Израилийн сайдтай уулзсан Ливийн Гадаад хэргийн сайдыг албан тушаалаас нь түдгэлзүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Ливи улс Израилийг хүлээн зөвшөөрдөггүй ба палестинчуудыг дэмждэг тул Ливийн Гадаад хэргийн сайд Нажла аль-Мангуш Израилийн Гадаад хэргийн сайд Эли Коэн-тэй уулзсан нь эсэргүүцлийн ажиллагаа өрнөхөд хүргэжээ.

Израилийн сайд эл уулзалтыг Ливитэй харилцаа тогтооход түүхэн алхам боллоо гэж дүгнэжээ. Израиль улс Арабын болон лалын шашинтай бусад улстай, тэдгээрийн дотор газрын тосоор баялаг Ливитэй илүү ойр хэлхээ холбоо тогтоохыг эрмэлзэж байгаа юм.

Харин Ливийн Ерөнхийлөгч зөвлөл мэдэгдэхдээ, Израильтай харилцаагаа хэвийн болгох нь хууль бус үйлдэл гэж үзжээ.

Ливийн парламентын тамгын газар хатагтай Мангушийн үйлдлийг “урван тэрслэлт” гэж буруушаасан бол Ерөнхий сайд Абдул Хамид Дбейба түүнийг мөрдөн шалгах нь зүйтэй гэдгийг мэдэгдсэн байна.

Израилийн сайд Коэн хэлэхдээ, Ромд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хатагтай Мангуштай санамсаргүй байдлаар тааралдаж уулзсан бөгөөд “хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн боломж байгааг” тэд дурдан ярилцжээ.

Хоёр сайд Израилиас Ливид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, мөн хөдөө аж ахуй, усны менежментийн салбарт хамтран ажиллах, түүнчлэн Ливи дэх еврейчүүдийн өв соёлын дурсгалт газруудыг хамгаалах гэх мэт асуудлаар ярилцжээ.

Харин Ливийн Гадаад хэргийн яамнаас мэдээлснийг үзвэл, хатагтай Мангуш Израилийн төлөөлөгчидтэй уулзсан гэдгээ үгүйсгэж “энэ бол Италийн Гадаад хэргийн яаманд болсон уулзалтын үеэр санамсаргүй байдлаар тааралдсан тохиолдол байсан, урьдчилан бэлтгэсэн уулзалт биш” гэлээ.

Хоёр сайд уулзсан тухай мэдээлэл цацагдсаны дараа нийслэл Триполи болон бусад зарим хотод эсэргүүцлийн ажиллагаа дэгдэж, жагсагчид замуудыг хааж, автомашины дугуйнуудыг шатааж, Палестины далбааг барьсан байлаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.