О.ЗУНДУЙДОРЖ: УИХ-ЫН ГИШҮҮД ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАН ИРЭЭДҮЙГЭЭСЭЭ УРВАСАН ҮЙЛДЭЛ ХИЙСЭНД ХАРАМСАЖ БАЙНА

Aдмин / Улстөр

Боловсролын багц хуульд тусгагдаад байсан англи хэлийг гуравдугаар ангиас эхлэн заах тухай асуудал хэлэлцүүлгийн явцад унасан. Энэ талаар залуучуудын төлөөлөл, Олон улсын эрх зүй судлаач О.Зундуйдоржтой ярилцлаа.


-УИХ-ын чуулганы хуралдаанаар англи хэлийг бага ангиас зааж эхлэх тухай заалт унасантай холбоотой та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмнийг төлөөлж байгаа.

Ялангуяа олонхын саналаар сонгогдож, ард түмний төлөө зүтгэнэ гээд тангаргаа өргөсөн хүмүүс. Тэд англи хэлний заалтыг унагасан нь өөрсдийнхөө үндсэн үүргээс ухарсан үйлдэл гэж харагдаж байна. Тэгвэл өнөөдөр дэлхий ертөнц ганцхан англи хэл дээр оршиж байна. Арилжаа наймаа, шинжлэх ухаан, хуулийн зөвлөх үйлчилгээ, утга уран зохиол гээд бүх зүйл англи хэл дээр байна.

Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр сурах эрхтэй гэж заасан. Энэ эрхээ хэрэгжүүлэхийн тулд гарааны тэгш бус байдал буюу дабль стандартаар буюу хоёр нүүрээр төр хандаж байна. Мэдээж ардчилсан оронд хүмүүсийн сонгох эрх нь нээлттэй учраас хувийн сургуулиуд бага ангиас нь англи болон хятад гээд гадаад хэлийг үзэж байна. Тэгвэл улсын сургууль үнэ төлбөргүй зааж байна. Бид энэ асуудлыг углуургаар нь авч үзэх ёстой. Жишээлбэл, англи хэлийг зургаа болон 12 настайгаас эхэлж үзэхийн ялгаа ажлын байран дээр тод ялгарч байна. Бид сүүлийн 20 жилийн боловсролдоо дүн шинжилгээ өгмөөр байгаа юм.

Тухайн сурагч тавдугаар ангиасаа англи хэл үзсэнээр ямар түвшинд бэлтгэгдсэн бэ гэдэг боловсролын чанарыг харах ёстой. Дараа нь ажил олгогч байгууллага хамгийн чухал. Аль ч салбар англи хэлтэй бол давуу гээд амьжиргаанд нь ахиц өгч байна. Тэгвэл өнөөдөр яагаад англи хэлтэй хүнд ажил олгогч нар давуу боломж олгоод байна вэ гэхээр дэлхийгээс мэдээлэл татах чадварын хувьд, хэлэлцээрийн хувьд давуу байдаг бий болоод байгаа юм. Тэгвэл Монгол Улс цөөн хүн амтай, ардчилсан орон. Тэгэхээр бидэнд ямар боловсрол, ямар бүтээгдэхүүн илүү вэ гэдэг зөв сонголтыг хийж байж зөв урагшилна. Сонголт байхгүй тохиолдолд бид өнгөрсөн 20, 30 жилийнхээ түүхийг харахад шууд орос хэлийг сонголтгүй үзсээр ирсэн. Ардчиллын хамгийн гол үнэт зүйл бол сонгох эрх.

-Манай УИХ-ын гишүүд англи хэл багаасаа үзвэл эх хэл, өв соёлоо мартана. Улмаар үндэсний дархлаанд нөлөөлнө гээд эсэргүүцээд байгаа шүү дээ?

-Сөрөг кноп дарсан УИХ-ын гишүүдийн нэрсийг эхнээс нь дурдаад өөрсдөөс нь асуумаар байгаа юм. Тэд өөрсдөө англи хэлтэй. Тэгсэн мөртлөө монгол хэлээ мартсан уу гэж асуумаар байгаа юм. Тэдний өөрсдийнх нь хүүхдүүд Боловсролын зээлийн сангийн бүх тэтгэлгийг авчихсан байх жишээтэй. Тэр дундаа АНУ, Канад, Австрали гэх зэрэг орнуудад сурсан байгаа юм. Эдгээр хүмүүс англи хэлний чухал үр нөлөө ямар их ач холбогдолтойг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ хүмүүс өөрсдийнхөө хүүхдүүдэд байгаа давуу эрхээ урт хугацаанд хадгалахын тулд нийтийн эрх ашгийг хохироож байна.

Яагаад гэвэл өөрсдөө, үр хүүхдүүд нь англи хэл сурчихсан. Хэрэв ард түмнийг англи хэлтэй болгочих юм бол жинхэнэ энгийн иргэдийг төлөөлөх мэдлэгтэй, чадвартай, боловсон хүчин дэлхийн зах зээлд өөрийгөө илэрхийлж чаддаг, мөнгө босгож чаддаг, дэлхийд монгол улсыг төлөөлөх чадамжтай хүмүүс бэлтгэгдээд ирэхээр тэдгээр хүмүүс танил тал, сүлжээ, фракц, намаараа хувааж иддэг тогтолцоо устана гэхээс айж байгаа. Тийм болохоор англи хэлний заалтыг эсэргүүцээд байна гэж харж байна. Ард түмнээс сонгогдсон хүмүүс ардын хүүхдүүдэд англи хэл заахыг хориглож байгаа нь байж боломгүй зүйл. Энэ бол Монголын нийтлэг эрх ашгийн эсрэг хамгийн том гэмт үйлдэл боллоо. Энэ бол түүхэнд үлдэх сөрөг кноп дарагчид. Хүн аливаа гадаад хэлийг сурч эзэмшихдээ өөрийнхөө үндсэн хэлийг, өөрийнхөө үндсэн ойлголтыг дандаа давхар сайжруулж байдаг.

-Англи хэлтэй болсноор ирээдүйд ямар боломжууд нээгдэх вэ?

-Хиймэл оюун ухаан дээр суурилсан платформуудыг ашигласнаар хүн ямар ч ур чадварыг эзэмших боломжтой. Монгол Улс далайд гарцгүй орон. Гэхдээ интернэт гарцтай гэдгээ мартаж болохгүй. Тэгэхээр интернэтээр өнөөдөр дэлхий дахины мэдээллийг монгол болон англи хэлээр хайж байгаад эх сурвалжуудыг авч үзвэл тэнгэр газар шиг. Тэгэхээр энэ их мэдээллийн далайд бид өөрсдийнхөө боломжийг хөгжүүлэх үүд нээгдэх гарц нь англи хэл юм. Орон зай цаг хугацаанаас үл хамаарсан ажлын байрууд дэлхий дээр тогтсон байна. Дэлхийгээр аялах явцдаа өөрийнхөө ажлыг онлайнаар хийх платформын эрэл хайгуул хийдэг.

Тэр нь өндөр санхүүжилттэй байдаг. Сүүлийн үед онлайн ажлын байрыг чадавхжуулж байна гэдэг бол дэлхийн ямар ч оронд байсан тэндээсээ ажиллаж, амьдрах боломжтой. Дорнодын Буйр сумын иргэн өндөр хурдны интернэттэй байх юм бол Нью-Йоркт ажиллаад доллар олох бүрэн боломж байна. Энэ бол өөрөө хүн төрөлхтний түүхэнд байгаагүй боломж. Тэгэхээр энэ бүхнийг хязгаарлаж, англи хэлийг бага ангиас эхлэн заахыг хориглож байгаад харамсалтай байна. Долларын эсрэг төгрөгийг чангаруулах хамгийн зөв гарц бол монгол залууст боломж олгож, боловсролоор нь дэлхийгээс орлого оруулах талаар УИХ, Засгийн газар ярих ёстой. Харамсалтай нь, энэ шийдвэр Монголын ирээдүйд хамгийн том саад боллоо. Үр хүүхэд, ирээдүйнхээ боломжийг хаачихлаа.

Хуулийн төслийг харахад долоо хоногт 3-4 удаа л англи хэлний хичээл орох юм билээ. Гэтэл Монголын үгийн санг ашиглахгүйгээр, бүх хичээл англи хэл дээр явна гэж эндүүрээд байх шиг байна. Энэ бол эрхэм гишүүдийн хэлээд байгаа шиг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөл асуудал биш.

-Бас төсөвт зардал нэмэгдэнэ гэж хараад байгаа бололтой?

-Хүний нөөцийн асуудал биш. Англи хэлийг бүрэн эзэмшсэн хүн яг өнөөдрийн улсын сургуулиудын авч байгаа цалингаар багшлах уу. Гурван нүүр орчуулаад олох хэмжээний цалингаар бүтэн сар ажиллаж стресстэх хүн байх уу. Тэгэхээр өнөөдөр бид байгалийн баялгийнхаа дөнгөж 2-3 хувиар боловсролынхоо салбарыг шинэчлэх асуудал байгаа. Багш бэлтгэдэг сургуулиудын босго оноог дээшлүүлэх, хангамжийг сайжруулах, нийгмийн баталгааг нь өгснөөрөө шинэ боловсон хүчин татах сонирхуулах тэр нөхцөл нь бүрдэнэ. Өндөр хөгжилтэй орнуудад багшийн цалин сайдтай ижил хэмжээнд байдаг. Норвеги, Финланд, Швейцарь зэрэг орнуудад багшийн цалин хангамж маш өндөр. Тэр хэрээр босго нь өндөр шалгууртай байдаг. Харин өнөөдөр манай улсад гадаадын хөрөнгө оруулагч компаниуд орж ирлээ гэхэд заавал орчуулагчаар дамжуулсаар байх юм уу. Шууд тэр хүмүүстэй дипломат уулзалт, гэрээ хэлцэл хийх ёстой.

Тэгвэл төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүмүүсийн англи хэлний боловсрол, хэрэглээ ямар байгаа билээ дээ. Яаж дэлхий дахинд шившиг болж байна. Энэ бол боловсролын горыг нийтээрээ амсаж байгаагийн илрэл. Хэрэв англи хэлийг магадгүй 20, 30 жилийн өмнөөс бид бүгдээрээ сурсан бол Монгол Улсын хөгжил өнөөдөр ийм байхгүй. Хөнгөн жишээ хэлэхэд Тайвань гэхэд дэлхийн чипний 70-аад хувийг нийлүүлж байна. Тэд мундаг чадалтайдаа биш. Зөвхөн дэд бүтэц болон боловсрол нь дэлхий нийтийн хэрэглээтэй ойртсон. Үүний гол холбоос нь төрийн албанд нь байгаа бүх хүмүүс англи хэлтэй байгаа юм. Тэгэхээр монголчуудад тулгардаг хэлний бэрхшээл санхүү эдийн засаг, ахуй амьдралд асар том гай болдог.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [192.82.72.84] 2023-06-29 23:41:12

Төрөлх хэл хайрлая хамгаалъя Африк ядуу улс Англи сурлаа ямар ашиг байгаа вэ гадаадын гар хөл болоод байгалийн баялгийг зараад дууссан монгол ухаанаар амьдрах хэрэгтэй

Зочин [139.5.218.146] 2023-06-29 14:56:28

Гадаадад тэнд энд ингэдэг тэгдэг гээд л ярих юм . Та нар хөдөө аймаг суманд ядаж нэг сар амьдраад үзчих . Хөдөө очиж анли хэл заах багш олдох ууу

Зочин [192.82.82.177] 2023-06-29 12:49:47

Англи хэлийг нэр цохон үндсэн хэл гэж хуульчлах боломжгүй зүйл,бусад хэлийг орхино гэсэн үг юм уу гм асуулт гарч ирнэ/Орос,Хятад,Солонгос гм/ Зүгээр журмандаа хөтөлбөртөө тусгаад явж болохоор шийдэхээр асуудал зарим нь арайл нэг талыг барьж туйлширч Англи хэлтэйгээ гайхуулах гэсэн юм шиг загнах юм.энэ хэл чухал нь чухал гэхдээ ингэж болохгүй,хөгжилд хүрэх зам нь зөвхөн Англи хэл биш гэдгийг тэр хөхөд хармаар л юм.

зочин [59.153.86.88] 2023-06-29 08:52:14

өнөөгийн эрх баригчдын үнэн төрхийг болон залуус ямар их боломж бололцоогоо алдаж байгаа алдсаар байх тухай бодит дүгнэлт байна . УИХ -д Боломж хулгайлагчдыг дахин дахин сонгож бүхнээ хулгайлуулсаар байх уу сонгогч олон минь

Зочин [202.9.46.216] 2023-06-28 18:17:11

Маш зөв хэлж, дүгнэж, тайлбарласан байна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.