Ч.Мөнхбаяр: Тэмцэгчдийн эсрэг хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох ёстой!

Aдмин / Нүүр

Сэтгүүлч Ч.Мөнхбаярын хорих ангиас бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Шөнө дунд шоронгийн эмнэлгийн орон дээр тэмцэгч Г.Болдбаатар ах маань амь тэмцэн, шаналан зовно. Тэрбээр мостонд орсон бөх шиг нумран, тэгэхдээ хүзүүгээ орны хүйтэн төмөр толгой дээр тэгнүүлэн хөшсөн байдлаар их л удлаа. Зүрх нь тэсвэрлэхийн аргагүй өвдөж, өрөөсөн гар нь татаж, шүд нь зуурч, амьсгалахад нэн хүнд байвч, ёо гэж эс дуугаран тэвчинэ. Эмч үзэж, сувилагч тариа хийж, эм уулгаад явах хэдий ч нэмэргүй. Илүү хүчтэй эм өгвөл бүрмөсөн унтах аюултай. Сахарын үзүүлэлт нь дээд цэгтээ, зүрх судасных нь үзүүлэлт доод цэгтээ тулжээ. Амь нас нь дээсэн дөрөөн дээр. Хорих ангиасаа шоронгийн эмнэлэгт эмчлүүлэх гэж ирээд, санаандгүй Г.Болдбаатар ахын зэргэлдээ оронд хуваарилагдсан би юугаар ч тусалж чадахгүйдээ харуусан халаглан сууна.

Г.Болдбаатар ах арайхийн: “Миний дүү унт” гэж шивнэнэ.

Энэ хүн чухам юу хийчихсэн гэж есөн жил чанга дэглэмийн шоронд хоригдох ял авчихаад, ойр дотны хүмүүстэйгээ уулзах, ярих ч боломжгүй (дөрөвдүгээр сард нэг удаа эргэлт авах, гуравдугаар сард нэг удаа утсаар ярих эрхтэй) шаналан зовно вэ? Тэр хүн Монгол эх орныхоо төлөө, монголчуудынхаа төлөө л тэмцсэн. Түрэмгий хятад цэргүүдэд баригдан хоригдсон Манлайбаатар Дамдинсүрэн өөрийн эрхгүй санаанд орно. Тэрбээр чухам юу хийчихсэн гэж хоригдсон билээ. Тэр хүн Монгол эх орныхоо төлөө, монголчуудынхаа төлөө л тэмцсэн. Г.Болдбаатар ах маань хичнээн бие нь муудсан ч, “Би дайснуудынхаа нүдэн дээр хэвтээгээр биш, босоогоор үхнэ” гээд хамаг хүчээ дайчлан өндийж чадах л хүн. Түүнтэй долоо хоногийн турш, эх орныхоо төлөө зовнин ярьж хөөрсөн билээ.

Г. Болдбаатар ах эмнэлэгтээ үлдэж, би хорих анги руугаа өөр хоригдолтой холбуулж гавлуулан ачигдаж, хоёр тийш салсан сан. Намайг явахад Г.Болдбаатар ахын орны хажууд хүчилтөрөгчийн аппарат байнга байрлуулах болсон байсан. “Гал үндэстэн” хөдөлгөөний удирдагчдын нэг Г.Болдбаатар ахтай би танилцаад олон жил болж байна. Тэрбээр хүн алахыг завдсан хэмээн гүтгүүлж, том ял авсан.

Мөрдөн байцаагдаж байхдаа цус харвасан. 2022.2.1 7-нд би “гадаадын тагнуул” гэж гүжирдүүлэн хоригдсоноос хойш хоёр сарын дараа “Бууны хэрэг” нэртэй дуулиан дэгдсэн. Эх орныхоо төлөө тэмцэх нь Мөнх хөх тэнгэрийн зарлиг гэсэн итгэл үнэмшилтэй найман эх оронч баригдсан байв. Тэднээс тэмцэгч Г.Болдбаатар, Г.Нэргүй нар хорих ял, бусад нь цахим гав зүүх ял авлаа. Өчүүхэн төдий өө гаргаваас, хулхи цахим гав доголдвоос хорих бус ял нь хорих ял болж хувирна. Тэгдэг тохиол олон. “Бууны хэрэг”-ийн дуулиан дэгдсэнээс хойш хэдэн сарын дараа “Тусгаар тогтнол” хөдөлгөөний хэрэг” гэх дуулиан дэгдэж, тав зургаан эх оронч баригдав. Энэ хөдөлгөөнийхөн намайг суллахыг шаардаж, үнэнийг минь таниулан өмгөөлж байсан.

Заримыг нь би олон жилийн турш таних. Г.Тулга, Д.Банзрагч, Ц.Цэрэндорж гишүүдтэй нь мөрдөнд тааралдан, бие биедээ сэтгэл санааны дэм өгч байв. Эх оронч үзлийг түгээж, хувцсаар жигдэрч, биеийн тамирын дасгал хийснийх нь төлөө “зэвсэгт бүлэг байгуулсан, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн” хэмээн айж, тэднийг барьж хорьсон юм. Ямар их айдас вэ? Тэдний нэгэн болох судлаач хүмүүнийг гэртээ, бичгийн шургуулгандаа хоёр гранат хийчихээд, төрийн эрхийг булаах гээд сууж байсан гэж гүжирдсэн, бусдаар хуурамчаар гэрчлүүлсэн. Гэтэл энэ гүжирдсэн, хуурамч гэрчлэл шүүх дээр илчлэгдэн, хэлмэгдүүлэгчид булай болсон гэнэ билээ.

Хамаг гүжрийн ажиллагаа нь “хоёр гранат” гэх худал дээр суурилж байсан агаад, нурж унасан. Ичсэн хүн хүн ална гэгчээр тус хөдөлгөөнийхөнд гав зүүх ял оноосон. Овоо босгоогүй бол шаазгай суухгүй гэгчээр өөрсдөө харийн хөгжлийн галт тэргэнд Монгол Улсыг суулгаагүй бол яалаа гэж хувьсгалт нууц бүлгэмүүд үүсэх вэ дээ. 1919 онд Монголд Хятадын түрэмгий цэргүүд орж ирсний дараа Хүрээнд хувьсгалт нууц бүлхэмүүд үүсч байсан түүх дурсагдах. Ардчилсан хувьсгалын анхдагч Д.Баасан ламтны охин Б.Эрдэнэзултай мөрдөнд тааралдаад миний бие алмайран гайхаж билээ. Ээж Д.Алтанцэцэг нь мөн энд хоригдож буйг мэдээд бүр ч их гайхсан. Энэ хоёр эмэгтэйг бас яагаад хорьчихов? Хариулт ойлгомжтой. Тэд эх орныхоо төлөө тэмцсэн юм. Мөр зэрэгцэн тэдэнтэй хамт тэмцэж зүтгэж явсан дурсамж багагүй. Намайг яллагдах шүүх хурал руугаа явж байхад мөн шүүх хуралдаан явж таарсан, охинтойгоо холбуулан гавлуулж гинжлүүлсэн Алтаа эгчийн нэг нүдэнд цус харваж, улайсан байв.

Үүнийг ажсан хүчний байгууллагын залуухан албан хаагч: “Чиний наад нүд чинь яагаад зомби шиг болчихсон юм?” гээд тас тас хөхөрч байж билээ. Орой нь, 10 жилийн ял авсан миний бие сэтгэл санаа өндөр байхыг хичээн, инээж хошигнон явахад шүүх хурал нь хойшилсон Алтаа эгч, Зулаа хоёр маань өр зөөлөн бүсгүйчүүд л юм болохоороо нулимс унаган харуусч байсан сан. Муу л бол зүүн хойд талын хар овоохой гэгчээр өвөр монголчуудыг хэлмэгдүүлдэг хойно доо, Монголд 17 жил амьдарсан. монгол үндэстнээ гэх зүрх сэтгэлтэй Далай хэмээх бизнесмэнтэй ажил хэргийн холбоотой байсны төлөө тэднийг маань найм найман жилээр “тагнуул” хэмээн хилсээр ялласан даа. Гэм зэмгүй Далайг 12 жилээр.

NO WAR хөдөлгөөний Д.Монголхүү, Э.Одбаяр нарын тав зургаан залууг бас л хорьж цагдан бөөн юм болж байснаа, цахим гав зүүлгэх ял оноосон. Дайныг эсэргүүцэж, энх тайвныг хүсэх нь гэмт хэрэг болж таарлаа. Олон жилийн өмнөөс Э.Одбаяр бид монгол туургач үзлээр холбогдсон бол, Д.Монголхүү миний шүүх хурал дээр ирээд дэмжиж байсан. Энэ хөдөлгөөнийхөнтэй жагсаал цуглаан дээр олонтаа таарч, санаа оноо нийлж, тэднийг сайшааж л явлаа. Лайвчин Д.Мөнх-Эрдэнэд хорих ял оноолоо.

Намайг анх баривчлагдахад тэрбээр тагнуулын байгууллагын үүдэнд лайв хийж өмөөрч байсан сан. Яагаад түүнд ял өгөв? Шударга лайв хийдэг учраас гэдгийг бүгд л мэдэж ойлгож байгаа. Лайв хийдэггүй байхад нь түүнийг нам засаг гэмтэн гэж хардаггүй л байсан. Хилсээр гурван жил 10 сарын ял оноосон нь тодронгуут, бантсандаа яаж зүгээр байх вэ гээд, нэг жил 10 сарын ял оноосон доо.

Яруу найрагч Ц.Хуланд есөн жил зургаан сарын хорих ял өглөө. Аанай л тагнуул гэжээ. Уран зохиол, сэтгүүл зүйн хүрээнд 1990 оноос танил байсан, “Хөдөлмөр” сонинд хамт ажиллаж байсан, ерөнхийлөгчийн сонгуульд нэг нэр дэвшигчийг хамтдаа дэмжээд ажиллаж байсан, заримдаа санал бодол зөрж ч байсан гээд энэ хүнийг би мэдвэл мэдэх л билээ. Гадаадын тагнуул болж чадах хүн л гэж огт мэдэхгүй юм байна. Олон ч хүн ингэж хэлэх байх.

Өмгөөлөгчид нь аав нь Ц.Хулангийн үзэл бодлоо илэхрийлж бичсэн хоёр нийтлэлийг “гадаадын тагнуулын байгууллагын даалгавраар бичсэн”, Өвөр Монголд ном бүтээлээ хэвлүүлээд авсан шагналыг нь “тагнуулаас авсан шан” гэж гүжирдсэн болохыг түмэн олонд ойлгуулж л байна. Гадаадын тагнуулын байгууллага гэдэг чинь яруу найргийг хөхиүлэн дэмжиж ажилладаг уран зохиолын байгууллага болж таарав уу? Намайг гүтгэхдээ бас гадаадын тагнуулын байгууллагууд нь хүний эрхийн байгууллагууд байдаг мэтээр хэлмэгдүүлэгчид бурцгааж байсан. Ц.Хулангийн тухайд яригдаад байгаа тэр мөнгөний тоонд итгэх арга байхгүй. Намайг 200 сая төгрөг авсан гэж ор үндэсгүй гүтгэсэн нь бүрэн тогтоогдсон.

Ямар л тагнуулуудыг илрүүлээд байна даа?

“Оросын тагнуул” гэгдсэн, хэлмэгдсэн хүмүүнтэй би шоронгийн эмнэлэгт таарсан. Жинхэнэ тагнуулуудаа харин барьж чадаж байгаа юм болов уу даа? Үгүй л болов уу. Ард түмний мөнгөөр ард түмнээ хэлмэгдүүлдэг, хэтэрхий данхайсан байгууллагыг хаа хаанаа анхааралдаа авах цаг болсон. Их жанжин Д.Сүхбаатарын хойч Д.Сүхгэрэлийг маань бас “Оросын тагнуул” гэж гүжирдэн шалгаж эхэлсэн. Одоо юу болж байгааг нь мэдэхгүй. “Маш нууц” гээд л бузар муу үйлээ чөлөөтэй хийж, дураараа дургидаг. Д.Сүхгэрэл Оросын тагнуул Е.Семёнов, Энэтхэгийн тагнуул Ч.Мөнхбаяр нартай хамтран ажилладаг байжээ” гэх зэргээр дотоод гадаадын сайтуудад бичүүлсэн байсан. Нууц ажиллагаа гээчээ хэвлэл мэдээлэлтэй хамтарч хийдэг ийм практик манайхаас өөр газарт байхгүй биз. Сүүлдээ гүжирдүүлсэн надтай холбоотой хүмүүсийг бас тагнуул гэж гүжирдэх нь ээ. Лхүмбийн хэрэг ингэж л өрнөж байсан. Тэрхүү Евгений Семёнов нь нэрт зохиолч Юлиан Семёновын хүү бөгөөд нэрт байгаль хамгаалагч, олон улсын “Хил хязгааргүй гол мөрнүүд” хөдөлгөөний тэргүүн.

Монголд гол мөрний зураг авсных нь төлөө “тагнуул” гэж хилсдүүлээд, Монголд зорчих эрхийг нь 10 жилээр хассан байдаг. Мэдээж тэр ямар ч тагнуул биш бөгөөд, Монголын бүх л экологийн тэмцэгчид, ногоонтнууд, төрийн байгаль орчны ажилтнуудтай уулзсан. Тэр бүгд тагнуул уу? Үгүй ээ, тагнуул гэгдсэн хүмүүс бүгд л тагнуул биш байх юм. Нөхдөө дурсан суунам. Хамаг таньдаг мэддэг хүмүүс маань шоронд хоригдчихсон, хэрэгт орчихсон мэт таагүй сэтгэгдэл төрөх. Олон журмын нөхөд маань хэл|Лэгджээ.

Тэдний маань дэмжигчид бүгд нэгдэн, хэлмэгдэгчдээ өмгөөлөх хэрэгтэй байна. Гадаадын иргэнтэй өөрсдөө танилцуулж, хамаг харилцааг зохион байгуулчихаад, хүний эрхийн жирийн яриаг БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа гэж буруутгасан, хуурамч бичиг баримт үйлдэж, АН дотоодын асуудлаар зохион байгуулсан цуглааныг “Ч.Мөнхбаярын Хятадын эсрэг үйлдсэн гол гэмт үйлдэл” гэж гөрдөж, хилсээр 10 жил яллаж хорьсон миний асуудлыг хүмүүс хангалттай мэдэж байгаа байлгүй. 2019 онд Хонконгод “Хонконгийн тусгаар тогтнолын нам” гээд нэр нөлөөтэй нам чөлөөтэй үйл ажиллагаа явуулаад байж л байдаг байв. Би үүнийг сургаар хэлж байгаа юм биш, удирдагчидтай нь уулзаж байлаа.

2019 оны бослогынх нь дараа Хонконгийг онцгой статусгүй, жирийн нэг хот болгож, тус намын удирдагчдыг эх газрын шоронд “БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан" гэж хорьсон. Монгол бичгийг өмгөөлснийх нь төлөө Монгол Улсад 2020 онд идэвхтэн иргэний эсрэг төрөөс хуурамч хэрэгт холбогдуулах ажиллагаа зохион байгуулж эхэлж, 2022 онд Монгол Улсад тэрхүү идэвхтэнд “БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан” гэж өндөр ял өгч хорьж байна гэдэг бол Монгол Улс 2019 оны бослогын өмнөх Хонконгоос дор, 2019 оны бослогын дараах Хонконг шиг, өөрөөр хэлбэл Хятадын жирийн нэгэн засаг захиргааны нэгж шиг байна л гэсэн үг. Миний хэрэг дээр Монгол Улсын тусгаар тогтнол ноцтой эрсдэлд орсон. Ноцтой алдагдсан ч гэж болох юм. Сүүлийн үед улс орны байдал эрс доройтож, бүх юм муу байгааг бүгд мэдэж буй. Нам засаг хий хоосон уриа лоозон, хурал хуй, дүр эсгэлт, хийрхлээр л ард түмнийг хуурч байгаа. Хятадын хөгжлийн галт тэргэнд суугаад жил хагасын хугацаа өнгөрлөө, хөгжих байтугай, үсрэнгүй дордчихлоо.

Тусгаар улс байх нь дэмий юм байна, харийн тогоо өнгийхөөс өөр арга алга гэж бодогдуулах гэж л ингэж баян Монголын ард түмний амьдралыг улан дор ортол доройтуулж байна. Үүнийг сэрэмжлүүлж хэвлэлийн хурал хийгээд хэдхэн хоносныхоо дараа би баривчлагдсан. Дуугардаг, шаарддаг, тэмцдэг хүмүүсээ шоронд хийчихээд, дураараа дургиж, ямар ч хяналтгүй, яасан ч дурын хэрэг байдаг болсон. Монголын шоронгийн нөхцөл байдлыг НҮБ-ын Нельсон Манделагийн дүрэм буюу “Хоригдолтой харьцах наад захын стандарт дүрэм”-ийн 100% эсрэгцэл гээд ойлгочиход яг болох байсан. Тэгвэл өнөөдөр шоронд хамаг бүхнийг улам л хааж хорьж, чангалж байна. Энэ бол төрийн бодлого. Наранд байгаа хүмүүст удахгүй бэлэглэх гэж байгаа харгис дэглэмээ хаалттай ертөнцөд туршиж байна. Энэ туршилт удахгүй бүх нийгэмд халдварлана. Уугуул ард түмнийг хүн гэж үздэггүй шинжаан концлагерь маягийн дэглэмийг ард түмэнд хэрэгжүүлэх гээд байгаа нь нүдэнд илхэн. Өнөөдөр бид тэмцэхгүй бол маргааш ялагдана.

Хэлмэгдүүлэлт гэх үзэгдэл Монголд бодитой хэрэгжиж байна. 2022 онд дээр дурдагдсан тэмцэгчдийн ихэнх нь хэлмэгдсэн, тэднийг яллаж эхэлсэн учир энэхүү үйл явдлыг 22 ОНЫ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ гэж нэрлэмээр байна. Эсвэл 22-23 оны буюу Бар жилийн хэлмэгдүүлэлт гэж болох.

Дашрамд хэлэхэд, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулсан энэ үзэгдлийг эрэн сурвалжлах сэтгүүлзүй илчлэн таниулах шаардлагатай. Эх орон яриад амар заяа үзүүлдэггүй хэд шоронд орж, эх орны тухай сонсох дуулах, санах бодох юмгүй, нуур амгалан, нугас цатгалан болов гэж бодож болохгүй. Тэгж бодлоо гээд хэлмэгдүүлэлтээс аврагдахгүй. 22 оны тэмцэгчдийн хэлмэгдүүлэлт бүх нийтийг хамарсан ИХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ болж хувирна. Хэрэв хэлмэгдүүлэлтийг өнөөдөр л таслан зогсоохгүй бол. Дуугүй, хүлцэнгүй, зүрх зориг хүрэхгүй суусаар байх ахул.

Шалгадаг, хянадаг, шүүдэг байгууллагууд авлигад идэгдсэн төдийгүй, хэлмэгдүүлэлтийн машин болж хувирсан. Эцсийн шийдийг гаргадаг шүүх манайд шүүх биш болсон. Хэлмэгдүүлэлтийг баталдаг л газар болсон. “Нэг шүүгч дээр 600-700 хэрэг байна. Өнөөдөр шүүгчид нэг шинэ хэрэг ирлээ гэхэд, өдөрт тэр шүүгч нэг хэрэг шийднэ гэж хийсвэрээр төсөөллөө ч, хэдэн жилийн дараа тэр шинэ хэргийг шийдэхээр байна” гэж шүүхийн хүн ярьж байна. Ийм байхад хэргийг үнэн зөв шийдэх байтугай, танилцах ч үгүйгээр шийдвэрээ гаргахаас өөр аргагүй бололтой. Шүүгчид нь авлигадаа живээд, шалгадаг, хянадаг газруудынхаа барьцаанд орж базуулаад, үнэнч боол нь болчихсон юм билээ. Шүүх гэж үнэн хэрэгтээ Монголд алга. Тэмцэгчдэд өгсөн ял бол зөвхөн эрх баригчдын айдсын л хэмжээ.

Дээрх хууль хяналтын байгууллагууд мөнгөтэй, албан тушаалтай хүмүүсийг аргалж, оронд нь бусад иргэдийг хилсээр юм уу, хэт хатуу чангаар яллаж хорьдог л үйл ажиллагаатай болсон. Шалгадаг байгууллагынхаа худал хуурмагийг прокурор, шүүх нь тоть шиг давтаад л, “700 хэрэгтэй би юугаа мэдэх вэ дээ” гээд сууж байдаг болж. Миний хэрэг дээр Дээд шүүх “тагнуул л мэднэ, бид мэдэхгүй” гэсэн дүгнэлт гаргасан хэрнээ ялыг баталсан. Юугаа ч мэдэхгүй байж яллана гэж байх уу? Байдаг л болж.

Улс төрийн ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ 2022 онд хэрэгжүүлж эхлэхдээ ийм нөхцөл байдлыг их ашигласан. Дээр өгүүлсэн, миний мэдэж байгаа жишээнүүдээс гадна өөр хэлмэгдсэн тохиолдлууд ч байгаа гэдэгт итгэж байна. Бузар булайгаа далдалдаг “маш нууц” гээчийнх нь цаана чухам юу болж байгааг яахин би мэдэх билээ. Таньдаг хүмүүсийнхээ тухайд л бага сага мэдэж байна.

Хэлмэгдэгчдийг суллахыг шаардан, Сүхбаатарын талбайд, Төрийн ордны үүдэнд олон сар акц хийж байгаа тэмцэгч Баярмаа: "Сүүлийн үед олон эх орончдыг хэлмэгдүүлсэн төдийгүй, цаашид бусад эх орончдыг хэлмэгдүүлэхээр бэлтгэж байгаа” хэмээсэн нь үнэний дээд үнэн. Нэг л жишээ хэлье. Ард түмний төр засгаа байгуулах, сонгох эрхийг уландаа гишгэж, гутаан доромжилсон, төрийн эрхийг хууль бусаар булааж авсан “Хар машины хэргийг” тэмцэгч Г.Ган-Очир маань илчилсэн. “Хар машины хэргийг” шалгуулах гэж тэрбээр зохих байгууллагад хандсан. Тухайн байгууллага харин өөрийг нь гүжирдэж, дарамталж, шалгаж эхэлсэн.

Г.Ган-Очир өөрийн эрхгүй улс төрийн цагаач болж, Европт очсон.Тэрбээр Швейцарь, Францад намайг өмгөөлсөн акц зохион байгуулж, бас миний шүүх хурал дээр ирж дэмжиж байсан. Эхний шүүх хурал маань намайг суллах дөхсөн тул “Монголд хэлмэгдэх эрсдэл гайгүй юм байна” гэж санан, эх орондоо буцаж ирсэн, намайг хилсээр 10 жилийн авсны дараа буцаад Европ руу явсан байх гэж би боддог юм.

Францад Г.Ган-Очирыг манай нам засаг тусгай даалгавартай эмэгтэйн тусламжтайгаар шоронд хийлгэсэн гэж ойлгогдсон. Нутаг дэвсгэр дээр нь гэмт хэрэг үйлдсэн гээд Франц улс түүнийг албадан гаргана. Ирэхэд нь түүнд хэлмэгдүүлэгчид өндөр ялыг хилсээр онооно. Ийм хэтийн төлөв олон хүнд харагдаж байна.

Францад иргэн Д.Энхбатыг манай нам засаг тусгай даалгавартай эмэгтэйн тусламжтайгаар хулгайлан, Монголд авчирч, Зоригийн хэрэгт гүтгэн хорьж, эрүүдэн шүүж, амь насыг нь хохироосон ялт хэрэгтэй агаар нэгэн гэж санагдана.

Яагаад 22 онд хэлмэгдүүлэлтийг эхлүүлэв? Бүх ард түмнийг хэлмэгдүүлэхийн тулд тэр. Бүгдийг нь хэлмэгдүүлж, сэхэшгүй болтол нь дарвал дарангуйлал маань бэхжиж, дарлал мөлжлөг маань саадгүй болно гэж тооцоолж байгаа болохоор тэр.

Цаашдаа өөртөө засах орон болж, “эх орондоо эргэж нэгдсэн баатрууд” хэмээн их гүрэнд үнэлэгдэх гэж хэлмэгдүүлэгчид мөрөөдөж байгаа болохоор тэр. Их хэлмэгдүүлэлт өрнөвөл өртөхгүй, хохирохгүй хүн гэж байдаггүй. Бүгд ад тамд унадаг.

Сүйрэл мөхлийн их хэлмэгдүүлэлтийг өрнүүлэхгүйн тулд одоо өрнөж буй тэмцэгчдийн эсрэг хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох ёстой.

Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж байгаа эх орончдоо өмгөөлнө гэдэг нь эх орноо өмгөөлнө гэсэн үг, эх орноо өмгөөлнө гэдэг нь өөрсдийгөө, хайртай бүхнээ л өмгөөлнө гэсэн үг.

Эх орноос ард түмний бүх юм хамаарна. Өөрт нь эх орон хамаагүй мэт бодож явдаг хүний амьдрал ч эх орноос хамаарч байдаг, тийм хүн ч эх орноос хамаарахгүй амьдарч чаддаггүй. Эх орон сайн сайхан байвал өөрөө сайн сайхан байна, эх орон муу муухай байвал өөрөө муу муухай байна гэдгийг бүгд ойлгох байлгүй. Учир нь эх орныг хүмүүс бүрдүүлдэг. Эх оронгүй бол харийн махны машинд няцлуулах болно гэдгийг сэхээрэх цаг болсон. Тиймээс хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын төлөө хүн бүр дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна. Хэлмэгдүүлэлт сөнөтүгэй!

Ч.Мөнхбаяр


Сэтгэгдэл

Eebii [66.181.160.116] 2023-10-02 12:35:54

Ene met hulgaichuud odhuu mongolhuug l demjij baigaa bol bugd eh oronoosoo urvagchid shuu elbegdorj battulga bagabandi ochirbat miye baabriin tejeevruud shuu hulgai ni barighaar hulgaichiig bariarai gej hulgaich hashgardag gej mun ch unen ug yumdaa AN bol shileenii hulgaich reketuud shorongiin atmaanuudiin sujlchiin horogdoh bair noljee

zochin [202.126.89.203] 2023-10-01 09:43:00

Монголын сайхан бүх том төсөлийг нурааж байгаа эх орон гэж худлаа яриж байдаг хүн гэж би ойлогсон ,тэр нь угийн ил тод болж байх шиг байна. Монголыг худалдсан хүнд үүрэх ялыг нь өгөөд явуулах боломж байхгүй хэцүү юмдаа манай улс тагнуулын байгуулгх жулдана байхоо . Монголыг хөгжүүлэхгүй байх бүх санхүүжэлт тэр бидний хойд зүгээс салхидаг тэгээд тэрийг тэр бийлүүлдэг яагаад гэвэл тэр мөнгийг нь авсан байх

zochin [139.5.217.19] 2023-09-30 13:18:23

мөнхбаяр мөнх-эрдэнийг бол суллах нь зөв харин тэр халуун цуст болон түүний хүрээлэгчдийг огт болохгүй

Зочин [59.153.112.49] 2023-09-30 11:12:34

ene urwagch khutsalgui baigaach, ukhseniikh ni temtsegch , pizda gej

Зочин [103.57.92.117] 2023-09-29 18:48:00

УРАВСАН ХУЛГАЙ НАР ЦААЗЛАГДАХ ЁСТОЙ ШҮҮ

Иргэн [139.5.219.232] 2023-09-29 15:09:30

Гадаад улсаас санхүүжилт авсан нь нотлогдоод ял авсан юм байгаа биз дээ тагнуулуудаа дуугүй л ялаа эдлэл дээ

Равжаа Цэцгээ [202.126.88.175] 2023-09-29 14:23:50

Дэндүү үнэнийг бичжээ.Яахын аргагүй хэлмэгдүүлэлт Шударга дуу хоолойгоо хүргэсэн бүхэн шүү.Харамсалтай

Зочин [66.181.182.49] 2023-09-29 16:50:26

үнэнийг л бичсэн байна

Зочин [202.55.188.46] 2023-09-29 12:26:50

Эх орноосоо урваж тагнуул хийсэн нь нотлогдоод ялаа авсан хүнийг цэргийн тангараг өргөж алба хаасан бүх хүн үзэн ядана даа. Чи цэргийн алба хаачихсан бол ийм асуудалд орохгүй байлаа.

Зочин [203.98.76.249] 2023-10-02 13:06:40

тэгж ярих юм бол бас ийм хэрэг хийсэн үхэх ялтай ИХ гишүүд хэдэн арав далаараа байж байна.

Зочин [66.181.178.45] 2023-09-29 11:07:04

үнэнийг хэлмэгдсэн хүн бичжээ. та нар хүнийг хэлсдүүлж тарчлаах аа боль. үйлийн муу үрээ эдлэх та нарын цаг ирнэ шүү

Зочин [202.126.88.137] 2023-09-30 20:11:10

ҮНЭХЭЭР ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЯВАГДАЖ ОЛОН САЙХАН ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ ДУГАРСАН ХҮМҮҮС ХЭЛМЭГДЭЖ. ОРОЙ ҮДЭШ ХУЖААНУУДТАЙ УУЛЗАЖ СҮЖИРЧ ЖИНХЭНЭ ТАГНУУЛ.ХҮМҮҮС НЬ ЗҮВ ЗҮГЭЭР ӨНГӨРЧ БАЙГААГ ЖИР ТҮМЭН ЖИГШИЖ БАЙГАА ШҮҮ


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.