Хууртвал ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолоо ч алдана!

Aдмин / Улстөр

Хүн төрөлхтний улс төрийн түүхийг сөхвөл ардчилал хэрхэн дарангуйллаар солигдсон жишээ хэтэрхий гэмээр олон таарна. Ардчиллыг танкаар дайрдаггүй, харин хуулийг “засварлаж” алга болгодог. Хамгийн инээдтэй нь, ардчилагчийн дүр эсгэж байсан дарангуйлагчид үүнийгээ үргэлж “Ард түмний төлөө” гэж тайлбарлаж хийдэг. Адольф Гитлер л гэхэд эхэндээ ардчилсан хуулийг ягштал дагасан. Сонгуульд орж, олонхын санал аван парламент руу орж ирсэн. Дараа нь өөрсдөө Рейхастагийг буюу төрийн ордныг шатааж өрсөлдөгчдөө үүнд буруутгаж, нэг шөнийн гал түймрээр бүхнийг эргүүлсэн. Тэр гал зүгээр осол биш, ардчиллыг халж, эрх мэдлийг төвлөрүүлэх түлхүүр болсон. Энэ түймрээр шалтаглан А.Гитлер парламентаар “Онц байдлын хууль” батлуулж, эрх чөлөөг түр хязгаарлав. Дараа нь “Эрх олгох хууль” батлуулж, парламент нь өөрөө өөрийнхөө эрх мэдлийг Засгийн газарт буюу А.Гитлерийн гарт шилжүүлсэн. Ингээд бүх зүйл хуулийн дагуу явагдаж, дарангуйлал “хууль ёсны” болсон. Гагцхүү ардчилал алга болсон.

Иосиф Сталин бүр ч илүү нарийн “тоглолт” хийсэн. Тэр хуулийг засаагүй, харин хуулийг өөрийн зэвсэг болгож хувиргасан. ЗХУ-ын 1936 оны Үндсэн хууль цаасан дээр бол төгс ардчилал. Иргэний эрх, сонгууль, баталгаа бүгд бий. Харин И.Сталин улс даяар “Ард түмний дайсан” гэх нэг тодорхой бус ойлголт бий болгосон.

Тэр үг гарч ирсэн тухай мөчөөс эхлэн хууль иргэдийг хамгаалдаг бус айлгах хэрэгсэл болж, маш хурдан хугацаанд ардчилал устаж, оронд нь дарангуйлал тогтсон. Өмнөд Америкт Уго Чавес энэ аргыг орчин үеийн хэлбэрт оруулж улам сайжруулсан. Тэр ардчилсан хуулийг хориглоогүй, харин нэмж засварласан. Шинэ Үндсэн хууль, дахин сонгогдох боломж, шүүхийн бүрэлдэхүүний “шинэчлэл”. Бүх зүйл ардчилсан хэлбэртэй, иргэдийн санал асуулгатай, хуультай. Гэхдээ эцэст нь бүх хууль, дүрэм нэг хүний хүслээр хэрэгждэг болж, дарангуйлал тогтсон. Харин Владимир Путин энэ бүх “тэргүүн туршлага”-ын нийлбэр болох төгс хувилбарыг бий болгосон. Эхэндээ Үндсэн хуулийг хүндэтгэж байгаа мэт. Дараа нь мужийн захирагчдыг төвөөс томилох, “гадаад агент” гэх нэрээр сөрөг хүчин, чөлөөт хэвлэлийг шахах гэх мэтээр жижиг, жижиг засварууд хийсэн. Харин оргил нь Үндсэн хуулийн 2020 оны нэмэлт өөрчлөлт. Өмнө нь байсан, ерөнхийлөгчийн алба хаасан бүх хугацааг “тэглээд” дахин эхлүүлэх. Хууль зөрчөөгүй. Зүгээр л бүх нийтийн санал асуулгаар Үндсэн хуулиа өөрчилсөн.Үр дүнд нь ОХУ-д бүрэн дарангуйлал тогтсон.

Эдгээр түүхийг харахад нэг л “дүрэм” үйлчилж буй нь ил болно. Эхлээд хууль хэвээр байна. Дараа нь жижиг өөрчлөлтүүд. Тэгээд аюул, дайсан, онц байдал. Дараа нь эрх мэдлийг түр төвлөрүүлэх. Эцэст нь тэр “түр” зүйл хэзээ ч дуусахгүй дарангуйлал болно. Иймээс дарангуйллын тогтолцоо гэж хуульгүй биш, харин хууль хэн нэгний зэвсэг болж байгаа улсыг хэлдэг. Харамсалтай нь энэ үнэн бодит түүхүүдийг өнөөдөртэй давхцуулж харвал бүх зүйл ойлгогдож байна.

Үнэндээ бол “Ёс суртахууны доголдол гаргасан гишүүнийг эргүүлэн татна” гэдэг санаа анх сонсоход маш зөв мэт. Хэн ч муу улстөрчийг хамгаалахгүй. Гэхдээ улс төрийн эдгээр түүх “хамгийн зөв” санаа хамгийн аюултай зэвсэг болон хувирч дарангуйлал тогтдог гэдгийг анхааруулж байгааг бид мартах ёсгүй. Гитлер “улсаа хамгаална” гэж эхэлсэн. Сталин “Ард түмний дайснуудыг цэвэрлэнэ” гэсэн. Уго Чавес “ард түмний эрх ашгийг хамгаална” гэсэн. Путин “Гадаад нөлөөнөөс сэргийлнэ” гэсэн. Харин У.Хүрэлсүх өнөөдөр “Ёс суртахууны доголдол гаргасан гишүүнийг эргүүлэн татна” гэж байна. Бүгд зөв сонсогдож байна. Гэхдээ ганц л асуулт дээр очоод ардчилал түүх болж үлддэг гэдгийг түүх бидэнд анхааруулж байна. Тэр бол “дайсан”, “урвагч”, “ёс суртахуунгүй” гэдгийг хэн тодорхойлох вэ? гэсэн цор ганц асуулт юм. Шалгуур нь тодорхойгүй учир хэнийг ч онилж болно. Шүүх хараат бус биш байгаа нөхцөлд хууль улс төрийн зэвсэг болдог. Өнөөдөр “муу гишүүдийг цэвэрлэнэ” гэж эхэлсэн зүйл маргааш “таалагдахгүй гишүүдийг зайлуулна” болж хувирна. Ялгаа нь маш нарийн учир бараг харагдахгүй, харин бид ардчиллаа алдаж, дарангуйллыг тосож авна.

Хууль өөрөө ерөөсөө аюултай зүйл биш. Харин хуулийг тайлбарлах тэр эрх мэдэл хэн нэгнээс хамаардаг болоход л ардчилалд аюул учирдаг. Ёс суртахуун өөрөө буруу биш. Харин ёс суртахууныг хэмжих эрх мэдэл хэн нэгний гарт орвол тэр мөчөөс ардчилал устдаг. Иймээс асуудал “Муу гишүүн”-д биш, харин “Хэн энэ муу гэдгийг тодорхойлох вэ?” гэдэгт оршиж байгааг л ойлгох ёстой юм.

Эцэст нь уншигчдадаа сонирхуулахад, шинжлэх ухаан “Хаана ч байгаа 100 хүний 10 нь “сайн”, харин 10 нь “муу” гэсэн хоорондоо эрс зөрчилтэй хүмүүсээс бүрдэж, цаашлан хөгжих гол нөхцөл болдог” сонин зүй тогтолтой болохыг нэгэнт тогтоочихсон. Энэ нь нэг их удахгүй УИХ-ын 126-гийн маань жинхэнэ эх орончид болох 10 хувь нь улсаа ч, ардчиллаа ч “худалдахад бэлэн” 10 хувиа ялах болно гэсэн үг. Харин үлдсэн 80 хувь нь шинжлэх ухааны энэ зүй тогтлын дагуу ялсан талаа дагах болно. Иймээс бүү хуурт! Хууртвал ардчилал, эрх чөлөө тэгээд тусгаар тогтнолоо ч алдах болно! Би ч гэсэн улсаа ч, ардчиллаа ч хамгаалж “Ерөнхийлөгч өө! Та Владимир Путины тавиул л болчхоогүй юм бол Ухнаагийн бус ухна Хүрэлсүх болж, хэний үгээр юу хийгээд байгаа юм бэ?!” гэж шуудхан асууя. Түүх хэнд ч, юу ч заадаггүй, зөвхөн түүх мэддэггүй хүмүүсийг л шийтгэх ажил хийж байдаг гэдгийг бүү март!

Г.АМАРСАНАА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Газар зүйн хавханд байгаа Монголын ардчилал. [202.126.90.177] 2026-05-05 10:36:35

Монголын ардчилал ч дээ. Их том юм бодсон ч хэрэг дээрээ Орос болон Хятад улсын хоорондын түвшний "ардчилал" болж хувирлаа. Нэг бодлын капитализм байгуулж байгаа юм шиг. Нөгөө бодлын бүх юм социализмаараа хэвээр байгаа юм шиг. Импортынхаа 80 гаруй хувийг Хятадаас хямд социалист үнээр аваад л, экспортынхаа 50 гаруй хувийг, ж-нь нүүрс, жоншоо мөн Хятадруу гаргаад л. Ийм байхад жинхэнэ ардчилал Монголд босох уу? Нэг дарга нь хятадын даргаар мөрөө алгадуулаад л социализмруугаа буцна ш дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.