АНУ: БНХАУ-ын технологийн 27 компанийг хар жагсаалтаас гаргана

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Худалдааны яамны экспортыг хязгаарлах жагсаалтад орсон БНХАУ-ын технологийн 27 компанийг жагсаалтаас гаргаж байгаагаа мэдэгдсэн. Тус шийдвэрийг БНХАУ-ын худалдааны яам сайшаан хүлээн авсан юм. Уг шийдвэрийг болон хоёр орны худалдааны харилцааны талаар хэлэлцэхээр БНХАУ-ын худалдааны сайд Ван Вэнтао АНУ-ын худалдааны сайд Жина Раймондог Бээжинд урьсан.

Тэгвэл Жина Раймондо энэ урилгыг хүлээн авч Ням гарагт Бээжинд айлчлах гэж байна. Айлчлалын хүрээнд хоёр орны худалдааны харилцаа хэвийн түвшинд шилжиж, хэн хэндээ ашигтай шийдвэрт хүрч чадна гэж харж байгаагаа АНУ-ын худалдааны сайд албан ёсны мэдэгдэлдээ дурдсан байна.

Тодруулбал, АНУ-ын худалдааны сайд Жина Раймондо наймдугаар сарын 27-оос наймдугаар сарын 30-ны хооронд дөрөв өдрийн турш Бээжин, Шанхай хотуудад айлчлах юм. Түүнээс өмнө АНУ-ын хэд хэдэн өндөр дээд албан тушаалтан БНХАУ-д айлчилж, хоёр орны худалдааны асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлж байсан. Эдийн засаг, технологийн салбарт хоёр орон дэлхийд тэргүүлэх байр суурьтай байдаг.

Мөн хоорондоо эдийн засаг, худалдааны хувьд өрсөлдөөнт харилцаатай байж ирсэн. 2022 оны хоёрдугаар сард Вашингтон БНХАУ-ын 33 технологийн компанийг экспорт хязгаарлах жагсаалтад оруулсан байсан юм. Тэгвэл энэ удаа АНУ-ын худалдааны яамнаас 27 компанийг хар жагсаалтаас гаргасан нь хоёр орны худалдааны харилцаа сэргэх таатай нөхцөлийг бүрдүүлж өгч байна гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Түүнчлэн дэлхийн эдийн засаг, худалдааны дийлэнх хэсгийг бүрдүүлэгч БНХАУ-ын эдийн засаг удаашралтай байгаа нь зөвхөн Хятадад биш дэлхий дахинд нөлөөлөхүйц гэж эдийн засагчид үзэж байна. Иймд БНХАУ-ын технологийн компаниуд АНУ-ын хар жагсаалтаас гарсан нь олон улсын эдийн засаг, худалдааны салбарт эерэг нөлөө үзүүлж болох талтай гэж шинжээчид үзэж байгаа юм. Одоогийн байдлаар БНХАУ-ын нийт экспортын 41 хувийг технологийн салбар бүрдүүлж байна гэсэн судалгаа байдаг. Үүгээрээ БНХАУ нь технологи, дижитал үйлдвэрлэлээрээ АНУ-ын дараа орох том экспортлогч орон болдог юм.


Сэтгэгдэл

Сонирхогч [66.181.161.137] 2023-08-23 22:22:17

Эх сурвалж?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.