БНХАУ-ын агаарын бөмбөлгийг АНУ сөнөөгч онгоцоор буудаж унагажээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын агаарын орон зайд хөөрч байсан тагнуулын зориулалттай байж болзошгүй Хятадын улсын агаарын бөмбөлгийг өчигдөр буудан унагасан тухай Пентагоноос мэдээлсэн байна. Уг бөмбөлгийг Атлантын далай дээгүүр хөөрч байх үед нь байлдааны сөнөөгч онгоцоор буудаж, унагасан юм байна. Байлдааны сөнөөгч онгоц ашиглан бөмбөлгийг унагах үед Хойд болон Өмнөд Каролина мужийн эрэг дагуух, агаарын орон зайг хааж, нисэх онгоцны гурван буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ.

Агаарын бөмбөлгийг орон нутгийн цагаар бямба гарагийн 14:39 минутын орчимд АНУ-ын эргээс 11 км-ийн зайд байхад нь Эф-22 сөнөөгч онгоцноос ЭйАйЭм-9Икс загварын, агаар-агаар ангиллын пуужингаар нэг удаа буудаж унагасан гэж Америкийн батлан хамгаалах сайдын мэдэгдэлд дурдсан байна. Одоо бөмбөлгийн хог хаягдлыг Атлантын далайгаас цуглуулах, зөөвөрлөх ажлыг явуулж байгаа юм байна. Америкийн батлан хамгаалахын сайд Хятадын тал уг бөмбөлгийг Америкийн газар нутаг дээрх стратегийн чухал газруудыг тагнан, мэдээлэл цуглуулахад ашигласан гэсэн дүгнэлтээ мэдэгдэлдээ тусгасан байна. Уг бөмбөлөг өнгөрсөн 7 хоногийн лхагва гарагт Канадаас Америкийн Монтана мужийн агаарын орон зайд орж ирсэн гэж Америкийн талаас мэдээлж байсан.

Хятадын засгийн газар бөмбөлгөөс үүдэж хоёр орны хооронд асуудал үүсэж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн ч уг бөмбөлгийг хүчтэй салхины улмаас жолоодлогоо алдсан цаг агаарын судалгааны станц гэсэн тайлбар хийсэн. Энэ хугацаанд Америкийн хууль тогтоогчид болон иргэд олон нийтийн төлөөллүүд уг бөмбөлгийг буудаж унагахыг ерөнхийлөгч Байдены засаг захиргаанаас шаардаж байсан юм. Цагаан ордны тэргүүн шаардлагыг хүлээн авч, уг бөмбөлгийг илэрсэн өдөр нь буудаж унагахыг зөвшөөрч байсан боловч Пентагон бөмбөлөг хүн амын суурьшлын бүсээс гарах хүртэл нь хүлээхээр шийдвэрлэжээ.

Мөн баасан гарагийн орой Хятадын хоёр дахь агаарын бөмбөлөг Өмнөд Америкийн Коста Рика, Венесуэлийн агаарын зайд орж ирсэн тухай Пентагоноос мэдээлсэн. Харин Хятадын талаас хоёр дахь бөмбөлгийн талаар одоогоор тайлбар өгөөгүй байгаа юм байна. Хятадын тал агаарын бөмбөлөг нь тагнуулын зориулалтгүй гэдгийг нотолж, асуудлыг хэт дэвэргэхгүй байхыг Вашингтонд уриалж байна. Тагнуулын мэдээлэл цуглуулсан байж болзошгүй энэхүү бөмбөлгөөс үүдэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Бээжинд энэ сарын 5-6ны хооронд хийх байсан төлөвлөгөөт айлчлалаа хойшлуулаад байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.