АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга энэ 7 хоногт БНХАУ-д айлчилна

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений БНХАУ-д хийх албан ёсны айлчлал энэ долоо хоногийн сүүлчээр товлогдсоныг Цагаан Ордон, Хятадын Засгийн газрын аль аль нь нотоллоо.

Энэ айлчлал Америк, Хятадын харилцааг сайжруулах, харилцааны шугамыг нээлттэй байлгах зорилготой юм байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ сарын 18-19-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэ нь Блинкений хувьд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хувиар Хятад улсад хийх анхны айлчлал болохын зэрэгцээ Ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөснөөс хойш Хятадад айлчилсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан болох юм.

Энэ айлчлалыг оны эхээр буюу хоёрдугаар сард хийхээр төлөвлөж байсан ч АНУ-ын газар нутаг дээгүүр хөөрсөн Хятадын тагнуулын бөмбөлгийг Вашингтон буудаж унагасны дараа хойшлогдсон юм.

Энтони Блинкен хоёр орны хооронд болон олон улс, бүс нутгийн санаа зовоосон асуудлуудыг хэлэлцэхээс гадна үндэстэн дамнасан нийтлэг сорилтуудтай тэмцэхэд боломжит түвшинд хамтын ажиллагаа өрнүүлэх тухай Хятадын эрх баригчидтай хэлэлцэх юм байна.

Мөн Америк, Хятадын харилцаа, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдал, Оросын Украинд хийж байгаа дайн зэрэг өргөн хүрээний сэдвээр яриа хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер “Бид Хятадтай өрсөлдөөнтэй харилцаатай байгаа. Бидэнд санал нийлэхгүй байгаа олон салбар бий. Гэхдээ дэлхийн хоёр их гүрний хувьд өрсөлдөөнийг зөрчилдөөн болгохгүй байх хэмжээнд бие биетэйгээ шууд харилцдаг чадвартай байх ёстой. Ийм учраас бид энэ удаагийн айлчлал Америк, Хятадын эрх баригчдын дараа дараагийн харилцан айлчлал, уулзалтуудыг идэвхжүүлэх харилцаа холбооны сувгууд бий болгох замыг засна гэж харж байгаа” гэж ярьсан байна.

Харин БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин “Он гарснаас хойш Хятад, Америкийн харилцаа шинэ сорилт, бэрхшээлүүдтэй тулгарсан. Үүнээс гарах арга зам нь тодорхой байна. Хятад-Америкийн харилцааг зохицуулахын тулд Ши Жиньпин даргын харилцан хүндэтгэсэн, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай зарчмыг Хятад улс ямагт дагаж мөрдөж ирсэн. Хятад улс Тайванийн асуудал зэрэг язгуур эрх ашигтай холбоотой зүйлд хатуу байр суурь баримталдаг.

Америк үүнийг хүндэтгэж, манай дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо больж, өрсөлдөөн нэрийн дор Хятадын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхолд хохирол учруулахаа л зогсоох ёстой гэдгийг Гадаад харилцааны сайд тэмдэглэсэн” гэжээ.

Америк, Хятад хоёр бол дэлхийн нэг, хоёр дахь том эдийн засаг. Хэдийгээр 2018 оноос хойш худалдааны дайн хийж, улс төрийн харилцаа тааруу байгаа ч өнгөрсөн оны худалдааны эргэлт 690 тэрбум ам.долларт хүрч өссөн. Энэ бол хоёр том эдийн засаг бие биенээсээ хэр их хамааралтай байна вэ гэдгийг илтгэх үзүүлэлт болсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.