Х.Батсуурь: Сангийн сайд Б.Жавхлангийн мэдэгдэл ард түмэнд буруу ойлголт өгч төөрөгдүүллээ

Aдмин / Эдийн засаг

Эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа


-Та Сангийн сайдын мэдэгдэлд их шүүмжлэлтэй хандаж байна лээ. Яагаад шүүмжлэх болов? -Сангийн сайдын мэдэгдэл хүмүүст буруу ойлголт өгөх, төөрөгдүүлмээр зүйлүүд байсан тул түүнийг анхаарах ёстой гэсэн юм. Тухайлбал, “харьцуулах юм бол” гэж байгаад “Манай улсын нийт гадаад өр ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байна. Гэтэл Сингапур улсад нийт гадаад өр нь 420 хувь буюу дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ дөрөв дахин их өртэй гэсэн үг. Англи улс ДНБ-ээсээ гурав дахин их өртэй. Япон улс тэрнээс бүр ч их өртэй гэсэн. Тэгэхээр энэ нь учир дутагдалтай, ташаа мэдээлэл л дээ. Үүгээрээ юу хэлэх гэж зорьсныг би мэдэхгүй. Хүмүүс үүнийг нь сонсоод Япон, Сингапур ийм их өртэй дампуурсан юм байна, манай улс харин гайгүй юм байх нь гэж тохуурхаж байх жишээтэй. Нэгдүгээрт, энэ бол яагаад ч харьцуулж боломгүй үзүүлэлт, улс орнууд юм. Хоёрдугаарт, дурдсан тоо баримтууд нь ташаа, буруу байна л даа. Өр бол ноцтой асуудал. Төрийн сайд, албаны хүмүүс энэ асуудалд нухацтай хандаж, судалгаатай ярих ёстой. Тэдгээр улсуудын эдийн засгийн хүчин чадал нь ямар билээ. Мэргэжлийн хүний хувьд баланс шийт /balance sheet/ буюу санхүүгийн тайланг нь харахдаа нэг талд нь өр зээл, нөгөө талд нь авлага байгааг хоёуланг нь харах ёстой.

Зөвхөн өр гэсэн хэсгийг хараад эдгээр улс өрөндөө баригдсан улс гэсэн ойлголт өгөхөөр зүйл ярьж болохгүй. Сайдын мэдэгдэлд дурдсан улсууд дээр жишээ авъя. Сингапур улс гадаадын нийт өр нь ДНБ-ийхээ 420 хувьтай тэнцэж байна гэсэн. Нөгөө талд авлагыг нь харах ёстой. Энэ улсын авлага нь өрнөөсөө бүр хэтрээд явчихсан. Өр авлага хоёрыг нь баланслаад үзэх юм бол Сингапур улс ямар ч өр байхгүй. Өчүүхэн жижиг газар нутагтай, 5.6 сая хүн амтай Сингапур улсын ДНБ нь 400 орчим тэрбум ам.доллар, маш баян улс. Манай ДНБ хэд билээ, 13 тэрбум ам.доллар. Сингапур нь зээлдэгч биш зээлдүүлэгч улс, өөрсдийнх нь хэлж буйгаар цэвэр балансын дүнгээрээ бол ДНБ-ийхээ 200 хувьтай тэнцэхүйц авлагатай гэнэ лээ. Ийм улсыг манайхтай харьцуулж болохгүй. Учир нь манайд авлага гээд байх юмгүй. Сингапурын хувьд олон улсын санхүүгийн томоохон төв учраас компаниуд, ялангуяа томоохон банкуудынх нь тайлан дээр гадаад, дотоодоос зээлсэн, татчихсан ихээхэн хөрөнгө байгаа.Тэр нь тайлангийн баланс дээр өр л гэж гарна шүү дээ. Банкууд нь эдгээр татсан хөрөнгөө зээл болгоод гаргачихсан байгаа нь авлага болж буй юм.

Сингапурын хувьд манайхаас тод ялгарах нэг зүйл бол Сингапурын засгийн газар хэзээ ч Сингапур доллараас өөр валютаар бонд гаргадаггүй, зээл авдаггүй бодлого юм. Тэгэхээр ер нь засгийн газар нь гадаад өргүй гэсэн үг. Англи улсын хувьд ДНБ-ийхээ 320 хувьтай тэнцэхүйц гадаад өртэй байна гэсэн. Гэтэл тэр өр нь улсынхаа мөнгөн тэмдэгт буюу паундаар төлөх өр. Хатуу валютаар төлөхгүй учраас Англи улсын хувьд энэ том асуудал биш. Япон улсыг Англиас ч илүү өртэй гэж хэлсэн. Японд тийм өр байхгүй. Японы өр өнөөдрийн байдлаар ДНБ-ийхээ 98 хувьтай тэнцэж байна. Судлаад үзэхээр энэхүү өрнийх нь ердөө 4-5 хувь нь гадаад валютаар төлөгдөх зээл. Үлдсэн 95-96 хувь зээл нь йенээр төлөгдөх зээл юм.

Түрүүн хэлсэнчлэн Сингапур улс бусад улсаас ихээхэн авлагатай бөгөөд үүнийх нь 1.3 тэрбум ам.доллар нь Монголын төлөх өр юм. Манайх Японд бас 1.6 тэрбум ам.доллар орчмын өртэй. Хятадад манайх 3.7 тэрбум ам.долларын өртэй. Үүний ихэнх нь Хятадын ардын банкнаас 2013 оноос эхлэн своп хэлцлээр авсан зээл байгаа. Өдгөө 10 шахам жил болж байна, төлөх хугацаа нь аль хэдийнэ өнгөрсөн. Бид удаа дараа гуйж гувшин хугацааг нь сунгасаар яваа. Зээл өгсөн Хятадын ардын банкинд манайхтай тоглох том хөзөр байна аа гэсэн үг.

-2012-2016 оны Засгийн газар есөн удаа бонд гаргаж ихэнх өрийг тавьсан. Бид тэр өрийг төлж ажиллаж байгаа гээд өмнөх Засгийн газар руу буруугаа чихсэн маягийн зүйл хэлж байна лээ?

-Энэ бол хоёр талтай асуудал. Юун түрүүнд авсан зээлийг хэн яаж зарцуулав, өнгөрсөн хугацаанд төр засгийг хэн барьж ирэв, санхүү, мөнгийг хэн мэдэж ирэв, гэдэг асуудлыг тодорхойлж хариуцлага ярих ёстой байх. Өрийг өрөөр дардаг, далимдуулж шаардлагагүй нэмэлт зээл авч үрэн таран хийдэг, зарцуулалт нь замхардаг, түүнд нь хэн ч хариуцлага үүрдэггүй асуудал 2011-2012 оноос хойш замбараагаа алдсан нь үнэн. 2012 онд авсан 1.5 тэрбум ам.долларын Чингис бондын үлдэгдэл 1 тэрбум ам.долларыг Монгол Улс энэ жил төлөх ёстой. Үүнийгээ манай Засгийн газар өөр бонд гаргах, өөр эх үүсвэрээс зээл авах замаар түр хугацаанд хойшлуулсан маягаар аргаллаа. Чингис бондоос хойш ер нь бондын давлагаа эхэлсэн л дээ. Самурай, Дим сим, Мазаалай, Гэрэгэ, Хуралдай, Хөгжлийн банкны бонд, Номaд, Сентури өөр юу, юу ч билээ. Гэхдээ дөрвөн бонд нь л өмнөх зээлийг төлөхөд зарцуулагдсан. Бусад нь төсвийн алдагдлыг нөхөх болон бусад шалтгаанаар бий болсон гээд байгаа. Нэг талаар өмнөх өр зээлээ дарах гэж нэмж өр тавьсан, нөгөө талаар үүн дээр дөрөөлж шаардлагагүй их хэмжээний өр нэмж тавьсан асуудал бий. Ковидын үед хэрэглэсэн мөнгө санхүү гээд асар их учир нь олдохгүй зүйлс байгаа шүү дээ. Үүнийг судлахын тулд бие даасан, хараат бус эдийн засгийн шинжээчдээс бүрдүүлсэн аудит оруулна уу гэхээс зүгээр нэг Засгийн газраас томилсон аудитын судалгаанд бол үнэн бодитоороо гарч ирэхгүй болов уу

-Тэгэхээр одоо байгуулсан хянан шалгах ажлын хэсгийн судалгаа учир дутагдалтай гэсэн үг үү?

-Учир дутагдалтай. Хараат бус, бие даасан судлаач шинжээчдийг гаргаж байж бодит байдал үнэнээрээ гарна.

-Сайд өрийн хүндрэлээс гарах, өрөө төлж барагдуулах арга зам нь төлбөрийн тэнцлийг сайжруулах гэж хэлсэн. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ?

- Сайд маань өрийн хүндрэлээс гарах гаргалгаа нь төлбөрийн тэнцлийг сайжруулах замаар өрөө төлж барах юм гэж ярьж байна лээ. Сонирхолтой нь төлбөрийн тэнцлийг хасахтай гаргаад байгаа зүйл нь өөрсдийнх нь нэмж аваад байгаа бонд, зээл юм шүү дээ.Өөрөөр хэлбэл, ам нь цангаж байгаа хүн ус уувал цангаа нь гардаг гэж байгаатай л адил гэмээр юм уу даа. Тэр ч мэдээжийн асуудал. Тийм бол тэр усыг хаанаас яаж авчрах вэ гэдгийг ярих ёстой. Яг үнэндээ манай улсын төлбөрийн тэнцэл тун дажгүй сайн байх учиртай. Харин төлбөрийн тэнцлийг алдагдалтай харагдуулаад байгаа зүйлсээ, өр төлбөрт тооцогдох ёстой, ёсгүй зүйлсээ бид нягтлан харах нь зүйн хэрэг байх. Төлбөрийн тэнцэлд голлох ач холбогдолтой урсгал данс, үүн дундаа гадаад худалдааны хувьд манай улс өндөр ашигтай байгаа. 2014 оноос хойш найман жил, ер нь л жилдээ 1-2 тэрбум ам.долларын ашигтай байна гэдэг тун дажгүй үзүүлэлт. Гэтэл гадаад өр улам л ихсээд байдаг. Тэгэхлээр яг энэ янзаараа явбал төлбөрийн тэнцэл хичнээн сайжирсан ч манай улс гадаад өрөө ерөөсөө төлж чадахгүй байх магадлалтай. Худалдааны тэнцлийн ашиг хаашаа ороод байгаа юм бэ, ер нь Монголд орж ирдэг юм уу, үгүй юм уу, зүгээр л цаасан дээр байдаг тоо юм уу, гээд асуудлууд байгаа. Хятад улс л гэхэд сүүлийн гучаад жил худалдааны тэнцэл нь маш өндөр ашигтай учраас үнэндээ гадаад өргүй, харин ч авлагатай явж байна.

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улс дефолт зарлах хэмжээнд очоогүй гэсэн мэдээллийг сайд өгөөд байгаа шүү дээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газар энэ жилийн хувьд дефолт зарлахгүй байх аргаа олсон байх шиг байна. Гэхдээ харамсалтай нь манай улс энэ янзаараа явбал дефолт дампуурал гэдэг нь цаг хугацааны л асуудал болчихоод байна. Нөгөө талаас Хятадын ардын банк своп зээлийн төлбөрөө нэхэх эсэх, ямар нөхцөл тавихаас олон зүйл хамаарах болчихоод байна. Шинээр гарч ирсэн засгийн газар болгон амжилттай, сайн яваагаа пиардаад байдаг. Харамсалтай нь өр нь улам нэмэгдээд, инфляц нь улам ихсээд, амьдрал улам ядуураад байдаг. Тавьсан өрөө дарахдаа нэмж зээл авах нь манай дарга нарын яриад байгаа шиг тийм том амжилт, мэргэжлийн ажиллагаа юу. Угаасаа энэ гадны сурцтай, амташсан нөхдүүд (санхүүгийн корпорацууд) чинь байгалийн баялаг ихтэй, ядуу улсад бол төлбөр нь найдвартай гээд зээлийг хэдийг л бол хэдийг өгдөг туршлага бий. Шри-Ланк, Тажик гээд ойрын жишээ ярих нь илүүц биз. Энэ жилдээ томоохон төлбөр үгүй болохоор Сангийн сайд нэлээн итгэлтэй ярьж байна. Дараа жил дахиад нэг тэрбум орчим долларыг Самурай, Гэрэгэ бонд гээд бас бус төлбөрүүдийг төлөх ёстой. Гэхдээ 2023 онд дэгдэх асуудалд тодорхой хэмжээгээр бэлтгэж байгаа байх. Төлбөрийн тэнцлийн асуудал дээр нэмж хэлэхэд, хасах гаргаад байгаа нь манай компаниудын өр юм. Тухайлбал, Оюу толгойн зээл гэхэд л бүхэлдээ манай улсын өр гэж тусгагдсан. Одоо бол манай улс эзэмшдэг 34 хувьдаа ч ногдох өрийг цуцалсан гээд байгаа шүү дээ. Тиймээс энэ зээлийг төлбөрийн тэнцэлдээ яаж тусгах вэ гэдгийг бодох нь төлбөрийн тэнцлээ сайжруулах нэг зам юм. Хөрөнгө нь манайд оногдохгүй атлаа өр нь төлбөрийн баланс дээр гараад байгаад ард иргэд ч шүүмжлэлтэй ханддаг.

Уг нь өнөө жил эдийн засгийн хувьд гадаад нөхцөл байдал ихээхэн таатай байгаа ч энэ засгийн газар нөхцөл байдлыг ашиглаж чадахгүй, эдийн засгаа бүр хүндрэлд оруулчихаад байгаа нь тэдний ажлын туршлагагүй байдал, ур чадварын дутагдлаас үүдэлтэй. Хэдийгээр манай хөрш ОХУ дайны байдалтай байгаа ч энэ нь тухайн орчин, Европ, Америкт л сөргөөр нөлөөлөхөөс манайд бол харин ч эерэгээр тусаж байна. Олон улсад үүссэн ийм хүндрэлтэй үед хятадууд ч манайд муугүй хандаж байна. Энэ нөхцөл байдалд улсаа дампуурлын ирмэг дээр авааччихаад бусдад буруугаа тохоод сууж байж болохгүй. Жишээ нь, ОХУ-ын зүгээс найрамдалт харилцаатай орнууддаа бензинийг маш хямдхан нийлүүлье гэснийг хятадууд ашиглаад маш их орлого олж байна.

Дэлхийн зах зээл дээрх үнээс 30-35 хувь хямд худалдаж аваад дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй цааш нь дамлаж зараад их хэмжээний ашиг олж байна. Гэтэл манайх энэ боломжийг огт ашиглаагүй. Бид гадаа талбайд жагсаал цуглаан хийж, шаардаж шахаж байж Уул уурхайн дэд сайд ОХУ руу явахаас өөр аргагүй болоод явсан. Очоод олигтой хэлэлцээр хийж чадаагүй. Ажлын туршлага, нэр хүнд, зангараг, ур чадвар бүх л юм дутагдсан. Сайд дарга нар ахин, дахин ОХУ руу 4-5 явж, ард түмэн шаардаж байж энэ жилийг дуустал АИ92 шатахууныг арай хямдавтар үнээр авах болсон. Тэр үед Сангийн сайд Б.Жавхлан “ОХУ-аас авдаг шатахууны хэмжээг нэмэгдүүлж бид Украины дайныг санхүүжүүлэхгүй” хэмээн төрийн хүн, сайд хүний амнаас гарамгүй үг хэлээд хэвлэлээр баахан шуугьсан. Энэ үг нь ч хэлэлцээрт нөлөөлсөн байх магадлалтай шүү дээ. Бид ОХУ-аас бензин авдаг л байсан, авдагаараа л авч байгаа. Хамгийн гол нь авахаас ч өөр сонголт байхгүй. Хэн ч биднийг илүү ихийг ав гээгүй. Хямдхан аваад Хятад, Энэтхэгүүд шиг дамлаад зарсан ч яадаг юм. Жинхэнэ Сангийн сайд ингэж сэтгэж бодох ёстой биш үү. Бид өөрсдийнхөө л төлөө хийж байгаа болохоос Оросын төлөө хийгээгүй шүү. Бас “Зөвшөөрсөн учраас л бид ОХУ-тай арилжаа хийж байна” гэнэ үү.

Бензин авахын тулд бид бас хэнээс ямар зөвшөөрөл авах ёстой юм бэ. Бидэнд тийм олон сонголт байгаа юм уу. Ямар ч Засгийн газар зөвхөн миний үед л улс дампуурлаа зарлахгүй бол бусад нь хамаагүй гэсэн хоноцын сэтгэлээр хандаж байгаа нь “төлсөөр” атал улам нэмэгдээд байгаа манай улсын өрийн тайлбар юм. Өнөөдөр Монгол Улсын нийт гадаад өр 34 тэрбум ам.доллар үүнээс төр, засагт шууд хамааралтай нь 11 тэрбум ам.доллар, “ПиАр”-аар засаглах нь хэр хол явдгийг, юу хийдгийг сүүлийн үед байгуулагдсан Засгийн газрууд харууллаа. Ард түмэн ч одоо хөрсөн дээрээ бууж ойлгож байна.

СОСОРБАРАМЫН ОТГОНБАЯР


Сэтгэгдэл

а [192.82.74.106] 2022-08-12 08:46:07

Жавхлан ердөө МАН-ын жуман хулгайч нарын л нэг. Өөр юу ч биш

Зочин [192.82.78.68] 2022-08-12 01:55:52

Sri Lankatai xaritsuul. Ene nuxur eurobond irex jil tulnu geed baisan. Eurobond ni 2017 ond xugatsaandaa tulugdsun baina lee. Daraa jil tulux ni samurai , gerege bond yum baina l daa.

Зочин [202.55.188.106] 2022-08-11 02:05:13

Би хэлмээр байдгийн хөрьцуулах улс орныг сонгохдоо хөгжлийн түвшин ойролцоо улстай харьцуул гэж тэрнээс тэнгэрийн юмтай харьцуулахаа болих хэрэгтэй

Зочин [202.9.46.0] 2022-08-11 01:02:20

Монгол хүнд төр барих чадвар мэдлэг байхгүй хятадын банкний өрөнд улсаараа очиж хятадын нэг хэсэг болвол ядуурлаас гарч хүн шиг амьдрах байх өвөр монголчууд сайхан л амьдраад байна

зочин [66.181.182.232] 2022-08-10 14:38:17

Яадаж ийм өндөр боловсролтой хүнийг зөвлөхөөрөөч болохнээ аваачээ, намчирхаад ер нь хаа хүрэх вээ Ерөнхий сайдаа, сангийн сайдаа!!! цаг хугацаа , зах зээл, дэлхий биднийг хүлээхгүй шүү!!!

Зочин [103.161.242.118] 2022-08-10 13:31:55

Ямар ч гаднаас авах авалгагүй дан өртэй, өр нь ДНБ - ий 220 хувьтай тэнцэнэ. Энэ бол манай улс дефолт зарлаад 3 жил болж байна гэсэн үг. Албан ёсоор зарлаагүй л болохоос. Гадаадын банкны төлөөлөгчид,хөрөнгө оруулагчид манайхыг харж үзэж байгаа нь том хэрэг. Ядаж бондуудынхаа өрийг цаг тухайд нь бүрэн төлөөд явбал энэ байдлаас аажимдаа гарч болох юм. Томчуудын энд тэнд нуусан их мөнгөний ядаж гуравны хоёрыг хурааж чадвал өрнөөс салах боломжтой. Тэхдээ бүтэхгүй биздээ....

Зочин [192.82.87.205] 2022-08-10 08:49:14

Улсынхаа нэг жилийн хэрэгцээг хангачих нөөцийн савгүй байж яаж хямд аваад зарах вэ дээ

Зочин [103.57.94.126] 2022-08-10 06:45:53

Ter saidantsariig ogtsoruul

зочин [49.0.130.24] 2022-08-10 05:49:36

ортой биш жинхэнэ үнэн дүр төрхийг бичсэн байна тайлан тэнцлийнхээ утгыг ойлгож уншиж чаддаггүй тэнэг сангийн сайдтайгаа байгаад байвал бид хэзээ ч өөдлөхгүй байсаар байгаад мөхөж жавлан л хагартлаа баяжих байх

ЗОЧИН [103.10.22.87] 2022-08-10 04:55:46

САЙД ЖАВХЛАН ӨӨРИЙН УЛСЫН ӨРИЙГ БУСАД УЛСТАЙ ХАРЬЦУУЛСАН ХУУРАЛТЫГ ХАРИН МАШ САЙН ЗӨВ ТАЙЛБАРЛАЛАА, ЕР НЬ ОНОЛ, ПРАКТИКИЙН ХУВЬД ОНОВЧТОЙ, ЗӨВ ЯРЬЛАА, ЭНЭ САНГИЙН САЙД Ч ХОЛ ЯВАХГҮЙ ХОГ ШИВ ДЭЭ, АРД ТҮМНИЙГ ХУУРАХААС ӨӨР ЮМ ЭНЭНЭЭС ГАРАХГҮЙНЭЭ, БАС Л ХООСОН МАХАН ТОЛГОЙ.

Зочин [202.179.26.22] 2022-08-10 03:58:21

Хэрэг алга аа ийм хөлдүү нөхөрийг яах гэж сайд болгодог байна аа

хэн [202.9.47.23] 2022-08-10 03:56:03

хэнч ойлгохгүй байхдааа малааа нам дагаж амьдарсанл баяждаг улс монгол

Зочин [66.181.160.57] 2022-08-10 03:14:46

ортой л юм чичсэн байна


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.