ДОКТОР М.АНАРА: ЁС СУРТАХУУНЫ ЗӨВ ТӨЛӨВШЛИЙГ АВЧИХСАН ХҮН ХЭЗЭЭ Ч ХЭЛБИЙДЭГГҮЙ, ХУДАЛ ЯРЬЖ ХУЛГАЙ ХИЙДЭГГҮЙ

Aдмин / Эрүүл мэнд

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Ёс зүй, сэтгэл судлалын салбарын эрхлэгч, доктор М.Анаратай ёс зүйн талаар ярилцлаа.


-Ёс зүй гэдэг хүн бүрд байх ёстой хэм хэмжээ. Аав ээжүүд үр хүүхдэдээ юу хэлж, юуг хэлж болохгүй тухай, сэтгүүлч сошиал сүлжээнд хэрхэн өөрийгөө авч явах тухай гээд хүн бүр өөр өөрсдийнхөөрөө ёс зүйг ойлгодог. Яг тогтсон ойлголт, тайлбар гэж бий юу?

-Ёс зүй гэдэг товчхондоо хүнийг хүн болгох арга ухаан. Онолыг энгийн үгээр хэлэхэд хүнийг хүн болгох арга ухаан л гэсэн үг. Зөв амьдрах арга ухаан ч гэж хэлж болно. Монголчуудад “Хүнийг хүн болгоно” гэдэг үг байдаг шүү дээ. Эхээс хүн төрчихөөд байхад яагаад заавал хүн болгоно гэж яриад байгаа юм бэ гэвэл хүнийг хүн болгох тэр арга ухааныг ёс зүй гэж хэлээд байгаа юм.

Шинжлэх ухааны үүднээс яривал ёс зүй бол философийн салбар шинжлэх ухаан. Тиймээс бие даасан судлагдахуунтай, судалгааны арга зүйтэй, бүтэцтэй, ач холбогдолтой. Үгийн хувьд ёс суртахууны төлөвшил гэж ярьдаг. Хүн дээр ёс суртахуун гэж ярьдгаас хүний ёс зүй гэж ярьдаггүй. Учир нь ёс зүй гэдэг нь ёс зүйн судлагдахуун болох ёс суртахууны бүтэц, үүрэг, ач холбогдлыг судалдаг салбар шинжлэх ухаан. Ёс зүй дотроо гурван чиглэлтэй. Мета ёс зүй гэж байна. Энэ нь онолын ёс зүй ямар байдаг тухай. Норматив ёс зүй гэдэг бидний өдөр тутам ярьдаг сайн муу, зөв буруугийн тухай асуудлыг авч үздэг. Гурав дахь нь хэрэглээний ёс зүй гэж бий. Энэ нь нийгэмд нээлттэй байдаг асуудлуудад хариулт өгдөг. Жишээ нь, үр хөндөлт зөв үү, буруу юу. Зарим хүн үүнийг зөв гэж үздэг. Нөгөө хэсэг нь эсэргүүцдэг. Ийм нээлттэй асуудлыг авч үздэг. Хэрэглээний ёс зүй дээр хамгийн чухал нь мэргэжлийн ёс зүйг судалдаг. Мэргэжил болгон дээр ёс зүй байдаг. Тухайлбал, судлаач бид судалгаа хийхдээ ёс зүйн зарчим баримтлах ёстой.

-Хүн төрөлхтөн ёс зүйг хэдий үеэс анхаарч, төлөвшүүлж ирсэн байдаг юм бэ?

-МЭӨ үеэс л авч үзэж эхэлсэн. Хүн төрөлхтөн яагаад ёс зүйн талаар ярих болсон, яагаад шинжлэх ухаан болж хөгжих болов гэхээр нийгэм гэдгийг бид байгуулсан. Хүн хүнтэйгээ амьдрах хэрэг гарсан.

Магадгүй би ганцаараа бол надад ёс суртахууны хэрэг байна уу гэдэг асуулт гарч ирнэ. Харин хоёулаа амьдраад ирэхээр тэр харилцааг зохицуулах зүйл хэрэгтэй. Тэр нь энгийнээр ёс суртахууны зарчмуудаар зохицуулагдаж таарна. Суртахууны зарчим хэм хэмжээг заавал хуульчлах албагүй. Манай ёс зүй судалдаг хүмүүс ч санал нэгдэх байх. Амьтанд байгалийн хууль гэж байдаг шиг хүний нийгэмд ёс суртахуун л байгаа юм.

-Хүнийг хүн болгох ухаан гэдэг таны тодорхойлолт сонирхол татлаа. Ойлгоход ч их энгийн юм. Гэвч өнөөдөр бидний нийгэм ихээхэн шүүмжлэлтэй, ёс суртахууны талаар ихээхэн хөнддөг болсон. Биднийг удирдан чиглүүлэх ёстой хүмүүс, улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд худлаа ярьдаг, хэрэгт холбогддог, ард түмнийхээ боломжоос хулгайлдаг болсон. Ёс зүй судалдаг хүний хувьд та үүнийг анзаардаг уу?

-Ёс суртахууны доголдолтой хүмүүс их болсон. Социализмын үеийн үг байж магадгүй. Хүмүүжлийн доголдолтой гэж ярьдаг шүү дээ. Энэ чинь л ёс суртахууны доголдол гэсэн үг. Өмнө нь хүнийг хүмүүжүүлнэ гэж ярьдаг байсан бол одоо хүмүүжил гэдэг үгийг хэлэхээ бараг больчихож. Гэтэл Америкийн нийгэм ч, барууны, Азийн өндөр хөгжилтэй орнууд бүх хүмүүсээ хүмүүжүүлдэг. Бүр хүүхдийг жаахнаас нь хүмүүжүүлж байна. Хүмүүжил гэхээр заавал алдаа дутагдалтай хүнийг засахыг хэлдэггүй. Хүн гэдэг эхээс төрөхдөө цагаан цаас шиг юу ч мэдэхгүй төрж байгаа. Сайн, муу, зөв, бурууг мэдэхгүй. Тиймээс хүүхэд юм аваад шидлээ гэхэд болохгүй гэж анхааруулдаг. Энэ бол хүмүүжлийн нэг хэлбэр.

Ёс зүйг улс төртэй холбоод үзвэл улстөрч хүний мэргэжлийн ёс зүй рүү орж ирнэ. Үүнээс өмнө хүн байх ёс суртахууны төлөвшил их чухал. Энэ нийгмийн нэг гишүүн болж төлөвшсөн хүн байна уу үгүй юу гэдэг нь асуудал болсон гэж харж байна. Тэгж харахаас ч өөр аргагүй болсон. Хүн муу нөлөөнд автахдаа амархан. Гол нь ёс суртахууныхаа зөв төлөвшлийг авчихсан хүн хэзээ ч хэлбийдэггүй. Олон нийт ярихдаа хуулиа чангатгая, улстөрчид хулгай хийх боломжгүй болгоё гэдэг. Хулгайч хүн бол хуультай ч, хуульгүй ч хулгайгаа хийдэг. Нэгэнт тийм төлөвшил авчихсан хүн хуулиас айхгүй. Тэгэхээр хулгай хийдэггүй хүн л төрд гарах ёстой. Хулгай хийдэггүй хүн ямар байх вэ гэвэл ёс суртахуун төлөвшчихсөн хүн байх ёстой. Бид тийм хүнийг нэр дэвшүүлэх, сонгох ёстой.

Өнөөдөр Монголын нийгэмд тулгамдсан асуудлуудын нэг бол ёс суртахуун, ёс зүйн асуудал болоод байна. ШУА-аас бодлогын хүрээнд Философийн хүрээлэнд ёс зүй, сэтгэл судлалын салбарыг философи болон социологийн салбараас салган бие даасан салбарыг байгуулаад нэг жил гаруй болж байна. Манай салбар хүний нөөцийн хувьд дутагдалтай байгаа хэдий ч, бусад салбаруудтай хамтран ажиллах, хот төдийгүй орон нутагт сургалт явуулах зэргээр ажиллаж байна. Ёс суртахуун, ёс зүйн асуудал нь практик шинж чанартай байдаг учраас цаашид энэ тал дээр анхаарч ажиллахыг бодож байна.

-Ёс зүйтэй хүмүүсийг яаж олох вэ?

-Хүмүүс ингэж их асуудаг. Монголын гурван сая хүнийг бүгд мэддэг юм шиг, бүгд муу юм шиг боддог. Үгүй шүү дээ. Тэнд маш олон ёс суртахуунтай, төлөвшчихсөн мундаг хүмүүс бий. Шинээр гарч ирж байгаа залуус, нас тогтсон зөв амьдралынхаа зам мөрөөр явж байгаа хүмүүс ч олон бий. Фэйсбүүк дээр юм бичиж байгаа хэдэн хүнээр монголчуудыг дүгнэж болохгүй.

Ёс суртахууны төлөвшил гэдэг нэг ёсондоо мэдрэмжээр илэрхийлэгддэг, зохицуулагдаж явдаг зүйл. Би үүнийг ингэж хийж болохгүй, хэрэв ингээд буруу хийчихвэл миний дотор нэг юм үлдэхийг л ёс зүйн төлөвшил гээд байгаа юм. Хулгай хийж болохгүй, худлаа хэлж болохгүй, бусдын боломжийг ашиглаж болохгүй. Ийм зүйлүүдийг хийчихлээ гэхэд дотроос мөс чанар хатгах ёстой. Энэ бол ёс төлөвшил тогтчихсон хүн байна гэсэн үг. Тийм хүмүүсийг хараад, ярьж байгаа зүйлийг сонсоод л мэднэ. Харилцаанаас, агуулгаас нь харагдана. Улс төрд орохоос өмнө тэр хүн юу хийж бүтээсэн юм бэ, амьдралын зам мөр нь ямар байсан юм бэ гээд олон зүйлийг нь харж болно. Ялангуяа манайх шиг цөөхөн хүн амтай улсад чиг баримжаа авах боломж бий. Манайхаас олон хүн амтай Япон, АНУ зэрэг улс зөв хүмүүсээ сонгоод чадаад байгаа биз дээ. Монгол хүн хүнийг харж, мэдэрч, таньж чадна. Түүндээ л итгэх хэрэгтэй.

-Харин ёс суртахуунгүй хүмүүс бий болсоор, тэд бусдын боломжийг хулгайлсаар байгаад ард түмний итгэл буурч байгаа юм биш үү?

-Бид бууж өгч болохгүй. Нийгэм уналтад орчихлоо, бүх юм болохгүй байна, хаанаас олох юм бэ гэж яриад байх шаардлага байхгүй. Сонгуулиа хийх ёстой, саналаа зөв өгөх ёстой. Хэрэв нэр дэвшигч болохгүй бол дараагийн зөв хүн гарч ирэхийг шаардах хэрэгтэй. Цуцалтгүй л явах хэрэгтэй.

Яахав, ёс суртахууны уналтад маш олон хүчин зүйлс нөлөөлж байгаа юм. Нийгмийн системийн нөлөө, гадаад хүчин зүйл байна. Хамгийн том асуудал бол монгол уламжлал алдагдсаных гэж судлаачийн хувьд хардаг. Уламжлал гэдэг өнгөрсөн байхгүй бол одоогийн би оршихгүй, одоогийн би байхгүй байхад ирээдүй гэж надад байхгүй. Уламжлал гэхээр бид нүүдэлчин амьдралаар амьдрах юм уу гэж ярьдаг. Үгүй, түүний агуулгыг л үргэлжлүүлж авч явах ёстой юм. Яахав бидэнд уламжилж ирсэн хоол унд, хувцас хэрэглэл гээд байна. Гэхдээ оюун санааны өв уламжлал гэж нэг чухал зүйл байдаг. Нийгмийн систем өөрчлөгдөхөд оюун санаанд бас өөрчлөлт гарсан. Түүнийг дагаад оюун санааны амьдралаа бүр тэгээс эхлэх гээд байдаг. Болохгүй шүү дээ. Оюун санааныхаа амьдралын үндэс суурь дээр орчин үежиж явна. Ямар ч улс тэгээс эхлээгүй. Би уламжлалт ёс суртахууны талаар нэг жишээ хэлье. 1920-оод онд Монголд үлэг гүрвэлийн судалгаа хийж байсан Америкийн судлаачид тэмдэглэл үлдээсэн байдаг. Тэнд газарчин хийж байсан малчин хүнийг “монгол хүн бол маш шударга, цаг барьдаг, сайхан сэтгэлтэй, мэргэжлийн хүмүүс байдаг” гэж тодорхойлжээ. Бид хэдэн арав биш ганцхан зууны өмнө ийм л байсан байна.

Би Японд 25-35 нас хүртлээ амьдарсан. Тэгээд харахад Япон улс бол маш их Америкжсан улс. Японы үндэсний сумо бөхийг үздэг хүмүүсээс бейсбол үздэг хүмүүс маш олон. Улс даяараа үздэг. Боловсролын систем дээр ч тэр. Гэхдээ тэдний нэг онцлог оюун санааны уламжлалыг хэзээ ч алдаагүй. Хүүхдээ дөрвөн настайгаас нь гэртээ бохирч суулгаж хүмүүжүүлж эхэлдэг. Бохирч сууна гэдэг бие организмд сайнаас гадна хүндлэл үзүүлж байгаа нэг илэрхийлэл. Мэдээж байр орон сууц амьдралын хэв маяг өөрчлөгдсөн. Гэхдээ хүндлэл үзүүлэхдээ, ээж аав дээрээ очихдоо япон хүн бохирч сууж чаддаг болчихсон байх ёстой. Тэр чинь ёс суртахууны боловсролыг өгч байна гэсэн үг. Түүнийг залуу үе нь ч төвөгшөөдөггүй. Хүүхэд төрөөд 100 өдөр болоход үндэсний загас, шөл идэх зэрэг бэлгэдлийн шинж чанартай хоол өгдөг. Япон найзууд маань огт төвөгшөөхгүйгээр хийцгээдэг. Тэд өнгөрсөн, баларсан юм гэж төвөгшөөдөггүй. Тэд уламжлалаа орчин үежүүлж авч явж байна.

-Япон үндэстэн бол магадгүй хүн төрөлхтөн дотроо хамгийн ёс зүйтэй, ёс суртахуунтай ард түмэн байх. Тэдэнд ямар онцлог байдаг юм бэ?

-Ёс суртахууны үндсэн зарчмууд гэж байгаа шүү дээ. Тэвчээртэй байх, хянуур хянамгай байх, нинжин сэтгэл, хүнийг хайрлах гэж юу вэ зэргийг ёс суртахууны боловсролоор япончууд хүүхдүүддээ заадаг. Япон төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй бүх улс орон заадаг. Уламжлалыг орчин үетэй хөл нийлүүлэх, яаж орчин үеийн ойлголтоор баяжуулж амьдралын хэв маягт оруулах вэ гэдгийг үнэхээр боловсруулж хийж чадаж байна.

Бид дэлхий ертөнц дээр байхгүй бодлого боловсруулаад байх хэрэггүй. Өнөөдөр Монголд ямар амьдралын хэв маяг байна, уламжлалын онцлог нь юу байв. Энэ хоёрыг яаж зохицуулах вэ гэдгээс л шинэ юм гараад ирнэ. Япончууд үүнийг маш сайн харсан хүмүүс. Би Ерөнхий сайд Абэ Шинзогийн үед амьдарч байсан. Абэ Шинзо бол америкжсан Японыг яаж уламжлалтай хослуулах вэ, түүнийг дэлхийд яаж түгээх вэ гэдэг дээр ажилласан хүн гэж гадаад хүний хувьд ажиглаж байсан. Жишээ нь, би Япон руу магистрт явахад багштайгаа англи хэлээр харьцдаг байсан. Японд очоод хоёр сар орчим болсны дараа багш маань “Та Японд ирээд багагүй хугацаа өнгөрлөө. Одоо би тантай японоор ярьж эхэлнэ. Та япон хэл сурна. Бид Франц явбал франц хэлээр, Америк явбал англи хэлээр ярьдаг. Та Японд байгаа учраас япон хэлээр ярьж сурна” гэж билээ. Би сурахаас өөр аргагүй болсон. Диссертацын ажлаа ч Япон хэл дээр бичсэн дээ.

Тэд гадны хүн очиход сонирхож байна уу үгүй юу хамаагүй өөрийнхөө юмыг манайх ингэдэг шүү гэдгийг хүлээн зөвшөөрүүлдэг. Хүчилж албадахгүй, гэхдээ тэр замд орохоос аргагүй байдалд хүргэдэг ч гэж хэлж болно. Энэ нь л тэдний уламжлалаа үргэлжлүүлж байгаа арга ухаан. Манайх бол хүнийг дагаж намирдаг. Америк хүнтэй англи хэлээр л ярих гэж хичээнэ. Гадаад хэл сурах нь зөв. Гэхдээ эндээс монгол хүн гэдэг нэр төр тэр хүнд ямархуу байр суурийг эзэлж байна вэ гэдгийг бас харж болоод байгаа юм.

Ер нь ёс суртахуунд ч гэсэн нэр төрийн асуудлыг авч үздэг. Өнөөдөр нэр төр гэдэг зүйл монголчуудын хувьд, хувь хүний хувьд маш доогуур болсон. Нэр алдар, нэр төр гэдэг тусдаа асуудал. Нэр алдар бол олны танил хүмүүсийн хувьд яригдана. Нэр төр гэдэг би энгийн Мөнхжин гэдэг зураач хүний охин Анара гэж хүн байна. Би өөрийнхөө эцэг эхийн нэр, өөрийнхөө эзэмшсэн мэргэжил, үр хүүхэд, хань ижлийнхээ нэр төрийг өргөж явах ёстой. Энэ бол ёс суртахууны боловсролтой хүний үнэт зүйл. Японд ч тэр. Хувь хүнийхээ нэр төрийг маш их эрхэмлэдэг. Бид ёс суртахууны боловсролыг хүүхдэд багаас нь төлөвшүүлж чадвал аяндаа нэр төрөө эрхэмлэж явдаг болно. Нэр төрөө авч явна гэдэг хувиа хичээж, худлаа ярихгүй байхаас эхэлнэ.

-Япончууд иргэдээ багаас нь ёс суртахуунд, нийгэмд бэлтгэдэг юм байна. Тэгвэл одоо бид яах ёстой вэ. Судлаач хүний хувьд та чиг баримжаа, алхмын талаар хэлж сануулах ёстой шүү дээ?

-Ёс суртахууны боловсрол, ёс зүйн мэргэжлийн судалгаа хийдэг багш, судлаачид МУИС, манай хүрээлэн зэрэгт бий. Р.Дарьхүү багш маань ерөнхий боловсролын сургуулийн Иргэний ёс зүйн боловсрол хичээлийн сурах бичгийн агуулга дээр шүүмж анализ хийж Боловсролын яаманд өгч байсан гэсэн. Тэгэхэд монгол хүүхдүүдэд ёс зүйн боловсрол олгох ёстой сурах бичиг дээр буян нүгэл, морины өнгө зүс гэх мэт агуулгууд багтсан тухай багш ярьж байсан удаатай. Уг нь тэдгээр нь уламжлалт зан заншлын хичээл, буян нүгэл нь шашны тухай хичээлд байх боломжтой. Ёс суртахууны ойлголт бол биш. Харин хүүхдэд найзыгаа яаж хайрлах вэ, яаж найзтайгаа нөхөрлөх вэ, хэцүү асуудал гарч ирвэл яаж тэвчээртэй байх вэ, шударга байна гэж юу вэ гэх мэт энгийн зүйлийг хүүхдийн нас насанд тохируулан заадаг бол зүгээр байна гэж багш судлаачид халаглан ярьж байх жишээтэй. Ингэж ёс суртахууны боловсролыг багаас нь олгох ёстой. Ямар сурах бичиг, ямар систем, ямар хөтөлбөр агуулгатайгаар явах вэ гэдэг чухал болж байна.

Нэгэнт том болчихсон хүмүүсийн хувьд тэднийг манлайлж байгаа хүмүүс энэ тал дээр чухал үүрэгтэй. Сошиал ертөнцөд инфлүүнсэрүүд гэж байна. Тэд хариуцлагатай байх ёстой. Тийм хүний амнаас гарч байгаа үг, үйлдэл бүхэн хариуцлагатай байдаг. Японд бас тийм. Нэр алдартай хүмүүс маш хариуцлагатай байх. Олны өмнө юм ярихдаа, хошигноод ярихад хүртэл зөв үлгэр дууриал үзүүлж байх ёстой гэдгийг ухамсарлачихсан байдаг. Нэр алдартай хүн ёс суртахууны төлөвшилтэй байна гэсэн үг. Нийгмийн сэтгэл зүй талаас харвал олон нийт ухамсартайгаар үйл ажиллагаа хийдэггүй. Түүнийг чиглүүлэх манлайлах цөөнх заавал байх ёстой байдаг. Харин тэд зөв үлгэр дууриал үзүүлэх ёстой.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [103.212.118.186] 2023-06-16 22:44:25

Монголын их эмч нар тэтгэмжүүд ба асаргааны тэтгэмжүүд нэмэгдэх сургаар хахууль авах гээд их зан гаргаж эхэлж байна.

Ёс суртахуун ярихаасаа өмнө суурийг нь зөв тавь. [66.181.160.47] 2023-06-15 15:57:34

Ес суртахуун чинь 15-16-р зуунаас эхлэн ЗӨВХӨН тодорхой шашинтай нутаг дэвсгэрүүдэд төлөвшин тогтсон. Шашингүй газрын хүн амыг "зэрлэгүүд" гэж соёлтой улс орнууд гадуурхдаг болсон. Монголчууд хүртэл дээхэн үед зэрлэг үндэстний нэг болчихсон байсан. Японууд шашны далбайн дор л өөрсдийгөө ёс суртахуунтай үндэстэн болгож чадсан. Монгол 20-р зууны туршид коммунист ёс суртахуун хэвшүүлж үзсэн, төгсгөлд нь хүрч чадаагүй. Одоо тэгээд 21-р зуунд Монголд ямар ёс суртахуун суулгах гээд байгаа юм бэ? "Эхлээд ҮГ байсан" гэсэн Библийн сургаалийг санаж байна уу? Буддын номонд ч гэсэн эхлээд Бурханы сургааль нь байдаг. Манайд тэгэхлээр ЮҮ НЬ байдаг юм бол оо?

Зочин [103.161.242.107] 2023-06-15 15:36:15

хөөрхөн юм


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.