“Women in Business” арга хэмжээний үеэр бизнесийн цахим шилжилтийн шийдлүүдийг танилцууллаа

ХААН Банкнаас уламжлал болгон гурав дахь жилдээ зохион байгуулсан “Women in Business” арга хэмжээнд салбар бүрийн манлайлал болсон эмэгтэй бизнес эрхлэгчдийн төлөөлөл хуран цуглаж, бизнесийн арга туршлагаасаа хуваалцаж, сонирхолтой мэдлэг мэдээллээр цэнэглэсэн үр дүнтэй хагас өдрийг хамтдаа өнгөрүүллээ.
Санхүүгийн цогц үйлчилгээ, шилдэг бүтээгдэхүүнээр бизнесийнх нь хөшүүрэг болж, үр шимтэй өсөлтийг хамтдаа бүтээх эрхэм зорилгын хүрээнд ХААН Банк ЖДБ эрхлэгчдэд, тэр дундаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, бизнесийн цогц бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү ойртуулахаар зорьж буй. Тухайлбал, Жижиг дунд бизнесийн академиараа дамжуулан бид өнгөрсөн хугацаанд 2600 гаруй эмэгтэй удирдлагыг “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр” -т хамруулж, манлайлагч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулж мэдлэг мэдээллээр өөрийгөө цэнэглэх боломжийг бүрдүүллээ. Түүнчлэн, 2024 онд олон улсын зах зээлээс 331.2 сая ам доллар татан төвлөрүүлснээс 71 сая ам.долларыг эмэгтэй бизнес эрхлэгчдэд, 83.2 сая ам долларыг бичил болон ЖДБ-т зарцуулахад, үлдсэнийг Нийгмийн бонд, ногоон санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөсөн бол хэдхэн хоногийн өмнө ХААН Банк Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай байгуулсан урт хугацаат гэрээний хүрээнд ногоон бизнес болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 145 сая ам.долларын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
“Women in business” арга хэмжээний нээлтийн үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч хатагтай Б.Эрдэнэдэлгэр “Монголын нийт хүн амын 82 хувьд хүрч ажилладаг, 2.9 сая харилцагчтай үндэсний тэргүүлэгч банкны хувьд манай банк Тогтвортой хөгжлийн 5-р зорилго болох жендэрийн тэгш байдлыг хангах, дэмжихэд анхаарч, эмэгтэй бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжин, бизнесээ өргөжүүлэх, амжилттай удирдан манлайлахад нь санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлж ирсэн. Тухайлбал, 2024 оны байдлаар ХААН Банк ЖДБ-ийн салбарын 23,500 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчид 1.4 их наяд төгрөгийн бизнесийн зээл олгосон байна. Манай нийт зээлийн багцын 52 хувийг эмэгтэйчүүд, ЖДБ эрхлэгчдэд олгосон зээлийн 51 хувийг эмэгтэй бизнес эрхлэгчид эзэлж буй” хэмээн онцолсон юм.
Монгол Улсын бизнесийн салбарт ур чадвар, шинэлэг санал санаачилгаар манлайлагч, Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон эмэгтэй удирдлагатай бизнесүүд бие биенээ дэмжих, түүхий эд материалаа өөр хоорондоо нийлүүлэн, борлуулалтын сувгаа тэлэх байдлаар түншлэн ажиллах нь бизнесээ тэлж хамтдаа өсөх амжилтын эхлэл юм. Энэ ч утгаараа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих энэ удаагийн “Women in business” хөтөлбөрт Улаанбаатар хот болон 21 аймгаас бизнес эрхлэгчдийн төлөөлөл 150 орчим харилцагч уригдан оролцож, бизнесээ амжилттай удирдах ур чадвар, мэдлэг туршлагаа өөр хоорондоо хуваалцаж, гадны экспертүүдийн үнэтэй сургалт мэдээлэл, бүтээлч, шинэлэг санал санаачилгаар дүүрэн арга хэмжээ болж өндөрлөлөө.
ХААН Банк эмэгтэй бизнес эрхлэгчдэд өсөж хөгжихөд нь дэмжлэг болох үүднээс бага хүүтэй, тусгай нөхцөл бүхий 2 төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг санал болгон ажиллаж байна. 2023 оноос Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бизнесийн зээл, 2024 оны 6-р сараас Эмэгтэй бизнес эрхлэгчдийн цахим шилжилтийг дэмжих бизнесийн зээлийн бүтээгдэхүүнийг Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай хамтран зах зээлд нэвтрүүлсэн.
ЕСБХБ-наас тодорхойлсон тоног төхөөрөмжийн автоматжуулалт, програм хангамжийн болон бизнесийн цахим шилжилтийн шийдлүүдийг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэгч байгууллагуудын төлөөлөл цахим шилжилтийг дэмжих бүтээгдэхүүн үйлчилгээг энэхүү арга хэмжээний үеэр танилцуулсан нь мөн онцлог байлаа.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Сэтгэгдэл