Умард Солонгос хиймэл дагуул хөөргөхөөр бэлтгэж байна

Aдмин / Гадаад мэдээ

Умард Солонгос наймдугаар сарын 24-31-ний хооронд хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай мэдээлэл ирсэн талаар Японы Засгийн газар өнөөдөр мэдэгдлээ. Тодруулбал, хэдэн сарын өмнө бүтэлгүйтсэн оролдлогын дараа хиймэл дагуулыг дахин хөөргөх гэж байгаа бололтой. Пёньян энэ оны тавдугаар сарын 31-нд цэргийн тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд оруулахаар хөөргөсөн боловч амжилтгүй болсон юм.

Умард Солонгосын төлөвлөгөөнд аль болох ойрын хугацаанд дүн шинжилгээ хийж, Пёньянд хандан уриалга гаргахын тулд АНУ, БНСУ-тай хамтран ажиллахыг Японы Ерөнхий сайд Кишида Фүмио холбогдох агентлагуудад үүрэг болгожээ.

Хиймэл дагуул тээсэн пуужинг хөөргөх нь баллистик пуужин харвасантай дүйцэхүйц явдал хэмээн Япон улс үзэж байгааг К.Фүмио мэдэгджээ. Баллистик пуужин хөөргөх нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдэл учраас Пёньяны эсрэг хориг арга хэмжээ авдаг.

Японы Эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр, мягмар гаргийн өглөө Умард Солонгосын талаас аюултай байж болзошгүй гурван бүсийг тодорхойлсон мэдэгдэл ирүүлсний хоёр нь Солонгосын хойгийн баруун хэсэгт, нэг нь Филиппиний Лузон арлын зүүн хэсэгт оршдог байна. Эдгээр нь Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна байрладаг ажээ. Япон, АНУ, Өмнөд Солонгосын удирдагчид өнгөрсөн баасан гарагт Вашингтоны хаяа хотод хийсэн гурван талын дээд хэмжээний уулзалтынхаа үеэр Умард Солонгосын тал цөмийн болон пуужингийн чадавхиа нэмэгдүүлж буйн эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсоны дараа дээрх мэдэгдлийг ирүүлжээ.

АНУ, Өмнөд Солонгосын явуулж буй томоохон хэмжээний цэргийн сургуулилттай давхцуулан Пёньян тив алгасагч баллистик пуужин турших зэргээр өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулж болзошгүй гэсэн болгоомжлол бий болоод байгаа юм. Өмнөх таван тохиолдлоос үзэхэд, Умард Солонгос хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж буй хугацааныхаа эхний гурван хоногт хөөргөлт хийсэн байна.

Тавдугаар сард Умард Солонгосын тал мэдэгдэл ирүүлсний дараа Умард Солонгосоос харвасан, Японы нутаг дэвсгэрт нэвтэрч болзошгүй пуужинг “Patriot Advanced Capability-3” сөнөөгч пуужин болон “Aegis” тоноглол бүхий байлдааны хөлөг онгоцоор устгах тушаалыг Японы Батлан хамгаалахын сайд өгчээ.

Хиймэл дагуулыг хөөргөх ажиллагаа амжилтгүй болсон нь “шинэ төрлийн хөдөлгүүрийн системийн найдвартай, тогтвортой ажиллагаа сул байсантай” холбоотой гэж Умард Солонгос мэдэгджээ. Түүнчлэн аль болох ойрын хугацаанд дахин оролдлого хийхээр төлөвлөсөн талаар Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээнд дурдсан байна.

Өмнөд Солонгосын арми тухайн үед уг пуужинг Шар тэнгис дэх Эочон арлаас 200 орчим км-ийн зайд туссан алсын тусгалтай баллистик пуужин байсан гэж мэдэгдэж байв. АНУ болон түүний бүс нутгийн холбоотнуудын зүгээс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчин баллистик пуужингийн технологи ашигласан хэмээн Пёньяныг тэр даруйд нь буруушааж байлаа.


Сэтгэгдэл

иргэн [66.181.189.77] 2023-08-23 14:42:57

юу ч хийж чаддагүй үхэр монголчууд бид яана даа, ямарч ирээдүй алга


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.