АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен ирэх сард Бээжинд айлчилж магадгүй

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен ирэх долоодугаар сарын эхээр Бээжинд айлчилж магадгүй талаар Америкийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Ийм айлчлал болох нөхцөлд дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч хоёр их гүрний хоорондох хурцадмал харилцааг сайжруулж чадах эсэх нь гол анхаарал татаж байгааг хэвлэлүүд мөн тэмдэглэсэн байна.

“Блумберг” агентлаг мэдээлэлд ойр эх сурвалжуудаас иш татан энэ тухай мэдээлснээр бол, Жанет Йеллен Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Хэ Лифэнтэй түүнийг энэ албанд томилогдсоноос хойш анх удаа дээд түвшний яриа хэлэлцээ хийх юм байна.

Америкийн Сангийн сайдын хувьд Хятад руу хийх айлчлалаа “хэрэгтэй цаг нь иртэл” хойшлуулж иржээ. Түүний айлчлалын тов болон зорилгын тухайд нууцлалын дор хэлцэгдсэн, тиймээс ч айлчлалтай холбоотой нарийн мэдээллийг албан ёсоор зарлаагүй байна.

Ерөнхийлөгч Жо Байдений засаг захиргааны үед Хятад руу хагас дамжуулагч болон цэргийн зориулалтаар ашиглагдаж болзошгүй бусад бүтээгдэхүүний экспортыг хязгаарлаад байгаа. Гэхдээ тус засаг захиргааны зүгээс Хятадтай бусад салбар дахь эдийн засгийн харилцаагаа үргэлжлүүлнэ гэдгээ цохон мэдэгдэж байгаа юм.

Үүний өмнө зургаадугаар сарын 18, 19-ний өдрүүдэд АНУ-ын ТНБД Энтони Блинкен Бээжинд айлчилж, Хятад улсын дарга Ши Жиньпинтэй уулзалт хийсний дээр ГХЯ-ны сайд Чинь Ган болон бусад өндөр албаныхантай хоёр талын харилцааг хэвийн болгох асуудлаар хэлэлцээ хийсэн.

Мөн ойрын хугацаанд засаг захиргааных нь хэд хэдэн төлөөлөгч Хятадад очно гэдгийг Блинкен мэдэгдэж байсан юм. Үүнээс гадна тэр Хятадын Гадаад хэргийн сайд Чинь Ганыг Вашингтонд айлчлахыг урьж, Чинь Ган ч урилгыг нь хүлээж авсныг мэдээлж байсан.

Блинкений тухайд 2018 оноос хойш Хятадад айлчилсан АНУ-ын Төрийн департаментын анхны тэргүүн болсон юм. Үүний зэрэгцээ Блинкений айлчлалын дараахан Ерөнхийлөгч Жозеф Байден Ши Жиньпинийг “дарангуйлагч” гэж ярьсныг Хятадын ГХЯ-ны төлөөлөгч “Хариуцлагагүй, дипломат ёс зүйд харш, илтэд өдөөн хатгасан үйлдэл” хэмээн эрс эсэргүүцэл илэрхийлсэн.

Калифорнид сонгуулийн кампанит ажлын үеэр ийм нэр томьёо хэрэглэсэн Ерөнхийлөгч Жо Байден харин өнгөрөгч долоо хоногт түүний энэ үг хоёр улсын харилцаанд онцын хор хохиролтой биш гэж мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.