ХААН банк 3х3 Сагсан бөмбөгийн талбайг 9 аймагт хүлээлгэн өглөө

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсад ХААН банк үүсгэн байгуулагдсаныхаа түүхт 30 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд 21 аймаг, нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулж байна.

Төв аймагт 9 дүгээр сарын эхээр энэ хүрээнд хэрэгжүүлж байгаа эхний талбайгаа ашиглалтад оруулсан юм. Хүүхэд залуусын эрүүл мэнд, хүсэл мөрөөдлийг дэмжин, ирээдүйн сайн сайхны төлөө байгуулж буй 2 дахь талбайг Дархан-Уул аймгийн 10 дугаар багт, “Оюуны ирээдүй” цогцолборын дэргэд нээн, аймгийн удирдлагад лхагва гарагт хүлээлгэн өгчээ.

Мөн Багахангай, Багануур дүүрэг, Орхон, Сэлэнгэ, Булган, Говьсүмбэр, Дорноговь зэрэг нийт 9 газарт бүтээн байгуулалтын ажил өндөрлөж, талбайг аймгуудын ЗДТГ-т хүлээлгэн өгсөн байна.

Энэхүү сагсан бөмбөгийн талбайнууд олон улсын стандартад нийцсэн резинэн зөөлөвчтэй шал, материал, тоноглолоор хийсэн бөгөөд тэнд тоглох хүүхэд, залуусын эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарч, мэргэжлийн байгууллагуудтай энэ талаар хамтран ажилласан юм.

Мөн аймгуудын ЗДТГ, биеийн тамир спортын хороо, ЕБС-иуд зэрэг талбайг хүлээн авсан холбогдох газрууд цаашдын ашиглалт, арчилгаанд хяналт тавин ажиллах юм байна.

ХААН банкнаас “компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү төсөл чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг хүүхэд залууст олгон, их спортын ертөнцөд эх орноо төлөөлөх тамирчдын хүсэл тэмүүлэлд хүч нэмэх орон зай болно гэдэгт итгэж байна” хэмээн онцолжээ.