Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан албан тушаалтнуудад ял оноов

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй иргэдийг суралцсан мэтээр бүртгэж, төрд 22 саяын хохирол учруулсан албан тушаалтанд 1.6 жилийн хорих ял оногдууллаа. Тодруулбал,
И.Жанболат Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захирлаар ажиллаж байхдаа хүний нөөц гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Е.Айнур, мөн сургалтын арга зүйч Е.Керим нартай бүлэглэн,
2019-2020-оны хичээлийн жилд Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд суралцаагүй буюу захирлын 2019 оны 12 сарын 14-ний өдрийн 2019-2020 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх суралцагчдын нэрсийн жагсаалтыг батлах тухай тушаалын хавсралтаар жагсаасан нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй нэр бүхий 18 иргэнийг суралцсан мэтээр цахим системд бүртгэж,
албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд суралцагчдад олгодог тэтгэлгийг хууль бусаар олгох нөхцөлийг бүрдүүлж, төрд 22 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх И.Жанболат, Е.Керим, Е.Айнур нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байна.
Улмаар И.Жанболатын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар нээлттэй хорих ангид ял эдлүүлэх, Е.Айнур нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 14 сая төгрөгөөр торгох, Е.Керим, нийтийн албанд томилогдог эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 11 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Давж заалдах шатны шүүх: Е.Керимийн үйлдэл тогтоогдоогүй учир гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
И.Жанболат, Е.Айнур нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Анхан шатны шүүхийн оногдуулсан ял тэдгээрийн үйлдэлд тохирсон, эрүүгийн хуулийн ял оногдуулах нийтлэг зарчимд нийцсэн, гэх дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зарим өөрчлөлт оруулж, шүүгдэгч И.Жанболат, Е.Айнур нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.229.123.139] 2025-08-28 15:38:26
Pyzda.g shorond n ajil hiilgej 22 terbumiig n tuluulj baij gargaach hujaad tsaazaar awtsan baigaashdee