2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдөр (2023.12.28)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын товоос өөр санал гаргах, үг хэлэх хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж нар ирүүлснээс Ц.Анандбазар гишүүн нэрээ татаж, хойшлуулсан болохыг хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, “УИХ-аар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулаад санал хэлэхээр биелэгдэхгүй байна. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц ирэх онд баригдаж эхэлнэ. Уг бүсэд нутаглаж буй 1200 иргэнд 30 сая төгрөгийн нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хамт өргөн мэдүүлээд нэг жил өнгөрсөн ч хэлэлцсэнгүй. Хуулийн төслийг яаралтай оруулж ирж, хэлэлцүүлэхийг УИХ-ын удирдлага, даргын Зөвлөлөөс хүсэж байна” гэв. Мөн тэрбээр сая гаруй иргэдийн 1072 ширхэг хувьцааг Монголын төр авсан, буцааж өгөх талаарх УИХ-ын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэнийг шийдвэрлэж өгөөч гэж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын сонгуулийн тойргийг томсгосон тогтоолыг УИХ баталсан тул өнгөрсөн долоо хоногт Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажиллаад ирсэн тухайгаа танилцуулаад орон нутгийн иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг уншиж танилцуулав. Тухайлбал, Говь-Алтай аймагт 1350 туульч “Жангар” тууль хайлж, 300 гаруй тэмээчин чуулсан арга хэмжээнд оролцсон иргэдээс манай боловсролын тогтолцоо гадаадын соёлыг хуулбарласан шинжтэй, үндэсний ахуйгаас тасарсан байгаа нь сургалтын чанар, хүүхэд залууст муугаар нөлөөлж буйг анхаарахыг сануулсан, Улаангомын оршин суугчаас жимс, ногооны үрийг борлуулах, орон даяар тараах бодлогыг салбарын яаманд уламжлах, хувийн хэвшлийн сургуулиудад “Үдийн цай” хөтөлбөрийг 250 мянган төгрөгөөр төсөвлөдөг нь хүрэлцдэггүй, Ховд аймгийн Жаргалант суманд стадион шинэчлэн барих, Дөргөн суманд гахай олширч, бог малд халдах болсон зэрэг олон хүсэлт ирүүлснийг холбогдох байгууллагууд анхааралдаа авах хэрэгтэй гэсэн юм.

Мөн өдрийн хуралдаанаар Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлж хэлэлцсэн юм. Байнгын хорооны санал буюу Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 57,8 хувийн саналаар дэмжигдэж, хуулийн төслийг хэлэлцэхээр тогтож, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Түүнчлэн “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Уг асуудлаар завсарлага авсан хугацаа дууссан тул Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56,5 хувь нь дэмжиж, тогтоолын төслийг баталлаа. “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын эцсийн найруулгын талаар санал хэлэх гишүүн байгаагүй тул эцсийн найруулгыг сонслоо. Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 28-ны баасан гарагт зохион байгуулна.

Үүний дараа “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооноос ирүүлсэн саналуудыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу тус Байнгын хороо УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ. УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 67,4 хувь нь дэмжиж, тогтоолын төслийг батлав. Түүнчлэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа танилцуулав. Ийнхүү тус Байнгын хорооны саналаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 65,2 хувь нь дэмжиж, тогтоолын төслийг баталлаа.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцуулсан. Г.Дөлгөөн нь Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа амжилт гаргаж, “саарал” жагсаалтаас гаргах реформыг хэрэгжүүлэх, банкны салбарын хяналт, шалгалтыг эрчимжүүлэх, банкуудын хувьцаа гаргах чиглэлд үр бүтээлтэй ажилласнаа онцлон тэмдэглэж, хувийн шалтгаанаар чөлөөлөгдөх өргөдөл гаргасныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулгын өмнө тодотгов. Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56,8 хувь нь чөлөөлөх саналыг дэмжсэн тул “Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолыг баталсанд тооцлоо.

Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцууллаа. Танилцуулгын дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, ажлаас чөлөөлөгдөх гэж байгаа албан тушаалтнууд усанд хаясан чулуу шиг алга болчихдог бол өөрийн биеэр ирж, ажлаа тайлагнах сайн жишгийг тогтоож байгаа Д.Занданбат даргыг сайн ажилласан хэмээн үнэлж байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, ерөнхий аудитор Д.Занданбат нь салбартаа мэргэшсэн, хамт олныг сайн бүрдүүлдэг чадварлаг боловсон хүчин гэж дүгнэдэг гэв. Ийнхүү гишүүд үг, санал хэлж дууссаны дараа санал хураахад, 80 хувийн саналаар дэмжиж, чөлөөлөгдсөнд тооцов. Улсын Их Хурлын чуулганын нэгдсэн хуралдаан 10 цаг 55 минутад хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.