байна. Яагаад “Mongolian army” гэж бичээгүй юм бэ?
-Би залуудаа командирские цагаар л гангардаг байлаа. Тэр үед манай улсад ч гарын ая даах цэргийн брэнд цаг байдаг сан бол гэж боддог байв. Цаг бол маш том соёл юм. Зүгээр л цаг харах гэж цаг зүүдэггүй. Тийм болохоор залуугийн мөрөөдлөө биелүүлэхээр дэлхийн хамгийн сайн чанартай цаг үйлдвэрлэдэг “Swiss military” компанид монгол дизайн, өв соёлоо шингээсэн цагийг захиалан үйлдвэрлэж байна. Ингэхдээ Чингис хааны Их Хар сүлдийг монгол эр хүн болгон дээдэлж яваг гэж бэлгэшээн цагны голд сийлсэн. Мөн секундийн зүүг эртний монгол цэргүүдийн ашигладаг хуяг нэвтлэх сумын хэлбэртэйгээр суулгаж өгсөн. Харин “Mongol army” гэдэг үгийн хувьд эртний түүхийн бичлэгт үлдсэн баримтад тулгуурласан. Ерөөс Их Монгол улсын байлдан дагуулалтыг Европын улс орнуудын түүхийн бичвэрүүдэд “Mongol Empire”, “Mongol army” гэх зэргээр бичиж үлдээсэн байдаг. Тиймээс өрнийн хүмүүсийн сэтгэлд хоногшсон байдлаа бодсон ч тэр, их түүхийн бэлгэдлээ бодсон ч тэр ингэж бичсэн хэрэг. Зарим Онцгой байдал, Шүүхийн шийдвэр, Хилийн цэрэг, Цагдаа гэх зэрэг албанд ажилладаг хүмүүс тус цагийг сонирхон худалдаж авахдаа "Army гэсэн бичигтэй болохоор нэг л биднээс өөр улсад зориулсан цаг юм шиг санагдаад байх юм" гэж гоморхдог. Би тэгэхэд нь "Дайн болбол энэ эх орны газар шороон дээр байгаа насанд хүрсэн эр хүн бүхэн босно, тэмцэнэ. Тэр цагт бүгд л генерал гэсэн нэгэн мөрдэс дор захирагдана шүү дээ" гээд хэлчихдэг юм.
Танай дэлгүүрт зарагдаж байгаа бүх бараа гадаадад үйлдвэрлэгдсэн юм уу?
-Өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үйл хийж байгаа болохоор эх оронч бизнес хийгээд байгаа юм шиг. Гэтэл бүтээгдэхүүнүүдээ бүгдийг гаднын улсад хийлгэдэг болохоор үгүй ч юм шиг. Тэгэхээр бидний баримталж байгаа гол зарчим бол монгол оюун, монгол соёл, монгол дизайн тэгээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанар гэж. Чанартай байж гэмээнэ тэр бүтээл үеэс үед дамжин өв болон үлдэж чадна шүү дээ.
Монголоо сурталчилъя гэж байгаа бол олон улс хүлээн зөвшөөрсөн, тэдний таалсан чанараар хийсэн зүйлийг гарт нь атгуулах хэрэгтэй.
Харин тэдний гарт очсон зүйл нь Монголын уламжлал нэвт шингэсэн байх юм. Тийм болохоор манай бүтээгдэхүүнүүд дахин давтагдашгүй, ховор нандин бөгөөд Монголын түүх өнцөг булан бүрд нь шигтгээстэй байдаг онцлогтой. Үүнд би нэг зүйлийг нэмж хэлье гэж бодлоо. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад Засгийн газар бүх аймгийг хатуу хучилттай замаар холбоно гэж шийдвэр гаргасан. Уг томоохон шийдвэрийг гардан авч хэрэгжүүлэх хүн нь мэдээж би байлаа. Би аливаа зүйлийг ул суурьгүй өнгөц, хэлбэр талаас нь хийж чаддаггүй хүн. Тийм болохоор эхлээд 1990 оноос өмнө баригдсан бүх автозамын судалгааг гаргасан. Судалгааны дүнд ашиглалт, бат бөх талаасаа Хятадын компаниудын барьсан зам манай улсад хамгийн сайн тохирч байсан. Ингээд яамныхаа гаргасан судалгаа, тайланг аваад очсон чинь тэр үеийн Ерөнхий сайд болон бусад хүмүүс дотоодын компаниудаа дэмжинэ, тэднээр заавал хийлгэнэ гэж зүтгээд, энэ тухайгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлаад эхлэв. Яг үнэндээ цаг хугацааны хувьд дөрвөн жилийн дотор тийм том ажлыг манай хувийн компаниуд хийж чадахгүй нь ойлгомжтой байсан. Миний хувьд бол Засгийн газар амласан хугацаандаа замаа барьж дуусгах нь чухал. Өнөө цаг үед хэн хийсэн нь чухал биш болсон. Тийм юм бол Iphone утас Америкт, Canon, Sony Японд үйлдвэрлэгдэхгүй яасан юм. Өөрөөр хэлбэл, тэр зүйл юуны төлөө, хэнд үйлчлэх гэдэг нь л чухал. Монголын иргэд автомашинаараа зорчиход хамгийн таатай, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн замыг л заасан хугацаанд төвөггүй бариулах нь л бидний гол зорилго байсан. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр бидний хийж байгаа бүх бүтээл монгол хүний хэрэгцээ, шаардлагад нийцсэн он цагийн эрхэнд чанар, агуулгаараа онцгойрох тийм л зүйл ховор бүтээгдэхүүнийг бий болгоход оршиж байгаа гэсэн үг.
Яагаад таван нүдэн хээ гэж?
-Нэгэн удаа Америкт амьдардаг Ш.Баатар хэмээх технологийн инженерийн таван нүдэн хээний бэлгэдэл, түүний учир агуулгын тухай бичсэн нийтлэлийг цахимаас уншиж байсан юм. Алтан ургаас эхлээд Их Юань улсын төрийн гол бэлгэдэл байсан төдийгүй Өндөр гэгээн Занабазар өөрийн сангийн тамга болгон өвлөж авсан түүхтэй юм билээ. Энэ талын судалгааг бид нэлээд хийсэн бөгөөд "Таван нүдэн" нэртэй баримтат кино хийсэн.
Танайд цэрэг армийн холбогдолтой бүтээлүүд нэлээд байгааг анзаарлаа...
-Хэд хэдэн зүйлийг хийнэ гэсэн бодолтой байгаа. Энэ ондоо багтаагаад генерал илд хийж дуусгана гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Бэлгэдэл, урлал талаасаа маш чамин тансаг байхаар бодолцож өнгө, дизайныг нь гаргасан. 1815 оноос хойш Оросын эзэн хаадын илдийг урлаж эхэлсэн түүхтэй алдарт уран дархчуудын гэр бүлийг сонгон захиалга өгөхөөр болсон. Одоогоор эцсийн шатанд батлагдаагүй учир бусад мэдээллийг нь нууц хэвээр үлдээсэн нь дээр байх. Ер нь манай улсын төр генерал цол хүртэж байгаа хүмүүстээ генерал илдийг нь "Май" гээд гардуулчихдаг байхад яах вэ дээ. Мөн өмнөх Ерөнхийлөгчийн захиалгаар төрийн торгон цэрэг, хүндэт харуулын цэргүүдийн хувцас хэрэглэлийг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Өв уламжлалаа хадгалсан мөртөө орчин үетэйгээ хөл нийлүүлсэн байдлаар дизайныг нь боловсруулах гэж маш их судалгаа хийж байгаа.
Ер нь нэг зүйлийг нэмж хэлэхэд, цэрэг хүнд үеийн үед гутал маш чухал зүйл байсаар ирсэн. За тэр хугацаат цэргийн гутлыг ч яах уу дүүрч монгол компаниудынхаа гутлаар хангадаг юм байгаа биз. Тусгай хүчний цэргүүдийн гутлын хангалтыг тийм байдлаар огтхон ч хийж болохгүй. Хэрвээ гутал л бол гутал бүгд хийж чаддаг гэж үзвэл яагаад марафоны тамирчид заавал дэлхийн хоёрхон брэндийн гутлыг л өмсдөг юм бэ. Энэ чинь цаанаа нарийн технологи байдаг юм. Ул нь хоёр давхраас үсрэхэд эзнийхээ бие эрхтэнг бүтэн аваад гарчих боломжтой, шавар шалбааг, хуурай элсэн цөл гээд ямар ч цаг агаар, уур амьсгалтай газар 20 км гүйчхээд хоншоор нь салаад уначихдаггүй, чийг татдаггүй байх хэрэгтэй. Энэ бүхэн чинь олон жилийн судалгааны “know how” байдаг гэдгийг цэргийн дарга нар сайн ойлгоосой гэж боддог.
Та цэргийн албаны талаар юу гэж боддог вэ?
-Бид өв уламжлал, язгуур эрх ашиг, тусгаар тогтнолоо хайрлан хамгаалах ёстой. Үүний тулд батлан хамгаалах чадавхаа байнга бэхжүүлж байх нь хамгаас чухал. Хугацаат цэргийн албыг хөгжүүлэх, сургалтыг нь илүү цаг үетэйгээ уялдсан байдлаар боловсронгуй болгон хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан гэж боддог. Улсын Батлан хамгаалах салбар гэдэг чинь яг л компьютерын антивирус шиг байнга update хийж байх ёстой. Тэгэхгүй бол шинээр гарч ирсэн вирусийг танихгүй шүү дээ. Үүнтэй адил Зэвсэгт хүчин ч гэсэн байнгын өөрийгөө шинэчилж, цаг үеэ даган өөрчлөгдөж байх нь чухал. Дээрээс нь манай улс өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай учир бусад улсын цэргүүдээс ур чадвар, сэтгэл зүй, тэсвэр тэвчээрээрээ илүү байхаас өөр арга байхгүй. Хугацаат цэргийн албанд ирж буй залуусыг ч мөн эр хүн, цэрэг болгох үүднээс өндөр ачаалалтай бэлтгэл сургуулилт, оюуны болоод сэтгэл зүйн сургалтуудаар дамжуулж бэлтгэх нь зүй ёсны хэрэг юм. Гэтэл одооны залуус шиг цэргийн бэлтгэл сургалтын зах төдийхнийг үзчихээд "Ааваа, ээжээ ирж аваачээ" гээд чарлаад унах юм бол хэрэг алга. Ингэх юм бол бид хэн ч биш болно. Нөгөө дэлхийн түүхэнд гайхагдсан дайчин монгол эр хүний удам түүх болон цаасан дээр л үлдэнэ гэсэн үг. Ер нь энэ "76" дотор чинь цэргийн алба хааж үзсэн хүн байна уу. Тийм нөхдүүд ЗХЖШ-ын даргаа мэдэмхийрээд загнаад байж болохгүй. Олон нийтэд таалагдах гэсэн хэдэн нөхдийн өмнөөс харин ч Д.Ганзориг генерал шулуухан хэлэх үгээ хэлээд гарч байна лээ.
Миний бодлоор Монголын иргэн эр хүн бүр цэргийг биеэр хаадаг болмоор байна. Солонгос, Дани, Сингапур зэрэг орон шиг. Монголын залуусыг цэргийн албанаас халшраад зугтаж байхад тэр Израил, Норвеги, Швед, Хойд Солонгост чинь эр, эмгүй цэргийн алба хааж байна. Ичих хэрэгтэй. Гурав дугаар сарын 18 болохоор бүх эрчүүд нь баяр гээд хөөрцөглөөд тэмдэглэчихдэг. Тэгээд цэрэгт яв гэхээр чадахгүй гээд зугатдаг. Дээрээс нь үд болтол хоол идэж амжаагүй бол өлсөөд яасан нь мэдэгдэхгүй уурлаж, уцаарлаад байдаг залуус их болжээ. Тэр залуус цэргийн албанд очиж, өглөө 05:00 цагт босож, нойр хоолгүй, өдөр шөнийг өнгөрүүлж үзэх хэрэгтэй. Гурван өдөр хоолгүй яваад үзчихсэн хүн ганц өдрийн өлийг өлхөн даах сэтгэл зүйн тэсвэртэй болчихно. Бэрхшээл зовлон, хатуу хөтүү нь хүнийг улам зоригжуулж, бэхжүүлдэг л болохоос үгүй хийдэг зүйл биш юм шүү.
Таны хэлж байгаатай санал нэг байна. Би нэгэн удаа АНУ-ын Тэнгисийн явган цэрэгт алба хаадаг монгол бүсгүйтэй уулзаж байсан юм. Түүний ярьснаар бол тус улсын цэргийн бэлтгэл сургуулилт, офицер, ахлагч, цэргүүддээ тавих шаардлага тун өндөр юм байна гэж ойлгосон. Тийм мөртөө хэдэн саяараа залуус тэр армид алба хааж байна шүү дээ...
-Ер нь бид аливаа юмны ганцхан хэлбэрийг л аваад байна. Үүнийгээ хөгжих гэж байна гэж ойлгодог. Сүүлдээ бүр хүүхдээ загнах, гар хүрэх ч эрхгүй боллоо. Эс бөгөөс гэмт хэрэгтэн болно гэж байна. Өнөөх Монголын уламжлалт соёл, сурган хүмүүжүүлэх ухаан хаачсан бэ. Ардчилал гэх нэрийн дор өрнийхнөөс хуулсан хуулийн цаана ор сураггүй алга болох нь. Бурхан багшийн сургаалд ч бий шүү дээ. “Угтаан хайрлаж, зөв зүйлийн төлөө тухайн үйлдлийг хийж байвал энэ муу зүйл биш” гэж. Өндөр хөгжилтэй Сингапурын хувийн сургуулиуд ч гэсэн сурагчдаа зоддог. АНУ, Солонгосын арми тэр бидний яриад шуугиад байдаг дэглэлт гэдгийг чинь хийж л байгаа. Хатуухан хэлэхэд монголчууд их гүрнүүдийн улс төр, эдийн засаг, соёлын бодлогод нэвт уусаж байна. Бидэнд өнөөдрийг болтол хөгжлийн гол загвар хэлчих үндсэн бодлого, философи алга.
Эх сурвалж: "Соёмбо" сонин Ахмад М.МӨНХЗОРИГ


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.142] 2021-09-07 06:34:02

Хужаа очирбатын хамаатан

gd [202.179.26.116] 2021-09-06 02:33:55

hyatad zaluu mongol generaliin selme mongol soyoliig tygeechih um bnlduu, hyataduud aihtar shyy

Зочин [192.82.72.207] 2021-09-05 10:20:21

Энэ чинь нөгөө Жэнкогийн бээлий мөн үү?!

Зочин [192.82.78.37] 2021-09-05 02:53:46

Энэ амьтан алба хааж үзсийм болов уу даа

Мөнх [66.181.182.61] 2021-09-05 02:40:16

Хэн нэгэн хүнийг ямар хүн болохыг огт мэдээгүй байж муулах нь тун гутамшиг Бид хүн муулахын донтой болж Энд хүн муулаад бичээд байгаа залуус энэ хүн шиг сэтгэж, ажиллаж бүтээж чаддагүй юм гэхэд ийм логиктой ярьж чадах болов уу? Үгүй ядаж өнгөц ойлголтоор хүнийг дүгнэх нь өрөөсгөл энэ залуу женкогийн хамгаалагч байгаагүй бие даасан харуул хамгаалатын компанитай байсан олон газар хамгаалалт хийдэг байсны нэг нь баянгол байх гадаадын дтг-уудад хүртэл хамгаалалт хийж байсаан би тэнд ажллаж байсан болохоор сайн мэднэ

зочин [150.129.141.53] 2021-09-05 02:27:01

женкогийн бандаашин ыайдаг хулгайч дээрэмчдийн нэг нь л бна ш дээ. Яасан том ярьж бнаа.

Зочин [66.181.188.103] 2021-09-04 17:12:21

Genco-giin buunii nohoi.

Зочин [192.82.78.90] 2021-09-04 16:17:48

Энэ нөхрийн хэргийг Жэнко хаалгацан юм уу

Зочин [103.212.118.79] 2021-09-04 15:23:06

Таван нүдэнгийн хутга гэж үнэ нь дэндсэн эд. Ган нь сайн биш. Оросын өргөн хэрэглээний хямд гантай. Махан төмрөөс арай дээр юм даа.

Зочин [103.212.118.79] 2021-09-04 15:20:35

Хилийн цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүцэтгэхийнхэн швейцарь цаг авдаг гэнэ үү? Ямар мөнгөөр?

Зочин [103.26.193.63] 2021-09-04 13:51:17

Женкогийн хамгаалагч хийж байгаад зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга болоод,төмөр замын хэрэгт нь хамтарч оролцоод яваад байсан нөхөр дөө. Женко өөрийнхөө хэргүүдийг бүгдийг нь хаасан. Одоо буцаагаад сэргээж шалгах хэрэгтэй. Монгол улсын эдийн засгийг 10 жилээр хойш татаж Оросод том боломж олгосон хүн дээ.

Зочин [66.181.188.103] 2021-09-04 17:13:06

Yaag unen. Muusain lalruud horlogchinguud.

Зочин [202.9.46.86] 2021-09-04 13:32:52

Бие хамгаалагч нөхөр чинь компьютер ярьдаг болж. Компьютерийн талаар ярихын тулд 4-5 жил тархиа ажиллуулах хэрэгтэй. Булчин биш.

Зочин [103.57.94.165] 2021-09-04 12:00:49

ЭНЭ НӨГӨӨ ТӨМӨР ЗАМААС ИДДЭГ НӨХӨР БАЙНА ШТЭЭ.

Зочин [66.181.188.127] 2021-09-04 11:46:22

Бие хамгаалагч байсан хүн том салбарын юманд санаанаасаа бурж болохгүй

Зочин [192.82.69.207] 2021-09-04 10:49:01

Энэ нгөө төмөр замын хулгайч мөн үү

Зочин [82.144.201.2] 2021-09-04 08:55:34

Дэлгүүрийн зарим сонирхол татсан бараануудын зургыг тавьсан бол зүгээр байждээ,......... ..

Зочин [202.9.46.237] 2021-09-04 16:37:01

Харин тийн


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.