Украины УЦС-ын далан сэтэрснээс үүдсэн гамшигтай тэмцэхэд олон улсаас тусламж эрэв

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский усан цахилгаан станцын далан сэтэрсний улмаас үерт нэрвэгдсэн хүмүүсийг аврах, тусламж үзүүлэх арга хэмжээг НҮБ болон олон улсын тусламжийн байгууллагууд нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг мэдэгджээ. Оросын хяналт дахь нутгуудад тусламж авч чадахгүй орхигдсон хүмүүс олноор байгаад анхаарал хандуулахыг Олон улсын Улаан загалмайн байгууллага тэргүүтэй олон улсын тусламжийн байгууллагуудад тэрбээр уриалсан байна.

Херсон мужийн Оросын хяналт дахь газруудад “туйлын гамшигт” нөхцөл байдал үүссэнийг Володимир Зеленский мэдээлж, хүмүүсийг “аймшигтай байдалд” орхисонд Оросыг шүүмжилсэн байна.

Аврагчид очихгүй, ундны ус, хоол хүнс, эмнэлгийн тусламжгүйгээс эзлэгдсэн нутагт хэчнээн хүн үрэгдэж болзошгүй байгааг тогтоох аргагүй гэж Украины Ерөнхийлөгч мэдэгдэн, өргөн цар хүрээтэй тусламжийн үйл ажиллагаа шаардлагатай байгааг онцолжээ.

Мягмар гарагт Каховын усан цахилгаан станцын далан сэтэрснээс хойш 14 мянга гаруй байшин барилга усанд автсанаас 4300 шахам хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэсэн Оросын шуурхай албаны мэдээг "ТАСС" уламжилсан байна. Үүний зэрэгцээ далан сэтэрсний улмаас газрын "мина"-үүдийг илрүүлж устгахад ихээхэн сөрөг үр дагавар тулгарахыг Олон улсын Улаан загалмайн байгууллага анхааруулсан байна.

“Өмнө нь бид хаагуур явбал аюултай байхыг мэдэж байсан. Одоо бол мэдэх арга байхгүй” гэж Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн Зэвсгийн хор уршгийг арилгах нэгжийн дарга Эрик Толлефсен “Франс Пресс”-т ярьжээ.

Үерийн улмаас явган цэрэг эсэргүүцэх олон тооны мина үерийн усанд хөвж, хоорондоо эсвэл эд юмстай мөргөлдөж дэлбэрэх “онц аюултай” талаар Украины цэргийн өмнөд командлалын Хэвлэлийн төлөөлөгч Украины телевизэд ярьсан байна.

Запорожийн Атомын цахилгаан станцыг хөргүүрийн усаар хангадаг Каховын усан цахилгаан станцын далан сүйдсэн боловч станцын аюулгүй байдлын нөхцөл одоогоор тогтвортой байгааг Запорож мужийн захирагч Юрий Малашко мэдэгджээ. Мөн Украины Улсын онцгой байдлын албаны мэдээгээр, усанд автсан районуудад усны түвшин үргэлжлэн нэмэгдэж байгаа боловч өмнөхөөс арай удаан болжээ. Херсонд усны түвшин 5.5 метрээр нэмэгдсэн байна. Днепр мөрний хоёр талын эрэгт 50 гаруй суурин бүрэн болон хэсэгчлэн усанд автсан байдалтай байгаа юм байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.