Иргэд 17 жил үерийн ус туулна 

Aдмин / Нийслэл

Нийслэл хотоо өнгө үзэмжтэй, хөгжил цэцэглэлтээр дүүрэн байлгах тал дээр нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагаас 2040 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргасан. Үүнд ус зайлуулах хоолойг бүрэн байгуулснаар хотод ус тогтох, асуудал бүрэн шийдэгдэнэ гэж тусгажээ. Гэтэл 17 жилийг харж иргэд усанд автаж эд хогшлоороо хохирч үлдэх нь. Дарь-Эхэд амьдардаг иргэн Х.Галаа “Манайх энд ирээд дөрвөн жил болж байна. Жил бүр усанд автдаг. Шуудуу ухаад ч нэмэр байдаггүй. Уулын энгэрт газар авч, амьдарч байгаа нь бидний буруу. Гэхдээ эндээс өөр амьдрах газар олдохгүй байхад яалтай билээ. Өнгөрсөн жил гэрийн буурь цутгаад, гүнзгий шуудуу ухсан болохоор энэ жил гайгүй болов уу гэж найдаж байлаа. Гэтэл нэмэр алга бололтой. Уулын ус ширүүн болохоор бүгдийг нь хамаад явчих гээд байх юм” гэж байв. Гадаргуу дээрх ус зайлуулах байгууламж хүртээмжгүй байгаагаас нийслэлийн иргэд борооны улиралд үерийн усыг туучихаас өөр сонголтгүй байна. Авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний өргөтгөл, нөхөн сэргээлтийн ажилд жил бүр хөрөнгө төсөвлөдөг. Гэтэл зам дээрх үерийн усны асуудал давтагдсаар л байна. Сүхбаатрын талбайгаас Сонгинохайрхан дүүргийн цаад зах хүртэл явахад ус зайлуулах хоолой цөөнгүй харагдана. Тагны хэмжээ нь жижигхэн ч багтаамж ихтэй тус хоолойнууд битүүрвэл аадрын ус зам дээр хальж гарахыг хүмүүс андахгүй. Харин ус зайлуулах хоолойгүй газар шууд үерт автах нь тодорхой.

“УС ЗАЙЛУУЛАХ 209 КМ УРТ ШУГАМ СҮЛЖЭЭ БИЙ”

Сүүлд орсон хүчтэй борооноор Геодези, усны барилга, байгууламжийн газарт 35 удаагийн үерийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж зарим газарт усыг соруулжээ. Энэ тухай тус газрын ерөнхий инженер С.Батсайхан “Улаанбаатар хотын хэмжээнд замын ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ бий. Эдгээрийн арчлалт, цэвэрлэгээг манай байгууллага жил бүр тогтмол хийдэг. Улаанбаатар хотын Инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийн хэмжээнд 461 км урт ус зайлуулах шугам хоолойг шинээр барьж, байгуулах шаардлагатай гэж үзсэн. Эдгээрийг барьж, байгуулбал ус тогтох, үерлэх асуудал бүрэн шийдэгдэх боломжтой. Үүнийг 2040 он хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Харин сүүлд орсон борооны ус тогтсон газруудад таван машин, бригад, 25 засварчин, таван инженер, техникийн ажилчид ажиллалаа. Нийт 3000 тонн гаруй ус соруулсан. Эдгээрээс хамгийн их асуудал үүссэн цэг нь Тахилтын замаас 22-ын товчоо хүртэлх нүхэн гарц юм. Их хэмжээний үерийн ус хуримтлагдсан байдалтай байсан. Хэрэв ус зайлуулах хоолойг бүрэн дуусгавал энэ асуудал шийдэгдэх боломжтой” гэв. ШУТИС-ийн авто зам барилгын инженерийн байгууламжийн салбарын багш, судлаач, С.Амарбуян “Ус зайлуулах хоолойг бүрэн тавихад ордны хоёр талаар урссан ус байхгүй болсон. Түүнтэй адил алслагдсан, ус зайлуулах хоолойгүй газруудад энэ хоолойг тавих шаардлага тулгараад байна. Хэрэв угсралтын ажлыг нэмж төлөвлөвөл үерийн усны асуудал цэгцэрэх болно” гэсэн юм. Мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтсийн дарга н.Алтангэрэл “Авто замын 19.8 хувь нь борооны болон хөрсний ус зайлуулах шугамтай. Үлдсэн хэсэг нь шугамгүй гэсэн үг. Ус тогтдог таван байршлын хоёрыг нь хийж гүйцэтгэсэн. Нэгийг нь хийж байгаа. 2040 он гэхэд 336 километр үерийн суваг шинээр, 300 гаруй км борооны ус зайлуулах ажлыг эхний ээлжинд хийнэ гэж төлөвлөсөн. Борооны ус зайлуулах хоолойн шугам тавихад хөрөнгө оруулагч олоход хэцүү. Хэрэв хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдвэл үүнийг 2040 оноос өмнө шийдэх боломжтой. Үүнээс гадна барилга, байгууламж барьж байгаа газрууд борооны усны хоолойгоо эхнээс нь төлөвлөж, шийддэг болох хэрэгтэй” гэв.

25 БАЙРШИЛД УС ИХ ИХ ТОГТДОГ

2021 онд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ус их тогтдог байршлуудын судалгааг гаргасан. Ингэхдээ дүүрэг, хороод, иргэдээс ирсэн судалгааг нэгтгэн 25 байршилд ус их тогтож байна гэсэн дүгнэлт гаргажээ. Үүний 11 байршилд шинээр ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн бол бусад байршилд ус тогтсон хэвээр. Тухайн байршлуудад тогтсон усыг тусгай машинаар соруулж, шуурхай бригад ажиллан хэвийн байдалд оруулдаг гэнэ. Хотын төв, гол замууд дээр ус зайлуулах шугамыг бүрэн төлөвлөдөг ч гэр хороолол, алслагдсан, зуслангийн бүсийн замууд гадаргуугаар усаа зайлуулдаг. Энэ байдлаас болж зарим авто замын хонхор хэсэг, төв шугам, гаргалгаа хоолой байхгүйгээс ус тогтох асуудал гардаг. Энэ тухай жолооч Б.Марал “Зам ашигласны татвар гэж авдаг. Тэр мөнгөөрөө энэ асуудлаа шийдэх хэрэгтэй. Машинд мэдэгдэхүйц гэмтэл одоогийн байдлаар учраагүй ч их усанд машинтайгаа явахад хүндрэлтэй байдаг” гэв. Г.Болорцэцэг “ХХI хороололд бороо орохоор ус үерлэж тогтдог. Тус газарт ус зайлуулах хоолой байдаггүй байх. Машинтай явахад хэцүү. Миний машин жижиг учраас их ус туулаад гэнэт явахаа больсон” гэлээ. Харин XIX хорооллоос XXI хороолол руу явж байсан Б.Ганбаатар “Хотын захиргаа, удирдах газрууд нь дэд бүтцээ сайжруулж, ус зайлуулах хоолойгоо хүртээмжтэй тавьж өгөөсэй. Олон жил энэ асуудал шийдэгдэхгүй байна. Их ус туулаад байхаар машины моторт муугаар нөлөөлдөг. Хараад байхад зарим ус зайлуулах хоолой руу ус орохгүй эсвэл таглаатай байдаг” гэж байв.

“УРД МАШИН СУУЧИХААР АЙГААД БУЦСАН”

Улаанбаатарын зах хэсэгт тооцогддог Тахилтыг зорилоо. Тэнд амьдардаг хүмүүс борооноор нааш цааш явахад хүндрэлтэй байсан тухайгаа ярьж байсан юм. Учир нь тухайн газруудад ус зайлуулах хоолой байхгүйгээс нүхэн гарцуудад ус тогтсон аж. Нүхэн гарцан дээр очоод хэсэг хүлээж байснаа “За яадаг юм би машин дотор байгаа, ус орохгүй нь лавтай” гээд дайрч гарах гээд усанд суугаад буцсан иргэн “Нүхэн гарцны ус өмнө тогтдог шигээ л харагдаж байсан. Нүхэн гарцаар гарч гэртээ харих ёстой учраас зөөлхөн орсон. Гэтэл зах руу ороод машин унтрахаар нь сандарсандаа нэлээд түгшсэн. Хэсэг хугацааны дараа машин асахаар нь цаашаа биш зүгээр буцъя гэж бодоод хойно ирсэн машинаараа дэмнүүлж байгаад гарсан” гэв. Харин жолооч н.Цэцгээ “Миний урд машин нүхэн гарц руу оронгуутаа суучихаар нь айгаад буцсан" гэв. Энэ талаар мэргэжилтэн С.Батсайхан “Манай байгууллагаас 2019, 2020 онд Энхтайваны гүүрний нүхэн гарц, Баянмонгол, Соёолжийн нүхэн гарцад ус зайлуулах худаг угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний үр дүнд, усаа хэвийн соруулбал тус нүхэн гарцад ус тогтохооргүй болсон. Одоо Тахилтын нүхэн гарцыг Нийслэлийн замын хөгжлийн газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран шийдвэрлэхээр албан бичиг хүргүүлж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм.

ЦЭВЭРЛЭХ АЖИЛ 80 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНАСэлбийн гол доторх хог хаягдал нүдэнд тусна. Ил харагдаж байгаа бохирдлыг хүмүүс цэвэрлэж болдог. Харин түүний хажуугаар тавьсан замын дор байрлах шугам хоолойн хаягдлыг цэвэрлэхгүй байх нь хүчтэй орсон аадар гол болон урсах шалтгаан болж байна. Өндөрлөг хэсгээс бууж ирж буй үерийн ус гуу жалгаар урсан үерийн хоолой сувгаар гадагшлахаар төлөвлөгдсөн байдаг. Гэвч иргэд, аж ахуйн нэгжүүд хогоо ил хаяснаас үерийн устай их хэмжээний хог урсан худаг болон хоолойг бөглөдөг байна. Энэ жил Геодези, усны барилга, байгууламжийн газрын мэргэжилтнүүд 15-20 хүний бүрэлдэхүүнтэйгээр шугам, хоолой цэвэрлэх ажлыг эхлүүлэн 80 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа юм байна. Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Түвшинсанаа “Миний бодлоор одоо шинээр барьж буй орон сууцнууд хэт ойрхон талбайд баригдаж байгаагаас үерийн ус зайлуулах шугам сүлжээний дутагдал үүсэж байгаа санагддаг. Үүнээс гадна хотхон дотор хог хаягдлаа гаргаад хаячихдаг. Үерийн ус тогтох үзэгдэл өнгөрсөн зуны тухайд өмнөх жилүүдтэй харьцуулахад бага байсан. Гол нь иргэд өөрсдөө ухамсартай байж, хогоо энд тэнд хамаагүй хаяхгүй байвал ус зайлуулах хоолой хэвийн ажиллах боломжтой” гэлээ. Харин Нийслэлийн авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн “Замын гадаргууд байрлах ус зайлуулах байгууламж нь тухайн замынхаа гадаргуу дээр тогтсон усыг л зайлуулах үүрэгтэй. Хэрэв ямар нэгэн хогонд дарагдахгүйгээр ажиллавал авто зам дээр үерийн ус өмнөх жилүүдийнх шиг тогтохгүй. Өчнөөн тэрбум төгрөгийн хөрөнгөөр шүүрт худгуудын лаг шаврыг жилд хэд хэдэн удаа цэвэрлэдэг. Гэтэл ашиглалтын нөхцөлийг зөрчиж байгаа хүмүүс, ААН-үүдэд хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин байдаггүй. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 174 байршилд 4134.2 куб метр худгийн лагийг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгүүдэд тээвэрлэж ажилласан. Энэ онд борооны ус зайлуулах шугам худгуудын лагийг цэвэрлэхээр төлөвлөөд байна. Ил сувгийн цэвэрлэгээг ч мөн хийж байна” гэсэн юм. Иргэд хогоо зам дээр хаяхгүй, төр нь тэдэн жил гэж төлөвлөж суухгүйгээр ус зайлуулах хоолойд анхаарвал иргэд хохирохгүй, усанд автахгүй байж болох аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Сингапурт бол шавар цуглахгүй шаал хогийн. [66.181.189.204] 2022-06-29 15:29:51

Сингапурт явж байлаа. Гэнэт тропикийн ширүүн бороо орсон. Гэтэл Монгол шигээ бодоод энэ тэнд борооны ус цугларандаа гэж бодсон чинь ҮГҮЙ. Бороо асгаад л байх юм, гэтэл Сингаагийн зам нь усгүй, дээр нь борооны ус гоожоод л, тэгсэн мөртлөө тогтсон, цугларсан ус БАЙХГҮЙ. Тийм хүчтэй бороо ороод байхад шүү. 30 минут ороод зогсчихсон, нар гараад л. Гэтэл манай Улаанбаатар ёстой гоё, жоохон бороо ороход дурсгалтай сайхан. Шавар шавхай хураад л, хог урсаад л, машинууд усаа цацаад л. Кх!

Зочин [124.158.65.22] 2022-06-29 11:50:38

мунхаг монголчууд шинжлэх ухааны мэдлэг салбараа хөгжүүлж мэдэхгүй. БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ ӨНӨӨДӨР АРХИТЕТУР ТӨЛӨВЛӨЛТ БОЛОН ИНЖЕНЕР ГЕОЛОГИ ГЕОТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНАА ОРЧИН ҮЕИЙН ШАТАНД ОРУУЛЖ ХӨГЖҮҮЛЭХГҮЙ ЮМ БОЛ ҮЕРИЙН БОЛОН УЛ ХӨРСНИЙ УСАНД АВТАЛТАНДАА АВТАГДААД БААС ШЭЭСЭНДЭЭХУТГАЛДААД АМЬДРАХ ТИЙМ Л САЙХАН Л БАЙГАА ЮМ БАЙХДАА...


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.