Канад Улс анх удаа түр оршин суугчдынхаа тоог бууруулж, цагаачлалыг хязгаарлахаар боллоо

Aдмин / Гадаад мэдээ

Канад улсын эрх баригчид тус улсад түр оршин суух гадаадын иргэдийн тоог бууруулж, түр оршин суух зорилгоор ирэх гадаадын цагаачдын тоог хязгаарлах болсноо өчигдөр зарлажээ. Сүүлийн жилүүдэд Канадад түр хугацааны визээр ирэх гадаад оюутнууд болон гадаадын ажиллах хүчний тоо эрс нэмэгдсэн нь ерөнхий сайд Жастин Трюдогийн засгийн газрын эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлоготой холбоотой байв.

Гэхдээ энэ нь нөгөө талаар байр, орон сууцны хомсдолыг нэмэгдүүлж, нийгмийн үйлчилгээний ачааллыг өсгөсөн тул засгийн газар цагаачлалын бодлогоо эргэж харах улс төрийн дарамт шахалтад орсон юм. Тухайлбал Канадын зарим мужуудын боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хүн амынхаа өсөлтийг дийлэхгүй болсон байна.

Өчигдөр Канадын цагаачлалын сайд Марк Миллер ирэх гурван жилийн хугацаанд түр оршин суугчийн тоог нийт хүн амын 5 хувиас хэтрүүлэхгүй байх төлөвлөгөөг зарлажээ. 2023 онд энэ харьцаа 6.5 хувь байсан юм. Өөрөөр хэлбэл 2023 онд Канадад түр оршин сууж байсан 2.5 сая гадаадын иргэний тоог энэ оноос эхлэн 20 хувиар бууруулахаар болжээ.

Засгийн газрын түвшинд гаргасан энэ шийдвэрийг тавдугаар сард орон нутгийн удирдагчидтай зөвшилцсөний дараа эцэслэн батлахыг Миллер мэдэгдсэн байна.

“Бид манай улсад нэвтрэх түр оршин суугчдын тоог тогтвортой түвшинд барих хэрэгтэй болж байна. Ирэх намраас эхлэн бид цагаачлалын төлөвлөгөөгөө өргөжүүлж, түр болон байнгын оршин суух зорилгоор ирж буй цагаачдыг аль алийг нь хамруулах болно” гэж Оттава хотод болсон хэвлэлийн хурлын үеэр сайд хэлжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Трюдогийн засгийн газар 2026 оноос хойш байнга оршин суух цагаачдын тоог нэмэгдүүлэхээ зогсоох шийдвэрийг зарласан юм. Энэ оны нэгдүгээр сард гадаадаас авах оюутны тоог ирэх хоёр жилийн хугацаанд хязгаарлаж, зарим төгсөгчдөд ажил эрхлэх зөвшөөрөл олгохоо зогсоох шийдвэрийг бас зарлажээ.

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.