Р.Мөнхтуяа: Бизнесээ ногоон болгох хүсэлтэй бизнес эрхлэгчдийг ХААН Банк ямагт дэмжих болно

Aдмин / Эдийн засаг

ХААН Банк дотоодын хөрөнгийн зах зээлд анх удаа ногоон бонд олон нийтэд нээлттэй санал болгож үнэт цаасны танилцуулгаа өнгөрсөн лхагва гарагт хийсэн бол энэ сарын 11-нд анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүлэх гэж байгаа билээ. Энэ талаар ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяатай ярилцлаа.

-ХААН Банк дотоодын хөрөнгийн зах зээлд анх удаа ногоон бонд гаргаж байна. Тус бондын талаар мэдээлэл өгнө үү.

-Бид Монгол Улсын эдийн засгийг “ногооруулах” зорилгод хувь нэмрээ оруулахын зэрэгцээ банкнаас дотооддоо мөрдөн хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд энэхүү ногоон бондыг гаргаж байна. ХААН Банк 2023 оны 3-р сард олон улсын зах зээлд 60 сая ам.доллартой тэнцэх хэмжээний ногоон бонд арилжсан. Тэгвэл энэ удаад бид Ногоон бондын хөтөлбөрийн хүрээнд нийт 30 сая ам.доллартой тэнцэх хэмжээний санхүүжилт татахаар төлөвлөлөө.

Эхний үе шатандаа 36 сарын хугацаатай, жилийн 16%-ийн хүүтэй, зургаан сар тутам хүү төлөгдөх нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 17 тэрбум төгрөгийн ногоон бондыг олон нийтэд нээлттэй санал болгож байна.

-Олон улсын жишгээс харахад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгчид голдуу банк, санхүүгийн байгууллагууд байдаг. Танай банкны хувьд үүнд ямар оролцоотой байна вэ?

-Тийм ээ, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад олон улсад банк, санхүүгийн байгууллагууд хамгийн их үүрэг оролцоотой байдаг. Өөрөөр хэлбэл, банк, санхүүгийн байгууллага нь ногоон зээл, санхүүжилт олгох замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцдэг. Бид өнөөдрийн байдлаар 657 тэрбум орчим төгрөгийн ногоон эх үүсвэр, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 326 тэрбум орчим төгрөг, ойролцоогоор 1 их наяд төгрөгийн эх үүсвэр татаж, үүнийгээ байгальд ээлтэй төсөл хөтөлбөр, нийгмийн сайн сайхны төлөө зээл хэлбэрээр бизнес эрхлэгчдэдээ олгож байна. Өнөөдрийн байдлаар манай ногоон зээлийн багц 350 тэрбум төгрөг давсан ба энэ оны эцэс гэхэд бид 450 тэрбум төгрөгт хүргэх зорилго тавин ажиллаж байна. Хүлэмжийн хийн ялгарлыг 2030 онд 22.7% бууруулна гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхэд манай банк, нийт харилцагч, хөрөнгө оруулагчид маань хувь нэмрээ оруулж буйд талархаж байна.

-Та бүхнийг хөрөнгийн зах зээлд бүтээгдэхүүн гаргахад олон улсын байгууллагаас зөвлөмж чиглэл өгдөг үү?

-Бид Дэлхийн банкны гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацын туслалцаатайгаар олон улсад ногоон бонд гаргахад шаардагдах үндсэн баримт бичиг буюу “Ногоон бондын санхүүжилтийн хүрээ”-г Олон улсын хөрөнгийн зах зээлийн холбоо (ICMA)-ны “Ногоон бондын зарчмууд” болон Монгол Улсын ногоон таксономитай нийцүүлэн боловсруулсан. Үүнийг Sustainable Fitch гэх олон улсын үнэлгээний байгууллагаас гаргасан хөндлөнгийн үнэлгээгээр “Сайн” хэмээн дүгнэсэн.

Бидний боловсруулсан “Ногоон бондын санхүүжилтийн хүрээ” нь банкнаас ногоон санхүүжилт олгох төсөл хөтөлбөрийг тодорхойлох, тэдгээрийг хянах, тайлагнах зэрэг үйл ажиллагааг багтаасан баримт бичиг юм. Ногоон төсөл хөтөлбөрт юуг хамруулах, хэрхэн таньж мэдэх тал дээр банк нь олон улсын болон дотоодын холбогдох мэргэжлийн байгууллагуудаас сургалт, зөвлөмж авч, нийт салбар нэгжийн ажилтан, харилцагчдаа тогтмол сургалтад хамруулж ирсэн. Тухайлбал, ногоон зээл олгоход тухайн байгууллагыг ямар шалгуур үзүүлэлтээр сонгох, ямар зээлийг ногоон гэж нэрлээд буй гэхчлэн холбогдох сэдвээр хоёр жилийн турш сургалт зохион байгуулсан. Бид он гарсаар зорилтот харилцагчдадаа зориулан 30 гаруй удаагийн цуврал сургалт хийгээд байна.

-Татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг байгальд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна гэсэн. Танай ногоон зээлийг сонирхож байгаа иргэн, ААН-үүддээ юу гэж зөвлөх вэ?

-ХААН Банк нь 2025 он гэхэд нийт зээлийн багцынхаа 10 хувийг ногоон болгох зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл, тухайн он гэхэд 1.2-1.3 их наяд төгрөгийн ногоон зээл олгоно. Үүний тулд бизнесийн зээлийн 5, хэрэглээний зээлийн 8 төрлийн ногоон зээлийн бүтээгдэхүүнийг шинээр харилцагчдадаа санал болгоод байна. Иргэдийн зарим нь ногоон зээлийг зөвхөн шинэ барилга барихад зориулж олгодог гэх ойлголттой байна.

ХААН Банкны хувьд хуучин барилгыг ч байгальд ээлтэй байдлаар тохижуулахад дэмжлэг үзүүлдэг. 1980 онд баригдсан ХААН Банкны Хүүхдийн 100 дахь оффис буюу хуучнаар Хүүхэд залуучуудын театрын барилгыг бид ногоон барилгын стандартад нийцүүлэн засаж тохижуулан, цахилгаан ашиглалтын 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна.

Тэгэхээр харилцагч та бүхэнд ч бас хуучин барилга байгууламжаа ногоон болгоод, эрчим хүчний хэмнэлт хийх боломж маш их байна. Ялангуяа томоохон үйлдвэрийн барилгууд намхан хэрнээ том дээвэртэй байдаг шүү дээ, үүн дээр нарны энерги хураагуур байршуулснаар үйл ажиллагаандаа хэмнэлт гаргах боломжтой. Ногоон барилга байгууламжтай болсноор тухайн харилцагч нь байгальд ээлтэй бизнес эрхлээд зогсохгүй бизнесийн үйл ажиллагааныхаа зардлыг бууруулах боломжтой. Тэдгээр бизнесүүдийг ХААН Банк ямагт дэмжсээр байх болно.


Сэтгэгдэл

эргүү үхэр [202.126.90.82] 2023-12-10 21:14:00

хаан банк бол ломбард ! юу дэмжих битгиы хуц та нар . чиний гар хөл л тэр байшингаа барина биз

Зочин [66.181.160.112] 2023-12-09 08:59:34

ХААН банкны захирлаар энэ авгай томилогдсоноос хойш банкны үйлчилгээ эрс муудсан, чадваргүй авгай.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.