2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ

Aдмин / Улстөр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын иргэнд ногдох хувь хэмжээг нэмэгдүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэд, ирээдүйд төрөх хүүхдүүд болон Монгол Улсын харьяатад орсон иргэдэд хэрхэн хувьцаа эзэмшүүлэх асуудлыг зохицуулах шаардлага үүсээд байна. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 81.5 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК, 18.44 хувийг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн, Монгол Улсын 2.5 сая иргэд, үлдэх 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна.

Иймд байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртэх боломжийг олгох, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшдэггүй, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд тус компанийн 1072 хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх зорилгоор тогтоолын төслийг боловсруулжээ. Цаашид 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс шинээр төрсөн Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг шууд эзэмшүүлэхээр тогтоолын төсөлд тусгажээ.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын 2.5 сая иргэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 18.4 хувийг эзэмшиж байсныг нэмэгдүүлэн 3.5 сая иргэн 34 хувийг эзэмшихээр боллоо. Монгол Улсын 3,541,803 орчим иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34хувь буюу 4.08 тэрбум хувьцааг эзэмшүүлснээр төрийн эзэмшил 65.9 орчим хувь болж буурахаар байна” гэж мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.