“Авлигатай тэмцэх хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Aдмин / Улстөр

УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр (2023.06.15) “Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Авлигатай тэмцэх хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн мэдүүллээ.

“Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтад “Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад “нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах” гэж тус тус заасны дагуу “Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тайлант онд улсын төсвийн нийт орлого ба тусламжийг 9,969.9 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 11,629.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 116.6 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Төсвийн тогтворжуулалтын санд 751.7 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэлээр ААНОАТ-ын орлогоос 238.2 тэрбум төгрөг, АМНАТ-ийн орлогоос 1,156.4 тэрбум төгрөг, нийт 1,394.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Монгол Улсын 2022 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 10,235.1 тэрбум төгрөгт хүрч, 111.0 хувийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөөнөөс 1,016.9 тэрбум төгрөгөөр давсан, мөн өмнөх оны гүйцэтгэлээс 1,181.9 тэрбум төгрөгөөр буюу 13.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Монгол Улсын 2022 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 11,359.9 тэрбум төгрөг буюу 98.2 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Нийт зарлага ба цэвэр зээлийн 74.7 хувийг урсгал зарлага, 24.3 хувийг хөрөнгийн зардал, 1.0 хувийг эргэн төлөгдөх цэвэр зээл эзэлжээ.

“Авлигатай тэмцэх хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эрхэм зорилгод “ардчилал, шударга ёсны засаглалыг бэхжүүлж” гэж, мөн уг бодлогын баримт бичгийн Тав дахь хэсэгт тусгасан Засаглалын зорилгын 5.6 дахь зорилтод Авлигагүй засаглалын зорилтыг дэвшүүлж “Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулна” гэж тодорхойлж, энэхүү урт хугацааны бодлогод тусгасан зорилтыг хэрэгжүүлэх I үе шатыг 2021-2030 онд “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль, эрх зүйн болон бодлогын орчин, шударга ёсыг эрхэмлэсэн бүх нийтийн хандлагыг төлөвшүүлэх үе” хэмээн тодорхойлсон.

Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.3.2.2-т “Авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өрнүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоог хангана. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлнэ” гэж, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шинэ сэргэлтийн бодпого3-ын 6.5-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодпогыг чангатгана” гэж тус тус тусгасан.

Дээр дурдсан бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, түүнчлэн дотоодын эрх зүйн орчныг Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, зөвлөмжид нийцүүлэх зэрэг практик хэрэгцээ, шаардлагад үндэслэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн хавсралтаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлахаар; хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг улсын төсөвт тусгаж байхыг Засгийн газарт, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Авлигатай тэмцэх газарт даалгахаар; Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд даалгахаар тус тус тусгажээ.

“Авлигатай тэмцэх хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсанаар авлигатай тэмцэх эрх зүйн тогтолцооны салшгүй хэсэг болох “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” үргэлжлэн хэрэгжих боломж, нөхцөл бүрдэх юм. Төслийн хавсралтад заасан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг хамгаалах, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шатны зорилго, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэх, Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан байна.

“Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн зорилт, хамрах хүрээ, хийгдэх арга хэмжээ нь Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилт, Хот, хөдөө болон Ногоон хөгжлийн сэргэлтүүдийг дэмжих санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоход чиглэгдсэн юм байна. Түүнчлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хүрээнд хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг бүрэн хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлж, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, ашиг шимийг сайжруулах, үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэхэд тус хөтөлбөр дэмжлэг үзүүлнэ.


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.86] 2023-06-18 19:49:41

UYUN TOLOVSHUULEH VE


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.