Украин дахь авлигын эсрэг аяны хүрээнд хэд хэдэн өндөр албан тушаалтныг огцруулжээ

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский засгийн газартаа халаа сэлгээ хийснээр хэд хэдэн өндөр албаны хүнийг огцруулжээ. Тэр дунд өөрийнх нь гол зөвлөх болон дэд сайд 4 хүн, мөн 5 мужийн захирагч багтсан байна. Украинд эхлүүлж байгаа авлигын эсрэг өргөн хүрээтэй аяны хүрээнд энэ халаа сэлгээ хийгдсэн гэж мэдээлж байна. Албан тушаалтнууд авилгад холбогдож, бараа бүтээгдэхүүн хэт хөөргөдсөн үнээр худалдан авч бас тансаг амьдралд умбаж байна гэх өргөдөл гомдол сүүлийн үед Украины эрх баригчдад хүрчээ. Зеленский “шударга ёсыг нийтээр сахиулах” олон нийтийн гол үндсэн шаардлагад нийцүүлж ажиллаж байна гэж тэргүүн шадар Михаил Подоляк мэдэгдсэн байна.

Хамгийн эхэнд ажлаа өгсөн хүний нэг нь Ерөнхийлөгчийн ажлын албаны бүс нутгийн бодлого эрхэлсэн дэд дарга Кирилл Тимошенко байна. Эрэн сурвалжлагч сэтгүүлчид түүнийг дайны үеэр тансаг зэрэглэлийн хэд хэдэн төрлийн спорт машин сэлгэж унаж байгаад буруутгаж, өөрөө харин хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргаагүй гэж мэдэгдэж байгаа юм байна. Батлан хамгаалах яамны дэд сайдыг мөн, цэргийн хүнс хэрэглэлийг төдийлөн танигдаагүй компаниас хэт өндөр үнээр худалдан авах ажлыг зохион байгуулсан хэргээр огцруулжээ. Мөн энэ шалтгаанаар БХЯ-ны сайд Алескей Резников өөрөө ч бас анхаарлын төвд орсон байна.

Өчигдөр ажлаа өгсөн бусад олон албан тушаалтны дунд, Ерөнхий прокурорын орлогч Олексий Симоненко, Нийтийн аж ахуй, нутаг дэвсгэрийн хөгжлийн дэд сайд Иван Лукерия, Нийгмийн бодлогын дэд сайд Виталий Мукыченко нарын зэрэг хүмүүсээс гадна Днепропетровск, Запорожье, Киев, Сумы, Херсон гэсэн 5 бүс нутгийн захирагчид багтжээ.

Украин улс 2021 онд “Трансперенси интернэшнл” олон улсын байгууллагаас гаргадаг жагсаалтад 180 улсаас 122-рт жагсаж нэлээд доогуур үзүүлэлттэй орны тоонд багтсан байдаг. Европын Холбоонд элсэх эрмэлзэлтэй байгаа орнуудад эн тэргүүнд тавигддаг гол шаардлагын нэг нь авлигын цэглэх явдал байдаг. “Төрийн албанд ойр хүмүүсийн аж амьдралтай холбоотой урьдаас тогтсон хэв маягийг ахин газар авхуулахгүй” гэж ерөнхийлөгч Зеленский ням гарагийн мэдэгдэлдээ амлажээ. Украины дэд бүтцийн дэд сайд Василий Лозинскийг цахилгаан үүсгүүр нийлүүлсний хөлсөнд 350 мянга гаруй ам.долларын авлига авсан хэргээр бямба гарагт баривчилсны дараа Зеленский ийм мэдэгдэл хийжээ. Сүүлийн жилүүдэд Украинд авлигын эсрэг шинэчлэлүүд хийгдэж байгаа хэдий ч Киев өрнөдийн холбоотнуудаасаа өчнөөн тэрбум доллароор хэмжигдэх тусламж авч байгаа нөхцөлд сорилт өндөр байгааг ажиглагчид дурдаж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.