Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солив

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурорын бичсэн ялтан Л.О-ийн эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулах тухай дүгнэлтийг 2025 оны 02 сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солино” гэж заасан.
Ялтан Л.О нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 24-ний 2024/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолоор 05 сар 11 хоногийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн.
Зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн этгээд нь шүүхийн тогтоосон бүсээс гарахгүй байх, шийдвэр гүйцэтгэгчид урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суугаа газар, ажлын байраа өөрчлөхгүй байх, хяналтын төхөөрөмжийг биедээ байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах, хяналтын төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
Ялтан Л.О нь техникийн хяналтын тоног төхөөрөмж болох цахим бугуйвчийг гэмтээх, оршин суух хаягтаа байхгүй байх зэргээр техникийн болон биечилсэн хяналтаас санаатайгаар зайлсхийж, зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтойгоор зөрчсөн.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамирын хураангуй мэдээллээр, ялтан Л.О-г шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй гэж үзэн, түүнд оногдуулсан 05 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 04 сар 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 04 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.181.174] 2025-06-18 21:38:47
Ямар ч нуршуу бичдэг вм . Төрийн тэрбумын хулгайч нараа яриач