АНУ-д Трампийн нэр хүнд ямар байна вэ?
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн үйл ажиллагаанд өгөх тус улсын олон нийтийн үнэлгээ буурсан үзүүлэлттэй байна. Түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа үргэлжилж, Конгрессын завсрын сонгууль ойртож буй энэ үед америкчуудын дунд явуулсан санал асуулгууд эдийн засаг, амьжиргааны өртөг, дотоод бодлогын асуудлаар сэтгэл дундуур иргэдийн хувь өндөр байгааг харуулжээ.
Гэхдээ Трамп Бүгд найрамдах намын дэмжигчдийн дунд олонхын дэмжлэгээ хадгалсан хэвээр байна. Reuters агентлаг болон Ipsos судалгааны байгууллагаас аравдугаар сарын 22-26-нд явуулсан санал асуулгаар америкчуудын 32 хувь нь Трамп Ерөнхийлөгчийн ажлыг сайшааж байгаагаа илэрхийлжээ.
Энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс нэг пунктээр өссөн боловч түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлтүүдийн нэг юм. Судалгаанд АНУ-ын насанд хүрсэн 1679 иргэн хамрагдсан бөгөөд түүврийн аргаар хийгдсэн байна. Бусад байгууллагын судалгаа ч ойролцоо дүр зураг харуулжээ. Тухайлбал, CNN телевизийн аравдугаар сарын 15-18-нд явуулсан санал асуулгаар Трампийн үйл ажиллагааг сайшаах иргэдийн хувь 32 байсан бол CNBC-ийн судалгаанд 40 хувьтай гарсан байна. Судалгаануудын аргачлал, түүврийн бүтэц, асуултын хэлбэр ялгаатай учраас эдгээр үзүүлэлтийг шууд харьцуулах боломжгүй. Гэсэн ч түүний үйл ажиллагааг сайшаахгүй байгаа иргэдийн хувь дэмжигчдийнхээс өндөр байгаа нь нийтлэг ажиглагдаж байна. Трампийн нэр хүндэд хамгийн их нөлөөлж буй асуудлуудын нэг нь эдийн засаг юм. Тэрбээр 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр инфляцыг бууруулж, өрхийн амьжиргааг сайжруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжихээ амлаж байсан. Харин эдийн засгийн бодлогын үр дүнгийн талаарх иргэдийн үнэлгээ харилцан адилгүй байна. Reuters/Ipsos-ийн аравдугаар сарын сүүлчийн судалгаанд оролцогчдын 73 хувь нь амьжиргааны өртөг буруу чиглэлд өөрчлөгдөж байна гэж хариулжээ.
Мөн эдийн засгийн асуудлыг аль нам илүү сайн шийдвэрлэж чадна гэж үзэж байгааг тодруулахад 37 хувь нь Ардчилсан намыг, 33 хувь нь Бүгд найрамдах намыг нэрлэсэн байна. CNBC-ийн судалгаагаар Трампийн эдийн засгийн бодлогыг сайшаах иргэдийн хувь 34 болж, хамгийн бага түвшинд хүрчээ.
Эдгээр үзүүлэлтээс харахад эдийн засгийн өсөлт, инфляцын талаарх албан ёсны статистикаас гадна иргэдийн өдөр тутмын хэрэглээний зардал, худалдан авах чадварын асуудал Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд өгөх үнэлгээнд чухал нөлөөтэй байна. Трампийн улс төрийн гол түшиг тулгуур болсон Бүгд найрамдах намын дэмжигчдийн дунд ч тодорхой өөрчлөлт ажиглагджээ. Reuters/Ipsos-ийн есдүгээр сарын судалгаагаар тус намын дэмжигчдийн 73 хувь нь Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг сайшаасан байна. Харин нэгдүгээр сард энэ үзүүлэлт 86 хувь байжээ. Өөрөөр хэлбэл, найман сарын хугацаанд намынх нь дэмжигчдийн дундах эерэг үнэлгээ 13 пунктээр буурсан гэсэн үг. Эдийн засгийн бодлогын талаарх үнэлгээ бүр ч мэдэгдэхүйц өөрчлөгдсөн байна. Бүгд найрамдах намын дэмжигчдийн дунд Трампийн эдийн засгийн бодлогыг сайшаах хувь 80-аас 56 болж, амьжиргааны өртгийн асуудлаарх эерэг үнэлгээ 70-аас 44 хувь болж буурчээ. Энэ нь түүний бодлогыг намынх нь сонгогчид ч асуудал тус бүрээр ялгаатай үнэлж байгааг харуулж байна.
Гэхдээ Трампийн улс төрийн дэмжлэгийг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр тайлбарлах боломжгүй. Түүнийг дэмжигчид хууль бус цагаачлалыг хязгаарлах, улсын хил хамгаалалтыг чангатгах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, олон улсын харилцаанд АНУ-ын ашиг сонирхлыг тэргүүнд тавих бодлогыг нь онцолдог.
Харин шүүмжлэгчид худалдааны бодлого, хэрэглээний үнийн өсөлт, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, гадаад харилцаан дахь шийдвэрүүд болон нийгмийн улс төрийн хуваагдлын асуудлаар шүүмжлэлтэй хандаж байна. Трампийн нэр хүндийн асуудал арваннэгдүгээр сарын 3-нд болох Конгрессын завсрын сонгуультай давхцаж буйгаараа онцлогтой. Энэ сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын суудлын тодорхой хэсгийн төлөө өрсөлдөнө. Сонгуулийн үр дүнгээс хамааран Цагаан ордон болон Конгрессын хоорондын улс төрийн хүчний харьцаа өөрчлөгдөх боломжтой. Reuters/Ipsos-ийн аравдугаар сарын 26-нд дууссан санал асуулгаар сонгогчдын бүртгэлд хамрагдсан иргэдийн 47 хувь нь Конгрессын сонгуульд Ардчилсан намыг, 36 хувь нь Бүгд найрамдах намыг дэмжихээ илэрхийлжээ. Шийдвэрээ хараахан эцэслээгүй сонгогчдын аль намд илүү талтай байгааг тооцсон үзүүлэлтээр Ардчилсан нам 50, Бүгд найрамдах нам 41 хувийн дэмжлэгтэй гарсан байна.
Мөн судалгаанд оролцсон Ардчилсан намын дэмжигчдийн 46 хувь нь санал өгөх өндөр идэвхтэй байгаагаа илэрхийлсэн бол Бүгд найрамдах намын дэмжигчдийн хувьд энэ үзүүлэлт 30 хувьтай байжээ. Гэхдээ санал өгөх хүсэл эрмэлзэл нь сонгуулийн өдөр бодитоор бүртгэгдэх ирцтэй заавал ижил байдаггүй.
Түүнчлэн үндэсний хэмжээний санал асуулгаар Конгрессын сонгуулийн үр дүнг шууд тодорхойлох боломжгүй. Төлөөлөгчдийн танхимын гишүүд тус тусын тойргоос, сенаторууд мужийн хэмжээнд сонгогддог учраас нэр дэвшигчдийн өрсөлдөөн, орон нутгийн асуудал, сонгогчдын ирц зэрэг хүчин зүйл чухал үүрэгтэй. Хэрэв Бүгд найрамдах нам Конгрессын аль нэг танхим дахь олонхоо алдвал Трампийн засаг захиргааны хууль тогтоох санаачилга, төсвийн бодлого болон томоохон шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд хүндрэл учирч мэдэхээр улс төрийн шинэ нөхцөл байдал үүснэ. Харин олонхоо хадгалсан тохиолдолд Цагаан ордны бодлогыг Конгрессоор дэмжүүлэх боломж хэвээр үлдэх юм. Трампийн талаарх олон нийтийн хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг The Economist болон YouGov байгууллагын аравдугаар сарын 10-12-нд явуулсан судалгаа мөн харуулжээ. Тус судалгаанд оролцогчдын 57 хувь нь Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээс хойш түүний талаарх дэмжлэг маань муудсан гэж хариулсан бол 16 хувь нь илүү эерэг ханддаг болсон гэжээ. Мөн 45 хувь нь Трамп Ерөнхийлөгч болсныхоо дараа сонгуулийн кампанит ажлын үеэр илэрхийлж байсан байр сууриасаа өөр бодлого баримталж байна гэж үзсэн байна.
Ийнхүү 2026 оны аравдугаар сарын санал асуулгууд Трампийн үйл ажиллагааг сайшаах иргэдийн хувь ихэнх судалгаагаар 30-40 хувийн хооронд байгааг харуулж байна. Түүний нэр хүнд Бүгд найрамдах намын дэмжигчдийн дунд харьцангуй өндөр хэвээр байгаа ч эдийн засаг, амьжиргааны өртгийн асуудлаарх үнэлгээ өмнөхөөс буурчээ.
АНУ-ын улс төрийн тогтолцоонд Ерөнхийлөгчийн нэр хүнд нь сонгуулийн үр дүнг дангаар шийдвэрлэх хүчин зүйл биш боловч эрх баригч намын улс төрийн орчин, сонгогчдын идэвх, Конгресс дахь бодлогын хэлэлцүүлэгт нөлөөлдөг чухал үзүүлэлт юм. Тиймээс удахгүй болох завсрын сонгууль нь Трампийн хоёр дахь бүрэн эрхийн хугацааны эхний үеийн бодлогод америкчууд ямар үнэлгээ өгч байгааг санал хураалтын үр дүнгээр харуулах чухал үйл явдал болно.
М.Чойжал


.jpg)






































































Сэтгэгдэл