ЗГ: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ 18.7, ЗАРЛАГЫГ 20.2 ИХ НАЯД ТӨГРӨГ БАЙХААР ТУСГАВ

Aдмин / Улстөр

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

Монгол Улсын ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 18.7 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 20.2 их наяд төгрөг байхаар тусгажээ. Төсвийн алдагдал 1.5 их наяд буюу ДНБ-ий 2.8 хувтай тэнцэх аж.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэхдээ, “Төрийн хэмнэлтийн хуулийг энэ оны тавдугаар сард баталсан. Энэ хуулийн дагуу Монгол Улс энэ онд 198 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдсэн юм. Харин ирэх онд 1 их наяд төгрөгийг дээрх хуулийн хүрээнд хэмнэх боломж бүрдэж байгаа юм. Төсвийн хуулийн хүрээнд ирэх онд баялаг бүтээгчдээ дэмжих татвар, төсвийн бодлого хэрэгжүүлнэ. Тухайлбал, Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийг 2027 он хүртэл гаалийн татвараас чөлөөлж, IPO гаргасан компанийн хувьцааны ногдол ашгийн татвар дотоодод 10, гадаадад бол 20 хувь байдгийг 5 хувь болтол бууруулна. Хөрөнгийн оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжиж, 10, 25 хувийн татварыг нь тэглэнэ. Мөн IT компаниудын гадаад руу шилжүүлж буй гадаад гүйлгээний татвар 20 хувь байсныг 5 хувь болгож багасгах юм. Энэ нь цахим салбарыг хөгжүүлэх үүднээс томоохон технологи нутагшуулах зардлыг хэмнэж буй юм. Мөн гарааны компаниудыг татвараас 3 жил чөлөөлдөг байсныг 5 жил болголоо. Энэ жилийн төсвийн бодлогын онцлог нь Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжихэд чиглэсэн.

Монгол Улс 3.3 сая хүн амтай атлаа нутаг дэвсгэрийнхээ 0.3 хувьд хүн амын 50 хувь нь төвлөрдөг. Энэ нь түгжрэлээс эхлээд эдийн засгийн ихээхэн асуудал дагуулдаг. Үүнийг сааруулах үүднээс татварын бодлогоор дэмжинэ. Ингэхдээ импортын шинэ автобусыг 2024 он хүртэл гаалийн албан татвар болон НӨАТ-аас чөлөөлнө. Энэ бол иргэдийн автомашины хэрэглээг хязгаарлахаас өмнө нийтийн тээврийг хөгжүүлэх боломж.

Хоёрдугаарт, нийслэлд ажилладаг аж ахуйн нэгж хамт олноо нийтийн тээврээр зорчуулж байгаа бол үүнд гарч буй зардал бүрд татварын хөнгөлөлт олгоно. Ингээд 339 тэрбум төгрөгийг нийслэлийн автопарк шинэчлэхэд зориулахаар болж буй юм. Төвөст орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татварын асуудал бий. Ингэхдээ шатлалын босгыг өндөр тавьсан. Ингэснээр хувь хүний орлогын албан татвар төлдөг 817 мянган иргэний 0.1 хувь нь л уг татварыг төлөх юм. Хувь хүний орлогын албан татвар 10 хувь байгаа. Одоо бол сарын 10 сая төгрөг хүртэлх орлогод 10 хувь, 10-15 сая бол давсан хэсэг буюу 5 хүртэлх сая төгрөгт нь 15 хувь, 15 саяас дээш бол давсан хэсэгт нь 20 хувийн татвар ногдох юм. Энэ бол цар тахлын үед улс орнуудын хэрэгжүүлж буй бодлого. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүнд үед өндөр орлоготой хэсэг нь татвараараа ачааллыг нь аваад явах, бага орлоготой хэсэгт илүү их тусламж, дэмжлэг олгох зарчим юм.

Дараагийн нэг онцлог бол төрийн албан хаагч нарын цалингийн систем. Энэ системд сүүлийн 20 жил өөрчлөлт ороогүй. Одоо бол 165 цалингийн системтэй байгааг 20 болгож байгаа. Ингэснээр цалингийн систем ойлгомжтой болж, өртөгт суурилсан санхүүжилт, гүйцэтгэлд суурилсан урамшууллын системийг хөгжүүлэх юм.

Тухайлбал, төрд олон жил ажилласны нэмэгдэл 5 жил тутамд нэмэгддэг. Үүнийг жил бүр нэг хувиар нэмэх зохицуулалт хийж байгаа. Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын цалин сүүлийн 3 жил огт нэмэгдээгүй. Тиймээс тэдний цалинг 20 хувиар нэмээд, цаашид дахин нэмэх боломжийг нь орон нутагт өгч байгаа. Энэ зохицуулалтаар цалин 2 дахин нэмэгдэх ч боломжтой юм. Мөн уул уурхайн компаниудаас орон нутгийн иргэдэд өгдөг хандив, тусламж ойлгомжгүй, далд явж ирсэн. Үүний улмаас уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоох, хөөх асуудал үүсдэг. Тиймээс уул уурхайн компаниудад судалгаа хийж үзлээ. Тухайлбал, 2020 онд уул уурхайн цөөн хэдэн компани 6 аймагт 75.6 тэрбум төгрөгийг өгсөн байна. Энэ нь аймгийн ЗДТГ, ИТХ-аар дамждаггүй, хардлага сэрдлэг дагуулдаг байсан. Үүнийг хуульчилж, уул уурхайн болон бусад салбарын аж ахуйн нэгж тухайн аймагтаа хандив өгөх бол зөвхөн Орон нутгийн хөгжлийн санд өгнө.

Уг санг ИТХ удирддаг тул хяналт тавих боломж бүрдэнэ гэсэн үг. Энэ бүх бодлогыг хэрэгжүүлснээр экспорт 2.4 тэрбум, импорт 2.1 ам.доллароор нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, ирэх жил импортыг “хазаарлана”. Зэсийн экспорт 1.4 сая тонноор нэмэгдэх бөгөөд энэ нь ирэх оны хагаст Оюутолгойн хүчин чадал нэмэгдэхтэй холбоотой. Нүүрсний экспортыг цар тахлын өмнөх үед хүргэнэ. Ирэх жил хэмнэх боломжгүй, зайлшгүй нэмэгдэх 1.5 их наяд төгрөг бий.

Өөрөөр хэлбэл, энэ оны тэтгэвэр нэмсэнтэй холбоотой шууд гарах зардал, Ерөнхийлөгчийн санаачилсан Хүсний хангамжийн хөтөлбөрт 228 тэрбум төгрөг зарцуулах гэх мэт. МСҮТ төгсөгчдөд сар бүр өгдөг байсан тэтгэмжийг төгсөх үед нь өгдөг болох зэрэг. Онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын орон нутагт ажилаж буй албан хаагчдад олгох тэтгэмж бий. Ирэх жил өрхийн хэмжээнд эрчим хүчний тариф нэмэгдэхгүй. Аж ахуйн хэмжээнд нэмэгдэх юм” хэмээв.

Ирэх онд хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1 их наяд 394.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ нь нийт хүүхдийн 91 хувьд очих аж. Цар тахлын үед өрхийн орлогыг хүүхдийн мөнгөөр дамжин нэмж байсан бөгөөд үүнийг огцом бууруулах боломж байхгүй. Харин хүн амын өндөр ологотой хэсэг хүүхдийн мөнгөнөөс татгалзаж, бага, дунд орлоготой өрхөд хүүхдийн мөнгийг өгөх аж. ХНХЯ болон ҮСХ-ны тоон мэдээлэлд үндэслээд 3.7 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийг өндөр орлоготойд тооцож буй аж. Улсын хэмжээнд нэг өрхийн сарын дундаж орлого 1.5 сая төгрөг байгааг Сангийн сайд мэдээллээ.

Ирэх жил:

  • Хөшгийн хөндийн газар доорх дэд бүтцийн ажлыг үргэлжлүүлэхэд 68 тэрбум төгрөг,
  • Нийслэлийн түгжрэлийг сааруулж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэхэд 339 тэрбум төгрөг зарцуулна.
  • Гадаад зээл тусламжийн хэмжээг 2022 онынхоос 182 тэрбум төгрөгөөр нэмнэ,
  • Орон нутгийн хөрөнгө оруулалтыг бууруулна.
  • Бүх төрийн өмчийн үйлдвэрийн газарт шинэ хөрөнгө оруулалт байхгүй.
  • Шинэ хөрөнгө оруулалтыг эрчим хүч, боомт, боловсруулах чиглэлийн бэлтгэл ажилд чиглүүлнэ.
  • Ирэх оны төсвийн төслийг маргааш буюу энэ сарын 29-нд өргөн барихаар төлөвлөсөн байна.


Сэтгэгдэл

Иргэн [103.57.93.50] 2022-09-29 20:31:04

Алдагдалтай төсөв баталдаг УИХ бидэнд хэрэггүй шүү. Алдагдалаа цалин хангамжаараа нөхөн төлөөрэй.

Зочин [66.181.160.13] 2022-09-29 18:39:03

Ойлгох ухаан хүрэхгүй бнаа. Должин эмээгээр төсөв гаргуулах юмсан. Тэмцэгч шүгэл үлээгч залуус. маань СЯ дээр очоосой!

Зочин [66.181.160.13] 2022-09-29 18:36:00

А ойлгохгүй, ухаан хүрэхгүй юм, мөнгө нь хүрэхгүй байхад байхгүй мөнгөөр юм хийнэ гээд төсөл төсөвлөөд байдаг.нууц бодлрготой л байна гэж хардаж байна! УИХ-ын ухаантай гишүүд маань батлах, батлахгүй нь л шийдэж дээ. харъя даа..

Зочин [66.181.160.13] 2022-09-29 18:33:36

Олох мөнгө нь хүрэхгүй байхад өр тавьж ажил хийнэ гээд байдаг. Ямар учиртай юм бэ,? УИХ алдагдалгүй төсөв батална гээд буцаагаасай. гишүүд маань.

Зочин [66.181.176.214] 2022-09-29 13:35:33

тэтгэвэр нэмээ. бүх юмны үнэ нэмэгдээд байхад яаж амьдруулаад бна. дундач тэтгэвэр авагчдыг хамгийн багаар нэмж тэтгэвэрийн үнэлэмжийг бууруулж хохироосон

Зочин [192.82.81.62] 2022-09-29 10:06:40

Ойлгохгүй юм аа.Яагаад орлогоосоо зарлага нь их байхаар батлаад байдаг юм бол доо. 180 төгрөгний орлого олоод 200 төгрөг зарлагадана гэдэг гаднаас зээл авах ,мөнгө хэвлэх ажил шүү дээ.БИ ХАРДААД БАЙНАА.АРАЙ ОДООНООС ИЙМЭРХҮҮ МАЯГААР СОНГУУЛИЙН МӨНГӨӨ БОСГООД БАЙДАГ ЮМ БИШ БИЗ . ЭСВЭЛ ЭДГЭЭР НӨХӨД ТОО БОДОЖ ЧАДДАГГҮЙ ЮМ УУ .ОРЛОГО ЗАРЛАГИЙН МӨНГӨӨ ЗОРИУДААР СОЛЬЖ ТАВИАД БАЙНА УУ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.