Б.Насанбурмаа: Хүүхдийн дэлгэцийн донтолт томчуудаас хамаардаг

Aдмин / Эрүүл мэнд

Бага насны хүүхдийг дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэлт, хамаарлаас урьдчилан сэргийлж, зөв дадалд хэвшүүлэх, хор уршгийн талаар хүүхдүүд болон эцэг эх, асран хамгаалагчдад ойлгуулахад хэрэгтэй зөвлөмж, мэдээллийг хүргэхээр СЭМҮТ-ийн Сэтгэл заслын Их эмч Б.Насанбурмаатай ярилцлаа.

-Бага насны хүүхдүүд дэлгэцээс хамааралтай боллоо гэж санаа зовнисон эцэг, эх бидэнд хандаж байгаа. Яг энэ асуудлаар танай эмнэлэгт хандаж байна уу?

-Сүүлийн жилүүдэд хүүхэд гэлтгүй бүх насныхны дэлгэцийн хэрэглээ нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой жил ирэх тусам амбулаторийн үзлэг, шинжилгээ хийлгэх, зөвлөгөө авахаар манай эмнэлэгт ирэх хүний тоо нэмэгдэж, ачаалал ихсэж байгаа.

- Бага насны хүүхдүүдэд ямар тусламж үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Манай байгууллагын хүүхэд өсвөр үеийн кабинетэд 2-18 хүртэлх насны хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Насны үечлэлээс хамаарч хандаж байгаа асуудал нь ялгаатай ирдэг. Нас бага хүүхэд байх тусмаа хөгжлийн, хэл ярианы, танин мэдэхүйн хоцрогдолтой байдаг бөгөөд аутизмтай хүүхдүүд зөвлөгөө эмчилгээнд илүү их хамрагддаг. Харин сургуулийн өмнөх нас, бага ангийн хүүхдүүд танин мэдэхүйн хоцрогдол, суралцахуйн бэрхшээл, хэт хөдөлгөөний эмгэг, орондоо шээх эмгэг, хуруу хумсаа мэрэх зэрэг асуудлаар бидэнд хандаж тусламж, мэдээлэл авч байна.

Дунд болон ахлах ангийн хүүхдүүдийн дунд дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээ түгээмэл байгаа. Мөн сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд болох сэтгэл гутрах, айдас түгшилтийн байдалд орох тохиолдолд манай эмнэлэгт ирж сэтгэл заслын эмчилгээ хийлгэж, зөвлөгөө авдаг юм.

-Танай эмнэлгээс дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэлт, хамааралд орсон хүүхдэд ямар эмчилгээ хийдэг вэ?

-Дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэлт удаан хугацаанд үргэлжлээд ирэхээр нас, наснаас хамаарч ялгаатай шинж тэмдэг илэрдэг. Бага насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээ ихсэх тусам бүх төрлийн хоцрогдолд орох, зан байдлаа удирдах, зөвөөр илэрхийлэх чадвар муу хөгжсөн байдаг.

Өсвөр насанд бол олон төрлийн шинж илэрнэ. Ялангуяа дэлгэцийн хэрэглээний шалтгаан нь ямар байгаагаас хамаарч эмчилгээ өөр өөр. Өсвөр насны хүүхдүүд дэлгэцийн хэрэглээг хэтрүүлэх болсон шалтгаан нь "Ковид-19"-ийн үеэс буюу амьдралын буруу хэв маяг удаан хугацаанд үргэлжилснээс зуршлын шинж чанартай болсон тохиолдол элбэг байна. Цөөн тохиолдолд сэтгэл зүйн шалтгаанаар дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэлт ихтэй болсон хүүхдүүд байдаг. Сургууль болон ар гэрийн орчинд тааламжгүй сэтгэгдэл төрөх, стресст оруулах зүйлс удаан хугацаанд үргэлжлээд ирэхээр айдас түгшилттэй, сэтгэл гутралд орох тохиолдол байна. Ийм байдалд шаналж байгаа хүүхдийн сэтгэл зүйг дагаад дэлгэцийн хэрэглээ нэмэгддэг. Ерөнхийдөө өөрийгөө тайвшруулах нэг арга хэрэгсэл болгож ашигладаг гэсэн үг. Тиймээс эдгээр шалтгаан, шинж тэмгүүдээс хамаарч эмчилгээ өөр байдаг. Дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэлт, хамааралтай болсон үед үндсэн эмчилгээ нь сэтгэл зүйч эмчтэй богино болон урт хугацааны сэтгэл заслын зөвлөгөөнд хамрагдах юм.

-Дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэлт, хамааралтай болохоос урьдчилан сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд юуг анхаарах вэ?

-Дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэлтэд авах хамгийн чухал арга хэмжээ бол урьдчилан сэргийлэлт. Амьдралын хэв маяг төлөвшсөн хойно өөрчлөхөд төвөгтэй бөгөөд нэгэнт зуршил тогтсон хойно болиулахад хэцүү. Тиймээс хамгийн түрүүнд урьдчилан сэргийлэх буюу дэлгэцийн хэвийн хэрэглээг амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй. Эцэг, эхчүүд хэвийн хэрэглээ гэж юу вэ гэдгийг сайн мэддэг байх нь чухал. Эхлээд өөрсдөдөө дэлгэцийн хэвийн хэрэглээг төлөвшүүлж байж гэр бүлийн орчинд хүүхдийн дэлгэцийн хэрэглээг зохистой болгож чадна. Иймд эцэг, эхчүүд хүүхдээсээ биш өөрсдөөсөө эхлэх ёстой.

Хоёрдугаарт, хүүхэдтэйгээ бага наснаас нь маш сайн харилцагч байх хэрэгтэй. Хүүхдэд амьд харилцаа сайн байх тусам дагаад дэлгэцийн хэрэглээ буурдаг зүй тогтол байдаг.

Эцэст нь, дэлгэцийн хэрэглээ бол өдөр тутмын хэвийн хэрэглээ юм. Гагцхүү нас насанд тохирсон тохиромжтой цагууд гэж байдгийг л мэддэг байх шаардлагатай байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.35] 2023-08-31 10:55:35

Ганц бавахымсан

Ккк [202.126.89.196] 2023-09-06 19:30:01

Ккк боов чинь жижигдэнэ

Зочин [202.126.89.35] 2023-08-31 10:53:07

Хөөрхөн эмч вэ яасан


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.