СЭТГЭЛ ЗҮЙЧ Т.МӨНХНАРАН: ЭРЧҮҮД ХӨГШРӨХӨӨР ГЭР БҮЛИЙН, ТӨРИЙН ЯМАР Ч ХАЛАМЖИЙГ ХҮРТЭЖ ЧАДДАГГҮЙ

Aдмин / Эрүүл мэнд

Ахмадын хөгжлийг дэмжих "Ач арта" төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч Т.Мөнхнарантай ярилцлаа.


-ХЭҮК-ын 2022 оны хүний эрхийн илтгэлд ахмад настнууд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг тухай хөндөгдсөн байна. Ахмадууд дундаа эрэгтэйчүүд бүх төрлийн үйлчилгээ, төрийн халамж, гэр бүлийн халамжаас ангид байдаг юм байна. Энэ тухайд сэтгэл зүйчийн байр суурийг сонсмоор байна?

-Эхлээд ахмад настан гэж хэнийг хэлдгийг дурдъя. Маш олон онол, тайлбар байдаг. Арай дөхөж очих нь 45-60 хүртэлх насыг хижээл нас, 65-80 хүртэл өтөл нас, 80-аас дээшхийг өндөр нас гэж явдаг. Монголчууд аав ээжээ ачилж энэрдэгээрээ бусад үндэстнээс ялгарч ирсэн ард түмэн. Гэтэл өнөөдөр амьдрал дээр үнэхээр бид аав ээжээ ачилж дэмжиж чадаж байна уу гэж харахаар өөр дүр зураг харагддаг болсон. Өөр өөрсдийн амьдрал зохиож, үр хүүхдүүд асарч өдөр тутмын завгүй амьдралдаа түүртээд аав ээжээ ачилж энэрдэг монгол ёс заншил мартагдах, хаягдах тал руугаа явж байна.

Манай улсад ахмад настныг хөгжүүлэх, нийгэмшүүлэх байгууллага хэд байдаг билээ. Ингээд харахаар энэ нь бидний анхаарал хандуулах асуудлын нэг зайлшгүй болчихоод байгаа юм. Тэр дундаа эрэгтэй ахмад настны асуудал таны хэлснээр хүндрэхээс цаагуур болсон.

Яахав одоо л ярьж эхэлж байна. Монгол эрэгтэй хүний насжилт, эрүүл мэндийн талаар. Монгол эрчүүд 60 хүрэхтэй үгүйтэй нас барж байгаа тухай ярих болсон. Энэ нь юунаас болж байгааг судлаад үзэхээр эрүүл мэндтэй холбоотой. Тэгвэл үүнд сэтгэл зүй нөлөөлдөг. Сэтгэл зүйгээр эрүүл байвал хүн өвдөхгүй байх боломжтой.

-Эрэгтэй хүн хөгшрөхөөрөө сэтгэл зүйн хувьд яаж өөрчлөгддөг юм бэ. Амьдралд нь ямар өөрчлөлт гардаг юм бэ?

-Монгол эрчүүдийг хүүхэд байхаас нь чимээгүй бай, битгий уйл гэх мэтээр хүмүүжүүлдэг. Энэ нь мэдээж нөлөөлнө. Хоёрт, нийгэм маш ихээр нөлөөлдөг. Ерөөсөө ахмад настан гэлтгүй ямар ч хүний бие физиологийн эрүүл мэнд нийгэмтэй салшгүй холбоотой. Нийгмийн хөгжил, бухимдал, ачаалал, дарамт, улсаас дэмжлэг туслалцаа байгаа юу, үгүй юу энэ бүхэн шууд нөлөөлнө. Дээрээс нь бид ээждээ илүү анхаардаг нь үнэн. Ээж минь гээд л гүйдэг. Аав хаягддаг.

Манай монгол эрчүүд илүү дотогшоо, бухимдал стрессийг цаг тухайд нь зөв гаргахад суралцаагүй. Ярилцах тал дээр маш муу. Гэтэл сэтгэл гэдэг эрхтэн өвддөг. Үүнийг гаргах ёстой, нээх ёстой. Өөрийнхөө мэдрэмжийг ойлгож, таних ёстой. Энэ тал дээр ахмадуудтай ярилтгүй.

Залуучууд харьцангуй гайгүй болж байгаа. Галзуу хүмүүс, сэтгэцийн өвчтэй хүмүүс л сэтгэл зүйчид ханддаг гэдэг ойлголт саяхныг хүртэл байлаа. Нийгэмд хүн амьдарч л байгаа бол стресс байдаг л асуудал. Гаж буруу зүйл биш. Би өөрийгөө таних ёстой юм байна, стресс гэдэг зүйлийг ойлгох ёстой. Тэгэхийн тулд надад туслах мэргэжлийн хүн хэрэгтэй, би сэтгэл зүйч дээр очих ёстой гэдгийг залуус ойлгодог болсон.

Гэтэл бидний аав ээжүүд ямар байна вэ. Эд нарын үед сэтгэл зүйч байтугай энэ талаарх мэдлэг мэдээлэл байхгүй үеийг тэд даван туулаад ирсэн хүмүүс. Өтөл болчихсон хүмүүст бид хэлээд ч хүлээж авахгүй. Болоод л ирсэн, болох байлгүй, юу яриад байгаа юм бэ гэж л хүлээж авна. Гэтэл хүн гэдэг амьтан нас болгондоо дараагийнхаа үе рүү шилжихдээ зөрчил хямралыг даван туулж явдаг. Зөрчил хямралыг зөв даван туулахын тулд үе давдаг тоглоом шиг эхний үе чинь сайн байвал дараагийнхаа үеийг амжилттай давах нь. Гэтэл манай ахмадуудад ямар ч тийм хандлага ойлголт байхгүй. Үүнээс үүдэж ахмад настны, тэр дотроо хөгшчүүлийн эрх хурцаар хөндөгдөж, хүчирхийлэлд өртөх, эрт нас барах тоон үзүүлэлтээр олон нийтийн анхаарлыг татахуйц хэмжээнд хүрчихээд байгаа юм.

-Үнэхээр бид ээждээ л илүү анхаардаг. Ээждээ хувцас авч өгнө, сэтгэл зүйг нь өөд нь татах гэж хичээнэ. Аав ч яахав гэдэг хандлага бий. Гэхдээ энэ байдал хөгшчүүл залуудаа архи ууж агсам согтуу тавьдаг, үр хүүхдээ, эхнэрээ зовоодог. Тэр байдал нь өнөөдрийн үр хүүхдүүдэд үл хайхрах хандлагыг үүсгэдэг. Залуудаа юу тарина түүнийгээ хөгшрөөд хүртэж байгаа явдал юм уу?

-Мэргэжлийн нүдээр харвал тэр хүн залуудаа яагаад архи уудаг байв, яагаад гэр бүлтэйгээ зөрчилдөж ирсэн юм бэ. Гэмт хэрэгтэн хүртэл эрхтэй байдаг шиг тэр хүний өөрийнх нь асуудал руу өнгийгөөд харвал сэтгэл зүй нь шархалчихсан, ямар нэгэн асуудал байсан байж таараа. Сэтгэл өвддөг гэж хэлсэн шүү дээ. Эмчлэхгүй бол хүндэрнэ. Нийгэм нөлөөлсөн үү, архи уух шалтгаан юу байв, гэр бүлдээ стрессээ гаргах шалтгаан юу байсан бэ. Нэг хүний буруу гэж байдаггүй гэж ярьдаг. Гэх мэтчилэн одоо насанд хүрчихсэн үр хүүхэд нь зөв өнцгөөс харж үзэх зайлшгүй шаардлагатай. Тэр үед маш хүнд сэтгэл гутралтай ч явсан юм бил үү.

Сошиал хөгжсөн энэ үед дуртай мэдээллээ хайгаад авч болохоор учир залуус маань төсөөлөөд, бодоод үзээрэй. Хөөрхий аав минь тэр үед өвдчихсөн байсан байна, сэтгэл зүйн асуудлаас болж түүнийгээ илэрхийлж гаргаж чадахгүйгээс болж архины хамааралтай болчихсон юм биш үү гэж шинжлэх ухаанч талаас нь бодож үзэхэд буруудахгүй. Мэдээж дуртайдаа архи ууж гэр бүлээ зовоогоод байхгүй шүү дээ.

-Гадны улсад нас харгалзахгүй сэтгэл зүйчийн хэрэгцээг ойлгодог болчихсон. Манайд үүнийг ахмадуудад нэвтрүүлэхэд хүнд гэдгийг ойлголоо. Тэгвэл монгол хөрсөн дээр ахмадуудад яаж хүрч ажиллах ёстой юм бэ. Жишээ нь, манайд зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалдаг төвүүд л бий. Эрчүүдийг хамгаалах үйлчилгээ алга, тийм үү?

-Үнэндээ монгол эрчүүд хаягдсан. Яагаад эрчүүд өтөл насан дээр ирээд ийм айхавтар зөрчил хямралд ороод байна вэ гэхээр олон талын асуудлаас үүдэж байгаа юм. Хань ижлээ алдаж байгаа, үр хүүхэд нь яваад өгөхөөр ганцаардаж байгаа. Тэр үед миний амьдралын төгсгөл иржээ гээд ой тойндоо буулгачихдаг. Юу ч сонин сайхан биш болчихсон. Өөрийгөө нийгмээс тусгаарлачихсан байдаг. Энэ үед ихэнхдээ тэтгэвэртээ гарчихсан байдаг учраас санхүүгийн асуудал дээрээс нь нэмэгдээд бүр их гуниг ганцаардал, цөхрөл түгшүүр, айдас бүх юм нэг дор ирчихдэг. Энэ ирэх ёстой юу гэвэл тийм. Учир нь насны зөрчил хямрал байдаг асуудал. Үүнийг хамгийн гол нь гадны хөгжилтэй орнуудад тэтгэвэрт гарах гэж байгаа ахмадуудаа бүр тав, арван жилийн өмнөөс бэлддэг. Сэтгэл зүйгээр нь бэлдэнэ. Тэтгэвэрт гарсан хойно нь бас тодорхой хугацаанд зөвлөх, залуу үеэ сургахаар бага цагаар ч болов ажиллуулдаг. Манайх бол гэнэт нэг л өдөр “Таны нас болсон, баяртай” гээд л явуулчихдаг. Угаасаа сэтгэл зүйн боловсрол муутай, сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан хүнийг манайхан шууд түлхэж хаядаг. Дээрээс нь үр хүүхэд нь ойлгохгүй. Энэ нөхцөлд ахмадууд ямар болох нь ойлгомжтой.

Ялангуяа эрэгтэй хүмүүст бүр хүнд тусдаг. Янз бүрийн асрамжийн газарт хэвтрийн асаргаатай хүмүүст бүр хэцүү. Эрэгтэй хүнийг дийлэхгүй байна гэдгээс эхлээд түвэгшээдэг, асарч арчлах хүн олддоггүй. Асруулъя гэсэн ч өндөр төлбөртэй. Монголчуудад өөр нэг сонин хандлага бий.

-Ямар?

-Бид хүүхдээ гэхээр юу байдгаа бариад гүйчихдэг. Хүүхдийн сэтгэл зүйгээс эхлээд бүх зүйлд яаж анхаардаг билээ. Хамгийн үнэтэй гоё цэцэрлэгт явуулах гэнэ, хамгийн үнэтэйг хэрэглүүлэх гэнэ, хамгийн сайн эмийг сонгож гүйдэг хэрнээ таныг өдий болтол хайрлаж өсгөсөн аав, ээжээ үл хайхардаг. Энэ бол хүчирхийллийн нэг хэлбэр болоод байгаа юм. Жишээ ярья л даа. Нэг ахмад 10 хүүхэдтэй. Гэтэл асрах харах хүн олдохгүй байна. Хараагүй болчихсон, ойр зуурын юмаа хийж чадахгүй аав нь амьдрах газар олдохгүй байх жишээтэй. Хүүхдүүдийнхээрээ амьдаръя гэхээр бэр нь, хүргэн нь ад үздэг, түвэгшээдэг. Тиймээс нийтийн байр хөлслүүлээд хаячихсан. Гэтэл тийшээ ч зуух руугаа толгойгоороо унаж, ийшээ ч гар хөлөө гэмтээж амьдардаг хүнийг нүдээрээ харсан. Өрөвдмөөр шүү дээ. Наад зах нь тэдэнд ярих хэрэгцээ байдаг. Утсаар хэн нэгэнтэй яримаар байдаг. Хүүхдүүд нь завгүй байна, дараа ярья гэдэг. Эсвэл дугаарыг нь блоколчихдог гэх мэт маш өрөвдмөөр жишээ бий. Айл бүрд байдаг жишээ шүү. Хүүхэд гэхээр байдгаа барьдаг хэрнээ хөөрхий муу аав, ээжийгээ үл тоодог. Энэ бол нэлээд өтөл насны хүмүүст тулгарч байгаа хүндрэл.

Тэгвэл яг хижээл буюу дөнгөж тэтгэвэрт гарч байгаа 50 гаруй насны хүмүүс хямралын үүдэн дээр ирчихсэн, сэтгэл зүйн хувьд биологийн өөрчлөлт, цэвэршилтийн өөрчлөлтүүд, эмзэг мэдрэмжүүд гараад эхэлчихсэн, яахаа мэдэхгүй, айдас түгшүүр нь дээд цэгтээ хүрчихсэн үе, мэдрэмжээ илэрхийлэх сэтгэл зүй байхгүй учраас хүүхдүүд нь ч ойлгодоггүй. Өөрсдөө ч мэдэхгүй хүнд үетэйгээ нүүр тулж дараагийнхаа өтөл үе рүү явж байдаг. Энэ дундаас эрчүүд дааж чадахгүй өвчлөх, эрт нас барах асуудал гарч байгаа юм.

-Гарц ярья л даа. Ахмадуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэх төвүүд олноор байх ёстой юм шиг?

-Тийм төвүүд хэрэгтэй. Би ийм л хүсэл мөрөөдөлтэй төрийн бус байгууллагаа байгуулаад гурав дахь жилтэйгээ золгож байна. Хөгшчүүлээ бид хөтлөөд сэтгэл зүйч дээр очиж чадахгүй. Хөтлөөд очлоо ч сэтгэл зүйн зөвлөгөө засал нэг хоёр уулзаад болчихдог эд биш. Ялангуяа ахмад настай хүмүүст хуримтлагдсан асуудлыг хоёр гурав уулзаад эдгээчихдэггүй. Хамгийн зөв гарц бол ахмад настны хөгжлийг дэмждэг төвүүдийг олноор байгуулах шаардлагатай байна. Асрамжийн газар биш шүү.

Өдрөөр хүссэн үедээ хүссэн цагтаа очдог. Гадны хөгжилтэй бүх улсуудад ийм төвүүд байдаг. Цогц үйлчилгээтэй. Өөрийгөө нийгмээс тусгаарлах шаардлагагүй, би бусадтай л адилхан юм байна гэдэг мэдрэмжийг ахмадууд тэр төвөөс авч, амьдрах хүсэл зорилготой болох ёстой.

Гэвч манай өнөөдрийн нөхцөлд хувь иргэд ахмадын төв байгуулаад ажиллуулахад тун бэрхшээлтэй. Биед шимтэй хоол унд гаргая гэхэд төрийн хүнд суртал олон зөвшөөрөл шаарддаг. Ингээд ирэхээр жаахан халширдаг юм билээ. Яахав үр хүүхэд нь мөнгө өгчих боломжтой бүлэг ахмадууд бий. Гэхдээ мөнгөтэй, мөнгөгүй хамаагүй бүх ахмадуудыг нийгэмшүүлэх, хөгжүүлэх хэрэгцээтэй байдаг. Зөвхөн мөнгөтэй боломжтой Зайсангийн арван хүнд үйлчлээд сууж болохгүй шүү дээ. Тиймээс дүүрэг бүрд, хороо бүрд ахмадын хөгжлийн төв байгуулах ёстой.

Төр засгаас ахмадын чиглэлээр явуулж байгаа нь Геронтологийн төв бий. Яахав, ахмадуудын тусгай хэрэгсэл таяг тэрэг мэтхэнийг хөнгөлөлттэй өгдөг. Жилд нэг удаа амралт сувилалд хөнгөлөлттэй амраадаг. Улсаас ердөө хийж байгаа нь энэ юм. Үүнийг хийгээд ямар ч чанартай нөлөө үзүүлэхгүй байна. Асуудалд ул суурьтай хандаж чадахгүй байна. Хэрэв улсаас хариуцаж хийж хүч хүрэхгүй байгаа бол хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлбэл монгол ахмадуудыг чанартай наслуулах, нийгэмшүүлэх, хөгжүүлэх бүрэн боломжтой.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.21.108.50] 2023-04-14 15:03:14

Ene Orkistan ulsad turj, ussunii zaya yum bailgui !

Зочин [150.129.140.102] 2023-04-13 16:39:02

Ихэнх эмэгтэйчүүд анх суухдаа зөөлөн хайраа харамгүй өгсөн байдаг ч эр хүн хайр даахгүй хэт зугаа цэнгэл хөөснөөсөө болж яваандаа эхнэрийнхээ хайр итгэл хүндлэлийг гээснээсээ болж хөгширсөн хойноо ийм бадалд ордог. Түүнээс биш эхнэртэйгээ нэг зүгт хараад анхных шигээ хайрлаад хүндлээд байвал аль аль нь л инээд баяр итгэл жаргал цацаж өгч авч амьдардаг. Даанч зугаа гэдэг юм түр зуурынх нэгийг олсон ч нөгөөг нь алддаг гэдгээ ойлгохгүйгээс оройтсон гэмшил гутрал болдог доо. Зарим тэнэг ач мэдлэггүй хувиа хичээсэн бэр хүргэн байхыг үгүйсгэхгүй.

Зочин [103.212.117.130] 2023-04-12 11:44:19

Маш зөв зөвлөмж байна. Дэмжье.

Zochin [202.9.46.178] 2023-04-11 21:00:25

Er hyn bj er hyn yum chin gj yl toomsorloh,hoish ni tavij ,hetiidsen achaag yyryyleed deerees ni deerelheh mayagiin yzegdel er ni davamgailah taldaa yum shigee.hynee bsn araatan shig byr neg debil mayagiin erchyydiig es tootsvol,erchyydiig emegtei hyn l chiglyylj ,hair halamj dutaalgyi bas oilgoj chaddag bol ergeed emegteigee jargaltai bailgaj,hamgaalj,ger bylee avch yavah ,amjilttai yavah nuhtsul byrelddeg bh shy.het uuriihuuruu bailgaj,hajuudahaa uurchluh gsen oilgolt bj bolohgyi.uuruu hyssen tohioldold l er hyn chinii tuluu uurchlugdunu.(em ni ch ter)

өндөр [66.181.160.86] 2023-04-11 16:47:22

зөв зөвөлгө ямаа самнуул


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.