Д.Амарбаясгалан, Жерард Браунли нар албан ёсны хэлэлцээ хийнэ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр (2025.08.31) хүрэлцэн ирэв.
Төлөөлөгчдийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Улсын Их Хурал дахь Монгол-Шинэ Зеландын парламентын бүлгийн дарга С.Эрдэнэболд болон албаны бусад хүмүүс угтжээ.
Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа болон хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм байна.
Энэхүү айлчлал Шинэ Зеланд Улсын Парламентын даргын түвшинд Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны айлчлал юм. Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хооронд 1975 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 50 жилийн ой тохиож байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл