Б.Гүнбилэг: Цэцийн тухай хуулиудын төсөлд Үндсэн хууль зөрчсөн хэд хэдэн зүйлүүд байна

Д.Тулга / Улстөр

Хууль Зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

-Цэцийн тухай хууль, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийг УИХ хэлэлцэж байна. Эдгээр төслүүд дээр анхаарах ямар зүйлүүд байна вэ?

-Хэд хэдэн зүйл байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 66.2-т Цэц ямар маргаантай асуудлаар дүгнэлт гаргахыг тоочсон байгаа. Энд үндсэн эрхийн маргаан гэдгийг хаана нь багтааж байгаа нь тодорхойгүй. Тэр дундаа шүүхийн шийдвэрийг авч үзнэ гэсэн тодорхой заалт байхгүй. Санаа нь зөв зүйлүүд мэр сэр байх боловч, Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж байж хийх ёстой, арга зүйн хувьд ердийн хуулиар эхлэж зохицуулж болохгүй зүйлсийг бичсэн байна лээ. Энэ бол буруу. Мөн одоо хүчин төгөлдөр байгаа Үндсэн хууль дээр заавал хуульчийн гэрчилгээтэй хүн байна гэдэг агуулга байхгүй. Цэцэд хуульч очих нь зөв боловч, энэ зохицуулалтыг бас ҮХНӨ хийж байж хийх ёстой гэсэн үг. Мөн Цэцийн гишүүнээр өмнө санаатайгаар гэмт хэрэг үйлдэж байсан хүнийг томилж болохгүй гэсэн байна. Санаатай, санаагүй нь огт хамаагүй, гэмт хэрэг үйлдсэн, ял эдэлсэн л бол тэр хүнийг Цэцэд томилох хэрэггүй. Энд иргэдийн шүүхэд итгэх итгэл гэдэг маш эмзэг зүйл хөндөгдөнө. Гэмт хэрэг үйлдэж байсан хүн Цэцийн гишүүн болвол эргээд, хардалт, хэл ам гээд олон зүйл болно.

-Иргэдийн дунд Цэцийн гишүүдийн нэр хүнд маш муу байна. Эдгээрийг засах талаар ямар зохицуулалт байна вэ?

-Цэц бол шүүх мөн гэдэгтэй маргах хүн одоо ховор болсон. Тэгэхээр шүүгчид тавьж байгаа шаардлагуудтай ижил түвшинд тавих ёстой. Үйл ажиллагааны хязгаарлалт нь маш бага байна. Цэцийн гишүүний хориглох зүйл гээд зургаахан зүйл тоочсон байна. Гэтэл шүүгч нарт хориглох зүйл хуулин дээрээ 40 зүйл байдаг. Цэцийн гишүүн чинь шүүгч юм бол шүүгчтэй адил хориглох зүйлтэй байх ёстой.

-Дарга нарыг хянах Цэцийн эрх мэдлийг хумьж байна, дарга нарт ашигтай болгох нь гэх зарим яриа байна.

-Процессын хуулийн төсөлд “Иргэн хууль, Улсын Их Хурлын тогтоол Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудлаар хэдийд ч, бусад маргаантай асуудлаар дараах хугацаанд мэдээлэл гаргана” гээд Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрийг гарсан өдрөөс хойш нэг жилийн дотор Цэцэд маргаж болно гэсэн байна. Нэг жил үйлчилдэг шийдвэрүүд байдаг юм уу? Шийдвэр нь хүчинтэй л бол түүнийг хэдийд ч хянах эрх Цэцэд байх ёстой. Энэ бол Үндсэн хуульд халдах гэж байгаа, иргэдээ маш дорд үзэж байгаа, хүний эрхийн мэдрэмжгүй асуудал болж байна. Хаашаа юм, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрүүдийг нэг жилийн дотор хянаагүй бол Үндсэн хуулиас илүү туйлын үнэн болох юм уу? Ойлгомжгүй. Бас сонгуулийн төв байгууллагын шийдвэрийг гарсан өдрөөс хойш хоёр сарын дотор, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхий сайд, засгийн газрын гишүүн, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг Үндсэн хууль зөрчсөн бол мэдсэн өдрөөс хойш хоёр сарын дотор л Цэц хянах юм байна. Энэ бол цэвэр Үндсэн хуулиас дарга нарын эрх мэдлийг дээр тавьсан, Үндсэн хуулийн халдлага гээд хэлчихье. Ийм балай юм батлах ёсгүй.

-Үндсэн хуульд заасан Үндсэн эрхүүдийг дотор нь ялгасан байсан.

-Үндсэн хуулийн 16-р зүйлд заасан бүх эрхүүдийг хууль тогтоогч үндсэн эрх, эрх чөлөө гэж бичсэн байгаа. Энэнээс хууль санаачлагчид зарим нь үндсэн эрх биш гэж ердийн хуулиар бичих нь арга зүйн хувьд маш буруу. ҮХНӨ-өөр хийвэл хийх ёстой. Нэг зүйл судлаачийн хувьд хэлэхэд анх батлахдаа 16-д заасан хүний эрхүүд эрэмбэгүй, системчлэлгүй хийгдсэн нь бол үнэн.

-Өөр ямар асуудлууд байна вэ?

-Үндсэн хууль дээр Цэцэд Дээд шүүх хүсэлт гаргаж болох тухай заасныг аваачаад Дээд шүүхийн нэг танхим шууд хүсэлт гаргах гээд оруулчихаж. Дээд шүүх бол Дээд шүүх буюу бүх гишүүдээсээ бүрдэх ёстой. Гэтэл таван гишүүний олонхийн шийдвэрээр хүсэлт хүлээж авахаар заасан байна. Цэц өөрөө энийг өмнө нь зөрчил гээд шийдчихсэн байдгыг хууль санаачлагчид анхаарахгүй байна. Ерөнхийд нь дүгнээд хэлэхэд шинэчилсэн найруулга хийх нь зөв. Гэхдээ буруу зүйлсүүд байна. Дээр нь нэмээд Цэцийн шийдвэрийн хуулийн хүчин төгөлдөр болох асуудлыг тодотгомоор байна. Жишээ нь татварын хуулиар баахан Үндсэн хууль зөрчиж, иргэд, бизнес эрхлэгчдээс татвар авчихаад дараа нь Цэцийн шийдвэр гарсан өдрөөсөө хүчинтэй гээд өмнөх хэлмэгдүүлж авсан татварыг буцаах хууль зүйн зохицуулалтыг илүү тодотгож өгмөөр байна. Энэ үйлчлэл дээр их маргаан гараад байх шиг байдаг. Юм тодорхой болгох ёстой. Дарга нарт зориулсан хууль биш, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалсан хууль маягаар үзэл баримтлалаа гаргавал гэж бодох юм.

О.Чулуу


Сэтгэгдэл

"Цэц" гэдэг томьёоны учир. [66.181.184.209] 2024-04-26 13:40:20

Цэц уг нь шүүх биш. Түүнийг аажмаар шүүхрүү ойртуулаад л байгаа юм. Бүх гишүүдийг нь хуульчид болгох юм гэнээ. Гэтэл 1992 онд "ҮХ-ийн шүүх" гэдэг томьёог зөвшөөрөөгүй "ҮХ-ийн цэц" гэдэг нэр өгсөн. Тэгээд хуульч бус хүн Цэцийн гишүүн байж болохыг баталсан юм. ҮХ-ийн санаанаас одоо зайлаад л.

Зочин [202.9.41.7] 2024-04-26 06:14:10

Сайн байнм


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.