Б.Лакшми: Оюу толгойн борлуулалтын орлогыг дотоодын банкуудаар дамжуулснаар валютын орлого, гадаад төлбөр тооцоо илүү ил тод болно
Эдийн засагч Б.Лакшмитай "Оюу толгой" ХХК-ийн экспортын борлуулалтын орлогыг Монголын банкны системээр дамжуулах эрх зүйн зохицуулалт, олон улсын туршлага болон эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар ярилцлаа.
- Оюутолгой ХХК-ийн борлуулалтын орлогыг Монголбанкаар дамжуулахгүй байгаагийн хууль эрх зүйн үндэслэл юу вэ. Энэ асуудлыг ямар хууль, гэрээний аль зүйл, заалтаар зохицуулдаг вэ?
- Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкны системээр бүрэн дамжуулахгүй байгаа асуудал нь анх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үеийн зохицуулалттай холбоотой. Тухайн үед борлуулалтын орлогыг гадаад дахь дансаар хүлээн авч, тэндээсээ төлбөр тооцоо болон худалдан авалтаа санхүүжүүлэхтэй холбоотой тодорхой заалтууд гэрээнд тусгагдсан. Сүүлийн жилүүдэд энэ асуудлаар тодорхой өөрчлөлтүүд гарч, Оюу толгойн валютын урсгалын тодорхой хэсэг Монголын банкны системээр дамждаг болсон. Эдийн засагчид болон олон нийтийн зүгээс экспортын орлого дотоодын санхүүгийн системээр дамжихгүй байгаа нь эдийн засагт сөрөг нөлөөтэй учраас зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж ирсэн.
Олон улсын түвшинд байгуулсан гэрээний зохицуулалт чухал үүрэгтэй. Гэхдээ яг ямар хууль, гэрээний аль зүйл, заалтаар зохицуулж байгааг тодорхойлохын тулд хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох хууль тогтоомжийн заалтуудыг нарийвчлан авч үзэх шаардлагатай. Оюу толгойн орлого гадаад дахь охин компани болон бусад компаниар дамжин хөдөлдөг учраас нийт борлуулалтын орлогын хэдэн хувь нь дотоодын зах зээлд бодитоор орж ирж байгааг зөвхөн гэрээний заалтаас харах боломжгүй. Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлснээр Оюу толгойн борлуулалтын орлогын 57 орчим хувь нь Монголын арилжааны банкуудаар дамжин дотоодын валютын урсгалд оролцож байгаа бол үлдсэн 43 орчим хувь нь гадаад дахь зээлийн эргэн төлөлт, худалдан авалт болон гадаад дансанд байршуулах зэрэгт зарцуулагдаж байна. Монголбанкны хувьд иргэн, аж ахуйн нэгжид өдөр тутмын харилцах данс байршуулдаггүй. Оюу толгой зэрэг аж ахуйн нэгжүүд валютын орлогоо арилжааны банкуудаар дамжуулан байршуулж, валютын дуудлага худалдаа болон банк хоорондын хэлцлээр дамжуулан Монголбанкны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрддэг.
-Олон улсад уул уурхайн экспортын орлогыг зохицуулах ямар туршлагууд байна вэ?
-Олон улсад уул уурхайн экспортын орлогыг зохицуулах сайн туршлагатай орны нэг нь Чил улс. Тус улс баялгийн сантай бөгөөд төсвийн тогтвортой байдлыг хангах дүрэмтэй байдаг. Чилид үйл ажиллагаа явуулдаг гадаадын уул уурхайн компаниудад орлогоо гадаадад байршуулах боломж олгодог ч улсын төсвийн тэнцвэртэй байдлыг хангах бодлогоо хатуу баримталдаг. Үүний зэрэгцээ уул уурхайн салбараас төвлөрөх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад орлогыг төсөв, баялгийн сангийн тогтолцоотой уялдуулдаг. Дэлхийн зах зээл дээр түүхий эд, ялангуяа зэсийн үнэ өндөр байх үед бий болсон нэмэлт орлогыг бүхэлд нь дотоодын зах зээлд оруулахгүйгээр
тодорхой хэсгийг баялгийн санд хуримтлуулдаг. Харин зэсийн үнэ буурч, дэлхийн зах зээлийн эрэлт суларсан үед хуримтлуулсан хөрөнгөө эдийн засгаа дэмжихэд ашигладаг. Ингэснээр түүхий эдийн үнийн өсөлт, бууралтаас шалтгаалсан эдийн засгийн савлагааг бууруулж, уул уурхайн орлогоос хэт хамааралтай болох эрсдэлийг хязгаарлах боломжтой. Энэ нь манай хувьд ч анхаарч судлах шаардлагатай туршлага гэж харж байна.
-Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголбанкаар дамжуулан арилжаалах нь Монгол Улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх боломжтой вэ?
-Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын валютын зах зээлд илүү их хэмжээгээр нийлүүлж, дотоодын банкны системээр дамжуулах нь эерэг болон сөрөг талтай. Юуны өмнө экспортын орлогоос олж буй олон тэрбум ам.долларын тодорхой хэсэг Монголын санхүүгийн системээс гадуур үлдвэл Монголбанкны гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх боломж хязгаарлагдана. Валютын эрэлт өндөр, экспортоос ихээхэн хамааралтай манай улсын эдийн засгийн хувьд энэ нь төгрөгийн ханш сулрах, валютын хомсдол үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй. Нөгөө талаас экспортын орлого өндөр байгаа хэдий ч бодит мөнгөн урсгал дотоодын банкны системд бүрэн орж ирэхгүй байх нь төлбөрийн тэнцлийн үзүүлэлт болон валютын урсгалын бодит байдлыг үнэлэхэд хүндрэл учруулдаг.
-Эерэг тал нь юу байх вэ?
-Харин эерэг талаасаа уул уурхайн орлого дотоодын арилжааны банкуудаар илүү их хэмжээгээр дамжвал банкуудын хөрвөх чадвар нэмэгдэх боломжтой. Ингэснээр бизнесийн зээлийн хүү буурах, зээлийн хугацаа уртсах, дотоодын бизнес эрхлэгчдэд санхүүжилт хүрэх боломж сайжрах зэрэг эерэг үр дагавар гарч болно. Мөн валютын орлого, гадаад төлбөр тооцоо, зээлийн эргэн төлөлт болон хүүгийн зардлын талаарх мэдээлэл илүү ил тод болж, эдийн засгийн бодит нөхцөл байдлыг үнэлэх боломж нэмэгдэнэ. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хөрөнгө оруулагчдын итгэлцэл, эрх зүйн орчин, хөрөнгөө удирдах боломж чухал. Монгол Улсын улс төрийн болон эрх зүйн орчны тогтвортой байдалтай холбоотой эрсдэл өндөр гэж үзэгдэх тохиолдолд гадаадын томоохон компаниуд орлогоо гадаад дансанд байршуулах сонирхолтой байж болно. Тиймээс хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ дотоодын валютын урсгалыг нэмэгдүүлэх зохистой шийдэл хэрэгтэй. Мөн их хэмжээний валют богино хугацаанд дотоодын зах зээлд орж ирвэл төгрөгийн ханш огцом чангарах эрсдэлтэй. Энэ нь ноолуур болон бусад экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компаниудын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж болно. Монгол Улсын зах зээл, банк санхүүгийн системийн багтаамж хязгаарлагдмал учраас уул уурхайн их хэмжээний орлогыг цөөн хэдэн банкинд төвлөрүүлэх нь системийн эрсдэл үүсгэж болзошгүй. Иймээс орлогыг Монголын зах зээлд ямар хэмжээгээр, ямар хугацаанд, ямар хуваарийн дагуу нийлүүлэхийг урьдчилан төлөвлөх шаардлагатай. Хамгийн гол нь валютын урсгалыг нэмэгдүүлэх бодлогыг гэнэтийн савлагаа үүсгэхгүйгээр, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах зарчимтай уялдуулан хэрэгжүүлэх нь зүйтэй. Дараагийн эерэг нөлөө нь уул уурхайн баялаг ихтэй орнуудад тулгардаг “Голланд өвчин” гэх эрсдэлээс сэргийлнэ. Уул уурхайн экспортын орлого нэмэгдэж, валютын их хэмжээний урсгал дотоодын зах зээлд төвлөрөх нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг чангаруулж, бусад салбарын өрсөлдөх чадварыг сулруулах эрсдэлтэй. Харин борлуулалтын орлого, төлбөр тооцоог Монголын санхүүгийн системээр дамжуулж, валютын урсгалыг зөв зохицуулан удирдсанаар уг эрсдэлийг бууруулах боломжтой.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Г.БАЛГАРМАА


.jpg)






































































Сэтгэгдэл
Иргэн [103.212.116.46] 2026-10-30 11:05:49
Хамгийн гол нь тэд монголын банкуудад итгэхгүй байгаа юм. Хэдийд ч дампуурч мэдэх найдваргүй гэдгийг дээд зэргээр мэдэж байгаа.