Эдийн засагч Б.Энх-Амгалан: Аппликэйшний зээл тооцоогүйгээр авснаас санхүүгийн дарамтад орсон тохиолдол их байна

Aдмин / Эдийн засаг

Зах зээл дэх мөнгөний эргэлт болон зээлийн ач холбогдлын талаар эдийн засагч Б.Энх-Амгалантай ярилцлаа.


-Өнөөдөр Монгол Улсад эдийн засгийн хуулиараа мөнгөний эргэлт зөв явагдаж байгаа юу?

-Агуулгын хувьд сар болгон мөнгөний нийлүүлэлтийн М2, М1 гэсэн статистик мэдээлэл гардаг. Тэгэхээр М2 мөнгөний хэмжээгээр тухайн улсад мөнгөний нийлүүлэлт хэр байгаа асуудлыг ерөнхийд нь авч үздэг. Манай улсад одоо 2026 оны есдүгээр сарын байдлаар аваад үзэхэд М2 мөнгө 56.7 их наяд төгрөгийн нийлүүлэлттэй. Хадгаламжийн байгууллагаас гадуурх, мөнгө төгрөг болон валютын харилцах, цэвэршүүлсэн алтны харилцах, төгрөг болон валютын хадгаламж, хадгаламжийн сертификатын нийлбэрээр М2 мөнгөн дүн тодорхойлогддог. Одоогийн байдлаар ийм хэмжээний мөнгө сард нийлүүлэгдсэн дүнтэй байна гэсэн үг.

Бэлэн мөнгө гэхээр иргэдийн гар дээр байгаа мөнгөний хэмжээг хэлэх үү. Ер нь нийт иргэдийн нэлээд хувь нь зээлтэй байдаг гэдэг. Зээл нь бэлэн мөнгөнд орох уу?

-Тийм, эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдаад явж байгаа гэсэн үг. Мэдээж эрэлт байж нийлүүлэлт байна. Дээр үед бол цаасан мөнгө түлхүү арилжаанд ашиглагддаг байсан бол одоо дижитал платформ руу шилжсэнээс шалтгаалаад иргэд шууд бэлэн мөнгө ашиглаад явах нь харьцангуй багасчихсан. Тэгэхээр зээл авч байна гэдэг нь гарч байгаа мөнгөн дүн маань цаасан мөнгө гэхээс илүүтэй дижитал хэлбэрээр банкнаас төлбөр тооцоо хийхэд шууд шилждэг. Зээл авлаа гэхэд аппликэйшнээр авчихдаг, цалингийн зээл одоо банкууд бүгд онлайнаар өгдөг болж байгаа зэргээс харагдаж байна. Энэ бүхэн эргээд мөнгөний эргэлтийг бүрэн тодорхойлж байдаг. Хэрэглээнд буй мөнгийг илэрхийлж байдаг ийм үзүүлэлт. Ер нь мөнгөний хөрвөх чадвар гэдэг хамгийн түрүүнд бэлэн мөнгө болох боломжтой зүйлс гэж тодорхойлдог. Тэгэхээр иргэдийн гар дээр байгаа, мөн харилцахад нь байгаа энэ мөнгөнүүд бүгдээрээ эдийн засгийн эргэлтэд ороод явж буй бэлэн мөнгө гэж үзнэ.

-Худалдан авах чадварын тухайд мөнгөний урсгал ямар байгаа вэ. Мөнгө дансанд байхгүй, гар дээр байхгүй. Иргэдийн худалдан авах чадвар буураад байгааг мөнгөний хомсдол гэж үзэх үү. Эдийн засагт юу гэж тайлбарладаг вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдлаас ерөнхийдөө шалтгаалах зүйлүүд нэлээн байдаг. Эдийн засаг өсөлттэй байгаа тохиолдолд тодорхой хэмжээнд, мөнгө харьцангуй иргэдэд олдоц сайтай гэдэг юм уу, тодорхой хэмжээний ажил үйлчилгээ, бизнес эрхлэх үйл ажиллагаанууд нь дэмжигдээд явдаг учраас тухайн компани харьцангуй ашиг орлого сайтай. Тэр үедээ тодорхой хэмжээний бэлэн мөнгөний нөөцтэй байдлууд харагдаж байдаг.

Яг иргэдийн зүгээс аваад үзэх юм бол бүх өрх тодорхой хэмжээний мөнгөн орлоготой байгаа. Тэр мөнгөн орлогоо тухайн өрх санхүүдээ яаж зарцуулах вэ гэдгээ ерөнхийд нь төлөвлөж явах ёстой. Тодорхой хэмжээний зээлтэй бол сардаа хэдийг нь зээл, хэдийг нь хэрэглээндээ гэдэг байдлаар хуваарилаад явж дадалтай болох хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүний үнийн зөрүү болоод тооцоогүй байдлаас иргэд, өрхүүдэд санхүүгийн хүндрэл үүсч болно.

-Санхүүгийн төлөвлөлт тал дээр иргэд болон өрхүүд юун дээр алддаг вэ?

-Манай иргэдийн анхаарах ёстой зүйлүүд гэвэл жишээ нь, машин байсаар байтал шинийг авах, эсвэл илүү гоё болгох, эсвэл машинаа сайжруулах, мөн байр байсаар атал байраа томруулах гэх шалтгаанаар зээл авдаг. Иймэрхүү байдлаар ерөнхийдөө дийлэнх зээлүүд гарч байгаа нөхцөл байдал харагддаг. Гэтэл зарим нэг зүйл дээр тэвчиж болох зүйлүүд байна. Жишээ нь, гар утас байна. Айфоны 16 загвар барьж байтал, 18 загвар нь гарчихлаа гээд заавал авах гэж зээл тавьж авах тохиолдол их байна. Гэтэл 16 нь хэрэгцээ хангаад утсаар яриад, мессэж бичээд, ойр зуурын дижитал хэрэглээнд нь болж байгаа бол тэрийг заавал тэгж сайжруулж, илүү мөнгө үрж зээл авах нь сайн дураар зээлийн дарамтад орж байгаа тун бодлогогүй хэрэг. Тэгэхээр олон улсад ч хүмүүс хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байгаа зүйлийг хэрэглээндээ тохируулаад явдаг болохоос биш гарч ирж байгаа шинэ бүтээгдэхүүн болгоныг авч туршина гэвэл хувь хүний болоод өрхийн санхүүд маш хүндээр тусдаг. Иймэрхүү нөхцөл байдлыг тооцож хүмүүс санхүү дээр ирэх дарамтаа бодох хэрэгтэй. Бас зээлтэй байгаа машинаа өгч урьдчилгаа болгоод зөрүүг нь банк бусаас аваад шинэ машин авч байгаа харагддаг. Энэ нь эргээд банк бус болоод банкны гээд олон зээлийн хүүгийн дарамтад орчихсон явж байдаг. Тэр нь өдөр тутмынх нь амьжиргааны зардалд сөргөөр нөлөөлж таарна. Тэрэндээ бухимдаад би мөнгөгүй байна, надад амьдрал хэцүү байна гээд бусдаас буруу хайгаад эхэлдэг тал бий. Эндээс дүгнээд хэлэхэд, иргэд маань өөрөө санхүүгийн боловсрол гэдэг зүйлийг нэлээн анхаарч байх хэрэгтэй. Олж байгаагаа нарийн бүртгэж, зарлага хэд байвал түүндээ багтаах боломжоо тооцоолж байх нь чухал. Зээл авах тохиолдолд зээлийн хүүтэйгээ, сар болгон хэдийг төлөх талаар тооцоолох нь санхүүгийн дарамтад орохоос сэргийлнэ. Манайхны санхүүгийн дарамтад өртдөг шалтгаан бол зээл бүтэх тухай, мөн хэр хурдан зээл гарах тухай бодохоос биш хэрхэн яаж төлөхөө нарийн тооцдоггүй. Зээл бүтэж л байвал авч орхидог.

-Хэрэгцээгүй зүйлд зээл авснаас санхүүгийн дарамтад ордог гэлээ. Зөв зээл гэж ямар зээлийг хэлэх вэ?

-Ер нь санхүүгийн сахилга бат чухал. Тухайн үеийн сэтгэлийн хөөрлөөр энэ гоё машин байна гэдэг агуулгаар хандаад явах юм бол буруу болж байгаа юм. Машин унахад тодорхой хэмжээний зардлууд гарна. Шатахуун, тос тосолгоо, замын хураамж, татварууд хүртэлх нөхцөл байдлаа тооцож санхүүгийн зарлагыг даах чадамж надад байгаа эсэхийг

тооцоолсны үндсэн дээр зээл авах эсэхээ шийдэж байх шаардлагатай. Харин зөв зээл гэдэг орлогод нь тохирсон, өөрөө төлөх чадвартай, санхүү дээр нь ямар нэг байдлаар илүү дарамт учруулахааргүй байх ёстой. Тэр зээлийг хугацаандаа бүрэн төлөөд, цаана нь амьжиргаагаа хангахуйц хэмжээний орлоготой бол хамгийн сайн зээл болно. Тэр нь урт хугацааны, ялангуяа одоо манайхны хэлдгээр ипотекийн зээл байж болно. Иймэрхүү зээлүүд харьцангуй зөв зээл юм. Энэ нь зээлийн хүү багатай, урт хугацаандаа төлөх боломжтой, зайлшгүй хэрэгцээтэй, өнөө маргаашийн амьдралд нь дарамт болохооргүйгээр судлагдаж зохицуулсан байдаг.

-Тэгвэл иргэд мөнгөө өсгөхийн тулд эргэлтэд оруулах, бизнес хийх нь зөв үү, хуримтлах нь зөв үү. Одоогоор манай эдийн засгийн байдал аль нь илүү таатай нөхцөлтэй байгаа вэ?

-Ерөнхийдөө бизнес эрхлэх үү, эсвэл тодорхой хөрөнгө оруулалт хийх үү гэдэг сонголт хувь хүнд байж болно. Хөгжилтэй улс орнуудад тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэчихсэн иргэдийн хувьд авч үзвэл нэг хэсэг нь хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулаад өгөөж хүртээд явах, нөгөө хэсэг нь тодорхой үйл ажиллагаанд хөрөнгө оруулаад тэр үйл ажиллагаандаа өөрөө оролцоод явах боломж байдаг. Жишээ нь жижиг, дунд бизнес буюу хувиараа эрхэлдэг хөдөлмөр гэх мэт байна. Хуримтлал үүсгэчихсэн иргэдийн хувьд хөрөнгө оруулалт тун зүгээр.Тэгэхээр хөрөнгө оруулалтыг хоёр төрөлд ангилж болох юм. Нэгт, хадгаламж хэлбэрээр банкинд байршуулж болно, эсвэл хувьцаа, бонд худалдаж авах замаар хөрөнгө оруулах гэдэг зарчмаар явах боломжтой. Хадгаламж бол илүү аюул, эрсдэл багатай гэж үзэх тохиолдол бий. Тэр утгаараа хүүгийн түвшин харьцангуй бага байдаг. Гэтэл бонд, хувьцаа авах нь арай эрсдэл өндөртэй гэж үздэг. Тиймээс хүүгийн түвшин бас өндөр. Ялангуяа хувьцаа нь тодорхой, урт хугацаандаа өгөөж хүртэнэ гэсэн иргэдэд тохиромжтой. Бонд ихэвчлэн өндөр хүүтэй, гэхдээ тодорхой хэмжээнд хадгаламжийг бодвол эрсдэлтэй байдаг. Тэгэхээр тэрийг бас тооцоолж байж юунд хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ иргэд судалж байж шийдэх хэрэг.

-Тэгвэл жижиг, дунд бизнес худалдааны эргэлт ямар байгаа вэ. Монгол Улсад ашиг олох боломжтой зүйл юу байна?

-Энэ жилийн эдийн засгийн нөхцөл байдлыг аваад үзвэл худалдаа үйлчилгээний салбар өсөлт жаахан тааруухан, сөрөг утгатай гарчихсан байдал ажиглагдаж байна. Тэгэхээр худалдааны болон үйлчилгээний үйл ажиллагаанууд эдийн засгийн харьцангуй хумигдмал нөхцөл байдалтай гэх үү дээ. Эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд ирэхээр мөнгөний зарцуулалт, эргэлтийн байдал харьцангуй багасдаг. Үүнтэй холбоотой үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх хүмүүсийн хэмжээ дагаад орлого багасдаг. Манайд том үйлдвэрлэл тийм олон байхгүй учраас үйлдвэрлэлээс илүүтэй үйлчилгээний салбарт нөлөө үзүүлдэг гэж бодож байна.

-Эдийн засгийн талаарх иргэдийн ойлголтод нэмж хэлэх зүйл танд байна уу?

-Хүмүүст хандаж нэг л зүйлийг хэлэхийг хүсдэг. Бүх зүйлийг зээлээр шийдэхээс илүү санхүүгийн сахилга баттай байгаасай гэж хэлэх байна. сүүлийн үед иргэд аппликэйшний зээлийг олон зэрэг авч байгаа судалгаа байдаг. Нэгээс авч нөгөөгийн хүүг төлсөөр сүүлдээ дийлэхгүй өрөнд ордог. Амархан гардаг гээд аппликэйшний зээл тооцоогүйгээр авснаас санхүүгийн дарамтад орсон тохиолдол их байна. Тэдгээр аппликэйшнүүд бүгд цаанаа холбоотой нэгдсэн системтэй тул, найдваргүй зээлдэгч гэх хар жагсаалт руу бүртгэгдэж дараагийн удаад үнэхээр хэрэгтэй зээл хүсэх үед боломжгүй болох эрсдэл бий. Олон аппликэйшнээс зээл авах тусам санхүүгийн хүндрэл нэмэгдэж, амьдралын нөхцөл байдалд нөлөөлж сэтгэл санаанд маш их дарамт үүсгэж байдаг. Төлж чадахгүй зээл гэдэг стресс бухимдлыг нэмж, амьдралын чанарт маш сөрөг нөлөөтэй. Зээл авахаасаа өмнө үнэхээр энэ зээлийг авах шаардлагатай юу, миний санхүүгийн төлбөрийн чадавх дийлэх үү гэдгийг тооцоолдог байгаасай гэж захья.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.