О.Оюун-Эрдэнэ: Хорт хавдар үүсгэгч бензол дотоод орчинд аюулын хэмжээнд байна

Aдмин / Эрүүл мэнд

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Барилгын дотор заслын материал хүний эрүүл мэндэд хортой үр дагавар учруулж байгаа асуудлыг манай сонин хөндөж бичсээр ирсэн. Эрүүл мэндийн салбарын судлаачдын хийсэн Улаанбаатар хотод дотоод орчин дахь агаарын бохирдлын талаарх судалгаа олон улсын сэтгүүлд хэвлэгдсэнийг уншлаа. Нэлээд ноцтой үр дүн гарсан байна. Судалгааг ахалж ажилласны хувьд та энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан түлшийг хэрэглэж эхлэхтэй зэрэгцээд угаарын хийн хордлого гарч эхэлсэн. Бид нарийн судлах шаардлагатай байсан. Мөн барилгын материалаас ялгардаг олон төрлийн химийн бодисыг судлах шаардлагатай ч тухайн бодисуудыг хэмжих лаборатори хомс, дээр нь дотоод орчин дахь угаарын хийн ялгарлын мэдээлэл цуглуулах, бичих багаж байгаагүй. Тиймээс судалгааны бэлтгэл ажлыг 2015 оноос хангаж байгаад 2019 онд НЭМҮТ-өөс НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр энэ цогц судалгааг эхлүүлсэн. Бид өмнө нь энэ төрлийн судалгааг 2008 онд түлш болон зуухтай холбож судалсан байдаг. Бидний дотоод орчны агаарын чанарын судлах судалгааны түүвэрт Улаанбаатар хотын Захирагчийн албанаас агаарын бохирдлыг бууруулах бүс гэж гаргасан. Энэ бүсээс гал түлдэг 80 айл өрхийг сонгож аваад 24 цагийн хэмжилтээр бүтэн долоон сарын хугацаанд РМ2.5 тоосонцор, нүүрсхүчлийн дутуу исэл буюу угаарын хий, нүүрстөрөгчийн давхар исэл буюу СО2-ыг үзсэн.

Мөн азотын хий, хүхрийн давхар исэл, азотын давхар ислийг хэмжсэн. Үүнээс гадна “Ногоон титэм” ХХК-тай хамтран Эрүүл мэндийн сайд болон Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 05/08 тушаалын журмын хэрэгжилтийг хангах үүднээс шинээр ашиглалтад орсон болон засвар хийсэн барилга байгууламжийн дотоод орчинд дэгдэмхий органик нэгдлүүдийг урт хугацааны турш хэмжилт хийсэн.

Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц, хаус, оффис, худалдааны төв, монгол гэр зэрэг 123 объектын 583 дээжид бензол, формальдегид, ксилол, толуол гэсэн хорт бодисуудын нэгдэл ямар байгааг судалсан.

-Судалгааны аргачлал нэлээд онцлогтой байсан. Ялангуяа хавдраар өвчлөх магадлалын тооцооллыг хүртэл гаргасан байв уу?

-Дэгдэмхий органик нэгдлүүд буюу барилгын материалаас ялгардаг нэгдлүүдийн хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа эрсдэл, үүнийг ямар нэгэн байдлаар бууруулахгүй бол эрсдэл хэрхэн нэмэгдэх вэ гэдгийг тооцоолсон. Бид судалгаандаа эрсдэлийн үнэлгээ хийдэг олон улсын аргачлалыг ашигласан. Тодруулбал, АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх газар болон АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагаас хавдраас урьдчилсан сэргийлэх эрсдэлийг тооцоолдог аргачлалыг ашигласан гэсэн үг. Хорт бодистой орчинд хүн тодорхой хугацаанд амьдрахад хорт хавдар тусах уу, тусвал хэзээ тусах вэ гэх тооцооллыг хийсэн.

-Энэ удаа барилгын материалаас үүдэлтэй дотоод орчны агаарын бохирдлыг дэлгэрүүлж ярихыг хүсч байна. Судалгааны үр дүнг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?

-Дотоод орчинд дөрвөн төрлийн хорт бодисын агууламж ямар байгааг тодорхойлсон гэсэн шүү дээ. Бензол хорт хавдар үүсгэгч А-1 ангилалд багтдаг бодис. Мөн нөхөн үржихүйд хортой, амьсгалахад хортой, олон удаагийн өртөлтөөр тодорхой эрхтэн системд нөлөөлдөг хоруу чанар үүсгэдэг, арьс үрэвсүүлэгч болон цочроогч бодисын тоонд ордог. Формальдегид ч мөн хорт үүсгэгч ангилалд багтдаг. Арьс мэдрэгшүүлэгч буюу харшил үүсгэгч, үрэвсэл үүсгэгч бодисын тоонд орно. Толуол нөхөн үржихүйн эрүүл мэндэд хортой бодис. Ксислол хортой бодисын ангилалд ордог.

Судалгааны үр дүнд формальдегид цэцэрлэгт нийт дээжийн 94.7 хувьд, сургуульд 100 хувь, эмнэлэгт 100 хувь, орон сууцанд 97.2 хувьд, оффист 85.7 хувь, хауст 23.1 хувь, гэрт илрээгүй. Бензол цэцэрлэгт нийт дээжийн 26.3 хувьд, сургуульд 33.3 хувьд, орон сууцанд 16.2 хувь, оффист 62.9 хувь, эмнэлэгт 42.9 хувь, худалдааны төвүүдэд 12.5 хувь, монгол гэрт 100 хувь, хауст 100 хувьд илэрсэн. Толуол цэцэрлэгт нийт дээжийн 10.5 хувьд, сургуульд 22.2 хувьд, орон сууцанд 11.1 хувьд, хауст 30 хувьд, оффист 25 хувь, эмнэлэгт 7.1 хувьд, гэрт 33 хувьд илэрсэн. Дандаа улсын санхүүжилттэй сургууль, цэцэрлэг, эмнэлэгт хорт бодисууд илэрсэн гэсэн үг. Мөн нийтийн орон сууцанд ч хорт бодисууд ялгарч байдгийг тодорхойллоо.

-Маш ноцтой тоон мэдээллүүдийг та хэллээ. Эдгээр нь хоруу чанарын хувьд ямар хэмжээнд байна гэсэн үг вэ?

-Эрүүл мэндийн сайд болон Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 05/08 тушаалаар батлагдсан барилгын материалаас дотоод орчны агаарт ялгарах дэгдэмхий органик нэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнд формальдегидын гурав хоногийн дундаж 50 мкг/м3 байхыг зөвшөөрдөг. Харин олон улсад ДЭМБ-ын зөвлөмжид 0.1 мкг/м3 байх ёстой гэдэг. Бидний судалгаагаар формальдегид нийт дээжид дундаж нь 8.7 мкг/м3 гарсан. Хамгийн ихдээ 225 мкг/м3 илэрсэн.

Бензол нийт дээжид дундаж 25.4 мкг/м3 байсан. Хамгийн их нь 180 мкг/м3, хамгийн бага нь 1.5 мкг/м3 гэж гарсан. Гэтэл олон улсад, ДЭМБ бензолыг дотоод орчинд байх ёсгүй бодис гэж үздэг. Харин манайд хоёр сайдын тушаалаар батлагдсан хавсралтад 1 мкг/м3-аас ихгүй байх ёстой гэж заасан. Гэтэл бодит байдал дээр ямар гарсныг та сонслоо.

-Хорт хавдар үүсгэгч үндсэн бодисуудаар дотоод орчинд хүмүүс амьсгалсаар байдаг юм байна гэж ойлгогдож байна. Тэгвэл өнөөдөр бидэнд тулгамдаж байгаа хавдрын өвчлөлийн өсөлтөд дотоод орчны агаарын бохирдол нөлөөлж байна гэж үзэж болох уу?

-ДЭМБ-ын мэдээллээр 2013 онд агаарын бохирдол нь хавдарт нөлөөлдөг орчны хүчин зүйл мөн гэж зарласан. Иймээс байх боломжтой. Нөлөөлөх хүчин зүйлийн нэг нь яах аргагүй энэ бодисууд. Бид судалгаагаа Улаанбаатар хотод л хийсэн. Гэтэл хөдөө орон нутагт сургууль цэцэрлэгийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ хийдэг хүмүүс энэ талаар мэдэж байгаа юу. Тендерийн хуулийн зарим заалтад бараг хамгийн хямд будаг, хамгийн хямд үнэтэй материал авахыг шаарддаг. Хамгийн хямд байна гэдэг хамгийн хортой байна гэсэн үг. ЭХЭМҮТ-өөс гаргасан судалгаагаар жил бүр хавдраар өвчилж байгаа хүүхдүүдийн 40 хувь нь цусны цагаан эсийн хорт хавдар эзэлж байна гэж үзсэн байдаг. Цусны цагаан эсийн гол эх үүсвэр бензол, формальдегид. Мэдээж энэ хавдрыг үүсгэх олон хүчин зүйл бий. Гэхдээ орчны талаас энэ хоёр бодис шууд нөлөөлдөг.

-Хорт бодисоор хэр хугацаанд амьсгалахад хавдрын өвчлөл үүсэх талаар тооцооллыг олон улсын аргачлалаар гаргасан гэлээ. Ямар үр дүн гарсан бэ?

-Бидний судалгаагаар бензолын агууламж хамгийн ихдээ дотоод орчинд 0.042 мкг/м3-аар ялгарч байхад тийм орчинд тогтмол байгаа 0-19 насны хүүхдүүд хорт хавдрын эрсдэл хэзээ үүсч байгааг судалсан. Яг ийм орчинд 24 цагаар 70 жил ажиллаж амьдрахад хорт хавдар үүсэх магадлалтай үр дүнг та бүхэн судалгааны өгүүллээс харсан байхаа. Ялангуяа долоон сартайгаас дөрвөн нас хүртэлх хүүхдүүд хамгийн өндөр эрсдэлтэй. Учир нь энэ насны хүүхдийн физиологийн өсөлт хамгийн эрчимтэй явагддаг. Унтаж байх үедээ хэрэгцээт хүчилтөрөгчөөр амьсгалдаг хэмжээ нь маш өндөр байдаг.

-Гэтэл өнөөдөр хүүхэд багачууд сургууль, цэцэрлэгтээ, гэртээ 0.042 мкг/м3-аас хэд дахин өндөр тунгаар амьсгалж байна шүү дээ. Эрсдэл бүр илүү гэж ойлгож болох уу?

-Энэ бол өнөөдрийн байдлаар дотоод орчинд дээж цуглуулаад, хэмжилтийн хамгийн өндөр тунгаараа тооцоолоход нэг өдөрт дунджаар амьсгалж байгаа тун гэж ойлгож болно. Бидний судалгааны аргачлал АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг болон өвчнөөс сэргийлэх төвийн аргачлалаар хийсэн тооцооллын үр дүн. Цаашид улам нарийн судлах шаардлагатай, бид бас судалгааны хөрөнгө судлах, олох, судалгааг хийх шаардлагатай байна.

-Гарц юу байж болох вэ. Мэргэжлийн хүний хувьд та бүхэнд тооцоолсон гаргалгаа байгаа байх?

-Монгол Улс өнөөдөр MNS 4585:2016 гэсэн гадаад орчны ганцхан стандарттай. Стандартын тухай хуулиар таван жил тутамд стандартуудыг шинэчлэх ёстой. Байгаа энэ стандарт маань чанарын шаардлага хангадаггүй. Энэ стандартаар бол РМ-2.5-ын агууламж 24 цагийн дундаж 50 мкг/м3 гэж үздэг.

ДЭМБ РМ-2.5-ын агууламжийг бууруулах дөрвөн үе шатыг зааж өгсөн. Нэгдүгээр шатанд РМ-2.5-ын агууламжийг 75, хоёр дахь 50, гурав дахь 37, дөрөв дэх нь 15 гээд явдаг. Өнөөдөр ДЭМБ РМ-2.5-ын агууламжийг 37 хувьд хүргэхийг улс орнуудад зөвлөж байгаа. Гэтэл манай улс нэгдүгээр үе шатан дээр ч очиж чадаагүй байна. Тиймээс MNS 4585:2016 стандартыг яаралтай шинэчлэх ёстой. Энэ талаар асуудал хариуцсан мэргэжлийн байгууллага мэргэжилтнүүдэд ханддаг ч “2016 онд баталсан стандарт байгаа” гэсэн ойлгомжгүй, мэргэжлийн бус тайлбар өгдөг.

Хамгийн чухал нь өнөөдөр Монгол Улсад дотоод орчны агаарын чанарын стандарт гэж байхгүй. Дотоод орчны стандартыг яаралтай баталж, үндэсний хэмжээнд мөрдөх шаардлагатай. Гэвч байгаагүйн хор уршгаар дотоод орчинд ямар хорт бодисууд ялгарч байдгийг бидний судалгаа харууллаа. Хэрэв дотоод орчны агаарын чанарын стандарттай бол барилгын компаниудад, барилгын материал дээр шаардлага тавьчихна шүү дээ. Ядаж л нэгдүгээр зэрэглэлийн орон сууц болох хүн байнга амьдардаг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцыг шинээр барихдаа, засвар үйлчилгээ хийхдээ барилгын материалд нь стандартын шаардлага тавьдаг болох ёстой.

Бид аль эрт 2019 онд дотоод орчны агаарын чанарын стандартын шаардлагыг мэргэжлийн хүрээнд боловсруулаад холбогдох хүмүүст нь хүргэсэн. Гэвч өнөөдөр хүртэл ажил хэрэг болоогүй л байна. Стандартчилал хэмжил зүйн төвийн зохих мэргэжилтнүүд хүртэл дэмжээд энэ дотоод орчны стандартын ач холбогдлыг үнэлж батлахаар хэлэлцсэн ч эрх зүйн хувьд зөрчилтэй зохицуулалтууд гарч ирээд байгаа. Гэхдээ бидний сэтгэл нэгтэй судлаачид мэргэжилтнүүд дахин хэлэлцүүлэхээр хүлээн авсан байгаа. Удахгүй стандарттай болох байх гэж хичээж байна.

Б.Энхзаяа

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Joanne [197.211.52.85] 2023-11-21 09:48:11

Найзууд минь, та хорт хавдраар өвдөж байна уу, энэ өвчин аймшигтай байна, өөрийгөө авраач, байгалийн анагаах ухаан маш сайн ажилладаг, нэг найз надад өөр ургамлын талаар хэлсэн

Зочин [59.153.113.144] 2023-09-08 17:13:36

Тэр хогийг нь оруулахаа л больчихооч ээ...

Зочин [202.21.107.34] 2023-09-08 14:26:16

Дсп хавтан хорт хавдар үүсгэгч. Дэлхийн худалдааны байгууллагаас хоргилсон. Хятад экспортод гаргадаггүй гэтэл монголоор дүүрэн зарагддаг. Яагаад? Хятад гаогахгүй ч монголчууд өөрсдөө очиж авдаг. Хятадууд бид гаргаагүй танайх өөрсдөө авдаг гэдэг пм ынө лээ

Zochin [66.181.161.23] 2023-09-09 09:29:38

Yaag ynen.bidnii tavilaga tedgeeriig naadag tsavuu bol ayul bas hor!!!,tiimees ter eco geed bgaa europ tavilguud mash ynetei baidag!!hyamdchlaad l bg bid!!!

Ooo ma gaaaad [139.5.217.25] 2023-09-08 14:06:25

Whaaat

Зочин [202.55.188.36] 2023-09-08 12:21:30

хилээр нэвтрүүлэхдээ л бүх барилгын материалд босго хяналт тавьчихаж болдоггүй юмуу? ямар ч стандартгүй бараанууд орж ирдэг гэсэн үг үү?


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.